Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 174

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Б.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н т холбогдох эрүүгийн 2015000000159 дугаартай, 163/2020/0167/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр  хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Н.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Эмчилгээний зардал нь бидний гэр бүлийн хөрөнгөнөөс гарсан гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000000159 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим Булган аймгийн ... багийн “Б” гэх амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж,  эхнэр Б.Ж гийн “согтуугаар “тээврийн хэрэгсэл жолоодож явуулахгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт цохиж зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.Ж гийн өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчим нөхөр Н ын хамт найзынх нь төрсөн өдөр болно гээд Булган аймгийн ... ийн нутаг “Б” гэх газарт байрлах амралтын газарт 16 цагийн орчим очсон. Тэгээд хоол унд идээд орой 21 цагийн орчим өөрийн автомашинаас болж нөхөртэйгөө хэрүүл маргаан үүсгээд намайг хамар руу нэг удаа цохиод авсан. Ингээд тухайн үед би өөрийн төрсөн эгч О  рүү утсаар холбогдож дээрх хэрэг явдлын талаар хэлсэн. Цагийн дараа эгч О  ирээд намайг Орхон аймаг руу аваад явсан. Нөхөр маань нилээн согтолттой ухаангүй байсан учир тухайн амралтын газарт үлдсэн. ...Тээврийн хэрэгсэл жолоодож Орхон аймаг руу орно гэхээр нь би нөхөртөө хандаж “согтуу машин барьж яах гээд байгаа юм” гээд болиулах санаатай хэлсэн чинь нөхөр уурлаад “чи ямар ааштай юм бэ” гэж хоорондоо маргалдсан. Өмнө нь хэрүүл маргаан гарч байгаагүй. Анх удаа миний биед халдаж байгаа юм. Бид хоёр гэр бүл болоод 12 жил болж байна. Одоо миний биеийн байдал хэвийн, толгой жаахан өвдөж байгаа. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Учир нь нөхөр бид хоёр ажилтай болохоор олон удаа нааш цааш яваад байх боломжгүй” гэх мэдүүлэг /хх-8-10 тал/,

Гэрч Б.О ийн өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орой 23 цагийн орчимд төрсөн дүү болох Б.Ж  нь үл таних утасны дугаараас залгаад “эгчээ, би Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна, амралтын газарт нөхрийн хамтаар явж байгаад нөхөртөө зодууллаа та хүрээд ирэх үү” гэж ярьсан. Ингээд санаа зовоод шууд машин аваад шөнийн 01 цагт хайж очсон. Тухайн үед миний дүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нүүр царай нь цус болчихсон зогсож байсан. Болсон хэрэг явдлын талаар тодруулахад “найзынх нь төрсөн өдөр болоод амралтын газар ирээд байж байх хугацаандаа нөхөр болох Н тай машинаас болж хэрүүл маргаан хийгээд намайг зодчихлоо” гэж ярьсан. ...Би тусдаа амьдарч байсан болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ гэр бүлийн хүмүүс болсон хойно сайндаж, муудах зүйл байхыг үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “Б.Ж гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаартай дүгнэлт /хх-16-17 тал/,

Шүүгдэгч Б.Н ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр найзуудынхаа хамтаар найз Амгалангийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Булган аймгийн ...ийн “Б” гэх газарт байрлах амралтын газарт өдөр 15 цагийн үед очсон. Ямар нэртэй амралтын газар байсныг мэдэхгүй байна. Тэндээ хоол цай хийж идээд, архи нэлээн ихээр хэрэглсэн. Маргааш өглөө нь буюу 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай найз Эрдэнэсүрэн надад хэлэхдээ “чи өчигдөр эхнэртэйгээ машинаасаа болж хэрүүл маргаан хийгээд эхнэрийнхээ нүүр хэсэгт нь нэг удаа цохисон” гэж хэлсэн.

Тэгээд би эхнэрийгээ цохисон юм байна гэж бодсон. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй. Б.Ж гийн биед учирсан гэмтлийг би учруулсан байх, миний буруу. Би тасарсан байсан болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ж гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Н ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Н ын идэвхтэй, хохирогч Б.Ж гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдлийг хохирогч Б.Ж , гэрч Б.О  нарын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хүрээнд өгсөн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Н  нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Ж , шүүгдэгч

Б.Н  нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байгаа хэдий ч эхнэр Б.Ж г зодсон үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга үйлдсэн” шинж тогтоогдоогүй байх бөгөөд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй тохиолдолд тухайн хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэдэг агуулгаар хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж/ зааснаар хүндрүүлэн зүйлчлэхгүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Ж  нь гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Н ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Н  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 20-25 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Н  нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн ... багт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Б.Н ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Б.Н ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.

  4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД