| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0165/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2020-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 173
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А т холбогдох эрүүгийн 2015000000141 дугаартай, 163/2020/0165/Э индекстэй хэргийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, урьд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 213 дугаартай захирамжаар Булган аймгийн Сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт зургаан сарын хугацаагаар эмчлүүлэх эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Г овогт Г.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А ын өгсөн: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохиролд 100000 төгрөг төлсөн. Цаашид гарах хохирлыг төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000000141 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... байрлах Х.Б ын гэрт түүнийг сугалаанаас хожсон “нарны толь зарсан мөнгөнөөс өгөөгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа Х.Б ын нүүрэн тус газарт гараараа цохиж дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт, доод зүүн нэг ба хоёр дугаар шүдний булгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хохирогч Х.Б ын өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 08ны өдрийн 20-21 цагийн үед гэртээ хүү Б , охин Э , найз Х.Б , Д.Б нартай хоол хийчихээд аягалаад байж байхад гаднаас найз А согтуу орж ирсэн. Тэгээд агсрах маягтай “Монголын анчид, гөрөөчид нараар юу байна” гэхэд найз Х.Б “та одоо архи уухаараа л ийм юм ярьж явах юм, эртхэн хариач” гэж хэлсэн. Тэр үед би “яасан бэ хөгшөөн” гэхэд “чи намайг яасан гэлээ, би танайд орж ирж болдоггүй юм уу пизда минь” гэхээр нь би “архи уухаараа л ирж агсам тавих юм аа, одоо яв л даа” гээд хоёр мөрөн дээр нь гараа тавиад гаргах санаатай хаалгаруу явж байсан чинь эргэж хараад баруун гараараа миний шүд рүү 1 удаа цохиход доод хоёр шүд угаараа мултарч унаад, дээд нэг шүд хөдөлгөөн орсон” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,
Гэрч Д.Б ы өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн орой 20 цагийн үед найз Б ын гэрт найз Х.Б , Б ын 4 настай охин бид хэд хоол хийж идчихээд сууж байхад гаднаас А согтуу орж ирээд чанга чанга юм яриад байсан. Тэгэхээр нь Б “юм ярих гээд байгаа бол маргааш эрүүлдээ ярь” гээд аваад гарах гэхэд Б ыг А гэрийн коридор дотор цохиод авсан. Б ыг “яаж байгаа юм бэ” гэхээр нь би араас нь очоод харахад дээд хоёр үүдэн шүд нь уначихсан, доод нэг шүд нь хөдлөөд санжиганаад байхаар нь би Б т 00-н цаас авч өгсөн. Удалгүй А гараад явсан” гэх мэдүүлэг /хх-19 тал/,
Гэрч Х.Б ы өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн орой 20 цагийн үед найз Б ын гэрт найз Д.Б , Б ын охинтой нь бид хэд юм яриад сууж байхад гаднаас А ах согтуу орж ирээд Б т хандаж “хөгшинөө орж ирлээ гэж муухай хараад байгаа юм уу, аяга ус уух гэж орж ирлээ, та гуравт би гай болохгүй” гэж хэлэхэд Б “чи дандаа ингэх юм аа” гээд цааш нь түлхээд үүд рүүгээ гараад явсан. Удалгүй хүүхэд уйлахаар нь би хүүхдийг нь аваад Б д өгөөд, эргэж очоод Б , А нарыг салгаад харахад Б “миний шүдийг цохиод хугалчихлаа ш дээ” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-20 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №52 дугаартай: “Магадлуулагч Г.А нь хэрэг учрал болох үед Ds: архинд донтох эмгэг, хөнгөн зэргийн согтолт гэсэн сэтгэцийн өвчтэй байсан. Г.А ын энэ өвчин өөрийгөө удирдан жолоодох үнэн зөв мэдүүлэг өгөх чадварт нөлөөлөхгүй. Одоо Г.А нь архинд донтох эмгэг сайжралын үед байна. Болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /хх-33-34 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн:
“Х.Б ын биед дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт, доод зүүн нэг ба хоёр дугаар шүднүүдийн булгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтлүүд ба тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна. Дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Доод зүүн нэг ба хоёрдугаар шүднүүдийн булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх 2020 оны 06 дугаар сарын 09ний өдрийн 168 тоот дүгнэлт /хх-22-23 тал/,
Шүүгдэгч Г.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед ... амьдардаг найз Б ын гэрт согтуу очсон. Тэгээд сугалаагаар хожсон нарны толины мөнгийг өг гэснээс болж муудалцсан. Муудалцаж байхдаа би Б ын ам руу нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эмчилгээнд хэрэглээрэй гэж Б т 100000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-38-39 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, үйлдлийн талаар хохирогч Х.Б , гэрч Д.Б , Х.Б нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Г.А ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, Г.А нь Х.Б ын нүүрэн тус газарт гараараа цохисон үйлдлийг шууд гэрчилсэн байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Б ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.А ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.А нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.А ын үйлдэл идэвхтэй, хохирогч Х.Б ын Х.Б ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмь хэргийн улмаас учруулсан хохиролд 100000 төгрөгийг төлсөн, хохирогч Х.Б нь “Г.А аас 100000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан” гэдгээ мэдүүлж, хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй гэдгээ илэрхийлж, харин цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх хүсэлтэй байгаа” гэдгээ илэрхийлсэн байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.А ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.А нь сэтгэцийн хувьд архинд донтох эмгэг, хөнгөн зэргийн согтолт өвчтэй боловч энэ өвчин нь өөрийгөө удирдан жолоодох чадварт нөлөөлөхгүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 43-52 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, амжиргааны баталгаажих түвшингээс доогуурх орлоготой, ганц биеэр Булган аймгийн Хангал сумын дөрөвдүгээр багийн Хялганат тосгонд амьдардаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.А ын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож, уг ялын доод хэмжээгээр буюу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг түүний оршин суугаа газрын харъяа нутаг дэвгэрт хийлгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Г овогт Г.А ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Г.А ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Г.А т оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгонд хийлгэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А т сануулсугай.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч Х.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД