| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0720/Э |
| Дугаар | 713 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 713
2020 07 29 2020/ШЦТ/713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч З.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909026460835 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 07-нд Увс аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хүүхдийн хамт тоотод оршин суух, “Дөш Өрнөх” ХХК-д захирал ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З.Т /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч З.Т нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Х.Мөнгөнхуягтай машин руу чулуу шидлээ гэх шалтгаанаар маргалдаж заамдан авч газар унагаасан, хувцасны захаар хоолойг боох, нүүр рүү нь гараараа цохих зэргээр биед нь халдаж биед зүүн нүдний хараа 0,8 хувиар буурсан, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, эрүү, цээжний зулгаралт, зүүн шуу, баруун өвдөгний цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч З.Тыг 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Х.Мөнгөнхуягтай машин руу чулуу шидлээ гэх шалтгаанаар маргалдаж заамдан авч газар унагаасан, хувцасны захаар хоолойг боох, нүүр рүү нь гараараа цохих зэргээр биед нь халдаж биед зүүн нүдний хараа 0,8 хувиар буурсан, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, эрүү, цээжний зулгаралт, зүүн шуу, баруун өвдөгний цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч З.Тт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч З.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч З.Т нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Х.Мөнгөнхуягтай машин руу чулуу шидлээ гэх шалтгаанаар маргалдаж заамдан авч газар унагаасан, хувцасны захаар хоолойг боох, нүүр рүү нь гараараа цохих зэргээр биед нь халдаж биед зүүн нүдний хараа 0,8 хувиар буурсан, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, эрүү, цээжний зулгаралт, зүүн шуу, баруун өвдөгний цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Х.Мөнгөнхуягийн "...намайг нөгөө эмэгтэй алгадсаны дараа над руу урд талын болон хойд талын приүснээс 3-4 залуучууд гарч ирээд намайг зодсон. Тэгээд хойд талын приүсны жолооч гэх залуу бууж ирээд намайг боогоод би боолтод ороод амьсгалж болохгүй байдалд ороод баруун гараараа миний зүүн нүд хэсэг рүү нэг удаа цохисон тэхээр нь би нэлээн манараад зөрүүлээд гарыг нь тавиулах гээд зүүн нүд рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед хамт явж байсан хүмүүс намайг боолтод орж байх үед намайг цохисон. Ялангуяа намайг боогоод нүдэн тус газар цохиод биед гэмтэл учруулсан учраас болиулах арга хэмжээ авч нэг удаа цохисон. Улаан өнгийн приүс машины жолооч толгойн хойд хэсэг рүү хамт явж байсан залуу нь баруун хойд дагз хэсэг рүү цохисон. Улаан хүрэн өнгийн приүсэнд явж байсан эмэгтэй зүүн хацар хэсэг рүү алгадсан, цагаан приүсны жолооч эмэгтэй толгой хэсэг рүү цохиод байсан. Тэхээр нь улаан өнгийн машинд байсан 2 залуу, 1 эмэгтэй, цагаан өнгийн машинд байсан нэг эмэгтэй нэг эрэгтэй нар миний биед гэмтэл учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн №34 тоот актын “…Х.Мөнгөнхуягийн биед тухайн үед зүүн нүдний хараа 0.8 хувиар буурсан зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, эрүү, цээжний зулгаралт, зүүн шуу, баруун өвдөгний цус хуралт гэмтэл учирчээ. ...Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 50-54 дүгээр хуудас/,
яллагдагч З.Тын "...Мөнгөнхуяг манай дүү Батболдыг хөөж машин тойрч хөөж байгаад газраас замын чулуу аваад миний машины урд талын салхины шил рүү шидэж хагалсан. Дараа нь машины дорцов шидсэн. Миний машины урд салхины шил 2 хагарсан. Би машинаасаа буухад Мөнгөнхуяг миний өөдөөр гүйгээд ирээд миний зүүн талын нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би Мөнгөнхуягийг зөрүүлээд биеийнх нь зүүн нүд хэсэгт гараа цохиод барьцалдаж авсан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч З.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч З.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч З.Тт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч З.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч З.Тт 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч З.Тт 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч З.Т нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Тт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан З.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР