| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0019/Э |
| Дугаар | 086 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 086
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
нарийн бичгийн дарга Х,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч К ,
шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б т холбогдох 2013000650043 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганц бие, БӨ аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, нийт эдлэх ялыг 4 сарын хугацаагаар тогтоож, уг баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр тогтоосон,
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож байсан ба Х аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 62 дугаартай захирамжаар Б ийн эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 14 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоохоор шийдвэрлэж байсан, Б , регистрийн дугаар БЙ97******.
Шүүгдэгч Б ийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь 2020 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө БӨ аймгийн Алтай сумын 1 дүгээр багт байрлах К ийн малын өвөлжөөнөөс 8 тооны хонь хулгайлан авч, иргэн Ж гийн цэнхэр өнгийн портер маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан аймгийн төвд хүргэж бусдад худалдсан,
2020 оны 2 дугаар сарын 02-ны шөнө 01 цаг 30 минутын үед БӨ аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн иргэн Н н хашаанд гэрийн гадна тавьсан Хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн улаан хүрэн өнгийн, улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000650043 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: - Мал хулгайлсан үйлдэлд
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-20 дугаар хуудас/,
2. Иргэн Ж н эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, иргэн Б ийн ачиж ирсэн гэх 8 хонийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 25-35 дугаар хуудас/
3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/
4. Хохирогч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-55 дугаар хуудас/,
5. Иргэний нэхэмжлэгч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,
6. Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
7. Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,
8. Гэрч Е мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/,
9. Малын үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэсэн БӨ аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газарт Мал эмнэлгийн тасгийн дарга И ийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,
- Мотоцикл хулгайлсан үйлдэлд
1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,
2. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
3. Хохирогч Н н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-60 дугаар хуудас/,
4. Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82-р хуудас/,
5. Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,
6. Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/
7. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас/,
8. “Мөнх эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин, К ын мотоциклийн үнэ тогтоосон 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 20/010 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 107 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
1.1. Шүүгдэгч Б нь 2020 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө БӨ аймгийн Алтай сумын 1 дүгээр багт байршилтай иргэн К ийн өвөлжөөнөөс 8 тооны хонийг хулгайлж, иргэн Ж н эзэмшлийн цэнхэр өнгийн Хьюндай портер загварын ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан БӨ аймгийн Ө сумын төвд ачиж ирж, иргэн С т 960.000 төгрөгөөр худалдаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-20 дугаар хуудас/,
- Иргэн Ж н эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, иргэн Б ийн ачиж ирсэн гэх 8 хонийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 25-35 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,
- Хохирогч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Алтай сумын 1 дүгээр багт “Шынтас” гэх газарт мал маллаж амьдардаг ба 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Уаз-469 загварын 2855 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Алтай сумын төвөөс эхнэр 2 хүүхэд, Б /хоч нэр А / нарын хамт тавуулаа аймгийн төвд ирсэн.
Тэр Б нь өнгөрсөн жилийн намраас хойш манайд ирдэг болсон. Б нь урьд өмнө Алтай сумын иргэн С гэдэг одоо нас барсан, тэр айлд явдаг байсан. Тэгэхэд хулгайн хэрэгт холбогдож ял аваад шорон руу явсан гэж сонссон.
Тэгээд 2019 оны 8 дугаар сард суллагдаж Алтайд ирсэн. Би сайн таньдаг учраас, мөн нэг омгийн хүмүүс болохоор ганцаараа ядарч яваа залууд туслан дэмжих зорилгоор Б ийг манайд байж бай гэж хэлсэн. Тэгээд надад тусалж, манай хонь малыг хариул яваад байсан.
...Тэгэхэд аймагт хамт ирчихэд, хойно мал эзгүй байхыг мэдсээр байж, аймгаас машин тэрэг хөлсүүлэн авч, 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр явж, тэр шөнө 02 цагт аймагт ирсэн гэсэн. Ирэхдээ манай өвөлжөөнөөс 8 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглаад хулгайлж, авч ирж малын ченжид зарсан байна.
...Би Б ийг тэгж хамт ирчхээд хулгай хийнэ гэдгийг огт мэдээгүй бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед хөдөө мал дээр үлдсэн манай дүү С над руу утсаар ярьсан ба, манай эндээс энэ шөнө машинаар мал ачиж явсан юм шиг байна, ул мөр нь, мөн мал тууж явсан хүний мөр байна гэж хэлсэн.
Тэгэхэд би аймагт байсан болохоор малын зах руу очсон ба, мал авдаг ченж нарын малыг үзсэн чин миний мал байсныг шууд таньсан юм. Ченж нараас хэнээ мал худалдаж авсныг асуухад нэг нь “нэг залуугаас авсан” хэмээн утасны дугаарыг хэлэхэд миний санаанд шууд Б ийн утасны дугаар орсон.
...Б тэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэв болж өгвөл түүний гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-55 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр буюу 1 дэх өдөр үл таних нэг залуугаас 8 хонийг 960.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би уг 8 хониноос нэг л хонийг 120.000 төгрөгөөр худалдсан байсан ба бусад 7 хонийг эзэнд нь буцааж өгсөн. Дараа нь үлдсэн 7 хонийг эзэнд нь хүлээлгэж өгөх үед өмнө өөр нэг хүнд зарсан нэг хонины үнэ болох 120.000 төгрөгийг өөрийн хохиролд авсан.
Б хулгайн мал авч ирсэн нь тодорхой болж цагдаагийн газарт шалгагдах явцад хэргээ хүлээн зөвшөөрч, өөрийн ашиглаж байсан хоёр гар утсыг надад өгсөн. Уг хоёр гар утас нь хоёулаа цоо шинэ гар утас байсан болохоор би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо миний зүгээс Б т холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,
- Гэрч Е мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд С ийн машинтай мал зарна гэсэн залуу бид гурав хамт очсон. Бид нар очиход хашаанд 8 тооны хонь байсан ба 2 эр хонь, 4 эм хонь, 2 багзаг хонь байсан. Тэгээд С бид хоёр уг залуутай үнэ ханшийг нь тохирч 8 хонийг 960 000 төгрөгөөр худалдаж авсан тухайн өдрийн мал худалдаж авсан. Тухайн өдрийн мал худалдаж авсан мөнгийг С гаргасан тэр өдөр би мөнгө гаргаагүй болно" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/
- Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Цэнгэл сумын харьяат ба Ө сумын 6 дугаар багт түр оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд Цэнхэр өнгөтэй портер маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ө сумын төв болон хөдөө гадаа хөлсөнд явж мөнгө олж амьдарч байгаа иргэн юм.
Тэгэхээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр амралтын өдөр байсан ба зах дээр таксины зогсоолд зогсож байхад шар өнгийн куртиктэй, улаан хүрэн ноосон оролттой туранхан шар царайтай, 20-25 насны орчим насны залуу ганцаараа надад ирсэн юм. Миний нэр А , Алтай суманд мал маллаж амьдардаг гэж өөрийгөө танилцуулсан юм. Тэгэхэд нөгөө залуу Алтай сумаас ахын өвөлжөөнд байгаа мал сүргээс өөрийн мал эзэмшлийн хэдэн мал ачиж ирэх гэсэн, хурим найр хийх ёстой, мөнгөний хэрэг гараад байна. Та таксинд явах уу хөлс хэд авах бэ гэж асуусан. Тэгээд би тэр залууд 1 км 1000 мянган төгрөгөөр явна, нийт хэдэн км явах бэ гэсэн. Тэгэхэд ирж очих 200 км гэсэн. Тэгээд 180.000 төгрөгөөр тохирч, 17-18 цагийн үед Алтай сум руу хөдөлсөн. Орой нь Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэсэн, би газрыг сайн мэдэхгүй болохоор нэг уулын аманд очиж зогссон. Тэгэхэд тэр залуу надад эндээс таны машин манай өвөлжөө рүү гарахгүй, та машинаа энд тавьчих, цуг явах уу гэхэд би “чи өөрөө явж малаа аваад ир” гэж хэлсэн. Тэр залуу яваад 2 цаг болсон ба 8 тооны хонь тууж ирсэн. Тэгээд уг 8 хонийг тэр залуу бид хоёр миний машинд ачиж аймаг руу шөнө 22 цаг хөдөлж, 02 цагийн үед ирсэн. Тэгээд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр бэлэн 180.000 төгрөг авсан.
...А гэдэг залуу, сүүлд нэр нь Б гэсэн ба надад миний өөрийн эзэмшлийн мал, мөнгөний хэрэг гарч байна. Тэгээд зарах болсон тухай ярьж байсан. Хэрэв хулгайн мал гэдгийг мэдсэн бол явахгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,
- Малын үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэсэн БӨ аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газарт Мал эмнэлгийн тасгийн дарга И ийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай: “БӨ аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт 2020 оны 1 дүгээр сарын байдлаар yас би гүйсэн эр хонь 130.000-150.000 төгрөг, эм хонь 100.000-120.000 төгрөгийн үнэтэй байсан. Мөн үнэлгээ хийсэн малыг хүснэгтийн хамт хүргүүлэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
1.2.Шүүгдэгч Б нь 2020 оны 2 дугаар сарын 01-нээс 02-нд шөнө БӨ аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Н н хашаанд гэрийн гадна тавьсан Хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 загварын улаан хүрэн өнгийн, улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,
- Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
- Хохирогч Н н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Алтай сумын төвд байдаг ба миний бие 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклээр сумын төв гудамжинд яаж байгаад үдээс хойш 17 цагийн үед хашаан дотор оруулаад гэрийн гадна тавьсан байсан. Тэгээд 2020 оны 2 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед босоод гадаа гарсан ба, гэрийн гадна тавьсан уг мотоцикл маань байхгүй, хүн унаад явсан сэжигтэй байсан ба хүний мөр байсан. Тэгээд шууд хулгайлсан гэж бодоод сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар мэдэгдсэн юм.
Тэгээд цагдаа нар ирж миний мотоцикл тавьсан гэх газарт үлдсэн хүний мөрийг хэмжиж, гэрэл зургийг авсан. Би энэхүү хулгайд алдсан гэх мотоциклийг 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр шинээр 1.350.000 төгрөгөөр аймгийн төвөөс худалдаж авсан юм. Уг мотоциклийг их унаагүй байсан ба, шинэ мотоцикл юм. Иймд хуулийн дагуу, гэмт хэрэг үлдсэн хүнийг олж тогтоож, хохиролгүй болгож өгнө үү.
...Би хулгайд алдсан мотоциклээ бүрэн бүтэн олж авсан. Энэ гэмт хэргийн улмаас надад учирсан ямар нэгэн хохирол байхгүй. Б т гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас/
- Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байсан ба өдрийн 12 цагийн үед манай гэрийн гадна Улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл, улсын дугааргүй, шинэ мотоцикл унасан шар царайтай 20 орчим насны залуу ирж зогссон юм. Тэгээд гэрт ороод цай ууж байхад би тэр залуугаас хаанаас явж байгаа талаар асуусан чинь Алтай сумаас Толбо сум руугаа мотоцикл зарахаар явж байна гэж хэлсэн. Тэгээд би тэр залуугаас нэрийг нь асууж, хэний хүүхэд гэдийг тодруулахад, “Алтай сумын иргэн С гэдэг хүний хүүхэд болно, А гэдэг” гэж хэлсэн. Тэр залуу цай ууж байхад мотоциклийн үнэ ханшийг тохирч зарна, та мотоцикл авах уу гэсэн утгатай зүйл ярьж суусан. Тэгээд би тэр залуугийн ерөнхий байдлыг ажиглахад сэжигтэй санагдсан ба ах нь мотоцикл авахгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,
- Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Буянт сумын Хөх эрэг багт гэртээ байсан ба, өдрийн 14 цагийн үед Алтай сумаас, Толбо сум руугаа мотоцикл зарна гэж улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл унасан хоч нэр нь А гэсэн 20 орчим насны залуу манай гэрт ирсэн. Тэгээд цай ууж байхад надад та мотоцикл авах уу, үнэ ханшийг тохирч зарна гэж хэлсэн. Тэгээд би тэр залуугаас энэ зарах гэж байгаа мотоцикл өөрийг чин мотоцикл уу, хэдэд зарах уу гэсэн. Тэгэхэд тэр залуу хямдхан зарна, яаралтай мөнгөний хэрэг гарч байна гэж хэлсэн. Тэгэхээр би тэр залууд итгээгүй, сэжигтэй байсан болохоор мотоцикл авахгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82-р хуудас/,
- Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өдрийн 16 цагийн үед манай гэрт Алтай сумаас явж байна, Толбо сум руу мотоцикл зарахаар явж байна гээд хар өнгийн дэлтэй, урт түрийтэй, цагаан улын гуталтай, шар сарайтай, 20-25 насны орчин залуу хүүхэд орж ирсэн. Тэгээд цай ууж байх үед надаас зам асууж, дараа нь улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг үнэ ханшийг нь тохирч зарна, авах хүн байна уу гэж асуух үед бид мотоцикл худалдаж авах боломжгүй гэж хэлсэн. Тэр хүн, яаруу сандруу, мөн сэжигтэй хүн шиг харагдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/,
- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...улаан хүрэн өнгийн Мустанг маркийн улсын дугааргүй шинэ мотоцикл байсан юм. Тэгэхээр би А аас энэ мотоциклийг хаанаас яаж авсан талаар асуухад аймагт хүний ажлыг хийж мөнгө олоод түүнд шинээр худалдаж авсан үнэ ханш нь тохирвол зарна гэж хэлж байсан. Тэгээд тэр Б нь манай гэрт хоноод маргааш өглөө 09 цагт аймаг руу явлаа гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас/,
- “Мөнх эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин, К ын мотоциклийн үнэ тогтоосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/010 дугаартай Мустанг-5 хуучин маркийн улаан хүрэн өнгийн мотоцикл 1 ширхгийн үнэ 850.000 төгрөг болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 107 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул тус тус гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгч К оос гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн тус тус тайлбар гаргаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
2002 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийг ердийн хулгайн гэмт хэргийн адил зүйлчилж байсан боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь 17.12 дугаар зүйл болгож хуульчилж өгсөн байна.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б нь: 1.Хохирогч К ийн хамт 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр БӨ аймгийн Алтай сумаас Ө сумын төвд орж ирээд түүний эзгүй үед буцаад Алтай сум руу тээврийн хэрэгсэл хөлслөн очиж өвөлжөөнөөс 8 тооны хонийг хулгайлснаар;
2. 2020 оны 2 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө БӨ аймгийн Алтай сумын төвд оршин суух иргэн Н н хашаан дотор гадаа тавьсан улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлснаар тус тус гэмт хэрэг төгссөн байна.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд тус гэмт хэргийг шүүгдэгч Б шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилготой үйлдсэн гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлж, мөн хэсгийн тайлбарт “олон тооны мал” гэж найман обог, түүнээс дээш малыг ойлгохоор тайлбарласан байна. Мөн мал хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашигласан” гэх гэмт хэргийн шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хуульчилсан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх ба шүүгдэгч Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх...” хууль зүйн үндэслэлд хамаарч байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К т 960.000 төгрөг, хохирогч Н д 850.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С т 960.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлийг хураан авч эздэд нь хүлээлгэж өгснөөр хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б ийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон 1 жил, 1 сар, 14 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил, 1 сар, 14 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч Б т холбогдох зүйл ангиар хорих ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан нийт эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож өгөхөөр дүгнэлтээ гаргаж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг .... цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, хүндрүүлэх нөхцөл байдалтай зэрэг нөхцөл байдалд тус бүрт дүгнэлт хийж, шүүгдэгчийн өмгөөлөгч К ын шүүгдэгч Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн холбогдох заалтыг журамлан ял оногдуулах санал нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан шүүгдэгч Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн 2 жил 8 сарын хорих ялаар тогтоож, Х аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ХМШЗ/62 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б ийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 14 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих 3 жил, 9 сар, 14 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Мөн улсын яллагч, өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн амьдрал ахуй зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийж түүгд оногдуулсан 3 жил, 9 сар, 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон 49 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж хуульчилсан байна. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж зохицуулсан тул шүүгдэгч Б ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд:
- мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б т 1 (нэг) жил, 8 (найм) сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан шүүгдэгч Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн 2 жил 8 сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Х аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ХМШЗ/62 дугаартай захирамжаар шүүгдэгч Б ийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 14 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих 3 жил, 9 сар, 14 хоногийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б т оногдуулсан 3 (гурав) жил, 9 (ес) сар, 14 (арван дөрөв) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б ийн цагдан хоригдсон 49 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т