Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 170

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Д.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц д холбогдох эрүүгийн 2015000000151 дугаартай, 163/2020/0162/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт оршин суух хаягтай, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2012 оны 73 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1-д тус тус зааснаар 4 жил хорих ялаар, мөн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х  овогтой Д.Ц.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000000151 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц  нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн ...ийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч Г.Д тэй хувийн тааламжгүй харилцаа үүсгэн маргах явцдаа түүний толгойн тус газарт цохиж зүүн шанаа, зүүн бугалганд шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Г.Д гийн өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн төрсөн эгч О ийн хамт Баян-Агт сум орж лизингээр нарны толь, аккумлятор авахаар явж байхад замд манай худ болон Д  тааралдаад манайд очиж цай уугаарай гэж хэлээд салсан.

Д  нөхөр Б ийн хамт явж байсан. ...Д гийнд очиход Д , нөхөр Б , Б ийн аав нь болох Ч  нар байсан. Д  цай хоол хийж өгөөд Б  авдарнаасаа “Ерөөл” нэртэй 1 шил архи гаргаж өгсөн Б , Д  бид 3 хувааж уугаад байж байхад гаднаас Ц  орж ирээд 2-3 хундага уусан. Д  Ц д хандаж “та одоо яах гээд байгаа юм болио” гэж хэлсэн Ц  юу ч хэлээгүй сууж байсан. Ц  миний эгч болох О ийг налж суугаад байхаар нь би Ц г “та одоо яагаад байгаа юм, миний эгчийг хэлгүй гээд дээрэлхэх гээд байгаа юм уу” гэж хэлсэн чинь Ц  юм хэлэхгүй суугаад байсан. Би явах гээд гадаа мотоцикль дээрээ очсон чинь миний мотоциклийн түлхүүр байхгүй байхаар нь буцаж ороод “миний мотоциклийн түлхүүрийг хэн авсан бэ” гэж асуугаад Ц  рүү харсан чинь баруун гарт нь миний мотоциклийн түлхүүрийн оосор харагдаж байхаар нь “та миний мотоциклийн түлхүүрийг авсан юм биш үү” гэж хэлсэн чинь Ц  “би аваагүй” гэж хэлэхээр нь “та битгий худлаа ярь, таны баруун гарт чинь байна” гэж хэлсэн чинь Ц  юу ч хэлээгүй миний дээлний энгэрээс заамдаад гэрээс гарсан. Ц миний мотоциклийн түлхүүрийг өгөхгүй байхаар нь дух хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн чинь Ц миний зүүн шанаа хэсэгт цохиход ухаан санаа балартаад юу болж байгааг мэдэхгүй байсан. Нэг сэрэхэд Б ийн гэрт газар хэвтэж байсан. Тэгээд миний зүүн талын шанаа хэсгээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,

Гэрч Д.Д гийн өгсөн “...тэр үед би Ц  ахыг “ахаа та бага татаарай, их ууж болохгүй шүү” гэж хэд хэдэн удаа хэлсэн юм. Тэгээд архиа ууж дуусаад байж байсан чинь Ц  ах намайг “чи ер нь яагаад байгаа юм, хүн амьтны хажууд янз янзаар хэлээд” гэхээр нь би “та юм уучихаараа л ингээд байдаг шүү дээ” гэж хэлсэн. Миний бөөр хэсэг рүү нэг удаа өшиглөөд авсан юм. Тэгсэн чинь Д , Ц  ахыг “та эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ, хоёулаа гэрээс гаръя” гээд Д , Ц  ах хоёр гэрээс гарсан юм. …Би 102 дугаарын утсанд дуудлага өгчихөөд буцаад гэртээ ирсэн чинь Д , Ц  ах хоёр хоорондоо юм яриад байж байсан ба Д гийн чих, гарнаас нь цус гарч байсан. Тэгээд би Ц  ахыг “хүнийг яаж байгаа“ гэсэн чинь “чамаас л боллоо” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-5 тал/,

Гэрч Ч.Б ийн өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 27-ны орой 17 цаг болж байхад худын дүү Д , эгч О ийн хамт манайд ирсэн ба манайд цай хоол идсэн. Эхнэр бид 2 шинэлүүлсэн юм. Тэгээд манай эхнэр Д  “Хараа” нэртэй 0.75 литрийн нэг шил архи гаргаж өгсөн юм. Тэгээд уг архийг нь задлаад би 3 хундага татаад газар хувцастайгаа унтаад өгсөн юм. Тэгээд унтаад байж байхад манай эхнэр намайг сэрээсэн чинь Ц  ах манай эхнэртэй маргалдаад эхнэр лүү маань дайраад байх шиг байсан. Би гайхаад юу болсныг нь сайн мэдэхгүй ямар ч байсан Ц  ахыг авч гараад гадаа тамхи татаж хэсэг зогсож тайвшруулж байгаад “за за, та одоо харьж амар” гэхэд миний үгэнд ороод алхаад явсан. Тэгээд гэртээ орсон чинь Д гийн зүүн гарын булчингаас нь цус гарсан байсан ба танай ах чинь намайг хутгалчихлаа ш дээ гэж байсан. Тэгээд манай эхнэр шархыг нь үзээд боож өгөөд хэсэг байж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-10 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “Г.Д гийн биед зүүн шанаа, зүүн бугалганд шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи зүүн шанааны шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр бугалганд шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 202 дугаартай дүгнэлт /хх-20-21 тал/,

Шүүгдэгч Д.Ц гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хөдөө малдаа явж байгаад хүргэн дүү Б ийнд ороход Б ийнд Д , О , Д , Б  нар “Хараа” нэртэй 0.75 литрийн архи согтууруулах ундааны зүйл хувааж уугаад дуусч байсан. Д  Б д “Хараа” нэртэй 0.5 литрийн архи өгсөн. Д  архийг задлаад хүмүүст тойруулсан. Б  1 хундага архи уучаад унтаад өгсөн. Д  надад гурван хундага өгөөд “одоо болно ах” гэж хэлэхээр нь би “за” гэж хэлсэн. Д  намайг” та одоо яв” гэж хэлэхээр нь “би одоо зайллаа, явлаа” гэж 3-4 удаа хэлсэн чинь Д  намайг “зайл” гэж хэлж байна гэж бодсон уу яасан би ах эгчийндээ 1 удаа ирээд явж байна зайл гэнүү гэж хэлээд намайг өөрлүүгээ татахаар нь би Д г хоёулаа гаръя ахын дүү гэж хэлсэн чинь Д  бид хоёр гэрээс гарсан. Д  бид хоёр хоорондоо тэврэлдээд ноцолдож байхад Д  ирээд Д  бид хоёрыг салгасан. Би Д г “Б ийнх руу яв” гэж хэлсэн. Чи их согтсон байна, мотоцикль унаж болохгүй гээд мотоциклийнх нь түлхүүрийг мотоциклоос нь сугалаад авсан чинь Д  за гэж хэлээд Б  гэх айл руу явах шиг болсон. Би Б ийнд ороод О ийг яв гэж хэлсэн. Би Д г Б ийг дууд гэж хэлсэн. Д  Б ийг дуудаад босгож ирэхээр нь би Б д Д гийн мотоциклийн түлхүүрийг өгөөд “Д  согтуу байна маргааш түлхүүрийг нь өгөөрэй” гэж хэлээд Б ийнхөөс гарахад Д  миний нүүр хэсэгт 1 удаа цохихоор нь би Д гийн хоёр хөлнөөс нь барихад гараараа миний зүүн мөр, баруун гарын сарвуу хэсэгт 1-2 удаа цохихоор нь би баруун гараараа Д гийн нүүрэнд нь 2-3 удаа цохисон. ...Г.Д гийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-52-53 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Д гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Ц гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Д , гэрч Ч.Б , Д.Д  нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд нотлох баримт бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.Ц гийн үйлдэл идэвхтэй, хохирогч Г.Д гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Ц гийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.Ц  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Д  нь хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж /хх-60 тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Мөн шүүх хохирогч Г.Д д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Д.Ц  бид хоёр эвлэрсэн, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Ц гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 28-48 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Ц  нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, Булган аймгийн ...т ээжийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хутагуул овогт Д.Ц г Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Д.Ц г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч Д.Ц д оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сараар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ц д сануулсугай.

  4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД