Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0080/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                    Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                            Ц.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б холбогдох 203900000........... дугаартай хэргийг 2020 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  Ц.Б нь 2020 оны  01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дадал  сумын  4 дүгээр  баг Яргайтын 10-01 тоотод өөрийн хамтран амьдрагч  Б.М архины  шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч  Б.М өгсөн: ..Би Ц.Б  гэр бүл  болоод нэг  гэрт  орж 2 жил амьдарч  байна.  Ц.Б  тэр  болгон архи  дарс  уугаад байдаггүй, жилд 1-2 удаа л  уудаг. Бид хоёр  албан ёсны  гэрлэлтийн  баталгаа  байхгүй. Ер нь бол  Ц.Б  зан харилцаа сайтай,  айхтар уугаад байдаггүй юм. Харин  2020 оны 01 дүгээр сарын  11-ний өглөө гэртээ  байхдаа надтай  бага зэрэг  ам муруйсан.  Тэгснээ л өглөө 09 цаг  өнгөрч байх  үед Ц.Б гэрээсээ гараад  явсан.  Ингээд би гэртээ ганцаараа  үлдээд  гэрээ цэвэрлэж  байтал 11 цагийн  үед манай нөхөр  Ц.Б над руу  залгаад  Сувдаа эгч чамтай  ярья гэж байна гэсэн. Тэгтэл  утсыг нь нэг эмэгтэй хүн аваад  Сувдаа эгч нь байна аа гэхээр нь ямар Сувдаа вэ гэсэн чинь  утасны цаанаас Сувдаа эгчийгээ танихгүй   болоо юу гэхээр  нь би  олон л Сувдаа байдаг шүү дээ аль  нь юм гэсэн.  Тэгээд би  гэнэт  Шижирийн  Алтансувд гэдэг  болохыг  таньсан. Тэгээд  намайг  чи хүрээд ир би Төгсөөгийнд байна гэхээр  нь би  хүрээд очсон чинь  Төгсөөгийн гэрт  манай нөхөр  Ц.Болдмаа, Ш.Алтансувд, Солонго,  Төгсөө нар  байсан.  Намайг  Төгсөөгийнд  орсны дараа   миний араас  Санжаа  Боко хоёр орж ирсэн. Солонго архи  уугаад согтоод  шалан дээр  хэвтэж  байсан.  Ингээд намайг  ороод  ширээний хажууд  суухад  манай нөхөр  Ц.Б  надад архи  шилэн аяганд  хийж  өгөхөөр  нь би  уучихсан.  Тэгээд удалгүй  ширээнд байсан архины шилээр  гэнэт миний  толгойн тус  газарт  цохисон.Тэгтэл  архины шил  нь бутараад  явчихсан.  Тэгээд би  сандал дээрээ суугаад  доошоо  тонгойж  цусаа гоожуулж  байгаад  эмнэлэгийн түргэн  тусламж  хүлээсэн.  Намайг Ц.Б  цохисныхоо  дараа  эмнэлэг цагдаа руу өөрөө залгаж, би  эхнэрээ зодчихлоо, толгойг нь  хагалчихлаа гэж  мэдэгдсэн.  Ингээд  удалгүй эмнэлэг цагдаа ирсэн...Тэгээд  түргэний  машинтай  сумын эмнэлэг дээр  очиж толгойн  духны  дээд хэсэгт 7 оёдол  тавиулсан.  Духны гэмтлээс  болж  миний зүүн нүд  хөхөрч  хавдсан, хамар  бага зэрэг  хавдсан.  Өөр ямар нэгэн  гэмтэл шарх  үүсээгүй..Урьд өмнө нь  Ц.Б  намайг зодож  байгаагүй. Гэртээ  хэрүүл маргаан  үүсгэж  агсам  согтуу тавьж байгаагүй...Би эмчилгээний болон бусад зардал нэхэмжлэхгүй...Би гомдолгүй...Би шүүх хуралд оролцохгүй...гэсэн мэдүүлэг  /хх-ийн 06-07 хуу/

Гэрч Б.Баяржаргалын өгсөн:...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  эмнэлэгийн жолооч  байхгүй байсан болохоор би  эмнэлэгийн автомашиныг аваад  засвар  үйлчилгээ хийж  байсан юм аа. Тэгтэл  манай эмнэлэгийн  ажилтан М гялс  ирээд аваач  би зодуулчихлаа  гэсэн.  Тэгэхээр нь би  заасан газар нь яваад очтол М эгч толгойгоо  хагалуулчихсан байсан. Толгойноос  нь маш их хэмжээний  цус гарч байсан.  Тэгээд би  яаралтай  эмнэлэг хүргэсэн.  Ийм л зүйл болсон... Түүний хамтран амьдрагч  Ц.Б цохисон  байсан.  Намайг очиход Б  байсан.  Би эхнэрийнхээ толгойг архины  шилээр  цохисон гэж  хэлсэн....гэх мэдүүлэг / хх-ийн 15 хуу/

Гэрч Г.Оюунтөгсийн өгсөн:...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  манай гэрт миний  төрсөн өдрийг  урьдчилан тэмдэглэсэн юмаа. Тэгээд манай  гэрт нутгийн  2 ах  өглөө  орж ирээд  тал шил  архи ууж байсан юмаа. Би  баруун  өрөөндөө  Улаанбаатар хот явах  гээд  хувцасаа  бэлдэж байсан. Тэгээд байж байтал  Б ах  орж ирсэн. Б  ах ганц  нэг л  хундага татаж харагдсан. Удалгүй байж байтал  Б ахын эхнэр М  эгч орж  ирсэн.  Би баруун өрөөнд  байж байтал  Б ах  эхнэртээ  уурлаад  дуу нь  өндөрсөөд  ирсэн.  Тэгтэл гэрт байсан хүмүүс  бүгд гараад  явчихсан.  Б ахаас айж  байгаа хэрэг.  Би зүүн өрөөнд  яваад ортол  Б ах архины  шилээр эхнэрийнхээ  толгойд нь цохичихсон. Тэгээд  би та  яаж байгаа  юм бэ  гээд  тэвэрч аваад  баруун өрөөнд  тайвшруулж  хэсэг байлгасан. Тэгээд эмч  цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг / хх-ийн 17 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр  сарын 15-ны өдрийн № 61 дугаартай  дүгнэлт

1.Б. М  биед дух, зулайд шарх, зүүн нүдний зовхи, хамарт  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл  тогтоогдлоо.

2.  Дээрхи  гэмтэл нь  мохоо зүйлийн нэг  болон  түүнээс дээш  удаагийн  үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Биед учирсан гэмтэл нь амь насанд  аюулгүй байна.

5.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.   /хх-ийн 24 хуу/

Ц.Б яллагдагчаар өгсөн:...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ний  өглөө эхнэр М  бага зэрэг  ам муруйгаад  гэрээсээ гараад Хэнтий аймгийн  Дадал сумын  4 дүгээр багийн  Яргайтын 10-01 тоотод  Оюунтөгс гэдэг айлд очсон чиньОюунтөгс, Бокоо, Санжаа  гурав  нэг шил 0.75 литрийн архи  задлаад  уугаад сууж байсан.  Тэгээд надад архинаасаа хийж өгөхөөр нь  уусан.  Ингээд бид  дөрөв архи уугаад  сууж байтал  Сувдаа гэдэг эгч  орж ирсэн.  Тэгээд танай эхнэртэй утсаар ярья гээд  утсаа өгчих гээд  байхаар нь  би нилээн  дургүй утсаа  өгсөн чинь манай  эхнэртэй утсаар  ярьсан.  Би тухайн үед  Сувдаа эгчийг  эхнэртэй юу  ярьсан гэдгийг анзаараагүй, тэгтэл тун удалгүй манай эхнэр М  орж ирэхээр нь  би ууж байсан архинаасаа  хийж өгсөн чинь М хийж өгсөн архийг  маань  уучихаар нь миний  уур хүрээд  хүний хийж өгсөн архийг шууд уучихлаа  гэж дотроо бодоод  уугаад дуусаж байсан шилтэй архины шилээр  М толгойн  тус газарт  нь  нэг удаа цохисон чинь толгой нь хагарч  цус гарсан. Манай эхнэр  М сүүлийн  үед архи  уухаа боль гэхээр үгэнд орохгүй байсан. Би дотроо  архи  уулаа л  гэж тэрхэн зуур  дотроо  уурлаад  уураа барьж  чадалгүй архины шилээр  цохисон. Ингээд  М толгойноос  цус гараад тэнд байсан хүмүүс  чи яаж  байгаа  юм бэ  гэнэт юу  болов гээд  загнахад нь  нээрээ юу  хийчих вэ  гэж бодоод  тайвширсан.  Ингээд би  сумын  эмнэлэгийн  түргэн  дуудсан. Тэгээд  эмнэлэг рүү М хамт  явсан.  Би өөрийн  уурын  мунхагт  ийм зүйл  хийсэндээ  харамсаж байна. Эмнэлэг дээр очоод  манай эхнэр  М толгойд 6 оёдол тавьсан. Би өөрөө эхнэрээ  гараараа  цохиж өшиглөсөн асуудал  байхгүй. Өөрийн буруугаа  хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ  гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 2-4 хуу/

Ц.Б иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 39 хуу/

Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуу/

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолын  хуулбар /хх-ийн 41 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний маягт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 48-64 хуу/

Ц.Б нь Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 508 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж, 212 цагийн нийт тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байгаа болохыг тодорхойлсон эрүүгийн шийдвэр гүйцэтгэгчийн саналын хуулбар /хх-ийн 81 хуу/   

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 83-84 хуу/

 

Хохирогч Б.М гаргасан “Ц.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй, сайн дураар эвлэрсэн”  тухай /хх-ийн 82, 87 хуу/ тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б нь 2020 оны  01 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Дадал  сумын  4 дүгээр  баг Яргайтын 10-01 тоотод   согтуугаар хамтран амьдрагч  Б.М маргалдан толгойд нь архины  шилээр цохиж дух, зулайд шарх, зүүн нүдний зовхи, хамарт  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.М, гэрч Г.Оюунтөгс, Б.Баяржаргал нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч Б.М биед учирсан дух, зулайн шарх, зүүн нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 Иймд шүүгдэгч Ц.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Аймгийн Прокурорын газраас Ц.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн тусламж үзүүлсэн нөхцөл байлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 3 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь Хэнтий аймаг дахь  Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 06 дугаар  5-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор  оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд эдлээгүй үлдсэн 212 цагийн  хугацаагаар  нийтэд тустай ажил  хийлгэх  ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт  заасны дагуу  тус тусад нь эдлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 Хохирогч Б.М нь “Ц.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй, сайн дураар эвлэрсэн”  тухай тодорхойлолт гаргасан /хх-ийн 87 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Ц.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу    900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.Б  Хэнтий аймаг дахь  Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 06 дугаар  5-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор  оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 212 цагийн  хугацаагаар  нийтэд тустай ажил  хийлгэх  ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 900.000  төгрөгөөр  торгох  ялуудыг  тус тусад нь  эдлүүлсүгэй. 

5. Шүүгдэгч Ц.Б нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ