| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2018/0686/З |
| Дугаар | 653 |
| Огноо | 2018-10-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 653
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Н т” ХХК /**/
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,
Хариуцагч: Үндэсний хөгжлийн газар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх хэсгийн уралдаанд шалгаруулалт явуулах тухай 283 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Үндэсний хөгжлийн газраас зарласан “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийн концессийн уралдаант шалгаруулалтыг хүчингүй болгуулах, уралдаант шалгаруулалтаар “С к” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах, концессыг шууд гэрээ байгуулах аргаар “Н т” ХХК-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээд “С к ” ХХК-ийн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас гаргасан “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төслийн талаарх концессын тендер явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах”
Нэхэмжлэлийн агуулга: “Байгалийн аялал жуулчлалын Н т” ХХК нь Монгол улсад 1993 оноос тасралтгүй агаарын хөлгийн зорчигчдын хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагааг эрхлэн ажиллаж байна. Манай компани Олон улсын аялалын катерингийн холбоо, Дэлхийн тогооч нарын холбооны гишүүн, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ болон /IАТА/-ийн катерингийн чанарын баталгаат хөтөлбөр, хоол үйлдвэрлэлийн аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан Монгол улсдаа тус чиглэлээр мэргэшсэн цорын ганц байгууллага билээ.
Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ерөнхий төлөвлөгөөний дагуу 5-6 байгууллагаас манайх шалгарсан тул Иргэний нисэхийн ерөнхий газраас 2016.07.27-ны өдрийн 01/2514 тоот албан бичгээр катерингийн барилга барих газрын кадастрын зураг, гэрээ хийх зөвшөөрлийг манай компанид олгож, Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р багийн газар нутагт катерингийн үйлчилгээний газрын барилгын газар олгогдож, кадастрын зураг гарсан болно.
Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 07/4130 тоот албан бичгээр катерингийн барилга, байгууламжийн зураг төсөл холбогдох төсвийн тооцооны талаар манай компанид хандаж байсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2016 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн ТГ/195 тоот албан бичгээр Иргэний нисэхийн ерөнхий газарт хандаж “Н т” ХХК-тай цаашид тогтвортой үйл ажиллагааг явуулах талаар дэмжлэг хүссэн байна.
Нэгэнт манай компанид катерингийн зөвшөөрлийг эрх бүхий төрийн байгууллагаас олгосон тул компанийн удирдлагууд катерингийн барилга байгууламжийн талаар олон улсын туршлага судлахаар ХБНГУ, Франц, Япон, Итали, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс оронд зардал гарган очиж танилцан туршлага судлаж, тус улсуудын катерингийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, дээрх улс орнуудын жишгээр өөрийн хөрөнгөөр уг барилга байгууламжийг барихаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Тухайлбал манай компани орчин үеийн өндөр технологитой катерингийн хоол үйлдвэрлэлийн том оврын тусгай цахим системээр тоноглогдох тоног төхөөрөмжийг 200 сая гаруй төгрөгийн зардал гарган худалдан авч хадгалж байна.
Ийнхүү бид бэлтгэлээ хангаж шийдвэр хүлээж байтал Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас 2017.11.28-ны өдөр “Концессын төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын урилга” зарлаж уралдаан шалгаруулалтын нэр нь “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл" нэртэй сонгон шалгаруулалтын зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарласан байна. Үндэсний хөгжлийн газраас дээрх концессыг зарлахдаа мэдээж концесс зарлах тухай захиргааны акт, шийдвэр гарч байж нийтэд зарласан байх тул концесс зарласан шийдвэрийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Манай компанийн зүгээс төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр катерингийн барилга байгууламж барих, үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг холбогдох журмын дагуу авахаар болж бэлтгэл ажиллагаагаа хийж, ихээхэн хэмжээний зардал хөрөнгө гаргасан байтал Үндэсний хөгжлийн газраас шинэ нисэх буудлын катерингийн барилга, байгууламжийн үйл ажиллагаа явуулах эрхийг олгох тухай концессын тендерийг зарласан шийдвэр гаргаж байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Ийнхүү концессын тендерийн урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2018.01.29-ний өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авахаар сонинд зарыг гаргасан байна. Бид тухайн үед Засгийн газрын агентлагийн дээд шатны байгууллага болох Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.
Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах зарчмын нэг бол Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд манай компани төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр катерингийн барилга байгууламж, үйл ажиллагаа явуулах эрхийг хамгийн түрүүнд авч ихээхэн хэмжээний зардал, хөрөнгө гаргасан байтал үүнийг үл тоож дахин концесс, тендерийг Үндэсний хөгжлийн газраас зарлаж байгаа нь Монгол Улсын холбогдох хэд хэдэн хуулийг зөрчсөн, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн үйл ажиллагаа болж байна
Өнөөдрийн байдлаар тендерийг нийтэд зарласан тухай шийдвэр гарсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасны дагуу манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчихөөс гадна мөн цаашид зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон тул эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд гомдлоо гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч талаас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Бид Үндэсний хөгжлийн газрыг хариуцагчаар татаж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас дээрх Засгийн газрын 277 дугаар тогтоолыг шүүхэд ирүүлснээр маргаан бүхий гол захиргааны актыг мэдлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д заасны дагуу “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй” тул мөн хуулийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 сарын 22-ны өдрийн “хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоол гарч уг тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх хэсгийн уралдаант шалгаруулалт явуулах тухай 283 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмж тодруулахдаа: “...уралдаант шалгаруулалтаар “С К” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах, концессыг шууд гэрээ байгуулах аргаар “Н-т” ХХК-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” гэж нэмэгдүүлж байна.
Нэхэмжлэлийн агуулга: “Монгол Улсын Засгийн газрын 2013 онд 317 дугаар тогтоолоор “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг баталсан.
Тус тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолоор “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл” гэж нэмэлт оруулж, уралдаант шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх тогтоолыг батлан гаргахдаа Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах”, 10 дугаар зүйлийн 10.1-д "Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Засгийн газар батална” гэж тус тус заасныг үндэслэсэн байна.
Гэвч энэ шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж, манай компанийн оюуны өмч болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах онцгой эрхэд халдсан шийдвэр боллоо.
Манай компани нь "Нислэгийн зорчигчдын хоол бэлтгэх катеринг үйлчилгээ үзүүлэх” чанарын менежментийн тогтолцоог стандартын шаардлагын дагуу нэвтрүүлж Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газраас гэрчилгээ авсан. Түүнчлэн Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 141 дүгээр тушаалаар онгоцны хоолны сав, хоол бэлтгэх үйлчилгээний барааны тэмдгийн гэрчилгээг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл эзэмших онцгой бүрэн эрхийг манай компани эзэмшиж байна.
Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “концессыг хэрэгжүүлэхэд ззйлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа бол шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгоно” гэж заасны дагуу манай компанитай шууд гэрээ байгуулахгүй, сонгон шалгаруулалт зарлаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газрын шийдвэрүүд нь хууль бус байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолын 283 дахь “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл” хэсгийг, Үндэсний хөгжлийн газраас зарласан ҮХГ2013/317-283 дугаартай “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл” концессын уралдаант шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож, тус сонгон шалгаруулалтаар “С к” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгож, концессийг шууд гэрээ байгуулах аргаар “Н т" ХХК-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолоор “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл”-ийг Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмж, төслийг Концессын тухай хуулийн хүрээнд зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр, концесс эзэмшигчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгохоор зааж, төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг тус газарт даалгасан.
Дээрх тогтоолын дагуу тус газар нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарласан бөгөөд тус шалгаруулалтад “Н т” ХХК нь оролцоогүй бөгөөд уг компани нь дээрх концессын төсөлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, мөн хуулийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан байх тул “Н т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлж, тодруулсан шаардлагад өгсөн хариу тайлбартаа: “...Засгийн газрын 2017 оны 277 дугаар тогтоолоор “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл”-ийг “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмсэн бөгөөд төслийг концессын зураг төсөл боловруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр,концесс эзэмшигчийг уралдаант пгаруулалтын аргаар сонгохоор заасан.
Дээрх тогтоолын дагуу концесс олгох уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”-ын дагуу урьдчилсан болон уралдаант гэсэн 2 үе шаттайгаар шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тутмын сонин болон Үндэсний хөгжлийн газрын цахим хуудсанд зарласан.
Төслийн урьдчилсан шалгаруулалтад нийт 8 хуулийн этгээд төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлснээс “С к” ХХК, “М ү б б н” ХХК, “Л р э б” ХК, “Г Ж ” барилгын ХХК, “Б х г х т б, ү т к т”, “М ө" ХХК, “Номадс катеринг энд интегрэйтэд сервисис” ХХК, “К к” ХХК, “Б ө ХХК түншлэл”, “Г” ХХК гэсэн 5 хуулийн этгээд оролцох саналаа урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд оролцох саналаа ирүүлсэн бөгөөд урьдчилсан шалгаруулалтад 1 /С к ХХК/ хуулийн этгээд тэнцэж, 4 хуулийн этгээд тэнцээгүй.
Дараагийн шатны уралдаант шалгаруулалтад дээрх урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн 1 хуулийн этгээд төслийн саналаа ирүүлсэн бөгөөд уг хуулийн этгээд уралдаант шалгаруулалтад тэнцэж түүнтэй концессын гэрээний хэлэлцээрийг хийж дүнг Засгийн газарт хүргүүлээд байна. Концессын тухай хуулийн 34.1-т “Концесс олгох ажиллагаатай холбогдсон гомдлыг тухайн ажиллагаа явагдсанаас хойш ажлын арван өдрийн дотор эрх бүхий этгээдэд гаргах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасан бөгөөд “ т" ХХК нь хуулийн хугацаанд Үндэсний хөгжлийн газарт ямар нэгэн гомдол гаргаагүй болно.
Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлд шууд гэрээ байгуулах үндэслэлүүдийг заасан бөгөөд хуулийн 17.1.2-т “концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа” бол шууд гэрээ байгуулахаар заасан бөгөөд “Н т” ХХК-ийн авсан гэж байгаа оюуны өмчийн гэрчилгээг концессийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны өмч гэдгийг ямар нэгэн байгууллагаас тогтоогоогүй болно. Иймд төслийн уралдаант шалгаруулалтад “Н т” ХХК нь оролцоогүй тул тус компанийн гаргасан нэхэмжлэлд заасан шаардлагууд нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна” гэжээ.
Хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Шинэ нисэх онгоцны буудалд катерингийн барилга барих төслийг тендерээр хийлгэх, концессоор хийлгэх эсэхээ шийдвэрлээгүй байх үед сонирхогч компаниуд хүсэлтээ гаргаж байсан байдаг. Иргэний нисэхийн ерөнхий газраас 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/2514 тоот албан бичгийг зөвхөн “Н т” ХХК-д явуулаагүй, мөн сонирхогч этгээд болох “МИАТ” ХК, “С к” ХХК-д хүргүүлсэн, өмнө нь “Н т” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 22-нд гаргасан хүсэлтэд Иргэний нисэхийн ерөнхий газраас 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 06/1311 тоотоор “одоогоор катерингийн барилга барих, үйл ажиллагаа явуулах байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна.” гэж хариу өгсөн. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтаар шалгаруулна гэдгээ илэрхийлсэн. Түүнээс гадна энэ концессын төсөл нь зөвхөн барилга барих, ашиглах, шилжүүлэх ажил болохоос катерингийн үйлчилгээ үзүүлэх биш. “Н т” ХХК нь катерингийн үйл ажиллагаа явуулдаг, хоол нийлүүлнэ гээд л маргаад байх юм. Зорчигчийн хоол нийлүүлэх үйл ажиллагаа явуулах хүсэлтэй бол тэр баригдсан барилгыг нь түрээслээд авиакомпаниудын зарласан тендерт ороод катерингийн үйлчилгээ үзүүлэх нь нээлттэй. Барилгын үйл ажиллагаа явуулдаггүй байж хоолны барааны тэмдэг, зохиогчийн эрх яриад барилгын концессыг шууд гэрээ хийж авна гээд байгааг ойлгохгүй байна. Манай гэрээ байгуулах дүгнэлт дээр хоол нийлүүлэх үйлчилгээний талаар юу ч дурдаагүй, барилга барих, ашиглах, шилжүүлэх талаар гэрээнд тусгана. Харин баригдсан 2 барилгын 1-ийг концесс эзэмшигч түрээслэн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани оруулахаар заасан. Гэхдээ авиакомпаниудын катерингийн үйлчилгээг хэн хийхийг авиакомпаниуд өөрсдөө тендер зарлаж шийддэг. Тэр тендерт нь ороод хоол нийлүүлэх эрх нээлттэй байгаа.” гэв.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" 277 дугаар тогтоолоор “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл”-ийг “Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмж, төслийг Концессын тухай хуулийн хүрээнд зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр, концесс эзэмшигчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгохоор зааж, төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгасан.
Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд концессыг төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт /цаашид “уралдаант шалгаруулалт” гэх/-ын аргаар олгоно”, хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Концессын зүйлийн жагсаалтад дараахь зүйлийг тусгана:” хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан уралдаант шалгаруулалт явуулах, эсхүл шууд гэрээ байгуулах эсэх” гэж заасан.
Дээрх хуулийн заалтын дагуу Засгийн газар нь шийдвэрээ гаргасан тул “Н-Т” ХХК-ийн гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн уралдаант шалгаруулалт явуулах тухай 283 дахь хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд “Н т” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, хуулийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шиидвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан байх тул “Н т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэжээ.
Гуравдагч этгээд хариу тайлбартаа: “...Манай С к ХХК нь 2009 онд байгуулагдсанаас хойш Т Э, А-ж а, А а зэрэг байгууллагуудад гэрээгээр мөн дотоод гадаадын агаарын тээврийн компаниудын чартерийн нислэгт агаарын хөлгийн хоол хүнсний хангалтыг хийж үйлчилдэг, ИНЕГ-ын Нислэг аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газраар баталгаажуулсан Катерингийн аюулгүй байдлын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн компани бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 277 дугаар тогтоолын 283 дахь хэсэгт заасан "Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж үйлчилгээ үзүүлэх төсөл"-ийн уралдаант шалгаруулалт явуулж концесс эзэмшигчийг тодруулна гэсний дагуу өдөр тутмын "Үндэсний шуудан" сонины 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаарт аж ахуйн нэгжүүдэд нээлттэй зарлагдсан "Концессын төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын урилга"-ыг үндэслэн бид Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албанаас заасан дансанд 500,000 /таван зуун мянга/ төгрөг төлж уралдаант шалгаруулалтын материал худалдаж авсан.
Уралдаант шалгаруулалтын шаардлагын дагуу уралдаант шалгаруулалтын материалыг бүрдүүлж 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11.00 цагаас өмнө заасан хугацаанд бусад оролцогч 7 компанийн хамт нийт 8 компани материалаа өгсөн. Үүний дараа Үндэсний хөгжлийн газраас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай компанийг 71.12 оноогоор уралдаант шалгаруулалтанд тэнцсэн болохыг мэдэгдэж дараагийн сонгон шалгаруулалтанд оролцох эрх олгосон. Үүний дагуу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бид дараагийн сонгон шалгаруулалтын материалыг заасан дансанд 500,000 /таван зуун мянга/ төгрөг тушааж худалдан авсан бөгөөд сонгон шалгаруулалтын материалын дагуу бичиг баримтыг боловсруулан бүрдүүлж 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 11.00 цагаас өмнө Үндэсний хөгжлийн газарт өгсөн. Үүний дараа 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Үндэсний хөгжлийн газраас 63 оноо авч тэнцсэн болохыг бидэнд мэдэгдсэн.
Ингээд бид уралдаант шалгаруулалтанд бүх хууль журмын дагуу шударгаар оролцож шалгарсны дараа Үндэсний хөгжлийн газартай хийх концессын гэрээний хэлэлцээрт орж Хөшгийн хөндийд байрлах нисэх онгоцны буудлын Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулан тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсны дараа Монгол Улсад үнэ төлбөргүй шилжүүлж өгөхөөр гэрээний ерөнхий нөхцлийг тохиролцсон бөгөөд одоо Монгол Улсын Засгийн газарт танилцуулагдах шатандаа явж байна.
“Н т” ХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж тодруулах тухай бичигт дурдсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “Манай компани нь “Нислэгийн зорчигчдын хоол бэлтгэх катеринг үйлчилгээ үзүүлэх” чанарын менежментийн тогтолцоог стандартын шаардлагын дагуу нэвтрүүлж Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газраас авсан” гэж дурдсан байна. Энэ гэрчилгээ нь нэгдүгээрт: Монгол Улсын Засгийн тохируулагч агентлаг Үндэсний хөгжпийн газраас зарласан "Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилга барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл" уралдаант шалгаруулалтанд бүрдүүлэх материалын шаардлагад байхгүй гэрчилгээ, хоёрдугаарт: тухайн гэрчилгээг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон байгаа нь тухайн уралдаант шалгаруулалт зарлагдсан, шалгаруулсан хугацаанаас хойш олгогдсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж заасны дагуу нотлох баримт гэж үзэхгүй байна.
“Н т” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 141 дүгээр тушаалаар онгоцны хоолны сав, хоол бэлтгэх үйлчилгээний барааны тэмдгийн гэрчилгээг 2025 оны 01 дүгээр сарын 23-ныг хүртэл ззэмших онцгой бүрэн эрхийг манай компани эзэмшиж байна” гэж дурдсан нь бодит байдал дээрээ Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 141 дүгээр тушаалаар олгогдсон тухайн компанийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашиглах “Ecological travel, n t, Mongolia, Co.,ltd” хэмээх “Н т” ХХК-ийн нэр бүхий дардас буюу лого тэмдгийн гэрчилгээ байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6-д заасны дагуу нотлох баримт гэж үзэхгүй бөгөөд харин ч огт хамааралгүй компанийн дардсын барааны тэмдгийн гэрчилгээг онгоцны хоолны сав, хоол бэлтгэх үйлчилгээний барааны тэмдгийн гэрчилгээ мэтээр тайлбарласан нь хуурамч нотлох баримт бүрдүүлэх гэсэн Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.
“Н т” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Концессийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т концессийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа бол шууд гэрээ байгуулах аргаар концессийг олгоно” гэж заасны дагуу манай компанитай шууд гэрээ байгуулахгүй сонгон шалгаруупалт зарлаж байгаа Монгол улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газрын шийдвэрүүд хууль бус байна” гэсэн үндэслэлдээ хавсаргасан 9860 дугаартай Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ нь тухайн “Н т” ХХК-д огт хамааралгүй, иргэн Н овогтой Х-д Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 сарын 30-ны өдрийн А/09 тоот тушаалаар буюу уралдаант шалгаруулалт зарлагдсан, шалгаруулсан хугацаанаас хойш хугацаанд олгогдсон тухайн хувь хүний зохиосон “Онгоцны хоолны меню”-г бүртгэсэн гэрчилгээ байгаа нь мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6-д заасны дагуу нотлох баримт биш гэж үзэж байна.
Манай “С к” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас зарласан "Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилга барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл" ҮХГ2013/317-283 тоот уралдаант шалгаруулалтанд хуулийн хугацаанд хуулийн дагуу бусад компаниудын хамт шударгаар оролцож шалгарсан нь “Н т” ХХК-д огт хамааралгүй бөгөөд энэ уралдаант шалгаруулалтанд тус компани оролцох эрх нь нээлттэй байсан боловч оролцоогүй, улмаар Буянт Ухаа дахь нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг “Н т” ХХК-ийн эрх ашигт Төв аймгийн Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд баригдах шинэ нисэх буудлын Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж үйлчилгээ үзүүлэх төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт зарласан нь шууд нөлөөлж байгаа мэтээр үзэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14,1, 14.2, 14.3, 14.4-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа болон Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэснийг тус тус зөрчин нэхэмжлэл гаргасан байх тул бизнесийн үйл ажиллагаандаа шударга өрсөлдөөний зарчмаар өрсөлдөх зарчим баримтлахгүй хууль зөрчсөн нэхэмжлэл гаргасан байна гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, мөн хуулийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн 54.8-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасны дагуу мөн "Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл" ҮХГ2013/317-283 тоот уралдаант шалгаруулалтанд оролцоогүй хэрнээ шууд гэрээ байгуулахыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж буй “Н т” ХХК-ийн нэхэмжлэл нь шударга бус хууль зөрчсөн Монгол Улсын Өрсөлдөөний тухай, Концессийн тухай хуулийн тодорхой олон зүйл заалтыг зөрчиж байна гэж бид гэж үзэж “Н т” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
“Н т” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 14.2, 14.3, 14.4-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчсөн, өөрсдөө уралдаант шалгаруулалтанд оролцоогүй байж нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болон нотлох баримт бүрдүүлэхдээ Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийг зөрчсөн үйлдэл, мөн шууд гэрээ байгуулах аргаар “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж үйлчилгээ үзүүлэх төсөл”-ийг өөрсдийн компанид олгохыг шаардаж байгаа үйлдэл нь Концессийн тухай хуулийн 17 дугаар зүйл зэрэг хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн үйлдлүүд нь хариуцлага хүлээлгэх хэмжээнд хүрсэн байгааг дурдахад илүүдэхгүй.
Иргэний нисэхийн ерөнхий газраас 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн албан тоотоор агаарын хөлгийн катеринг үйлчилгээний газар ганцхан “Н т” ХХК-д олгосон мэтээр ойлгуулж байгаа нь өрөөсгөл бөгөөд манай байгууллагад мөн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 01/2520 тоот албан бичгийг кадастрын зургийн хамт олгосон. “Н т” ХХК нь энэхүү үйлдлээрээ шударга өрсөлдөх бизнесийн хэм хэмжээг ноцтой зөрчиж байна гэж бид үзэж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н т” ХХК нь “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын уралдаанд шалгаруулалт явуулах тухай 283 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Үндэсний хөгжлийн газраас зарласан “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийн концессийн уралдаант шалгаруулалтыг хүчингүй болгуулах, уралдаант шалгаруулалтаар “С к” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах, концессыг шууд гэрээ байгуулах аргаар “Н т” ХХК-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон ба энэ хүрээнд хэргийг хэлэлцсэн болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “ ... тус компани нь нислэгийн зорчигчдын хоол бэлтгэх катерингийн чиглэлээр улсдаа мэргэшсэн цорын ганц байгууллага, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудлын катерингийн барилга барих, үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг Иргэний нисэхийн ерөнхий газраас 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/2514 тоот албан бичгээр тус компанид олгож, газрын кадастрын зураг гарсан, онгоцны хоолны сав, хоол бэлтгэх үйлчилгээний барааны тэмдгийн гэрчилгээтэй тул Концессын тухай хуулийн 17.1.2-т зааснаар шууд гэрээ байгуулах байтал уралдаант шалгаруулалт зарласан нь хууль бус” гэсэн үндэслэлээр гаргаж, хариуцагч, гуравдагч этгээд нар “нэхэмжлэгчийг уралдаант шалгаруулалтын оролцогч биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой, шууд гэрээ байгуулах үндэслэл байхгүй, энэ концесс нь катерингийн барилга барих төсөл, катерингийн үйл ажиллагааг уг барилгад түрээсээр эрхлэхийг хязгаарлахгүй” гэж маргажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд талуудын маргаж буй үндэслэл тус бүрээр дүгнэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий эсэх талаар:
1. Шүүх “Н т” ХХК-ийг Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар шууд гэрээ байгуулаагүй уралдаант шалгаруулалт зарласан нь үндэслэлтэй эсэхийг хянуулахаар нэхэмжлэл гаргах, маргах эрхтэй этгээд гэж үзлээ.
Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа бол шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх байвал шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болох ба энэ үндэслэл байгаа эсэх талаар, уралдаанд шалгаруулалт зарласан нь тус компанийн оюуны өмч, түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах онцгой эрхэд халдсан эсэх талаар нэхэмжлэгч маргах эрхтэй байна.
Учир нь хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, маргах эрхийг хуульд зааснаас бусад үндэслэлээр хязгаарлах боломжгүй. Харин тухайн гомдол, нэхэмжлэл нь хангагдах үндэслэлтэй эсэх нь тусдаа ойлголт юм.
2. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. Учир нь өдөр тутмын сонины 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаараас Үндэсний хөгжпийн газраас "Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилга барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл" концессын уралдаант шалгаруулалтанд зарласан болохыг мэдсэнээс хойш Концессын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан 10 хоногийн дотор буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эрх бүхий этгээд гэж үзсэн Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргаж, гомдлыг хуульд заасан хугацаанд буюу Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар 30 хоногийн дотор /2017 оны 12 дугаар сарын 29/ шийдвэрлэж хариу өгөөгүй гэдэг үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар шийдвэрлэж хариу өгөх хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор буюу 2018 оны 1 дүгээр сарын 9-нд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж захиргааны хэрэг үүсгэсэн байх тул “Н т” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй байна.
Иймд хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбартаа үндэслэсэн “нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар:
Хэдийгээр нэхэмжлэгч нь “Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар шууд гэрээ байгуулаагүй уралдаант шалгаруулалт зарласан нь үндэслэлтэй эсэх”-ийг хянуулахаар нэхэмжлэл гаргах, маргах эрхтэй ч энэ заалтаар шууд гэрээ байгуулах үндэслэл болгосон “онгоцны хоолны цэс”-ийн зохиогчийн эрхийн 9860 дугаартай гэрчилгээ, “Н т” ХХК-ийн барааны тэмдгийн 14521 дугаартай гэрчилгээ нь “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төсөлд зайлшгүй шаардлагатай оюуны өмчийн эрх биш байна.
Учир нь Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 141 дүгээр тушаалаар олгосон барааны тэмдгийн 14521 дугаартай гэрчилгээгээр баталгаажсан “Н т” ХХК-ийн барааны тэмдэг нь гэрчилгээний хавсралтад заасан тус компанийн гаргаж байгаа бараа, үйлчилгээнд хэрэглэгдэх онцгой эрх олгох ба бусад этгээд уг барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглахаас хамгаалагдахаас бус, хавсралтад заасан бараа үйлчилгээг бусад этгээд аль ч салбарт эрхлэхийг, тэр дундаа катерингийн үйлчилгээ үзүүлэхдээ онгоцны хоолны сав, иж бүрдэл хэрэглэх, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэхийг хязгаарлахгүй юм.
Мөн Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар бүртгэгдсэн “онгоцны хоолны цэс” зохиогчийн эрхийн 9860 дугаартай гэрчилгээ нь хоолны цэсийг оюуны бүтээлд тооцсон ба тухайн хоолны цэсээр зохиогчийн болон өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд үйлчилгээ үзүүлэхээс хамгаалахаас бус бусад этгээд онгоцны хоолны цэс гаргахыг, энэ чиглэлээр катерингийн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлахгүй.
Иймд Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 141 дүгээр тушаалаар олгосон барааны тэмдгийн 14521 дугаартай гэрчилгээгээр баталгаажсан “Н т” ХХК-ийн барааны тэмдэг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар бүртгэгдсэн “онгоцны хоолны цэс” зохиогчийн эрхийн 9860 дугаартай гэрчилгээ нь Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх биш байх тул шууд гэрээ байгуулах аргаар концессыг явуулах үндэслэл болохгүй.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй “катерингийн барилгыг барих, үйлчилгээг үзүүлэх зөвшөөрлөл, газрыг эрх бүхий байгууллагаас олгосон” гэх Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/2514 тоот албан бичгийг мөн өдөр адил агуулгатайгаар 01/2520 тоотоор “С к” ХХК-д , 01/2518 тоотоор “МИАТ” ХК-д тус тус кадастрын зургийн хамт хүргүүлсэн, үүнээс өмнө буюу 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус газраас 06/1311 тоотоор “Н т” ХХК-д катерингийн барилга барих, үйл ажиллагаа явуулах тухай 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлтийнх нь хариу болгон “одоогоор катерингийн барилга барих, үйл ажиллагаа явуулах байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна. холбогдох мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд нээлттэй зарлах тул тухайн үед мэдээллийг авч хамтран ажиллахыг хүсье” хэмээн мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгүүд нь хэн нэгэн этгээдэд тэр дундаа “Н т” ХХК-д эрх бүхий этгээдээс ямарваа эрх олгосон шийдвэр биш байна.
Концессын зүйлийн жагсаалтыг батлан, жагсаалтыг нийтэд мэдээлэн, уралдаант шалгаруулалтыг зарлан зохион байгуулсан нь Монгол Улсын Засгийн газар, концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.6, 6.2.11-д заасан бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “энэ уралдаант шалгаруулалт нь зөвхөн барилга барих, түрээслэх байдлаар үйл ажиллагаа явуулах концесс, харин авиакопаниудаас зарласан тендерт оролцож, барилгыг түрээслэн катерингийн үйлчилгээ үзүүлэхийг хязгаарлаагүй” хэмээн тайлбарлах бөгөөд Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01/665 дугаартай гэрээ байгуулах тухай дүгнэлтээс үзэхэд “концессыг барилгын зураг төсөл боловсруулах - барих – ашиглах – шилжүүлэх төрлөөр зарласан, төслөөр 2 барилга ашиглалтад орохоор, 2 дугаар барилгыг катерингийн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдэд түрээслүүлэхээр” тусгасан, түүнчлэн нисэх буудалд үйл ажиллагаа явуулах авиакомпаниудын катерингийн үйлчилгээ үзүүлэх этгээдээ сонгох асуудал хариуцагч нарт хамааралгүйг дурьдах нь зүйтэй.
Ийнхүү шууд гэрээ байгуулах аргаар “Н т” ХХК-д “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийн концессийг олгох үндэслэл тогтоогдохгүй, эрх бүхий этгээдээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын зорчигчийн хоол бэлтгэх катерингийн барилгыг барих, үйлчилгээг үзүүлэх гэрээг “Н т” ХХК-тай хийгээгүй, Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5, Газрын тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байх тул энэ ажлыг концессын зүйлийн жагсаалтад оруулж баталсан Засгийн газрын шийдвэр болон уг шийдвэрийг хэрэгжүүлж Үндэсний хөгжлийн газраас зарласан “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийн концессийн уралдаант шалгаруулалтыг хүчингүй болгуулах, концессыг шууд гэрээ байгуулах аргаар “Н т” ХХК-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах үндэслэлгүй байна.
Энэхүү уралдаант шалгаруулалтад нэхэмжлэгч оролцоогүйн дээр оролцож шалгарсан “С к” ХХК-ийн чадавхийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй тул “С к” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний талаар, тус компанийн чадавхийн талаар шүүх дүгнэх шаардлагагүй, “С к” ХХК-ийг шалгаруулсан нь тухайлаад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ үндэслэлээр “С к” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.6, 6.2.11 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын уралдаанд шалгаруулалт явуулах тухай 283 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Үндэсний хөгжлийн газраас зарласан “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийн концессийн уралдаант шалгаруулалтыг хүчингүй болгуулах, уралдаант шалгаруулалтаар “С к” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах, концессыг шууд гэрээ байгуулах аргаар “Н т” ХХК-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэгч “Н т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА