Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0043/З |
Дугаар | 214 |
Огноо | 2018-04-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 214
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж,
Нэхэмжлэгч: Иргэн П.Д, Г.Б.
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны урамшууллыг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Д, Г.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгох” тухай 12 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын а, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаар албан бичгийг тус тус үндэслэн тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны дэгийн 6.1, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Д, Г.Б нарын хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Ийнхүү дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хурлын төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүчингүй болгосон нь тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар дээрх 12 дугаар тогтоол нь илт хууль бус захиргааны акт байна.
Учир нь нэгэнт сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүчингүй болгох эрх Сонгуулийн тухай хуулийн дагуу тухайн дүүргийн Сонгуулийн хороо шийдвэрлэх эрхтэй байтал дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шийдвэрлэж байгаа нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байна. Ийнхүү илт хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, албан үүргээ биелүүлэх боломжгүй болж байна.
Захиргааны хэргийн гурван шатны шүүхээс Л.М, Р.О нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хангаж, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл болон тус дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай” 16 дугаар тогтоолын 07 дугаар хороо буюу П.Д, Г.Б нар холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Ийнхүү шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” албан бичгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн боловч Сонгуулийн тухай хуулиар олгогдсон Сонгуулийн хорооны бүрэн эрхийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас эдэлж төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн илт хууль бус захиргааны акт байна.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4/28915 тоот албан бичгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Б-Э*******д хаяглан хүргүүлсэн байна. Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх, зохих акт гаргах, дахин сонгууль зарлах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал уг асуудлыг дур мэдэн шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Дүүргийн Сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн үр дүнд байгуулагддаг бүрэн эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны бие даасан байгууллага тул тус байгууллагын шийдвэрийг хянах, хүчингүй болгох эрх хэмжээ өөр бусад байгууллага болон гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий дээд шатны байгууллага байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу эрхээ сэргээлгэхээр 30 хоногийн хугацаандаа шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.
Гурван шатны шүүхийн дээрх шийдвэрээр хариуцагч буюу Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд шийдвэр биелүүлэхийг даалгасан байхад ийнхүү дур мэдэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэхэмжлэгч нарын эрхийг зөрчиж бүрэн эрхийг хүчингүй болгосон шинээр акт гаргасны улмаас нэхэмжлэгч нар албан үүргээ биелүүлэх, цалин хөлс, урамшуулал авах боломжгүй болж, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул маргаан бүхий дээрх 12 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс урамшууллыг хариуцагчаас нэхэмжлэгч нарт олгож өгнө үү.
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгох” тухай 12 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны урамшууллыг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: "Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ардчилсан намаас нэр дэвшигч Л.М, Р.О нар сонгуулийн дүнг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна. Захиргааны 3 шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэжээ. Иймээс 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад хүсэлт гаргасан байна.
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0071 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3. Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0071 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад мэдэгдэл хүргүүлсэн. Албан бичигт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг сайн дураараа биелүүлэх хугацааг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2017/5299 дүгээр шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс хойш 14 хоногоор тогтоож, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр эхлүүлэхийг мэдэгдэж байна гэжээ.
Уг асуудлаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 322 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Б-Э*******д, Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Г*******од 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 323 дугаар хавсралт 36 хуудас бүхий албан бичгээр хүсэлт хүргүүлсэн байна. Уг бичигт 3 шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч тал нь Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо тул шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллахыг хүссэн байна. Үүнд хариу ирүүлээгүй болно.
Уг асуудлыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 13 дугаар хуралдаанаар, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хууль зүй, төрийн байгуулалт хариуцсан ажлын хорооны хуралдаанаар тус тус орж 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар хуралдаанд оруулан хэлэлцэн шийдвэрлүүлэхийг дэмжсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2017 оны 02 дугаар хуралдаанаар дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэлийн Сонгуулийн хороонд болон хувийг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/29711 дүгээр албан бичгээр ирүүлсэн.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “а” дахь заалтуудыг үндэслэн хуралдаанаар авч хэлэлцэн шийдвэрлэсэн.
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 01/02 дугаар тогтоолын хавсралтын 10 дугаарт бүрэн эрх нь баталгаажсан П.Д, 11 дүгээрт бүрэн эрх нь баталгаажсан Г.Б нарын хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэлэлцэн хурал өөрийнхөө тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нарын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгосон тогтоол нь шүүхийн шийдвэр юм.
Иймээс нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 12 тоот тогтоолыг илт хууль бус тогтоолд тооцож өгнө үү гэсэн шаардлага нь хуул зүйн үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн П.Д, Г.Б нараас Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны урамшууллыг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгох” тухай 12 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн Хуулийн Тавьдугаар зүйлийн 2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн “а”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаар албан бичгийг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01/02 дугаар тогтоолын хавсралтын 10 дугаарт бүрэн эрх нь баталгаажсан П*******ын Д*******, 11 дүгээрт бүрэн эрх нь баталгаажсан Г*******ийн Баяраа нарын Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг тус тус хүчингүй болсонд тооцсон байна.
Нэхэмжлэгч нар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар болон иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад дээрх тогтоолыг гаргасан гэж үзэн илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.М, Р.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл болон Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшигчдийг сонгосонд тооцох тухай” 16 тоот тогтоолын 07 дугаар хороо буюу П.Д, Г.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0071 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох тухай, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүйд тооцох бөгөөд тэдгээрийг дахин хэрэглэхгүй.” 134.6-д “Шийдвэр гүйцэтгэгч хүчингүйд тооцсон захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хэрэгжүүлэхгүй байх талаар уг захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг үндэслэн тодорхой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, эрх олгох эрх бүхий байгууллага, хариуцагч болон гуравдагч этгээдэд мэдэгдэл хүргүүлж, биелэлтийг хангуулна.” гэж заажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5299 дүгээр захирамж гарч, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт: “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй ...” гэж тус тус зааснаар аливаа этгээд биелүүлэх учиртай бөгөөд шүүхийн шийдвэрийг зөвхөн хэргийн оролцогч биелүүлэх ёстой гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:”, 18.1.1 дэх хэсгийн “а”-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;” гэж зааснаар хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудлыг шийдвэрлэн тус хурлын 2016 оны 01/02 дугаар тогтоолоор баталгаажуулсан төлөөлөгч П.Д, Г.Б нарын бүрэн эрхийг хүчингүй болгосон нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.” гэж заасантай нийцсэн байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж зааснаар Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолыг гаргахдаа хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн үндэслэлээр мэтгэлцдэг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт сонсох ажиллагаа явуулахгүй байж болох тохиолдлыг зохицуулсан байна.
Шүүх, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай” 16 дугаар тогтоолын 07 дугаар хороо буюу П.Д, Г.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосныг үндэслэн хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэгч нарын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Д, Г.Б нарын бүрэн эрхийг хүчингүй болсонд тооцжээ. Дээрх тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол;” гэж заасныг төсөөтэй хэрэглэж хариуцагчийн сонсох ажиллагаа явуулаагүйг буруутгах боломжгүй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “а”, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д, Г.Б нарын “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгох” тухай 12 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны урамшууллыг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Д