Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 429

 

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2017/00429

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Төмөрчний гудамж 7/1, EXE Plaza 103 тоотод байрлах "Би энд Си лоёрс ХХН /Улсын бүртгэлийн дугаар 9022001144, регистрийн дугаар 5959241/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан, Гачууртын зам 60/1 тоотод байрлах "Арга барил" ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011058125, регистрийн дугаар 5072034/-д холбогдох,

Хамтран ажиллах гэрээний хөлс 11,000,000 төгрөг, алданги 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Би энд Си лоёрс ХХН шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нөхөрлөлийн захирал Б.Батжаргал шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Би энд Си лоёрс ХХН нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс Арга барил ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, хууль зүйн туслалцаа үзүүлэх, шаардлагатай ажлууд дээр нь зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлж ажиллах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд орох зэргээр харилцан тохиролцож явсан. Хамтран ажиллах гэрээний төлбөрийн асуудал тодорхой хугацаанд орж ирээгүй. Хэдийгээр гэрээ 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан боловч, нийт 4 сарын төлбөрийн асуудал огт шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байсан. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр уулзаж өмнөх хамтран ажиллах гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөрийн асуудлыг шийдвэрлэн харилцан тохиролцож Төлбөр барагдуулах харилцан тохиролцсон хэлцэл-ийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Энэ хэлцэл нь болзол тавьж хийсэн хэлцэл байгаа. Энэ хэлцлийн хувьд Арга барил ХХК-ийн өнгөрсөн хугацааны төлбөрийн асуудал 4 сарын төлбөр болох 8,000,000 төгрөг, байгуулсан гэрээн дээр 30,000,000 төгрөгөөс дээш авлага барагдуулсан тохиолдолд урамшуулал авахаар харилцан тохиролцсон. Гэрээний 4 дүгээр зүйлд 12,000,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ны дотор бүрэн төлж барагдуулна гэсэн боловч 1,000,000 төгрөг шилжүүлснээс өөрөөр төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн 6 дугаар зүйлд тохиролцсон хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Иймд хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтийг хангуулж ажлын хөлс 11,000,000 төгрөг, алданги 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг хариуцагч Арга барил ХХК-аас нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжпэгч Би энд Си лоёрс ХХН нь нэхэмжпэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 232.4 дэх хэсгүүдэд зааснаар тодорхойлжээ. Нэхэмжпэгчийн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анз шаардах эрх нь хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр барагдуулах харилцан тохиролцсон хэлцэл гэж үзэж байх бөгөөд дээрхи хэлцлийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэл дараахь байдлаар үгүйсгэгдэж байна. Тодруулбал: талуудын дунд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 'Төлбөр барагдуулах харилцан тохиролцсон хэлцэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.5 дахь хэсгүүдэд үндэслэж, нэхэмжпэгчээс хариуцагчийн өмнө гэрээгээр хүлээсэн ...хууль зүйн туслалцаа, зөвлөгөө... үзүүлэх үүргээ хэрхэн гүйцэтгэсэн, ямар үр дүн гаргаж ажилласан гэдгээс хамаарч хэлцэлд заасан төлбөрийг хариуцагч хэдий хэмжээгээр төлөх ёстой болохыг дүгнэх хууль зүйн шаардлагатай. Уг шаардлагын хүрээнд хэлцлийн 5 дахь заалтанд ...В&С Lawyers ХХН нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хуулийн үйлчилгээ зөвлөгөө, бусад мэргэжпийн үйлчилгээ, шүүх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлж үр дүн гаргаж ажиллана... гэж заасан байхад ...хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх ... гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн гүйцэтгэснийг дүгнэлгүй, ажпын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгч тайлагнаагүй атлаа дээрхи байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй юм. Зүй нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай байгуулсан "Хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх гэрээ болон Төлбөр барагдуулах харилцан тохиролцсон хэлцэл-үүдээр хүлээсэн үүргээ хэрхэн гүйцэтгэснээ тайлагнаж бодит үр дүнг хариуцагчид гардуулан хүлээлгэн өгч талууд гэрээ, хэлцлийн үр дүнг хэлэлцэн баталсаны дараа Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсгүүдэд үндэслэж "... хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр, хөлсийг хариуцагчаас гаргуулах ... шаардлага гаргах хуулийн зохицуулалттай байхад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.7 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн анз шаардаж нэхэмжлэл гаргах үндэслэлгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тодорхой заасан. Дээрхи шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Би энд Си лоёрс ХХН нь гаргаж буй нэхэмжпэлийн шаардлагаа нотлох, маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бичгийн баримтуудыг гаргаж чадаагүй байна. Дээрхи байдлаар тухайн нэхэмжпэлийн шаардлагатай холбогдуулан хэргийн оролцогчид болон, шүүхээс маргаан бүхий асуудалд бодит дүгнэлт өгч, мэтгэлцэх болон, эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх маргаан бүхий асуудлыг хянан хэлэлцээдБи энд Си лоёрс ХХН-ийн нэхэмжпэлтэй нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Би энд Си лоёрс ХХН нь Хамтран ажиллах гэрээний хөлс 11,000,000 төгрөг, алданги 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч "Арга барил" ХХК нь нэхэмжлэгч Би энд Си лоёрс ХХН нь Хамтран ажиллах гэрээний дагуу хийсэн ажлаа тайлагнаагүй, бодит үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгч, талууд гэрээ хэлцлийн үр дүнг хэлэлцэн баталсны дараа хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нэхэмжлэх эрхтэй гэх үндэслэл заан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Арга барил ХХК, Би энд Си лоёрс ХХН нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Би энд Си лоёрс ХХН нь хуулийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, Арга барил ХХК нь гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсний төлбөрт 2,000,000 төгрөгийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн уг гэрээний 2.3-т Барагдуулсан 30,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй авлагын 3 хувиар урамшуулалыг Б тал болох Би энд Си лоёрс ХХН-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-75/ Энэ талаар талууд маргаагүй.

2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Арга барил ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ш.Мөнхнар, өмгөөллийн Би энд Си лоёрс ХХН-ийг төлөөлж Б.Батжаргал нар нь Төлбөр барагдуулах харилцан тохиролцсон хэлцэл-ийг байгуулсан байх бөгөөд өмнөх хамтран ажиллах гэрээний хүрээнд төлөгдөөгүй төлбөрийн асуудлыг шийдвэрлэн Арга барил ХХК нь 4 сарын төлбөр 8,000,000 төгрөг, Б.Батжаргалын Вайт мүүд лайт ХХК-ийн барагдуулсан авлагатай холбоотой 3 хувийн урамшуулал болох 4,000,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөх, тохирсон хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги тооцох, Би энд Си лоёрс ХХН нь 2016 оны 06 дугаар сарын 01-ийг хүртэл хуулийн үйлчилгээ зөвлөгөө бусад мэргэжлийн үйлчилгээ, шүүх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлж ажиллахаар харилцан тохиролцжээ. /хх-4/

Зохигчдын байгуулсан дээрх тохиролцоо бүхий гэрээ, хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ гэсэн заалтын аль алинд нь нийцсэн хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулсан гэрээ, хэлцэл байна.

Хариуцагч нь дээр дурдсан Хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу Би энд Си лоёрс ХХН хэрэгжүүлж байсан ажлыг дуусгалгүй орхисон, зарим талаар оролцоод явсан боловч Арга барил ХХК-д ашигтай шийдвэр гаргаж чадаагүй, зарим нэг гаргах ёсгүй шийдвэрийг гаргуулсан. Ийм байдлаар үндсэн гэрээг дүгнэж хариуцагчид тайлагнаагүй байж Төлбөр барагдуулах харилцан тохиролцсон хэлцэл-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй гэх тайлбарыг өгч маргасан бөгөөд нэхэмжлэгч нь Хамтын ажиллагааны гэрээ-г дүгнэж Төлбөр барагдуулах харилцан тохиролцсон хэлцэл-ийг хийсэн учраас хариуцагчаас гэрээний төлбөр нэхэмжлэх эрхтэй гэх тайлбарыг гаргасан.

Хариуцагч тал нь Би энд Си лоёрс ХХН-ийг тайлан гаргаж өгөхийг шаардаж байсан, тайлан гаргаж өгөөгүй, гэрээг дүгнээгүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт "Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгч Би энд Си лоёрс ХХН нь гэрээнд заасны дагуу хуулийн мэргэжлийн үйлчилгээний 4 сарын төлбөр болох 8,000,000 төгрөг, Вайт мүүд лайт ХХК-ийн барагдуулсан авлагатай холбоотой 3 хувийн урамшуулал болох 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг Арга барил ХХК-аас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 12,000,000 төгрөг авахаас 1,000,000 төгрөгийг авсан гэх тайлбарыг өгсөн бөгөөд үлдэгдэл 11,000,000 төгрөг, алданги 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Зохигчдын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах харилцан тохиролцсон хэлцэл-ийн 6-д Тохиролцсон хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги тооцогдоно гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

Зохигчид анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулсан байх ба төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн тал нь барааны үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй гэж үзнэ. Нэхэмжлэгч нь хэлцэлд зааснаар төлбөр төлөх хугацаа хэтэрсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүртэл буюу 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацааг тоолж үзэхэд 121 хоног байх тул нийт 6,655,000 алданги тооцогдох боловч нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 5,500,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд хариуцагч Арга барил ХХК-аас 11,000,000 төгрөг, алданги 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Арга барил ХХК-аас 16,500,000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Би энд Си лоёрс ХХН-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн240,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 39,150 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Би энд Си лоёрс ХХН-д буцаан олгож, хариуцагч Арга барил ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 240,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Би энд Си лоёрс ХХН-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР