Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0168

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваадорж

Нэхэмжлэгч “Г” ХХК

Хариуцагч Өндөрширээт сумын Засаг дарга, Өндөрширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т

Хариуцагч Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга А.Д, Өндөрширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 123/2021/0018/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Өндөрширээт сумын Засаг дарга, Өндөрширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “... Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-д зааснаар байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасныг тогтоолгож, хуульд заасны дагуу шийдвэрийг гаргахыг даалгах, ... Төв аймгийн Өндөрширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаар тогтоолын “Г” ХХК-ийн газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 401 дүгээр зүйлийн 401.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлаа шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасны дагуу 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхийг даалгах, Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын “Г” ХХК-ийн газартай давхцсан Аршанд, Бандиншивээт, Талын улааны хиргэсүүр, Өгөөмөр уулын хажуу Тахилын онгон байрших газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд зааснаар шийдвэрлэж өгөхийг даалгах” шаардлага гаргасан.

3.1.1. Захиргааны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхийг даалгах ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байдаг. Захиргааны шүүхэд өгсөн бидний нэхэмжлэлийн шаардлага, түүнийг тодруулж хэд хэдэн удаа тайлбар тодруулга өгсөн бөгөөд тухай бүрт нь “...хуульд зааснаар шийдвэрлэж өгөхийг даалгах...” гэж нэхэмжлэлийн нэг шаардлагаа тодорхойлсон бөгөөд үүний дагуу захиргааны шүүх 2021 оны 03 дугаар сарын 97 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар “... эс үйлдэхүй гаргасныг тогтоолгож, хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр ... захиргааны хэрэг үүсгэсүгэй” гэсэн байдаг.

3.1.2. Нэхэмжлэгч талаас үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлсэн бөгөөд даалгах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар нэг өөрчилсөн зүйлгүй. Гэтэл захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж “...баталж өгөхийг даалгах” нэхэмжлэл гэж санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж эс үйлдэхүй байгаа боловч батлаагүй нь хуульд нийцсэн байна гэсэн дүгнэлт хйиж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Засаг даргын хувьд хуульд зааснаас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзаагүй шийдвэр гаргахгүйгээр Засаг даргын зөвлөл гэх байгууллагаар хэлэлцүүлж, шийдвэр гаргахгүй хойшлуулж шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн эс үйлдэхүй юм. Учир нь Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1, 38.2, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 2.1-д “Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ.”, журмын 3.5-д “Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын төслөөс бусад ашигт малтмалын хайгуулын төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн төслийг хэрэгжүүлж буй сум, дүүргийн байгаль орчны улсын байцаагчаар хянуулан, Засаг даргаар батлуулж, аймаг, нийслэлийн байгаль орчны газарт нэг хувийг хүргүүлнэ.” гэж зааснаас харвал байгаль орчин хамгаалах төлөвлөгөөг байгаль орчны байцаагч хянаж, сумын Засаг дарга буюу Төв аймгийн Өндөр ширээт сумын Засаг дарга батлах эсэхийг шийдвэрлэхээр заажээ.

3.2. Нэхэмжлэгчээс Төв аймгийн Өндөр ширээт сумын нутагт Их хайрхан нэртэй газарт ХҮ-019580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Гэтэл сумын Засаг дарга нь дээрх хууль журам заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь хуульд зааснаар батлах эсэх тухай шийдвэр гаргаж батлаагүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг шаардлагыг хангасан шийдвэр гаргаж хариу өгөх ёстой байсан. Гэтэл хуульд заасан шаардлага хангахгүй Засаг захиргааны нэгжид байхгүй байгууллагаар хэлэлцүүлж, төлөвлөгөөг батлахыг хойшлуулсан гэсэн нь хуульд нийцээгүй тайлбар өгч байгаа нь хууль зөрчсөн эс үйлдэхүй юм. Батлах эсэх нь захиргааны байгууллага буюу Засаг даргын бүрэн эрх бөгөөд хариуцагч Засаг дарга өөрөө шийдвэр гаргаагүй. Засаг даргаас батлахаас татгалзсан тодорхой шийдвэр гаргасны дараа “...үндэслэлгүй татгалзалтай холбоотой батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага” гаргах эсэх асуудал яригдана.

4. Төв аймгийн Өндөр ширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар тогтоолын “Г” ХХК-ийн газартай давхцах хэсгээр буюу Аршанд, Бандиншивээт, Талын улааны хиргэсүүр, Өгөөмөр уулын хажуу Тахилын онгон байрших газарт хамаарах хэсгээр хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан хууль зүйн үндэслэлд тодорхой дүгнэлт хийгээгүй, “...түүх соёлын өв байршиж буй газартай холбогдох асуудлыг төлөвлөгөөндөө тусгалгүйгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж батлуулахаар хариуцагчид хүргүүлсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 401.2-т заасныг зөрчсөн” гэж дүгнэж хэрэгсэхгүй болгожээ. “401.2”-т “Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно,” гэж заасан нэхэмжлэгчийн хувьд соёлын өвөөр бүртгэсэн шийдвэр, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тухай шийдвэрийг шүүхэд хандасны дараа мэдсэн бөгөөд энэ үед байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлагдаагүй тусгай зөвшөөрөл сунгагдаагүй учраас хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой тодорхой ажиллагаа хийх боломжгүй байдалтай байсан тул хуульд заасан судалгааг хийлгэж зөвшөөрөл авах боломжгүй байсан. Аль хэсгээр соёлын өв байрших газар, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар ямар байдлаар манай газартай давхцалтай талаар Ашигт малтмалын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэлд мэдээлэл байхгүй, тусгай зөвшөөрлийн сунгалт хийгдээгүй тул палеонтологи , археологийн судалгааг хийлгэх хуулийн хувьд боломжгүй юм.

4.1. Бид нэхэмжлэлдээ бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг Газрын тухай хуулийн 16.2-т зааснаар орон нутгийн тусгай хамгаалалтад газрыг авах эрхтэй боловч Газрын тухай хуулийн 20.1.4-д “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу хуулиар тусгай хамгаалалтад авахаас өмнө өөр этгээдэд хуулийн дагуу эзэмших эрх олгосон бол түүний эрх ашгийг хөндөх учир урьдчилан мэдэгдэж нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэх ёстой байсан талаар дурьдсан. Мөн тусгай хэрэгцээнд авсан талаараа бидэнд огт мэдэгдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бид мэдсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуульд зааснаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст мэдэгдэж энэ талаар мэдээлэл зураг зүйн бүртгэлд ордог. Гэтэл орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаараа ашигт малтмалын газарт мэдэгдэж мэдээллийн санд бүртгүүлээгүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, Газрын тухай хуульд зааснаар нөхөх олговорын асуудлыг шийдвэрлээгүй. Захиргааны байгууллагад эрх хэмжээг нь өгсөн гэж дүгнэж байгаа боловч орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа хуульд заасан процесс ажиллагааг захиргааны байгууллага хэрэгжүүлсэн эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлээгүй. Захиргааны байгууллагын хувьд хуульд зааснаар иргэдийн эрхийг хөндөх эрхийг олгодог боловч ингэхдээ нарийвчилсан хууль журамд зааснаар процесс ажиллагааг шат дарааллан хэрэгжүүлсэний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байдаг.

4.2. Гэтэл анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Соёлын өв байршиж байгаа газарт хайгуулын ажил хийх нь хуулиараа хориотой бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд мөн л хууль заасан шатлалтай хариуцлага ногдуулна. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар тогтоолын хавсралтад “МУЗГ-ын 2020 оны 13-р тогтоол” гэж дурьдсан байх бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчаас тодруулж асуухад 2020 онд санхүүжилт шийдэгдсэн тул дээрх шийдвэрийг тэр үед гаргасан талаараа хариулсан байдаг. Энэ нь захиргааны акт нь 2017 оноор огноологдсон боловч 2020 онд гарсан байна гэж дүгнэх боломжтой бөгөөд захиргааны акт хуульд заасан шаардлага хангасан гэж үзэх боломжгүй.

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын бичиглэлийг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

2. “...Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасан байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасныг тогтоолгож, хуульд заасны дагуу шийдвэр гаргахыг даалгах...” шаардлагын тухайд: /2-р хавтас хэргийн 25/

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 324 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-д Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг, Их хайрхан нэртэй газарт 21056,36 гектар талбайд ХҮ-019580 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр “Г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 497 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, улмаар ХҮ-019580 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг сэргээж, үүнээс хойш 2019, 2020 онуудад хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар Өндөрширээт сумын Засаг даргад хүргүүлж, батлуулж байсан нь тогтоогдохгүй байна.

2.3. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04/21 дугаар албан бичгээр хариуцагч Өндөрширээт сумын Засаг даргад хандан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах” тухай хүсэлт гаргаж, тухайн тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хүргүүлснийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй байх боловч, хариуцагчаас хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэж түүнийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хугацааг тусгайлан заасан, “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө” ирүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байхад хариуцагч Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхтэй гэж үзэх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

2.4. Тодруулбал, нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсанаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх” тухай заалтыг зөрчсөн гэх боловч, хуулийн 38 дугаар зүйлд заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө нь тусгай зөвшөөрөл дуусгавар болсонтой холбоотой байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө байхаар ойлгогдож байна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор боловсруулсан төлөвлөгөө, түүнд орсон өөрчлөлтийг холбогдох Засаг дарга нь хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан батлах тухай зохицуулалт тул 2016, 2017, 2019, 2020, 2021 онуудад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө хуулийн хугацаанд Өндөрширээт сумын Засаг даргаар батлуулаагүй, түүнтэй холбоотойгоор хүсэлт гаргаж байгаагүй тул нэхэмжлэгчийг “Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг”-ээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хууль, журамд зааснаар тухайн төлөвлөгөөг батлах эсэх нь захиргааны байгууллага буюу Засаг даргын бүрэн эрх бөгөөд шийдвэр гаргаагүй, батлахаас татгалзсан нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, тухайн шаардлагыг хангах боломжгүй.

3. “...Төв аймгийн Өндөрширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын “Г” ХХК-ийн газартай давхцсан Аршанд, Бандиншивээт, талын улааны хиргэсүүр, Өгөөмөр уулын хажуу Тахилын онгон байрших газарт холбогдох хэсгийг хүчингүй” болгуулах шаардлагын тухайд:

3.1. Төв аймгийн Өндөрширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор түүх соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг сумын тусгай хамгаалалтад авчээ.

3.2. Нэхэмжлэгчийн хувьд түүний эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг сумын тусгай хамгаалалтад авснаар нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх”-ийг тодорхойлж, газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрхтэй бөгөөд маргаан бүхий “05” дугаар тогтоолд дурьдсанаар түүх соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг хамгаалалтад авах нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх юм.

3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 402, 46 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ”, 401.2-д “Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно”, 402 дугаар зүйлийн 402.1.2.ашигт малтмал эрэх, хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хуульд заасны дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба тухайн өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ. Гэтэл хэрэгт авагдсан Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 07/333 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Өндөрширээт сумын 2 дугаар баг, Их хайрхан нэртэй газар байршилтай ХҮ-019580 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд 5 түүх, соёлын үл хөдлөх дурсгал давхцалтай байна” 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 07/891 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “...Аршандын арын 40-өөр булш ... тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай” гэж дүгнэснээр дээрх хуулийн урьдач нөхцөл тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхээс дээрх шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн “палентологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авалгүйгээр, түүх соёлын өв байршиж буй газартай холбогдох асуудлыг төлөвлөгөөндөө тусгалгүйгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулж, түүнийгээ батлуулахаар хариуцагчид хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн” гэж дүгнэн маргаан бүхий “05” дугаар тогтоолын “Г” ХХК-ийн газартай давхцсан Аршанд, Бандиншивээт, талын улааны хиргэсүүр, Өгөөмөр уулын хажуу Тахилын онгон байрших газарт холбогдох хэсгийг хүчингүй” болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон зөв байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... аль хэсгээр соёлын өв байрших газар, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар ямар байдлаар манай газартай давхцалтай талаар ... зураг зүйн бүртгэлд мэдээлэл байхгүй...” гэх гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

3.4. Түүнчлэн захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Газрын тухай хуулийн 20.1.4-д заасны дагуу хуулиар тусгай хамгаалалтад авахаас өмнө өөр этгээдэд хуулийн дагуу эзэмших эрх олгосон бол түүний эрх ашгийг хөндөх учир урьдчилан мэдэгдэж нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэх ёстой” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэгчээс байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлуулах зорилго нь тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохтой холбоотой бус харин үйл ажиллагаагаа үргэлжүүлэхэд чиглэгдэж байна. Нөхөн олговрын зохицуулалт нь “байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлахыг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна.

4. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, зохих бичиглэлд өөрчлөлт оруулав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхийг даалгах” гэснийг “...байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” гэж бичиглэлийн өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН