Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 0948

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н,

Улсын яллагч Б.Э,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Э-д холбогдох 2008 02154 1149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа наадамчдын зам гудамж 423 дугаар байрны 54 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М овгийн Э-ын Э РД:................,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Бага нарангийн 45-1-9 тоот хашаанд иргэн Э.А-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, зодон, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хамрын таславч мурийлт, дээд уруул, зүүн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Бага нарангийн 45-1-9 тоот хашаанд иргэн Э.А ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :         

            - хохирогч Э.А-ын өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчим ...би найз М , О  бид гурав Э тай уулзсан.  Тэр үед Э  Эрдэнэбулган гэх хүнтэй хамт явж байсан…Эхлээд Э  бид хоёр 0.5л архи хувааж уусан…Толгойтод найз Насанбатын хашаа 3-р хороо Толгойтын 45-1-9 тоотод хашаанд дахиад нэг шил архийг Э Э бид 3 хувааж уусан...О  пиво уусан...Бүгд нилээн согтсон. Тэгтэл Эрдэнэбулган намайг доромжлоод “чи юри бооёко гэдэг биздээ” гэж хэлэхэд миний дургүй хүрээд Э-тай маргалдсан...Гадаа харанхуй болчихсон байхад  Э  намайг дахиад гараад ир гээд машинаас буулгатал “намайг цохиоч,   чи юри бооёко гэдэг хочтой гэдэг биз дээ” гээд намайг заамдаад нүүр толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон…гэх мэдүүлэг /х-ийн 23/,  

            - гэрч Э.Э ы өгсөн“...тухайн үед би А-той хамт явж байсан хүүхнийг нь тоглоом шоглоомоор хөөрхөн хүүхэн байна гээд хэлчихсэн чинь А  намайг тэр хүүхэнтэйгээ хардаж, маргаан үүсгэсэн. Манай ах Эрдэнэбулган ийм зүйлд уурлаж болохгүй, тоглоом шоглоом гэж хэлэхэд А  нь ах руу “чи юу юм” гэж хэлээд тэр хоёр маргалдаад зодоон болсон. А  эхэлж манай ахыг боосон…би салгасан...гэх мэдүүлэг /х-34/,

            - шинжээчийн дүгнэлт...Э.А ын биед тархи доргилт, хамрын таславч мурийлт, дээд уруул, зүүн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.../х-26-27/,  

- шүүгдэгч Э.Эрдэнэбулганы өгсөн...2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр...толгойтод А ын найз Насанбатын хашаанд ороод машин дотроо 2 шил архийг Э , А  бид гурав хуваагаад уусан. А ын найз охин хамт хажууд сууж байсан ба ганц нэг татаад пиво уусан...дүү Э  А ын найз охиныг хөөрхөн охин байна гэж хэлсэн чинь А  найз охинтойгоо Э ыг хардаад “чи миний найз охиныг өддөг хэн бэ” гэж хэлээд  Э тай маргалдсан. Би тэгэхээр нь А ыг ахын дүү ингэж болохгүй, жоохон асуудалд ингэж уурлаж болохгүй гэж хэлтэл шууд надруу дайраад намайг заамдаад гараараа намайг миний шанаа руу 1 удаа цохиход нь би зөрүүлээд толгой,  нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа цохисон...Э.А од хохирлын төлбөр болох 1.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-59/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.           

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Хохирогч нь гэмт хэргийн улмаас 306.950 төгрөгийн хохирлын нотлох баримт гаргасан байх ба хохиролд нийт 1.000.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн /х-23, 51-52, 59, 62-63/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.        

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

Хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтын эх сурвалжаар /хх-23, 34, 48, 59, 64/ тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгчтэй зүй бус харьцсан асуудлаас буюу тухайн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас тус гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан  нөхцөл байдлууд тогтоогджээ.  

Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хувьдаа автомашинтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж /х-40, 43-49, шүүх хуралдааны тэмдэгдлэл/  хэрэгт авагджээ.           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.         

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :   

     

1. Шүүгдэгч Э.Э-ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.            

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Э-ныг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э-нд оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э-д мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                            Г.ГАНБААТАР