Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 578

 

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/00578

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс,

1974 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунханы 1 дүгээр гудамж, 25 тоотод оршин суух, Их монгол овогт Содномдоржийн Аюурзана /РД:УО74062110/-д архины албадан эмчилгээ хийлгэх хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Наранжаргал /хэсгийн байцаагч/, гуравдагч этгээд С.Аюурзана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нароролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Т.Наранжаргал шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунханы 1 дүгээр гудамж, 25 тоотод оршин суух, С.Аюурзана нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул согтуулах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт заасныг баримтлан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг түүний төрсөн ээж Р.Цэрэнпил нь цагдаагийн хэлтэст ирүүлсэн.

Өмнө нь удаа дараа захиргааны арга хэмжээ авахуулж байсан бөгөөд Согтуурах, мансуурах донтой өвчний 2 дугаар зэрэгтэйболох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд С.Аюурзана шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би удаа дараа архидан согтуурч ар гэртээ асгам тавьж байсан нь үнэн. Архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй. Дахин архидан согтуурахаа зогсоож амьдралынхаа төлөө зүтгэхээ амлаж байна. Энэ удаад надад цөөхөн хоногийн эмчилгээ өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь тус шүүхэд С.Аюурзаныг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

С.Аюурзана нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунханы 1 дүгээр гудамж, 25 тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Тэрээр 2010 оноос хойшхи хугацаанд удаа дараа эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг ирүүлсэн байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэж заажээ.

Хэрэгт Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, С.Аюурзана, ээж Р.Цэрэнпил нарын өргөдөл, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч болон 22 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт авагдсан байна.

 

С.Аюурзана нь Архинд донтох өвчний 2 дугаар зэрэг өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Их монгол овогт Содномдоржийн Аюурзана /РД:УО74062110/-д архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. С.Аюурзаныг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баянзүрхдүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР