Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01523

 

Ө.А, Ө.А нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00902 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1242 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ө.А, Ө.А нарын

         Хариуцагч: Ө.А, Д.О нарт холбогдох     

         11.418.266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч Ө.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хариуцагч Ө.А, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

    Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ: Ө.А, Д.О нар 2005-12-02-ны өдөр Ө.Ааас 13 сая төгрөгийг 5 хоногийн хугацаатай, 2% хүүтэй зээлсэн. Гэвч хариуцагч нар нь төлбөрийг тохирсон хугацаандаа төлөөгүй. Төлбөрөө нэхэхэд Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах 6 дугаар байрны нэг өрөө орон сууцаа зараад өрөө төлье гэсэн байдаг. Тухайн үед орон сууцыг худалдан авах гэж байсан хүн нь худалдан авахаа больсон учраас  “энэ байрыг авах уу” гэх саналыг Ө.Ад тавьсан. Ө.А нь  дүү Ө.Ад орон сууц худалдан авч өгөх гэж байсан учир орон сууцыг тухайн үеийн ханш болох 9 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Өмчлөх эрх  Ө.Агийн нэр  байдаг. Үлдэх 4 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээлж авахаар болсон. Ө.Аын нэр дээр шилжсэн нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьж, 4 сая төгрөгийг зээлж авч, хариуцагч нар банкны зээлийн графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч нар Худалдаа хөгжлийн банкинд төлөх ёстой байсан 4 сая төгрөгийг төлөөгүй. Ө.А нь үндсэн төлбөр 3,264,883 төгрөг, хүү 1,683,099 төгрөгийг 2015 онд төлж дуусгасан. Гэтэл хариуцагч нарын шилжүүлсэн орон сууцны хууль ёсны өмчлөгч нар гарч ирж, Ө.А, Д.О нарыг хууль бусаар бидний өмчлөлийн орон сууцыг бусдад зарсан байна гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн журмаар шалгуулсан. Ө.А, Д.О нарын орон сууцыг шилжүүлсэн үйлдлийг хууль бусаар бусдын өмчлөх эрхэд халдсан байна гэж үзэж, Ө.Агийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон. Иймд Ө.А, Д.О нар Ө.А, Ө.А нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байдал үүссэн. Талуудын хооронд мөнгө өгсөн, авсан тооцоо байдаг учраас нэхэмжлэгч тооцоог гаргаж, хариуцагч нараас 11,418,266.97 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Байрыг буцаан өгсөн учраас байрны үнэ болох 9 сая төгрөг, банкнаас зээлсэн 4 сая төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 736,000 төгрөг, хүү 1,683,099 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

      Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: 2005 онд Ө.Ааас 8 сая  төгрөг зээлж аваад 10 хоногийн хугацаатай буцааж өгсөн. Гэтэл Ө.А нь надаас ямар ч үндэслэлгүйгээр хүү гэж 4 сая төгрөгийг авсан. Үүний дараагаар 2005 онд 13 сая  төгрөг авсан нь үнэн. Тухайн үед ямар нэгэн хүүтэй зээлийн гэрээ хийгээгүй бөгөөд аман тохиролцоогоор авсан байдаг. Тухайн үед банкны зээл бүтээгүй учир мөнгийг нь өгч чадаагүй учраас ахынхаа 1 өрөө байрыг түр хугацаагаар шилжүүлж өгсөн. Гэтэл Ө.А нь Худалдаа хөгжлийн банкнаас бидний байрыг барьцаалж 4 сая  төгрөгийн зээл авсан бөгөөд тус мөнгийг миний бие төлж барагдуулсан. Өмнө нь авсан 4сая  төгрөгийг хасаж тооцоогүй байна. Мөн бидний байрыг тавьж авсан зээл болох 4  сая төгрөгийг бид төлж барагдуулсан. Өнгөрсөн хугацаанд бид эд материалын болон бусад байдлаар төлж байсан. Иймд нэхэмжлэгч нь 2005 онд авсан зээлийг ямар үндэслэлээр надаас 2017 онд шаардаж байгааг ойлгохгүй байна. Учир нь Иргэний хуульд гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэсэн байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 9 сая  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00902 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Ө.А, Д.О нараас 11,418,266.97 төгрөгийг гаргуулж Ө.А, Ө.А нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 57 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгож, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 197 643 төгрөгийг гаргуулж  Ө.А, Ө.А нарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1242 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00902 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч Ө.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ө.А миний бие өвчний учир анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр орж чадаагүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд өөрт байгаа нотлох баримтаа өгөх гэсэн боловч нотлох баримтыг хүлээн аваагүй, хэргийг шийдсэн явдалд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахад хүсэлтийг хангалгүй орхисон. Миний бие банкнаас авсан зээлийн өрөнд 4 сая төгрөг төлсөн бөгөөд энэ баримтыг гаргуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээн аваагүй.Би  давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байхад намайг байлцуулахгүй мөн шүүх хуралдааны товыг надад мэдэгдэлгүй шүүх хуралдааныг хийсэн нь иргэн миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь надаас 3 сая төгрөгийг үнийн дүн бүхий бараа материалыг авч байсан боловч шүүх хуралдаанд мөн худал тайлбарыг өгсөн байдаг. Өөрсдөө шүүх хуралдаанд ирж албан ёсны тайлбар ч гаргаагүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Миний бие Худалдаа хөгжлийн банкинд хариуцагчийн өмнөөс зээл төлж байсан талаарх баримтаа гаргуулж, нотлох баримтын хүрээнд асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн өөрийн биеэр шүүх хуралдаан оролцох хүсэлтэй байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ө.А, Ө.А нар нь 2017-11-16-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Д.О, Ө.А нараас 13,000,000 төгрөгийн зээлээс үлдсэн 9,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгөөс үлдсэн 736,000 төгрөг, хүү 1,683,099 төгрөг нийт 11,418,266 төгрөг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн 9,000,000 төгрөгийн шаардлагаас бусдыг нь  зөвшөөрөөгүй маргасан байна.    

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

      Зохигч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт буй баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ. 

       Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

       Хариуцагч нар  нэхэмжлэлээс 2,418,266 төгрөгийг эс зөвшөөрсөн  тайлбараа  нотолж чадаагүй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

       1/. Ө.А нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон /хх 35/, уг итгэмжлэлийн дагуу Э.Сайнсанаа Ө.Аыг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон /хх 100/ байх тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна. 

       2/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32  дугаар зүйлийн 32.1, 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно. Төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно.

      Ө.А нь шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаагүй /хх 115/-с гадна өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан баримт хэрэгт байхгүй тул шүүх хуралдаанд Ө.Аыг биечлэн оролцуулаагүй гэх гомдол   магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна. Зохигч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу хүлээнэ.    

       Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00902 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1242 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ө.Аын гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 197.643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ