Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 0951

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Г даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ж,

Улсын яллагч С.О,  

Хохирогч П.О ,

Иргэний нэхэмжлэгч М.М ,

Шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч А.О  нарыг тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чонос овгийн Даваадэлгэрийн Тд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00360 0260  дугаартай хэргийг  2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо  Хайрханы 9-59 тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Ч овгийн Д-ийн Т, регистрийн дугаар УП98072170,  

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Т  нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин хотхоны зүүн замд “Тоуоta Аlteza” маркийн 46-85 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгал сөрсөний улмаас М.М  жолоочтой “Тоуktа Рrius” маркийн 62-30 УНӨ улсын дугаартай, П.О  жолоочтой “Тоуота Ргоbох” маркийн 45-81 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч П.О ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Тоёота Приус” маркийн 62-30 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.018.000 төгрөгийн шууд, 2.213.000 төгрөгийн нийт, “Тоёота Пробокс” маркийн 45-81 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.815.000 төгрөгийн шууд, 4.905.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:   

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:     

Шүүгдэгч Д.Т  нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин хотхоны зүүн замд “Тоуоtа Аlteza” маркийн 46-85 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгал сөрсөний улмаас  М.М  жолоочтой “Тоуotа Рruis” маркийн 62-30 УНӨ улсын дугаартай, П.О  жолоочтой “Тоуота Ргоbох” маркийн 45-81 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч П.О ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:   

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-5-13/,   

- камерийн бичлэгт үзлэг хийсэн:...2020 оны 06 дугаар сарын 22-ны орой 22 цаг 31 минут 16 секунтэнд ягаан өнгөтэй автомашин урсгал сөрж, саарал өнгийн Пробокс, мөнгөлөг Приус маркийн автомашинуудтай мөргөлдсөн гэх тэмдэглэл /хх-19/

- хохирогч П.О ын: “Би 2020 оны 06 дугаар сарын 23-ны 22 цаг өнгөрч байхад 21 дүгээр хорооллоос Баянхошуу явахаар өөрийн эзэмшлийн Тоёота Пробокс маркийн 45-81 УНҮ улсын дугаартай автомашинтай явж байх замд Хилчин хотхоны ойролцоо ШТС-ын хажууд улаан өнгийн машин өөдөөс эрчээрээ орж ирээд миний автомашинтай мөргөлдсөн....Цээжин биеэр их өвдөж, хэвлийгээр хөхөрсөн, зүүн талын 2, 3 үеийн хавирга хугарсан байна гэсэн...гэх мэдүүлэг /хх-24-25/

- шинжээчийн дүгнэлт : П.О ын биед баруун талын 5.6.7-р хавирганы суганы урд шугамаарх хугарал, хэвлий, баруун гуя, зүүн ташаа, зүүн хөх цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-66-67/,

- иргэний нэхэмжпэгч М.М гийн:...“2020.6.23-ны орой...харих замд ойролцоогоор 22 цаг 40 минутын орчим Хилчин хотхоны хойд замд ертөнцийн зүгээр зүүн хойшоо чиглэлтэй замын 2-р эгнээнд явж байхад ягаан өнгийн Алтеза маркийн автомашин урсгал сөрж орж ирэнгүүт би 1-р эгнээ рүү дарахад миний унаж явсан автомашины жолоочийн эсрэг талын арын хаалга руу очиж мөргөөд миний ард явж байсан машины эгч өөдөөс очиж мөргөөд зогссон гэх мэдүүлэг /хх-32-33/,

- гэрч Э.Б-ний:...2020.06.23-ны өдөр 22 цаг 30 минутын орчим “Миний дэлгүүр” худалдагчийн ажлаас буугаад....Т бид нар Алтеза маркийн автомашинд ажлынхаа 4 хүн суугаад...Баянхошуунаас 21 дүгээр хороолол орох чиглэх замдаа би машин дотор найз охин Т-ыг хөл дээрээ дэрлүүлээд би өөрөө утсаа оролдоод явж байсан чинь жолооч “ээ пизда” гэхээр нь би нүдээ аниад нээхэд машинтай мөргөлдцөн байсан” гэх мэдүүлэг /хх-37/,

- гэрч П.Т-ын:...Хилчин рүү эргээд уруудах замдаа жаахан хурдан яваад байхаар нь жолоочийг “чи жаахан удаан яв” гэж хэлээд явж байхад урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн...гэх мэдүүлэг /хх-39/, 

- шүүгдэгч Д.Т-гийн:...Тэр үед ажлаа тараад “Тоуоtа Аlteza” маркийн 46-85 БРА улсын дугаартай автомашинаа жолоодон явж байгаад хурд хэтрүүлээд урсгал сөрөөд эсрэг урсгалд байсан 2 автомашиныг мөргөөд зогссон...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, тодруулах зүйлгүй тухай мэдүүлэг /хх 79-80/,

- Д.Т-гийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн лавлагаа /х-83, 91/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн,  зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл хууль бус гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Т  нь жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгт хамаарах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, жолооч эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглох тухай Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байх тул автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч П.О ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Тус хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгийн хүрээнд гэмт хэргийн улмаас хохирогч П.О т учирсан хохиролд : түүний автомашинд учирсан хохирлын 4.905.000 төгрөг /х-52-60/, эрүүл мэнд, автомашины үнэлгээ хийлгэх, эвдэрсэн автомашины ачилтын зэрэг зардалд 677.450 төгрөг /хх-92-95/, мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөрийн зөрүү 69.190 төгрөг /х-124/, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсоны улмаас учирсан орлогын алдагдал буюу орлогогүйн улмаас Хас банкны зээлд 2020 оны 6, 7, 8 сард төлөгдөөгүй дүн болох 980.169 төгрөг /х-129/, эмчийн жорын дагуу 2 сар хэрэглэх кальци эмийн зардал 480.000 төгрөг /х-125, тус эмийг авч өгөхөө илэрхийлэн баримтыг нь шүүгдэгч авсан тухай хохирогч, шүүгдэгч мэдүүлсэн) нийт 7.111.809 төгрөгийг, харин иргэний нэхэмжлэгч М.М д 2.213.000 төгрөгийг / х-54-56/ тус тус шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байх ба харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.      

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:        

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

Шүүгдэгч нь 22  настай, ам бүл 3 эцэг, эхийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.       

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СD хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2 ,4 дахь хэсэгт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Д.Т-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-г 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-гээс нийт 9.324.809 төгрөгийг гаргуулж, хохирогч П.О т 7.111.809 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.М д 2.213.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.         

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.     

6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.       

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР