Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 02

 

Б.Г д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                              Прокурор Ж.Очирбат

                                               Шүүгдэгч Б.Г  /цахим сүлжээгээр/

                                               Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцогт  

                                              Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, шүүгч Б.Сарантуяа, Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Б.Эрдэнэцогтын 2017 оны 12 дугаар 08-ны өдөр гаргасан давж заалдах гомдлоор, Б.Г д холбогдох эрүүгийн 201603000383 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,  Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Цойруут овгийн Б.Г  

Б.Г  нь хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаандаа буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг дэвсгэр Хандрагатын амны Хөөт гэх газарт Англи улсын иргэн Стивин Эдвард Нэйш /Steven Edward Nash/-ийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор цээжин тус газарт нь ир үзүүртэй зүйлээр хатгаж санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Архангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

            Анхан шатны шүүх, шүүгдэгч Цойруут овгийн Б.Г-г өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-н цагдан хоригдсон 428 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хорио тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр гадас 1 ширхэг, жижиг ном 1 ширхэг, гялгар уут 1 ширхэг, тийз 1 ширхэг, үс 6 ширхэг, нарийнхан улаан уяа 1 ширхэг, суран эдлэл 1 ширхэг зэргийг устгах, саарал өнгийн паск, гадаад улсын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, паспорт 1 ширхэг, 10000-тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ц-д олгох, гол төмрийн Т1956Г, 10500 маркийн замагны дугаартай Тоз-8 маркийн бууг Н.Б-д олгох, флаш дискийг хэрэг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Б.Эрдэнэцогт гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 71 шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Хангай сумын Тэрх багт оршин суух Батсүхийн Г д Монгол Улсын Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж гэм буруутайд тооцож тус зүйл ангиар 16 жилийн хорих ялаар шийтгэж ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Г  нь хохирогчтой таарч хэл амаа ойлголцоогүй, хохирогч шүүгдэгчийн эд зүйлийг авах гэхэд шүүгдэгч өөрийн чадвараар тухайн хүнд ойлгуулахыг хичээсэн боловч сургуульд суугаагүй хэл амаа ойлголцоогүй үүднээс эд зүйлээ булаалцалдан маргалдсаны улмаас Англи улсын иргэн Стивин Эдвард Нэйшийн амь насыг хохироосон, түүнээс эд зүйл, мөнгийг авах санаа зорилго байгаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05-р сарын 22-ны өдрийн тогтоолд “Шунахай сэдэлт гэдэг нь гэмт этгээд өөртөө болон бусад этгээдэд эдийн буюу эдийн бус баялаг олж авах, эсхүл ямар нэг үүргийг гүйцэтгэхээс зайлсхийх гэсэн санаа зорилгыг ойлгоно. Уг сэдэлт нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө үүссэн байдаг” гэж тайлбарласан гэтэл анхан шатны шүүх өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь буруу байна.

 Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 71 шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар шүүгдэгч Б.Г-г өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн, 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.

Прокурор Ж.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Өвөрхангай аймгийн Хархорин  сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцогтын гаргасан давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Б.Г д прокурор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /4-р хх-ийн 55-56х/, яллах дүгнэлт үйлдэхдээ /4-р хх-ийн 79-86х/ хуульд байхгүй зүйл заалтаар зүйлчилж Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг буруу хэрэглэн хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчсөн байна.  

Мөн Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тогтоох тухай” /4-р хх-ийн 123-124х/ захирамжаар зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилох байтал шүүхийн харьяаллыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч Б.Эрдэнэцогтын гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Шүүгдэгч Б.Г д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Б.Г д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ЭНХМАА

                             ШҮҮГЧИД                             В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                           М.МӨНХДАВАА