Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 0950

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Нарийн бичгийн дарга Г.Н,   

Улсын яллагч Ж.О,  

Шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Д-гийн Л-т холбогдох 2008 00000 1106 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 124 дүгээр сургуулийн багш ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 16-18 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Ж  овгийн Д-гийн Л  /РД: ..................../,  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Л нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 16-18 тоотод хашаан дотор иргэн Э.М-тэй маргалдаж нүүр нүд рүү нь гараараа цохиж, самардаж биед нь халдаж, эрүүл мэндэд баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :    

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Д.Л нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 16-18 тоотод хашаан дотор иргэн Э.М-тэй маргалдан, түүний биед хүч хэрэглэн халдсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :               

- хохирогч Э.М-ийн ”... Би 2020 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед би Сүхбаатар дүүрэгт байдаг гэртээ унтаж байтал Х  согтуу орж ирээд намайг хүргэж өгөх боломж байна уу гэхээр нь үгүй гээд Х г гэрээсээ гаргаад явуулсан. Тэгээд байж байтал Х  дахиж орж ирээд дахиад хүргээд өгөөч, би явах тэнхэлгүй байна ш дээ гэхээр нь за тэгье гэж хэлсэн...Бид хоёр такси бариад Зүүнсалаа гэх газар руу явж байтал Х  намайг манай найз архи авчираад өгөөч гэнэ, би архи авч өгчихөөд эргээд гаръя гэж хэлээд дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 литрийн архи аваад найз гэх эмэгтэйгийнх рүү очсон ба таксигаа явуулаад тэр танихгүй эмэгтэйгийнд хамт орсон. Тэгээд орсон чинь найз эмэгтэйтэй хамт архиа задалж уугаад надад архи хундгалж өгөхөөр нь би уугаагүй 00 орчихоод гарч ирсэн чинь Х гийн хүзүүг шахаад хананд зогсож байхаар би яаж байгаа юм бэ гэтэл тэр танихгүй эмэгтэй чамд ямар хамаатай юм бэ гээд намайг шууд үсдээд авсан...Л , Х тай маргалдаад барьцалдаад авсан. Тэгээд Х  над руу хандаж намайг 2 хүүхдийн хамт аваад яваач гэхээр нь би Х гийн нэг гараас чирээд нэг хүүхдийг тэврээд хашааны хаалгаар гарах гэтэл тэр танихгүй эмэгтэй миний нүд рүү нэг удаа гараа атгаж байгаад цохисон, миний нүүрийг хоёр гараараа самардсан...”гэх мэдүүлэг /хх-9-10/,     

- гэрч Ц.Х-гийн ”...Би тэр эмэгтэйг дагуулаад Л ын гэрт очоод өөрийн хүүхдүүдээ авах гэтэл Л  надад манай хүүхдүүдийг өгч явуулахгүй, чи ууж идсэн байна бас танихгүй хүн явж байна гэхээр би аваад явчихъя гэтэл надтай хамт ирсэн Мөнхдэлгэр манай хүүхдүүдийг авч явна гэж надад миний хүүхдүүдийг өгөх гээд Л тай хэрэлдсэн. Тэгтэл Л  М-тэй маргаж байгаад М-ийн нүд хэсэг рүү нэг удаа гараараа цохисон ба тухайн үед М-ийн  зүүж байсан харааны шил уначихсан тухайн үед М-ийн  баруун нүдний доод хэсэгт жоохон урагдчихсан шалбарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-16/,   

- гэрч Г.Ч-ын”...Манай эхнэр Х  2 хүүхдийн хамт мөн танихгүй эмэгтэйн хамт ирсэн ба тухайн үед би тэр танихгүй эмэгтэйг харахад нүүрний хацар хэсэгт маажуулсан юм шиг сорви байсан. Манай эхнэр Х  надад хэлэхдээ Л  манай хүүхдүүдийг өгч явуулахгүй гэсэн харин танихгүй эмэгтэй авч явна гээд Л  танихгүй эмэгтэй нар хоорондоо зодолдсон гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-22/,   

- гэрч Э.Э-ийн...Тэр үед ээж нэг эмэгтэйг хүргэж өгөх гээд гэрээс гарч явсан...Тэгээд 2 цаг орчмын дараа ээж хүнд зодуулсан байдалтай баруун нүд нь сэтэлчихсэн юм шиг цус гарчихсан, гараа маажуулчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би таныг хэн ингэсэн гэхэд хүргэж өгсөн эмэгтэйгийн найз нь гээд нэг эмэгтэй намайг зодчихлоо гэж хэлсэн. Нөгөө хүргүүлсэн эгч нь гэртээ хүргүүлэхгүй найзындаа хүргүүлсэн, тэр эмэгтэйгийн хүүхдээс болоод зодуулсан гэсэн. Ээжийн араас үсдээд чамайг яадаг юм бэ гээд баруун нүд рүү цохиод нүдний шил нь унаад газар унасан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-26/,  

- шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 7152 дугаартай  дүгнэлт : Э.М-ийн  биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-ээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Тодруулбал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулсан эсхүл шүүгдэгчээс өөр бусад хүний үйлдлийн улмаас гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй бөгөөд тус  хэрэгт нотолбол зохих бүхий л асуудлыг мөрдөх, байцаах болон нотолгооны бусад хэрэгслээр мөрдөн шалгаж, хянах ажиллагааг хуулийн дагуу зохих ёсоор хийж гүйцэтгэсэн байх тул  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон гэж үзнэ.         

Шүүгдэгч нь холбогдох хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй байдал нь түүнд холбогдох хэргийг нотлогдоогүй, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болохгүй байна.     

Иймд шүүгдэгч Д.Л ыг хохирогч Э.М-ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, хохиролд  хамаарах нотлох баримт хэрэгт цуглараагүй байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй байна.        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын хүүхдийг авч явах гэсэн зүй бус байдал нөлөөлсөн буюу тухайн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасан нөхцөл байдал тогтоогджээ. 

Шүүгдэгч нь ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгө орлоготой зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж /хх-41-42, 43/ хэрэгт авагдсан байна.           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.   

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4  дахь  хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч Д.Л ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Д.Л ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Л т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Л нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.      

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

             6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Л т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР