| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0075/Э |
| Дугаар | 085 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 085
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х,
улсын яллагч Т,
шүүгдэгч Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е ад холбогдох эрүүгийн 2013001070082 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 01-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Е , регистрийн дугаар УА84*******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Е нь согтуугаар 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр нь Ю г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Е мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013001070082 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ю гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
2. Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
3. Хохирогч Ю гийн биед учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
4. Шүүгдэгч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Е нь согтуугаар 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр нь Ю г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Ю гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...нөхөр Е нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өглөөний 09 цагийн үед гэрээсээ гараад яваад тухайн өдрийн 21 цагийн үед гэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Энэ үед нь чи хаагуур явж байгаад ирсэн, яагаад өдөр бүр архи уугаад байгаа юм гэх мэтээр асуухад чи намайг мэдэх болоогүй гэж хэлээд миний үснээс зулгааж, гараараа миний толгой хэсэг рүү цохиж мөн миний 2 гараас чанга бариад биеийн бусад хэсгүүдээр цохиж тухайн үед миний өмсөж байсан цамцны ханцуйн урсан, энэ үед би гэрээс гарах гэхэд гэрийн хаалгыг дотор талаас цоожилж аваад гаргаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
- Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Е ын гэрт очиход манай эгч Ю 2 хүүхдийн хамт байсан ба эгч Ю , хүргэн ах Е нар хоорондоо хэрэлдээд байхаар нь гарч яваад гэр лүүгээ харьсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай: "... иргэн Ю гийн биед тархины доргилттой, зулайны зүүн урд хэсэгт хавдартай, зулайны зүүн хойд хэсэгт хавдартай духны зүүн талд хавдартай, зүүн хацарт хавдартай, дагзанд хавдартай зүүн чихэнд ар хэсэгт эрүүний арын булан орчим хавдартай, эрүүний хөдөлгөөн хязгаарлагдсан зүүн бугалганы гадна хажууд цус хуралттай, зүүн тохойд хөх ягаан туяатай цус хуралттай зүүн бугалганы дотор хажууд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Ю гийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хадам дүү Ертай гэх залуутай цуг орой 21 цагийн үед гэртээ орж ирсэн энэ үед эхнэр намайг хаагуур явж байгаад ирж байгаа юм, архичин, тэнэмэл, гэх мэтээр хэл амаар доромжилсон энэ үед нь би урдаас нь хэрэлдэж би өдөр бүр архи ууж тэнэж явдаггүй гэх мэтээр хоорондоо хэрэлдэж энэ үед нь би уурласан урандаа эхнэр болох Ю г гараараа хэд хэдэн удаа цохисон юм үүнээс болоод эхнэр намайг цагдаагийн байгууллагад өгсөн. Би эхнэр Ю гаас уучлалт гуйж эвлэрсэн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний холбогдсон хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е нь эхнэр болох Ю г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Е ын хохирогч Ю гийн эрүүл мэндэд “тархины доргилттой, зулайны зүүн урд хэсэгт хавдартай, зулайны зүүн хойд хэсэгт хавдартай духны зүүн талд хавдартай, зүүн хацарт хавдартай, дагзанд хавдартай зүүн чихэнд ар хэсэгт эрүүний арын булан орчим хавдартай, эрүүний хөдөлгөөн хязгаарлагдсан зүүн бугалганы гадна хажууд цус хуралттай, зүүн тохойд хөх ягаан туяатай цус хуралттай зүүн бугалганы дотор хажууд хөх ягаан туяатай цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрээс хохирогчийг бие махбодын хүчирхийлэлд оруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
БӨ аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч Ю д асуулт тавьж, Аюулын зэргийн үнэлгээг тогтооход эрсдэлийн түвшин “дунд” гарч, цаашид шүүгдэгчийн зүгээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй талаар тэмдэглэжээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Е ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Е ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ю гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн бөгөөд хохирогчоос хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Е ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Е нь хохирогч Ю тай сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаартай саналд яллагдагч Е ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Е хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 47 дүгээр хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Е ад холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Е ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйгүй байна.
Шүүгдэгч Е ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е ыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Е нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Е ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т