Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 581

 

 

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/00581

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Н.Сарангүн, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, Шарга, өөрийн байранд байрлах Нэмэр Их ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол 402 байр, 78 тоотод оршин суух Цоохорын хатигин овогт Сүхбаатарын Баярхүү /ЛЮ802060118/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 51, Засгийн газрын VII байранд байрлах Батлан хамгаалах яаманд холбогдох,

 

Албан тушаалтны гэм буруутай үйлдлээс учирсан гэм хор болох 118,984,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Батлан Хамгаалах яамны харъяа Монгол цэрэг-Жуулчин Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал хошууч генерал Мөөгөний Жаргал болон Нэмэр Их ХХК-ийн захирал Сүхбаатарын Төмөрхуяг нар нь 2013 оны 03 сарын 12-ны өдөр Мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, Монгол цэрэг-Жуулчин Төрийн өмчит үйлдвэрийн газарт нийт 189,784,900 төгрөгний мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн юм. Гэвч М.Жаргал нь өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, гэрээний дагуу хүлээн авсан мах, махан бүтээгдэхүүнийг бусдаар заруулж, өөрт олгогдсон төрийн байгууллагыг төлөөлж бусадтай гэрээ хийх, хэрэгжүүлэх эрх мэдлээ урвуугаар ашиглаж, албан үүргээ зөрчиж, гэрээгээр хүлээн авсан махаа байгууллагынхаа данс бүртгэлд оруулалгүй, байгууллагынхаа нягтлан бодогч, данс бүртгэгч нарт үүрэг өгч, Нэмэр их ХХК-аас авсан махаа дур мэдэн захиран зарцуулж, иргэн аж ахуйн нэгжийг хохироогоод байна. Хавтаст хэргийн материалд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтэнд М.Жаргал, Ж.Батдорж нь Нэмэр их ХХК-аас 189,784,900 төгрөгний мах авсан байна. Уг махыг орлогод аваагүй байна. Орлогод аваагүй махны үнэд төлөх нэрийдлээр 86,000,000 төгрөг касснаас авсан байна гэж дүгнэлт гаргасан байна. Аливаа аж ахуйн нэгжийн санхүүгийн асуудал нууц байдаг ба төлөөлөх эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулж, ажил үйлчилгээ үзүүлдэг бөгөөд төрийн өмчит үйлдвэрийн газрыг санхүү, бүртгэлээ буруу хийж байгааг С.Төмөрхуяг, С.Баярхүү нар шалгах боломжгүй юм. Гэхдээ уг махыг данс бүртгэлд оруулаагүй ч гэрч Ж.Батдорж, нягтлан бодогч Н.Батцэцэг нарын гэрчийн мэдүүлэг, гэрч байцаасан тэмдэглэлд тус тус С.Жаргалыг уг махыг хүлээн авч, Ж.Батдоржоор заруулж, Н.Батцэцэгээр ажилчдын цалин, Монгол цэрэг жуулчин төрийн өмчит үйлдвэрийн газрын ойр зуурын хэрэглээнд ашиглуулсан тухай мэдүүлсэн байдаг. Түүнчлэн 86,000,000 төгрөгийн төлбөрийг төрийн өмчит үйлдвэрийн газрын данснаас махны мөнгө хэмээн буцаан олгосныг шинжээчийн дүгнэлтэнд тусгасан байна. Тухайн шинжээч нь дүгнэлтээ гаргахдаа дутуу шинжилгээ хийж, гүйцэд шалгалгүй дүгнэлт гарсан бөгөөд 86,000,000 төгрөгийн эх үүсвэрийг тодорхойлолгүй, төрийн өмчийн данснаас гаргасан гэх боловч үнэндээ уг мөнгө нь Нэмэр их ХХК-аас авсан махыг зарж борлуулж, бэлэн мөнгө хэлбэрээр дансандаа орлого авсныг буцааж, Нэмэр их ХХК болон бусад этгээдэд олгосон явдал юм. Ингээд С.Төмөрхуяг нь Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэрэг жуулчин төрийн өмчит үйлдвэрийн газартай гэрээ байгуулж, махаа зарж борлуулсан байтал 2013 оны 08 сарын 08-ны өдрийн А/242 дугаартай Батлан хамгаалахын сайдын тушаал гарч тушаалын 2 дахь хэсэгт Монгол цэрэг жуулчин төрийн өмчит үйлдвэрийн газрыг Монгол цэрэг констракшн төрийн өмчит үйлдвэрийн газар гэж өөрчлөн зохион байгуулж, тушаалын 3 дахь хэсэгт захирлаар М.Жаргалыг томилсон байна. М.Жаргал нь Монгол цэрэг констракшн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал болсны дараа 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Нэмэр их ХХК-аас авсан махны өр төлбөрийг эрх залгамжлан авч үргэлжлүүлж төлж барагдуулах тайлбар хүргүүлсэн байдаг байна. Махны төлбөрөөс 113 984 900 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа болно.

2014 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Батлан хамгаалах сайдын А/58 тушаал гарч, тушаалын 1 дэх хэсэгт Монгол цэрэг констракшн төрийн өмчит үйлдвэрийн газарт эрх залгамжлалгүйгээр татан буулгах ажлын хэсгийг байгуулж шийдвэрлэсэн байна. Улмаар 2015 оны 04 сарын 02-ны өдрийн Батлан хамгаалах сайдын А/88 тушаал гарч, тушаалын 4 дэх хэсэгт Монгол цэрэг констракшн төрийн өмчит үйлдвэрийн газрын байгууллагуудын хооронд үүссэн болон он удаан жил болсон 2 дугаар хавсралтад заагдсан өглөгийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Батлан хамгаалах яамны өр авлага барагдуулах төв комисст даалгасан байна. Уг 2 дугаар хавсралтад Загдал зөөхий ХХК болон нягтлан бодогч Батцэцэг нарт мах нэрээр өглөг үүсгэсэн бөгөөд үүнийг Загдал зөөхий ХХК-г төлөөлж Ж.Батдорж болон нягтлан бодогч Батцэцэг нар гэрчээр өгсөн тайлбар болон 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Загдал зөөхий ХХК-д өгөх төлбөрийг Нэмэр их ХХК-д өгөх боломжтой байгааг дурдсан байна. Иймд Нэмэр их ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Батлан хамгаалах яам, хамтран хариуцагчаар Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох иргэний хэрэгт Батлан хамгаалах сайдын 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/58 тушаалаар Монгол цэрэг констракшн төрийн өмчит үйлдвэрийн газрыг эрх залгамжлалгүйгээр татан буулгах ажлын хэсэг байгуулсан, мөн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Батлан хамгаалах сайдын А/88 тушаалаар Батлан хамгаалах яамны өр авлага барагдуулах төв комисст өр авлага барагдуулахыг даалгасан байх тул Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит үйлдвэрийн газрыг хариуцагчаас хасч, Батлан хамгаалах яамнаас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү. Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу гэрээний бус үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 56,992,450 төгрөгөөр хасч албан тушаалтны гэм буруутай үйлдлээс учирсан гэм хор болох 113,984,900 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгөрг, нийт 118,984,900 төгрөг Батлан хамгаалах яамнаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Нэмэр Их ХХК нь Монгол цэрэг жуулчин төрийн өмчит үйлдвэрийн газартай 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан 189,784,900 төгрөгний үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүн нийлүүлсэн ба Монгол цэрэг жуулчин төрийн өмчит үйлдвэрийн газраас 76,000,000 төгрөгийн тооцоог хийж гүйцэтгэсэн ба шилжүүлсэн мах, махан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 113,984,900 төгрөгийг үлдэгдэл төлбөрийг Батлан хамгаалах яамнаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Батлан хамгаалах яам нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлж, улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого, зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого, энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал зэрэг улс орны шинж чанартай нийтлэг асуудлыг хамаарч үйл ажиллагаа явуулдаг Төрийн захиргааны төв байгууллага болно. Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 63 дугаар тогтоолоор Монгол цэрэг констракшн, хуучин нэрээр Монгол цэрэг жуулчинТӨҮГ зэрэг нэр бүхий төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж байгуулах шийдвэр гарсан. Төрийн өмчит үйлдвэрийн газартай холбоотойгоор Батлан хамгаалахын сайдын тушаалаар аудитын дүгнэлт гаргах ажпын хэсгийг байгуулж ажиллуулсан ба улмаар аудитын дүгнэлтэд үндэслэн сайдын 2015 оны Аудитын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай А/88 дугаар тушаал гарсан. Уг тушаалын 7-д Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Монгол цэрэг констракшн төрийн өмчит үйлдвэрийн газрын өмч хөрөнгө, өглөг, авлагыг данс бүртгэлд тусган хүлээн авахыг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит үйлдвэрийн газарБ.Алтангэрэлд үүрэг болгосугай гэж заасан ба Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит үйлдвэрийн газраас Засгийн газрын тогтоол, сайдын тушаалыг биелүүлэх үүрэгтэй болно. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ, мөн Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Компанийн үйл ажиллагааг зогсоож. түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ гэж заасан ба эрх үүрэг хариуцлага Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит үйлдвэрийн газарт хуульд заасны дагуу шилжсэн байна. Батлан хамгаалах яамнаас нэхэмжлэгч Нэмэр их ХХК-тай холбоотой мах, махан бүтээгдэхүүн худалдан авах талаар гэрээ байгуулаагүй тул гэрээний биелэлтийг Батлан хамгаалах яамнаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс Батлан хамгаалах яам нь Нэмэр их ХХК-ийн нэхэмжилж буй мөнгөн дүнг төлж барагдуулах боломжгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Нэмэр Их ХХК нь хариуцагч Батлан хамгаалах яам болон Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан албан тушаалтны гэм буруутай үйлдлийн улмаас компанид учирсан хохиролд гэрээний дагуу нийлүүлсэн махны төлбөрийн үлдэгдэл 113,984,900 төгрөг, алданги 56,992,450 төгрөг, өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг, нийт 175,977,350 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шаардлагын хэмжээг нь багасгаж Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит үйлдвэрийн газрыг хамтран хариуцагчаар татсанаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 56,992,450 төгрөгийг хасч, хариуцагч Батлан хамгаалах яамнаас албан тушаалтны гэм буруутай үйлдлээс учирсан гэм хор болох 113,984,900 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, нийт 118,984,900 төгрөгийг гаргуулахаарөөрчилжээ.

 

Хариуцагч Батлан хамгаалах яам нь нэхэмжлэгч Нэмэр их ХХК-тай мах, махан бүтээгдэхүүн худалдан авах талаар гэрээ байгуулаагүй тул гэрээний биелэлтийг Батлан хамгаалах яамнаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжилж буй мөнгөн дүнг төлж барагдуулах боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэмэр их ХХК-ийн захирал С.Төмөрхуяг болон Монгол цэрэг жуулчин Төрийн өмчит үйлдвэрийн газар /цаашид ТӨҮГ гэх/хооронд 2013 оны 0дугаар сарын 12-ны өдөр Мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Нэмэр их ХХК-ийн захирал С.Төмөрхуяг нь 25,0 тонн хонины мах, 10,0 тонн ямааны мах нийлүүлэх, Монгол цэрэг-Жуулчин ТӨҮГ нь 1 кг хонины махыг 5,900 төгрөгөөр, 1 кг ямааны махыг 4,700 төгрөгөөр тооцон төлбөрийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-7/

 

Дээрх тохиролцоо бүхий гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Нэмэр их ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 78,616,000 төгрөгийн, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 61,531,100 төгрөгийн, 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 49,637,800 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж, тухай бүр нь Зарлагын баримт үйлдсэн байх бөгөөд уг баримтад худалдан авагчийн нэр МЦЖТӨҮГ Ж.Батдорж гэж бичигдсэн байна. /хх-39-41/

 

Нэмэр их ХХК нь Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-т хонины мах 20,404 кг, 1 кг-ыг нь 5,900 төгрөгөөр, ямааны мах 13,064 кг, 1 кг-ыг нь 4,700 төгрөгөөр, таташ 5,335 кг, 1 кг-ыг нь 1,500 төгрөгөөр, нийт 189,784,900 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Талууд 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-аас Нэмэр их ХХК-д барагдуулах төлбөрийн график, мөн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр махны өглөгийг барагдуулах талаар тохиролцсон протокол тус тус үйлдсэн байна. /хх-8, 10/

 

Монгол цэрэг жуулчин ТӨҮГ болон Нэмэр их ХХК нь 2013 оны 0дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэгбүрчлэн нийлж үзээд Монгол цэрэг жуулчин ТӨҮГ нь 130,784,900 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байна. /хх-171/ Уг тооцоог хийснээс хойш төлбөрийн үлдэгдлээс 16,800,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 113,984,900 төгрөг байна. /хх-172/

 

Нэмэр их ХХК нь Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-ын ерөнхий захирлыг Батлан хамгаалахын сайд томилсон, мөн уг ТӨҮГ нь Засгийн газрын тогтоолоор Батлан хамгаалах яамны харьяанд очсон гэх үндэслэл заан нийлүүлсэн мах, махан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 113,984,900 төгрөгийг Батлан хамгаалах яамнаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Батлан хамгаалахын сайдын 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/242 дугаар тушаалаар Монгол цэрэг жуулчин төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг Монгол цэрэг констракшн төрийн өмчит үйлдвэрийн газар гэж өөрчилсөн. /хх-73/

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Монгол цэрэг констракшн, Транссэргэлт аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болон Батпромимпекс ХХК-ийг нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж Батлан хамгаалах яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэсэн. /хх-14/

Батлан хамгаалахын сайдын 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/58 дугаар тушаалаар Монгол цэрэг констракшн төрийн өмчит үйлдвэрийн газрыг эрх залгамжлалгүйгээр татан буулгах, Транссэргэлт ТӨҮГ, Батпромимпекс ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгах, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-ыг байгуулах ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-126/

 

Батлан хамгаалахын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/88 дугаар Аудитын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай тушаалын 4 дэх заалтад Монгол цэрэг констракшн ТӨҮГ батлан хамгаалах салбарын байгууллагуудын хооронд үүссэн болон он удаан жил болсон 2 дугаар хавсралтад заагдсан өглөгийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Батлан хамгаалах яамны Өр авлага барагдуулах төв комисст даалгасан байна. Мөн тушаалын 7 дахь заалтад Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Монгол цэрэг констракшн ТӨҮГ-ын өмч хөрөнгө, өглөг авлагыг данс бүртгэлд хүлээн авахыг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-т үүрэг болгосон байна. Уг тушаалын 2 дугаар хавсралтад Загдал зөөхий ХХК-д махны 36,099,030 төгрөгийн өглөгтэй, Батцэцэгт махны 41,925,600 төгрөг өглөгтэй гэжээ. /хх-42-46/

 

Батлан хамгаалахын сайдын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар тушаалаар хошууч генерал М.ЖаргалыгМонгол цэрэг жуулчин ТӨҮГ-ын ерөнхий захирлаар, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/242 дугаар тушаалаар Монгол цэрэг констракшн ТӨҮГ-ын захирлаар тус тус томилж, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-12, 13, 73/

 

Авлигатай тэмцэх газраас М.Жаргалыг Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг ашиг олох зорилгоор хувьдаа завшсан хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор М.Жаргалд холбогдох хэргийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /хх-17-18/

 

М.Жаргалд холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан байх бөгөөд шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаартай дүгнэлтэнд ...Монгол цэрэг жуулчин ТӨҮГ нь Нэмэр их ХХК-тай мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хийж, уг гэрээгМонгол цэрэг жуулчин ТӨҮГ-ын ерөнхий захирал М.Жаргал нь баталсан байна. Нэмэр их ХХК-аас нийт 189,784,900.00 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг Ж.Батдорж нь хүлээн авсан байна. Ж.Батдоржийн хүлээн авсан 189,784,900.00 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-ын данс бүртгэлд орлого аваагүй байна. ...М.Жаргал, Ж.Батдорж нар нь Нэмэр их ХХК-аас 189,784,900 төгрөгний мах авсан байна. Уг махыг Монгол цэрэг-жуулчин ТӨҮГ-т орлогод аваагүй, махны үнэд төлөх нэрийдлээр 2013 онд 86,000,000 төгрөгийг касснаас авсан байна... гэсэн дүгнэлт гаргасан байна. /хх-106-107/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байсан М.Жаргал, тус газрын кассын няраваар ажиллаж байсан И.Батцэцэг, Нэмэр их ХХК-аас мах хүлээн авсан Ж.Батдорж нарыг гэрчээр асуусан.

 

Шүүхэд дуудагдсан гэрч М.Жаргал ...Гэрээ хийж Нэмэр их ХХК-аас мах авсан нь үнэн. Нэг хэсэг махыг зах дээр борлуулаад дотоодын хэрэгцээнд, мөн олон улсын энхийн сургуульд оролцож байгаа бие бүрэлдэхүүний хоол ундад зарцуулсан. Нилээд хэсэг махыг зах дээр борлуулаад байгууллагын үйл ажиллагааны зардал болон ажилчдын цалин хөлсөнд зарцуулсан... гэж,

гэрч Ж.Батдорж ...Жаргал генерал надад хүсэлт тавьж байсан юм. Манайх цалингаа өгч чадалгүй олон сар боллоо. Бэлэн мөнгө болчихоор гайгүйхэн их хэмжээний мах байвал би үнэ тохирч гэрээ хийж аваад тэрийг борлуулж мөнгө гаргаж, цалин мөнгөө тавимаар байна гэсэн хүсэлтийн дагуу Баярхүү, Жаргал хоёрыг уулзуулж өгсөн. Тэгээд энэ хоёр үнэ, хугацаагаа тохиролцоод гэрээгээ хийсэн. Монгол цэрэг-жуулчин ТӨҮГ-ын захирал Жаргалын үүрэг даалгавраар Нэмэр их ХХК-аас мах авч байсан. ...Эднийхээс 3 удаа ачихад 1 газар буулгаад тэндээс ийш тийш нь хоол хүнсэнд тарааж байсан ...Бичилтүүдийг үнэндээ сайн мэдэхгүй. Ямар учраас Загдал зөөхий гэсэн юм. Би бол авлага байхгүй. 2012 он гэдгийг мэдэхгүй, зүгээр алдаа байж магадгүй. 2013 онд болсон. Загдал зөөхийн хөндий ХХК-ийн захирал нь манай эхнэр. ...Нэмэр их ХХК-аас авсан махыг надаар заримыг нь борлуулж бэлэн мөнгө болгож авч байсан. Заримыг нь энхийг сахиулагчид өгч байсан. ...Зарцуулахыг би мэдэхгүй. Тэр дор нь Жаргал генералд аваачиж өгөөд, заримдаа касс Батцэцэгт өгдөг байсан. ...Дүнг мэдэхгүй байна. Өгч байгаад ямар ч байсан тухайн үед тооцоогоо хийгээд дууссан... гэж,

гэрч И.Батцэцэг ... Батдоржийг мэднэ, тухайн үед мах нийлүүлдэг байсан ... манайх аялал жуулчлалын компани байсан. Цалингаа тавьж чаддаггүй байсан. Захирал мөнгө олж ирээд орлогод аваад цалингаа тавь гэдэг байсан. Тухайн үед нь би нягтлангаасаа аваад цалингаа тавьдаг байсан. ...Батдоржоос хааяа мөнгө авдаг. Авахаараа Батдоржоос гэж бичиж тэмдэглэдэг байсан... махны 40 хэдэн сая төгрөг чиний нэр дээр өглөг үүссэн байна гэж хэлж байсан ...Батлан хамгаалах яамнаас авах авлага байхгүй... гэж тус тус мэдүүлсэн.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан.

 

Хариуцагч Батлан хамгаалах яам нь Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-ын ерөнхий захирал М.Жаргалыг сайдын тушаалаар томилогдсонтой маргаагүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Монгол цэрэг констракшн ТӨҮГ нь татан буугдаж Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ болсон, Батлан хамгаалахын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/88 дугаар тогтоолоор Монгол цэрэг констракшн ТӨҮГ-ын өмч хөрөнгө, өглөг авлагыг данс бүртгэлд хүлээн авахыг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-т үүрэг болгож тус газар нь өглөг, авлагыг шилжүүлсэн авсан гэх тайлбарыг өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэмэр их ХХК нь Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-т 189,784,900 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлсэн, Монгол цэрэг жуулчин ТӨҮГ нь мах, махан бүтээгдэхүүний төлбөрт 75,800,000 төгрөгийг төлж, 113,984,900 төгрөгийн өглөгтэй болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Монгол цэрэг констракшн, Транссэргэлт ААТТӨҮГ болон Батпромимпекс ХХК-ийг нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ААТТӨҮГ болгон өөрчилж Батлан хамгаалах яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Батлан хамгаалахын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/88 дугаар тушаалын 4 дэх заалтад Монгол цэрэг констракшн ТӨҮГ батлан хамгаалах салбарын байгууллагуудын хооронд үүссэн болон он удаан жил болсон 2 дугаар хавсралтад заагдсан өглөгийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Батлан хамгаалах яамны Өр авлага барагдуулах төв комисст даалгасан байх тул Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-ынНэмэр их ХХК-д төлбөл зохих мах, махан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг Батлан хамгаалах яам хариуцан төлөх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байсан М.Жаргал нь мах, махан бүтээгдэхүүний санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан эсэх нь Нэмэр их ХХК-ийн шаардах эрхэд нөлөөлөхгүй.

 

Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдон ажиллаж байсан М.Жаргалын ажил үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан хохирлыг ажил олгогч буюу хариуцагч Батлан хамгаалах яам хариуцах үүрэгтэй.

 

Иймээс нэхэмжлэгч Нэмэр их ХХК нь нийлүүлсэн мах, махан бүтээгдэхүүнийн үлдэгдэл төлбөр 113,984,900 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж, өмгөөлөгчид 5,000,000 төгрөг төлсөн гэж уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг гэрээ нь Батлан хамгаалах яамыг хариуцагчаар татсан хэрэг маргаантай хэрхэн холбогдох, уг мөнгийг төлсөн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэн хариуцагч Батлан хамгаалах яамнаас 113,984,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нэмэр их ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хариуцагч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Батлан хамгаалах яамнаас 113,984,900 /нэг зуун арван гуван сая есөн зуун наян дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нэмэр их ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 /таван сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 57.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,037,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Батлан хамгаалах яамнаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох 727,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нэмэр их ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР

 

ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

Т.ЭНХЖАРГАЛ