Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 0957

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Г даргалж,   

Нарийн бичгийн дарга Г.Н,   

Улсын яллагч Г.Я,

Шүүгдэгч В.Т , түүний өмгөөлөгч А.О  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт В-ийн Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0392 51059  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймаг Цагаан үүр суманд төрсөн, эрэгтэй, нас-34, яс үндэс-халх, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл-1, Хөвсгөл аймгийн Цагаан - Үүр сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.Х  овгийн В-ийн Т, регистрийн дугаар: ..............., 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч В.Т нь 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 25-78 тоотод оршин суух иргэн Д.О-ын хашаанд хураасан байсан Д.Б-ын эзэмшлийн 4 см диаметртэй 4 метрийн урттай 10 ширхэг, 4 см диаметртэй 6 метрийн урттай 26 ширхэг, 1 метрийн урттай, 40 мм диаметртэй 80 ширхэг төмөр трубаг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар шунахай сэдэлтээр авч бусдад 1,225,000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.

мөн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 5-76 тоотод иргэн Н.М-гийн эзэмшлийн Затзипд-7 маркийн гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч 290,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч В.Т нь 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 25-78 тоотод оршин суух иргэн Д.О-ын хашаанд хураасан байсан Д.Б-ын эзэмшлийн 4 см диаметртэй 4 метрийн урттай 10 ширхэг, 4 см диаметртэй 6 метрийн урттай 26 ширхэг, 1 метрийн урттай, 40 мм диаметртэй 80 ширхэг нийт 1,225,000 төгрөгийн үнэлгээ бүхий труба төмрүүдийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлсан болох нь :      

- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:.....уг дүрсэнд цэнхэр өнгийн ачааны портер маркийн автомашин гудамж өгсөөд өөд явж байгаа дүрс харагдсан ба улсын дугаар нь харагдахгүй...Тус цэнхэр өнгийн портер маркийн автомашины ачаан дээр урт труба багалсан байдалтай байв /х-23-24/,

- хохирогч Д.Б-ын:”...Зүүн салааны 25 хороо, Одонтын 25-78 тоотод байрлах манай компанийн бригадын дарга болох О ын хашаанд би өөрийн “Даймонд стоун” ХХК-ний ажпын төмөр трубануудыг 2018 оны 08 дугаар сарын 11-ны өдөр нисэхийн Буман залуус хотхоны байрнаас зөөлгөсөн, зөөх явцад манай компанид туслахаар ажиллаж байсан Т , И , О  нар өөрсдөө портер хөлслөөд аваачиж тавьсан. Нийтдээ гурван ачаа портер төмөр труба зөөх болсон ба яг хэдэн ширхэг гэсэн тоо хэмжээ хэлж мэдэхгүй...Т  гэгч залуу нь уг хашаанаас 2 удаа гадны портер ашиглаад төмөр зөөсөн байгаа юм...Алдагдсан трубаны тоо ширхэг 40 мм диаметртэй 6 метрийн урттай труба 26 ширхэг, мөн 40 мм диаметртэй 4 метрийн урттай труба 10 ширхэг, 40 мм диаметртэй 1 метрийн урттай труба 80 ширхэг алдагдсан байсан гэх мэдүүлэг /хх-31-32, 35/,

- гэрч Ч.Б-гийн:...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш 16-17 цагийн үед намайг зогсоол дээр байж байхад нэг 37 орчим настай, бор царайтай,  архи уучихсан байдалтай залуу над дээр хүрч ирээд та төмөр ачих уу, хэдэн төгрөг болох уу...би өчигдөр бас хашаанаасаа 12 ширхэг труба ачуулахад 20,000 төгрөг болсон гэсэн…Зүүн салааны улаан худагийн буудлын орчим өөрийнхөө хашаанаас төмөр труба ачуулна…төмрийн цэгт зарах гэж байгаа гэхлээр нь ахдаа зарчих гэхэд зөвшөөрсөөг…Тэгээд уг залууг дагуулаад явсан, хашаан дотор ороход нэг байшин, уг хашааны баруун талд нилээн их хэмжээний төмөр трубанууд хураалгатай байсан ба тэндээс диаметр 40 см хэмжээтэй урт нь 6 метр хэмжээтэйгээс 20 ширхэг трубаг би нийтэд нь 50,000 төгрөгөөр бодож авч, бусдад худалдчихсан гэх мэдүүлэг /хх-38-39, 42/,

- гэрч Х.Б-ны:”...2018.08.14-ны болон 15-ны өдөр манай түүхий эдийн цэгт нэг эрэгтэй хүн турба зарсан байсан. Би үүнийг нь 2018.08.16-17-ны үед мэдсэн, хашаанд 6 метрийн урттай труба 6 ширхэг, 4 метрийн урттай труба 10 ширхэг диаметр 4 см урттай байсныг худалдаж авсан байсан. Харин 1 метр гарантай трубанууд эдгээр нь нийлээд 80 гаран ширхэг труба байсан байх, тоог нь нарийн хэлж мэдэхгүй, манайх тоолж биш жинлэж авдаг, хувь хүнээс дээрх цаг хугацаанд манай ажилтан Н л худалдаж авсан…Нийт 60,000 төгрөгний төмөр авсан байсан...Жижиг метр гаран трубануудыг тушаах төмөрт нийлүүлчихсэн, 6 метрийн урттай труба 6 ширхэг, 4 метрийн урттай 10 ширхэг трубаг хашлага хийхээр тасдаж 2.5 метрийн зайтай 33 метр урт замын хажуу талд авто замын хашлага хийсэн...гэх мэдүүлэг /хх-51-52/,   

- гэрч Г.Н-ын:”..2018 оны 08 дугаар сарын дундуур байсан яг хэдний өдөр байсныг санахгүй байна хөх өнгийн портер дээр төмөр труба ачсан 30-35 орчим насны хоёр залуу ирсэн нэг нь жолоо барьж байгаа залуу байсан нөгөөх нь труба тушаана гээд надтай яриад байсан. Тэгээд би трубануудыг жин дээр жигнээд авсан. Урт богино 106 ширхэг труба байсан санагдаж байна. Тэр труба зарсан залуу миний өөрийн юм гээд байсан надад хулгайн юм гэж мэдэх боломж байгаагүй…гэх мэдүүлэг /хх-58/,

- эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан : алдагдсан трубануудын нийт үнэ 1,225, 000 төгрөг /хх-62, 65, 68/

- шүүгдэгч В.Т ын...2018 оны 08 дугаар сарын 14-ны өдөр архины мөнгө олох зорилгоор О ын хашаанаас труба авөхаар болоод ганцаараа Баянхошууны тойрог дээр хөх өнгийн портертой /улсын дугаар маркийг нь санахгүй байна гэх/ 30-35 орчим насны танихгүй залуутай уулзаад өөрийн хашаанаас төмөр авч тушаах гэсэн юм гээд, тэр залууд 15.000 төгрөг өгөхөөр болоод түүний хамт   О  ахын хашаанд очоод 6 метрийн урттай труба 6 ширхэг, 4 метрийн урттай труба 10 ширхэг, 1 метрийн урттай труба 80 ширхэгийг ачаад Баянхошууны тойргийн тэнд түүхий эд авдаг цэгт 60.000 төгрөгөөр зарсан...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16-17 цагийн орчим мөн Баянхошууны тойрог дээр танихгүй ахтай уулзаад зүүн салаанаас өөрийн хашаанаас төмөр авч тушаах гэсэн юмаа ачаад өгөөч гээд хөлсийг нь 20.000 төгрөгөөр тохироод О  ахын хашаанаас 6 метрийн урттай 20 ширхэг трубаг ачсан, жолооч ах наадхаа тушаах гэж байгаа юм бол надад зарчих гэхээр нь 50.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,  

 

Шүүгдэгч В.Т  2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 09 цагийн  орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 5-76 тоотод иргэн Н.М-гийн эзэмшлийн самсунг-7 маркийн гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч 290,000 төгрөгний хохирол учруулсан болох нь :     

- хохирогч Н.М-гийн:”..2019.05.21-ний шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгаас эхнэртэйгээ ирээд Сонгинохайрхан дүүргйин 26-р хороо Улаан чулуутын хогийн цэгийн наана айлд хоносон...Өглөө 09 цагт босоод толгойгоо угаах гээд байж байтал, хажуу айлынх нь залуу болох Т  гэх залуу орж ирээд утас байвал яриулаач гээд гуйхаар нь утсаа өгсөн…гэрийн гадаах сандал дээр суугаад эрүүлжүүлэхийн мөнгө зохицуулаадах гээд утсаар яриад сууж байсан. Тэр хойгуур нь би толгойгоо угаагаад байж байсан, чимээгүй болчихоор нь хажуу айлдаа ороод утсаар ярьж байгаа байх гэж бодсон…10-20 минут өнгөрөхөөр нь Нандиаг ороод хараадахаач гэтэл нөгөө айл нь ямар ч хүн орж ирээгүй ш дээ гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь өөрийнхөө утас руу залгасан чинь дуудаад ерөөсөө авахгүй учраас цагдаагийн байгууллагад мэдэгдсэн….гэх мэдүүлэг /хх-158/,

- эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан : алдагдсан гар утасны үнэлгээ 290,000 төгрөг /хх-168-170/

- таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-182-183/,

- Шүүгдэгч В.Т ын:…2019 оны 05 дугаар сарын сарын 21-ний өдөр  төрсөн дүү Б.Ариунбаярын гэрт хонох гээд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Аптан овооны 5-76 тоотод явж очсон. Өглөө босоход хашаан дотор нь нэг гэр байсан ба тэнд байсан хүмүүс пиво ууж байсан...Би пивоноос нь хамт ууж байгаад Маналсүрэн гэх нэг залууд “Утсаар чинь яриад өгье” гэж хэлэхэд зөвшөөрөөд Самсунг Эс 7 маркийн хар хөх өнгийн гар утас өгөхөөр нь би гадаа авч гараад, шууд автобусанд суугаад 21 дүгээр хороолол ороод гудамжинд явж байсан  үл таних хүнд 15,000 төгрөгөөр зараад архи аваад уусан гэх мэдүүлэг /хх-201/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.    

Иймд шүүгдэгч В.Т ыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, мөн залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч В.Т  нь хохирогч Д.Бадралд 1.225.000 төгрөг, хохирогч Н.Маналсүрэнд 290,000 төгрөгийг тус тус хариуцан төлөх үүрэгтэй байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:                 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангйин 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгч нь ам бүл 1, тодорхой оршин суух орон гэр, хөрөнгө орлогогүй, эрхэлэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг түүний амьдрал бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж /х-86, 88, 92-94, шүүх хуралдааны тэмдэглэл/ хэрэгт авагджээ.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хулгайлах гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ялаар, залилах гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч В.Т  нь 2020.6.22-ны өдөр хойшлуулашгүй баривчлагдаж,  улмаар тасралтгүй цагдан хоригдсон /х-72-74, 77-78, 217/ байх ба шүүх хуралдаан хийсэн 2020.08.27-ны өдрийн байдлаар цагдан хоригдсон нийт 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.        

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СD хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч В.Т ыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, 

залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Шүүгдэгч В.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 сарын  хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч В.Т ын биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Т ын эдлэх 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч В.Т ын цагдан хоригдсон 66 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.    

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч В.Т аас нийт 1.515.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Бадралд 1.225.000 төгрөг, хохирогч Н.Маналсүрэнд 290,000 төгрөг тус тус олгосугай.    

7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

8. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, өөр бусад хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

9. Шүүгдэгч В.Т ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.     

10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

11. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

            12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                                 Г.ГАНБААТАР