Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 426

 

 

 

 

 

   2017 оны 01 сарын 31 өдөр

     Дугаар 101/ШШ2017/00426

      Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 30 тоотод оршин суух Боржигон овогт Намхайн Буянчинь /Регистрийн дугаар ХГ70012976/-ийн Ш.Хишигмаатай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Буянчинь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Буянчинь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Иргэн Н.Буянчинь би талийгаач Ш.Хишигмаатай 2010 онд танилцаж, улмаар 2011 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 119 дүгээр байр, 30 тоотод хамтран амьдарч эхэлсэн билээ. Талийгаач маань өөрийн 2 хүү болох Б.Баттулга 26 настай, Б.Баярсайхан 17 настай хүүхдүүдтэй болно. 2014 оны 03 дугаар сарын 31-нд отгон хүү Б.Есүхэйгээ төрүүлсэн болно. Талийгаач маань Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байсан. Сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд биеийн байдал зовиуртай болж эмчийн хяналтанд байж эмчилгээ хийлгэсээр ирсэн. Отгон хүү Б.Есүхэйгийнхээ 3 насны ойгоор гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Гэнэтийн явдал болж эхнэр Ш.Хишигмаа 2016 оны 12 дугаар сарын 17-нд зуурдаар нас барсан. Дунд хүү Б.Баярсайхан, отгон хүү Б.Есүхэйд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2011 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Буянчинь нь нас барагч Ш.Хишигмаатай хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Ш.Хишигмаатай 2011 оны 11 дүгээр сараас хамт амьдарч байсан боловч гэрлэлтээ батлуулаагүй, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу Ш.Хишигмааг нас барах хүртэл хамт амьдарч байсан, хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход эцэг, эхийнх нь хамтын амьдралтай байсныг тогтоосон байх шаардлагатай болсон тул дээрх байдлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

 Боржигон овогт Шагдарын Хишигмаа /Регистрийн дугаар ХЖ71012800/ нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нас барсныг нотлох бүртгэлийн 0000195726 дугаартай гэрчилгээ хэрэгт авагджээ. /хх-6/

 

Хүсэлт гаргагч Н.Буянчинь, нас барагч Ш.Хишигмаа нар нь 3 хүүхэд болох Б.Баттулга, Б.Баярсайхан, Б.Есүхэй нарын хамт амьдарч байсан бөгөөд насанд хүрээгүй Б.Баярсайхан, Б.Есүхэй нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон байна. Хүү Б.Баярсайхан /регистрийн дугаар УШ00211637/ 2000 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр,  хүү Б.Есүхэй /регистрийн дугаар УА14233115/ 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 1107000161, 1110002358 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-8, 9/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Хүсэлт гаргагч Н.Буянчинь, нас барагч Ш.Хишигмаа нарыг хамтын амьдралтай байсныг  гэрчлэхээр Ш.Болормаа, Н.Буянбаатар нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.

 

Шүүхэд дуудагдсан гэрч Ш.Болормаа “Миний төрсөн эгч талийгаач Шагдар овогтой Хишигмаа нь 2010 онд хүргэн ах Намхай овогтой Буянчиньтай танилцаж, 2011 онд гэр бүл болсон. 2014 оны 03 дугаар сарын 31-нд бага хүү Б.Есүхэйг төрүүлсэн. Эгч хүнд өвчний улмаас 2016 оны 12 дугаар сарын 17-нд зуурдаар нас барсан. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулж амжаагүй ба 2011 оноос хойш хүргэн ах, эгч маань хамт амьдарч, үр хүүхдээ өсгөж байсныг гэрчилж байна”, шүүхэд дуудагдсан гэрч Н.Буянбаатар “...Миний дүүгийн хань Ш.Хишигмаа нас барсан учраас тэдний хамтын амьдралтай байсныг гэрчилж байна. Ш.Хишигмаа нас барах хүртлээ Хөгжим бүжгийн коллежийн бишгүүрийн багш хийж байсан, мөн 2016 оны 09 дүгээр сарын 01 хүртэл манай театрт давхар хөгжимчин хийж байсан. Н.Буянчинь, Ш.Хишигмаа  нар 2011 оноос хамт амьдарч эхэлсэн, Баянзүрх дүүрэгт манай дүүгийн байранд амьдарч байсан. 2014 онд хүү Б.Есүхэй төрсөн. Манай найрал хөгжмийнхөн бүгд л энэ хоёрыг хамт амьдарч байсныг гэрчилнэ” гэж тус тус мэдүүлсэн.

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Боржигон овогт Намхайн Буянчинь /Регистрийн дугаар ХГ70012976/ нь 2011 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Боржигон овогт Шагдарын Хишигмаа /Регистрийн дугаар ХЖ71012800/-тай  хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦЭРЭНДОЛГОР