Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 0947

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Г.Н,          

           улсын яллагч С.Э,

            хохирогч О.С ,

            шүүгдэгч Ж.О , түүний өмгөөлөгч О.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ж-ийн О-д холбогдох 1908 0492 10765  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хуульчдын нэгдсэн бүртгэлийн 3481, шүүхэд төрийг төлөөлөх эрхийн 2923 дугаарт тус тус бүртгэлтэй, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчөөр ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтлийн 78а-02 тоотод түр оршин сууж байгаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр 3 дугаар баг, Дэлгэрэх 6 гудамжны 102 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Г  овогт Ж-ын О, регистрийн дугаар: ЙБ83070711,   

Холбогдсон хэргийн талаар :/яллах дүгнэлтэд дурьдснаар/  

Шүүгдэгч Ж.О  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.С тэй маргалдаж 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 22-02 тоотод хохирогч О.С-ийн үснээс чирэх, хоолойг нь боох зэргээр зодохдоо тархи доргилт, дагз, баруун бугалга, шууны цус хуралт, зүүн чихний ар хэсгийн зулгаралт, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :   

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ж.О  2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22-02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.С тэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :       

- иргэн О.С эс гаргасан гомдлыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүлээн авсан тухай тэмдэглэл, лавлагааны хуудас /1х-11-13/,

- хохирогч О.С-нийн :”...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр намайг СХД-ийн 18 дугаар хороо 22-02 тоот гэртээ ажлаа тараад 21 цагийн үед ирэхэд О  хүүхдүүдийн хамт гэртээ унтаагүй байсан. Намайг хаалгаа түлхүүрээрээ онгойлгох гэхэд О  хаалгаа дотроос нь түгжсэн байсан учир түлхүүрээр онгойхгүй байсан. Намайг тогших үед хаалга онгойлгож өгөхгүй байхаар нь би улам хүчтэй нүдсэн. Энэ үед хажуу айлын эмээ гарч ирж харсан. Би орцноос гараад нээлттэй байсан цонхоор түлхүүрээ шидээд хаалгаа онгойлгооч гэж орилсон. Тэгээд хаалганы гадаа зогсож байхад О  гэрээс гарч ирээд шууд үснээс зулгааж гэрт оруулаад....толгойн ар дагз хэсгээр хана мөргүүлсэн. Тэгээд баруун бугалга, шуунаас базаж чимхсэн, нүүр рүү гараараа 1 удаа алгадаад, шанаа орчим 2-3 удаа алгадаад чи яах гэж ирсэн юм. Тэр чигээрээ зайл гээд хөөгөөд байсан...Намайг элдвээр доромжлоод байхаар нь би хөргөгч дээр байсан будаа агшаагчийг аваад газар шидсэн. Тэгтэл О миний хоолойг боож тэгвэл чамайг ална гээд дайраад байсан. Энэ үед би том хүү Тэмүүжинд цагдаа дуудаарай гэж хэлэхэд хүү Тэмүүжин тагтруу гүйж гараад хажуугийн эмээг цагдаа дуудаарай, аав ээжийг зодоод байна гэж хэлсэн...тухай мэдүүлэг /1х-18, 58, 219/,

- шинжээчийн 2019.09.25-ны өдрийн 11473 дугаар дүгнэлт:...О.С-ийн биед тархи доргилт, дагз, баруун бугалга, шууны цус хуралт, зүүн чихний ар хэсгийн зулгаралт, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна / 1х-63/,

- гэрч Г.М-ын:....Би тус байрны 03 тоот өрөөг түрээслэн бага хүүгийнхээ охиныг хараад ганцаараа амьдардаг. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хажуугийн 02 тоот өрөөнд хүүхдүүд нь уйлалдаад аав, ээж 2 нь хоорондоо хэрэлдээд байсан. Удалгүй цонхны тагтан дээр бага насны эрэгтэй хүүхэд нь уйлаад эмээ цагдаа дуудаад өгөөч гэхээр нь хамт байсан дүү О-гийн хамт гэрийнх нь хаалгыг тогшоод орох үед айлын эрэгтэй хүн зүгээрээ эгчээ тайван бай одоо зүгээр гэхээр нь бид 2 гараад явсан. Удалгүй дахин зодоон болоод байхаар нь О бид 2 дахин хаалгыг нь тогшоод орсон чинь гэр нь ундуй сундуй, эмх замбараагүй болсон байхаар нь цагдаад О  дуудлага мэдээлэл өгөөд цагдаа иртэл гэрт нь хамт байсан...Орох үед эхнэр нь нүүрээ дараад уйлаад зогсож байсан...гэх мэдүүлэг /1х-ийн 96-97/,

- гэрч С.О-гийн:...”Би тухайн өдөр эгч М-ын гэрт очоод хонох гэж байхад шөнө хажуугийн айлд хүүхдүүд уйлалдаад хүмүүс хоорондоо хэрэлдээд байгаа чимээ сонсогдсон...Тэгээд тагтны хажуугаас эмээ цагдаа дуудаарай, бид нарыг алах гээд байна шүү гээд бага насны эрэгтэй хүүхэд орилсон...би гэрт нь яваад орох үед хүүхдүүдээ гэртээ эгнүүлээд зогсоосон...Эхнэрээ зодсон харагдаж байсан....эхнэрийнх нь үс нь арзайсан, нүүрээ дарсан уйлаад зогсож байсан...гэх мэдүүлэг / 1х-ийн 92-93/,

- гэрч Г.П-нгийн:...2019 оны 09 дүгээр сарын дундуур 22б байрны 02 тоотод очиход эхнэр нь болох эмэгтэй хүүхдүүдийн хамт байсан. Шинэчилсэн бүртгэлд...О , С нар нь 3 хүүхдийн хамт түр оршин суугчдын бүртгэлд бүртгэгдсэн байсан...гэх мэдүүлэг. / 1х-ийн 89/,

- гэрч М.Б-гийн:...Манай хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сараас эхлэн 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байр түрээслэн амьдарч байсан С гэх эмэгтэй 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар ирж уулзаад гэр бүл хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ хийлгэсэн...гэх мэдүүлэг / 1х-85-86/,

- шүүгдэгч Ж.О ын...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажилтай явж байгаад гэртээ ирэхэд эхнэр С байгаагүй...Хоол хийж идчихээд унтаж байтал тас хийх чимээ гарахаар нь хартал эхнэр гадаа цонх ру юм шидээд байсан, хаалга онгойлгож өгөхөд тэрээр хаалгаа удаан онгойлголоо гээд уурлаад байсан...бид 2 маргалдсан, миний гарыг маажаад байхаар нь өөрөөсөө холдуулаад түлхэх үед эрчинд нь толгойн хэсгээр хана мөргөсөн...Тэгээд эхнэр С над руу сандал, будаа агшаагч шидэж оносон...Хүү тагтан дээр гараад цагдаа дуудаарай гэж орилсон, гэтэл хаалга нүдэхээр онгойлгоход хөршийн хүмүүс орж ирээд гарсан. Тэгтэл  Сувд-эрдэнэ намайг зайл гээд орилоод байхаар нь би өөдөөс нь хэрэлдэж байтал дахин хаалга нүдээд хөршийн хүн орж ирсэн ба цагдаа дуудсан байсан.../1х, х-212-213, 2х, х-22/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Шүүхийн өмнөх шатанд шүүгдэгч Ж.О ад холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон, мөн шүүхээс түүнд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж байсан /1х, х-231, 2х, х-5/ байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн тухайн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг тогтоов.         

Иймд шүүгдэгч Ж.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.              

Хохиролд холбогдох нотлох баримт хэрэгт цуглараагүй буюу хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй /х-57-59, 219, 228, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.        

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :          

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.      

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байсан байх боловч тус хэргийн улмаас тусдаа амьдарч байгаа, тодорхой хөрөнгө орлогын эх үүсвэртэй буюу хувьдаа газартай, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ эрхлэх эрхтэй зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримтууд тус хэрэгт /1х,х-35-38, 130-132, 144, 160, 168, 189-194/ авагдсан байна.              

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтаар ялаас чөлөөлөхөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэг нь оногдуулах ялын хувьд хорих ба бусад төрлийн  ялын сонгох санкцитай, тухайн сонгох санкц бүхий хорих ялын хэмжээний хувьд “дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон” шалгууртай байхаас  гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь ялаас чөлөөлөхийг үүрэг болгосон хэм хэмжээ биш байх тул шүүгдэгчийг ялаас чөлөөлүүлэх тухай түүний өмгөөлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй гэж  үзэв.        

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :   

 

1. Шүүгдэгч Ж.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.О ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.О ад оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ж.О ад мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.       

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.    

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР