Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2021/0128/З |
Дугаар | 221/МА2022/0201 |
Огноо | 2022-03-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0201
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н
Нэхэмжлэгч “А” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг
Хэргийн индекс: 128/2021/0128/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-014840 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн А ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, цар тахлын хүнд нөхцөл байдалд Монгол Улсад хөрөнгө оруулагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
3.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгтээ “...Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 8/2125 дугаар албан бичгээр “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.М-ныг оролцуулан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 50 минутанд явуулсан “Сонсох ажиллагаа явуулсан, материал хүлээлцсэн тэмдэглэл”-ийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “...Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан ажиллагааг тус тус явуулаагүй, хуулийг зөрчиж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 368 шийдвэр гаргасан” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм” гэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй, хэргийн үйл баримтад буруу дүгнэлт өгөх үндэслэл болжээ.
3.2.1. Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 шийдвэрийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсох зэрэг ажиллагааг хийх ёстой байсан уг ажиллагааг хийгээгүйгээр 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр маргаан бүхий актыг гаргасан, харин маргаан бүхий актыг гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сонсох ажиллагаа хийж нотлох баримт цуглуулсныг Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлийг хэрэгжүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй байна.
3.3. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж зааснаас үзэхэд төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын тухай хуулийн 56.4-т заасан шийдвэр гаргахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг сонсож, тухайн үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийх агуулга бүхий зохицуулалт юм. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн мэдэгдэл хүргүүлснээр эсхүл тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргасны дараа сонсох ажиллагаа хийснийг Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26-д заасныг хариуцагч хэрэгжүүлсэн мэтээр дүгнэлт хийсэн нь Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн агуулгад нийцэхгүй хэлбэрийн шинжтэй дүгнэлт болж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гарах үндэслэл боллоо.
4. Анхан шатны шүүхээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг “...албан татварын нэг төрөл” гэж зөв дүгнэсэн ч Татварын ерөнхий хуульд заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас албан татвар төлөх хугацааг хойшлуулах зохицуулалт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарахгүй гэж хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тусгайлсан хууль буюу Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар зохицуулалт байхгүй тул хууль хэрэглээний нийтлэг зарчмын дагуу Татварын ерөнхий хуулийн зохицуулалт энэ харилцаанд үйлчлэх ёстой. Түүнчлэн нэхэмжлэгч аж ахуйн нэгж давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон нөхцөл байдалтай байгааг МХАҮТ-иас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргаж өгсөн, дэлхий даяар ковид-19 цар тахлын улмаас иргэдийн хөдөлгөөнийг хаах, хорио цээрийн дэглэм тогтоох ажиллагаа 2020 онд эрчимтэй явагдаж байсан үйл баримт нийтэд илэрхий байгаа болно.
4.1. Энд нэг гол зүйлийн онцлон тэмдэглэхэд тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь анхнаасаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөхөөс зайлс хийгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ мэдсээр байж зөрчөөгүй харин давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөх хугацааг хойшлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэл авсан цагаасаа төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж сонсох ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхийг хүссээр ирсэн боловч захиргааны байгууллага уг ажиллагааг хийлгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмын агуулгад нийцэхгүй байна. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр 263,834,500 төгрөг, алданги 23,745,105 төгрөгийг хүсэлт гаргасан хугацаандаа төлсөн байгааг шүүх анхааран үзэж өгнө үү.
4.2. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Маргаан бүхий акт
-Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн МҮ-014840 дугаар тусгай зөвшөөрөл”-ийг цуцалж,
-Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар албан бичгээр “...2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн талбайн төлбөрийг хойшлуулах тухай” 02 дугаар албан бичгийг хүлээн авч, танилцаад .... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу буюу 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байсан бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь хэсэгт тус тус зааснаар ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжтой байсан хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байсан” гэж тус зөвшөөрлийн төлбөрийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэж шийдвэрлэж,
-Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр “...танай 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/05 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06/20 дугаар албан бичгүүдтэй танилцаад .... “....ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжтой байсан хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байсан, тул ... 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр цуцалсан, ... танай компанийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/05 тоот, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06/20 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 50 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн бөгөөд танай хүсэлтийн дагуу ... ээлжит төлбөрийг төлөх хугацааг 6 сараар сунгах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэж шийдвэрлэсэн байна.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн талбайн төлбөрийг хойшлуулах тухай” 02 дугаар албан бичгийг хүргүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар албан бичгээр “... тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжтой байсан хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байсан” гэж хариу мэдэгдэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 368 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн цуцалж, үүний дараагаар нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/05, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06/20 дугаар албан бичгүүдээр “...давагдашгүй хүчин зүйлийн улмаас ХҮ-014840 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тул энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаж, ... 2020 оны 10 дугаар сард багтаж сонсох ажиллагаа явуулж тус компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх боломж олгоно уу” гэх хүсэлтийн хариуд хариуцагчаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр “...танай компанийн ... албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу ... журмын дагуу сонсох ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн бөгөөд компанийн зүгээс гаргасан баримт бичиг, саналтай танилцахад ... ээлжит жилийн төлбөрийн төлөх хугацааг 6 сараар сунгах боломжгүй” гэж шийдвэрлэсэн бөгөөд мөн хэрэгт тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлсөн талаарх болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” 02/477 дугаар Certificate зэрэг авагдаж, үүгээр “А” ХХК-ийн хөрөнгө оруулагч нар Монгол Улсад хүрэлцэн ирэх боломжгүй болж, гэрээ хэлэлцээр хойшлогдсон тул энэ жил төлөвлөгөөт хөрөнгө оруулалт хийгдээгүй гэж үзэж, нэхэмжлэгч компанийг санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон ба өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрын 2020 онд хамаарах тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, мөн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил олгогчийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж “А” ХХК-д гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогджээ.
4. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа тодорхойлж, нотлох баримтуудаа хавсарган ээлжит жилийн төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан, ээлжит төлбөрөө төлсөн байхад түүнийг анхаарч үзэлгүйгээр /төлбөрийг алдангийн хамт төлсөн/ тусгай зөвшөөрлийг шууд цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3-д заасантай нийцээгүй” гэсэн үндэслэлээр маргасан байна.
4.1. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн талбайн төлбөрийг хойшлуулах тухай” 02 дугаар албан бичгээр, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 03 дугаар албан бичгүүдээр тусгай зөвшөөрлийн төлбөр болох 263,834,387.5 төгрөгийг төлөх хугацааг 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх буюу 6 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлтийг гаргаж байсан бөгөөд эдгээр хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагаас хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шууд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтаар цуцалсан нь үндэслэлгүй болжээ.
4.2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “... бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “... 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 24.5-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй” 25 дугаар зүйлийн 25.1.2-д “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус зааснаас үзвэл, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөхийг хойшлуулах талаар нэхэмжлэгчээс маргаан бүхий “368” дугаар шийдвэр гарахаас өмнө захиргааны байгууллагад мэдэгдсэн байхад хариуцагчаас нэхэмжлэгчийн оролцоо, түүний тайлбар, санал гаргах боломж, нотлох баримт цуглуулах боломжийг олголгүйгээр шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.
4.3. Нэхэмжлэгч маргаан бүхий 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “368” дугаар шийдвэр гаргахаас өмнө тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 6 сарын хугацаанд буюу /2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 287,579,605 төгрөг/ төлсөн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г үндэслэн төлсөн байхад, анхан шатны шүүх “.. хуульд холбогдох эрх бүхий байгууллагаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, ... аливаа асуудлыг зохицуулаагүй” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу.
4.4. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт гарсан цаг хугацаа, түүнд заасан хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд арилсан байгаад шүүхээс дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчийг зөвтгөсөн нь буруу тул давж заалдах шатны шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног буюу “боломжит хугацаа”-г хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй ч, хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөлийн талаар нэхэмжлэгчээс “холбогдох нотлох баримт, тайлбар, мэдэгдэх, сонсгох, бодит нөхцөл байдал” зэрэг холбогдох ажиллагааг явуулалгүйгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчимд нийцээгүй гэж үзнэ.
5. Түүнчлэн анхан шатны шүүхэс хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан өдөр, нэхэмжлэгч хуулийн этгээдийн “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх бодит нөхцөлийн талаар, хариуцагчаас түүнтэй холбоотой сонсох ажиллагаа” явуулсан байдал бий болсон байгааг анхаараагүй, захиргааны шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалд тохироогүй, хэргийн нөхцөл өөрчлөгдсөн байгаад дүгнэлт хийгээгүй зөвхөн “хуульд заасан хугацаанаас өмнө төлбөр төлөх байсан” гэж үйл баримтыг дүгнэж, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
5.1. Нэхэмжлэгчийн зүгээс “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “368” дугаар шийдвэрийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсох зэрэг ажиллагааг хийх ёстой байсан, уг ажиллагааг хийлгүй маргаан бүхий актыг гаргасан” нь хуульд нийцээгүй гэж маргаж байхад маргаан бүхий акт гарснаас хойш буюу хариуцагчаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сонсох ажиллагаа хийж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дахь хэсгүүдийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй юм.
6. Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэснийг уг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны шийдвэр гарах хүртэл тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төлбөрийг төлөөгүй байх тохиолдолд хэрэглэх нь хуулийн зорилго ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хойшлуулах тухай хүсэлт гаргасан энэ тохиолдолд захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлыг тогтоож, холбогдох ажиллагааг хийж захиргааны акт гаргах нь зорилгод илүү нийцэхээр байна. Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар зохицуулалт байхгүй ч тусгай зөвшөөрлийн төлбөр нь албан татварын нэг төрөл бөгөөд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж хуулийн нэр томъёог тодорхойлж, 6.1.41.г-д “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 цар тахалтай холбогдуулан гарсан 2020 оны 30, 39, 63, 102, 103 дугаар тогтоолыг үндэслэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” 02/477 дугаар гэрчилгээг нэхэмжлэгчид олгосон, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөхөөс зайлс хийгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ мэдсээр байж зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд харин давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөх хугацааг хойшлуулах хүсэлттэй байгаагаа хариуцагчид 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар албан бичгээр, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 03 дугаар албан бичгээр, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/05 дугаар албан бичгээр, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05/20 дугаар албан бичгээр илэрхийлсэн байхад хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зохицуулсан байхад мэдэгдэл өгөөгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох нотлох баримт, тайлбар авах, мэдэх сонсох ажиллагаа зэргийг явуулаагүй атлаа “тусгай зөвшөөрлийн төлбөрийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэж татгалзсан хариу өгсөн нь хууль бус байна.
6.1. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41, 6.1.41.г-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 368 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-014840 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын ашиглалтын МҮ-014840 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН