Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0186

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

 

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

 

Нэхэмжлэгч “М” ХХК

 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 878 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

 

Хэргийн индекс: 128/2021/0563/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 878 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус  баримтлан Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 235 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3.2. Нэхэмжлэгч нь Төв аймгийн Заамар сумын Баянголын хөндийд Зүүншанд, Салт гэх газарт байрлах ашигт малтмал ашиглалтын МВ-000211 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж ирсэн. Уг тусгай зөвшөөрлийн талбайн батлагдсан нөөц дуусаж байгаа бөгөөд энэ онд уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж хүлээлгэн өгөх ёстой байсан юм.

4. 2020 онд дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын улмаас эдийн засаг хямарч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн нь манай компанийн үйл ажиллагаа, санхүүгийн хувьд ч мөн адил нөлөөлсөн юм. Бид дараах нөхцөл байдлын улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлж чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Үүнд:

4.1. Компанийн гүйцэтгэх захирал Т.Т нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2020 оны 06 дугаар сараас эхлэн үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй болсны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан, компанийн үйл ажиллагааг удирдах гүйцэтгэх захиралгүй байсан.

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 150/12668 дугаар албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19280947/150 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компани дахь бүх харилцах дансуудын зарлагын гүйлгээ хийх эрхийг түдгэлзүүлсэн.

4.3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/29772 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн үүний улмаас компанийн гүйцэтгэх удирдлагыг солих боломжгүй болсон, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд томилох боломжгүй байсан.

4.4. Ковид-19 цар тахлын улмаас нэхэмжлэгч нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөний улмаас бусдад төлбөрөө төлөх боломжгүй байдалд орсон юм.

5. Түүнчлэн ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөл бүрдсэн тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид 10 хоногийн дотор мэдэгдэх ёстой байсан ч албан мэдэгдэл ирүүлээгүй. Хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдэж байгаа талаар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 8/2571 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч тухайн мэдэгдэл нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “нүүсэн, шилжсэн” гэж буцаагдсан байдаг. Гэтэл “М” ххк нь үйл ажиллагаа явуулж буй хаягаа солиогүй, шилжээгүй бөгөөд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам Юнион бюлдинг С-1301 тоот хаягтаа үйл ажиллагаа явуулж байсан. Ямар шалтгаанаар шуудан манай компанид хүргэгдээгүй болохыг захиргааны байгууллага нягтлах, түүнчлэн хариуцагчийн мэдээллийн санд хадгалагдаж буй манай компанийн утсаар залгаж мэдэгдэх боломжтой байхад мэдэгдээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасныг хэрэгжүүлээгүй.

5.1. Захиргааны байгууллагын уг үйлдлийг шүүхээс “...нэхэмжлэгч тус тусгай зөвшөөрлийг олон жил эзэмшсээр ирсэн учир тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үндсэн үүргээ нэхэмжлэгч мэдээгүй байх боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн маргаж байгаа эдгээр талйбар үндэслэлгүй” гэж дүгнэж, захиргааны акт гаргахын өмнө оролцогчийг сонсох, захиргааны актыг мэдэгдэх захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөвтгөн тайлбарласан нь хууль бус дүгнэлт болсон байх тул гомдолтой байна.

5.2. Хэрэв хариуцагчаас бид бүхэнд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа болсныг мэдэгдсэн бол, эсвэл Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр компанийн эзэмшлийн МВ-000211 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай манай компанид урьдчилан мэдэгдсэн бол өнөөдрийн энэ үр дагавар гарахгүй байсан.

6. Маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийн төлбөр төлөх боломжгүй байсан хүндэтгэх үзэх шалтгааныг харгалзан үзээгүй, оролцогчийг сонсолгүйгээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24, 26, 27 дугаар зүйлд заасан захиргааны акт гаргах журмыг зөрчиж, шийдвэр гаргасан байх тул маргааны бүхий актын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн XV-000211 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр цуцалсан байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбараас үзвэл, “М” ххк нь ашигт малтмалын ашиглалтын МҮ-000211 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө, алдангийн хамт 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө төлөх байсан талаар маргаагүй бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийн алдангийн хамтаар төлөх боломжтой тухай мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр u=https://mrpam.gov.mn/news/1858/ цахим хуудсаар, тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 8/2571 дугаар албан бичгээр хх-59-р тал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсныг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийн цахим хуудсаар мэдээлсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө”, 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус зааснаас үзвэл, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа дуусгавар болсон байна.

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, мэдэгдэл бидэнд ирээгүй, хариуцагчаас тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 8/2571 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч, Монгол шуудан ХК-иас “нүүсэн, шилжсэн” үндэслэлээр буцаан хариуцагчид хүргэгдсэн, ямар шалтгааны улмаас бидэнд ирээгүйг хариуцагчаас нягтлаагүй” гэх боловч, хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зааснаар нэхэмжлэгчийн бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам, Юнион бюлдинг С-1301 дугаар хаяг руу хариуцагчаас “8/2571” дугаар албан бичгээр хүргүүлснийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хариуцагчаас гүйцэтгэж, маргаан бүхий актын утгыг агуулсан албан бичгийг тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

5. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... компанийн гүйцэтгэх захирал нь эрүүл мэндийн шалтгаантай байсан, ... компанийн үйл ажиллагааг удирдах гүйцэтгэх захиралгүй байсан, ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас харилцах дансуудын зарлагын гүйлгээ хийх эрхийг түдгэлзүүлсэн, ... компанийн гүйцэтгэх удирдлагыг солих боломжгүй байсан, ... Ковид-19 цар тахлын улмаас нэхэмжлэгч нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөний улмаас бусдад төлбөрөө төлөх боломжгүй байдалд орсон” гэх үндэслэлийг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

5.1. Учир нь нэхэмжлэгч компани нь МҮ-000211 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан, хариуцагчаас маргаан бүхий актаар тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцсэн, иймд нэхэмжлэгч нь олон жил эзэмшсээр ирсэн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үндсэн үүргээ нэхэмжлэгч мэдээгүй байх боломжгүй гэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

5.2. Тодруулбал, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх эсэх нь компанийн зохион байгуулалттай холбоотой асуудал бөгөөд энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэснийг уг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны шийдвэр гарах хүртэл тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төлбөрийг төлөөгүй байх тохиолдолд хэрэглэх нь хуулийн зорилго бөгөөд тухайн үндэслэлээр гарах захиргааны актын зорилгод илүү нийцэхээр байна.

6. Нөгөөтээгүүр, хэрэв нэхэмжлэгчээс “компанийн гүйцэтгэх захирал Т.Т нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ... үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй болсон, ... “Мондулаан трейд” ХХК-ийн хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэж зөвтгөж, маргаж байгаа бол Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж зааснаар заавал гүйцэтгэх захирал тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх бус компанийг төлөөлөх эрх бүхий болон бусад этгээдүүдээс зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой гэж үзэх тул “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

6.1. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 878 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН