Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01524

 

 “М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00881 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1155 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “М” ХХК

         Хариуцагч: “Б” ХХК

         Хариуцагч: Б.Б нарт холбогдох    

          20.025.669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч “Б” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015-08-21-ний өдрийн 2015/04 тоот гэрээний дагуу Б ХХК нь Монголбитум индустриал ХХК-иас 102,66 тонн битумыг тус бүр 1,298,822 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 133,337,113 төгрөгийн худалдан авалт хийгдэн, 120 сая  төгрөг төлсөн. Гэрээний 2.2-т заасны дагуу тогтоосон хугацаанд битум худалдан авалтын төлбөр төлөлт бүрэн хийгдээгүй тул битум худалдан авсан төлбөрийн үлдэгдэл тооцоо болох 13,337,113 төгрөг, алданги 6,688,556 төгрөг нийт 20,025,669 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Б ХХК нь нэхэмжлэгч компаниас битум худалдан авахаар 2015-08-21-ний өдөр 2015/04 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд заасан тоо хэмжээгээр битумыг аваагүй, манай компани бүтээгдэхүүн хүлээн аваад тухай бүр тооцоо хийж ирсэн. Нэхэмжлэлийн үнийн дүнд холбогдох битумыг захирал Б.Болд-Эрдэнэ өөр зориулалтаар зарцуулсан. Энэ үнийн дүнг Б.Болд-Эрдэнэ маргахгүй байгаа. Үндсэн төлбөр дээр алданги 1 сая төгрөг нэмээд 16сая төгрөгийн хэмжээнд зөвшөөрнө. Гэхдээ Б.Болд-Эрдэнэд үүрэг ногдуулан Б ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Б.Болд-Эрдэнэ шүүхэд тайлбар гаргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2, 42.2-н үр дагавар үүсээд байна. Иргэний хуулийн  232.8-н эрхийн хүрээнд алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00881 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б ХХК-с 15,417,685 төгрөг гаргуулан М ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг  Б.Болд-Эрдэнэд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Б ХХК-иас 235,038 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 136,011 төгрөгийг тус тус гаргуулан  М ХХК-д олгохоор  шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1155 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00881 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Б ХХК-н гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч “Б” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компани нэхэмжлэгч “М” ХХК-иас 2015-08-21-ний өдөр битум худалдан авахаар 2015/04 тоот  гэрээ байгуулсан. Худалдагчаас Иргэний хуулийн  251.1-д заасны дагуу гэрээгээр заасан тоо, хэмжээнээс дутуу доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн. Тодруулбал, 2015-09-04-ний өдрийн нийлүүлэлт худалдагчийн зарлагын мэдээнд 27,06 тн гэж тэмдэглэгдсэн боловч 26,32 тн битум нийлүүлсэн байдаг. Тус нийлүүлэлтийн зөрүү 740 кг битумын үнэ 960,577 төгрөг бөгөөд үүнд ногдох алданги 149,850 төгрөг, нийт 1,110,427 төгрөгийг үндэслэлгүйгээр гаргуулж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 254.2-т заасны дагуу дутуу нийлүүлсэн битумын үнийг буруулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Монголбитүм индустрал ХХК 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б ХХК, Б.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 13,337,113 төгрөг, алданги 6,688,556 төгрөг нийт 20,025,669 төгрөг /хх 1, 54/ шаарджээ. 

        Хариуцагч 16,000,000 төгрөгийн хэмжээнд шаардлагыг зөвшөөрч, төлбөрийг  Б.Бэс гаргуулахыг хүссэн /хх 18, 77, 105/ байна.

        Анхан шатны шүүх Б ХХК-с гэрээний үндсэн үүрэгт 13,337,113 төгрөг, алданги 2,080,572 төгрөг нийт 15.417.685 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг Б.Бд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгохдоо “...Монголбитүм индустрал ХХК, Б ХХК гэрээ байгуулсан нь тогтоогдсоноос гадна 13,337,113 төгрөг төлөхөө баталгаажуулсан байна... үлдэгдэл төлбөрийг 2017-09-07-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаагаар алдангийн хамт гаргуулна...” гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээжээ. 

        Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...27,06 тн гэж тэмдэглэгдсэн боловч 26,32 тн битум нийлүүлсэн тул зөрүү 740 кг буюу 960,577 төгрөг, алданги 149,850 төгрөг, нийт 1,110,427 төгрөгийг үндэслэлгүйгээр гаргуулсан...” гэсэн үндэслэл заасан байна.  

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч Б ХХК-ийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Зохигч нар 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр битум худалдах-худалдан авах гэрээ байгуулж, М ХХК битум нийлүүлэх, Б ХХК битумыг хүлээн авч үнийг төлөхөөр тохиролцсон нь тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

        Талууд битумын худалдан авалт бүрийн огноо, битумын хэмжээ, үнэ, төлөлтийн тооцоог нийлэн акт үйлдэж, Б ХХК нэхэмжлэгчид 13.337.113 төгрөг төлөх үүрэгтэй нь нотлогдсон, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн худалдан авалтын талаарх тайлбар болон баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.  

         Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

        Ирэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00881 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1155 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 31.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ