Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01522

 

С.Пийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

         2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00681 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1274 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: С.П

         Хариуцагч: Х.Жт холбогдох

         16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн төлөөлөгч Л.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Л., хариуцагчийн өмгөөлөгч Д.О, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2016-11-21-ний өдөр Х.Жтэй тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, мөн зээлийн гэрээг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээгээр 74-92 УНП улсын дугаартай, /HYUNDAI Aerospacs маркийн, Арал-KMJRL18TP6C004430, мөнгөлөг өнгийн 45 хүний суудалтай автобусыг 35 сая төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон. Худалдан авагч тээврийн хэрэгслийн үнийг хэсэгчлэн төлөх, худалдагч тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, түүнтэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээнд заасны дагуу худалдан авагч буюу хариуцагч 20 сая төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 15сая төгрөгийг зээлийн гэрээний 1 дэх хэсэгт заасны дагуу хэсэгчлэн төлөх үүрэгтэй байсан ч  4 сая төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, алдангид нийт 18,892,500 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу эхний 5 сая төгрөгийн төлөлт хийгээгүй, үүнээс хойш 2 сая  төгрөгийн төлөлт хийсэн. Хүү огт төлөөгүй. Уг мөнгийг нь бид үлдэгдэл 15 сая төгрөгөөс хасч 10 сая  төгрөгөөс зээлийн гэрээний дагуу хүү, алдангийг тооцсон.  Иймд үндсэн төлбөр 10 сая төгрөг, 5 сарын хүү 1,5сая төгрөг, алданги  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн  50 хувь буюу 5 сая нийт 16,5сая төгрөг  нэхэмжилж байна гэжээ.

      Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Х.Ж нь Баян-Өлгий аймаг Улаанбаатарын чиглэлд тээвэрт олон жил явсан ба зорчигч тээврийн зориулалтаар автобус худалдан авах шаардлагаар ...74-82 УНП улсын дугаартай автобус зарна гэсэн зарын дагуу С.Птой анх холбогдсон. С.Птой уулзахад машин асахгүй, 6 ширхэг дугуй байхгүй, аккумулятор суучих байдалтай байсан. Ингээд талууд худалдах-худалдан авах гэрээг 2016-11- 21-ний өдөр байгуулж 35  сая төгрөгөөр автомашиныг худалдан авсан. Худалдаж аваад Баян-Өлгийгөөс Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэр явахад тухайн тээврийн хэрэгслийн эд анги эвдрэх үүний улмаас завсарлах тохиолдол бишгүй гарч байсан. Энэ тухай худалдагч талд мэдэгдэхэд “..за..” гэхээс өөр зүйлийг яриагүй. 20 сая төгрөгийг худалдагч талд төлсөн. Эхнэр Б.Женисгүлийн Хаан банкны данснаас С.Пийн Хаан банкны данс руу 2017-02- 02-ны өдөр, 2017-03- 29-ний өдрүүдэд нийт 4 сая төгрөгийг шилжүүлсэн. 2017-04- 09-ний өдөр 1сая төгрөгийг өөрийн Хаан банкны данснаас С.Пийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч С.Пийн хэлсэн данс руу 1 сая  төгрөгийг бэлнээр банкинд очиж тушаасан. Нийт 6 сая төгрөг төлсөн. Харин сүүлийн 1 сая төгрөгийн баримт нь олдохгүй, С.Пийн дансны хуулгыг шүүхийн журмаар авахуулсан боловч гарч ирээгүй. Одоо С.Пид 9 сая төгрөг л төлнө. Харин зээлийн гэрээний дагуу мөнгө бэлнээр аваагүй, зээлийн гэрээ байгуулах хүсэл сонирхол байгаагүй учир хүү, алданги тооцохыг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн тул хүчин төгөлдөр бус болно. Иймд нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00681 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Х.Жаас 16,5сая төгрөг гаргуулж  С.Пид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар С.Поос тэмдэгтийн хураамжид төлсөн 252,420 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 240,450 төгрөгийг гаргуулж С.Пид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1274 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00681 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шүүх талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэн, үндэслэлгүй 6.500.000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Гантөмөр 2018-01-26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Х.Жаас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг нийт 16,500,000 төгрөг шаардсан байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Зохигч нар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр С.П нь 74-92 УНП улсын дугаартай,  45 хүний суудал бүхий автобусыг худалдах, Х.Ж  35,000,000 төгрөг төлөх үүрэг  тус тус хүлээж, 20,000,000 төгрөгийг төлөх, үлдэх 15,000,000 төгрөгийг 2017 оны 5 сарын 25-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохирсон нь нотлогджээ. Түүнчлэн, талууд мөн өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байна. 

        Дээрх хоёр гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний агуулгыг зөрчөөгүй  талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 262 дугаар зүйлд нийцсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

       Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн 262, 232 дугаар зүйлийн  зохицуулалтыг  зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00681 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1274 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 118.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ