| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0073/Э |
| Дугаар | 090 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 090
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
нарийн бичгийн дарга Х,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Ф,
хохирогч А ,
хохирогчийн өмгөөлөгч З
шүүгдэгчийн өмгөөлөгч Т ,
шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2013000790071 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, аав ээж, дүү нарын хамт амьдардаг, БӨ аймгийн Ц сумын 1 дүгээр багт оршин суудаг, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б , регистрийн дугаар БЛ98******.
Шүүгдэгч Б ы холбогдсон хэргийн талаар:
Б нь 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үедЦ сумын 8 дугаар багт байрладаг иргэн А гийн “Б ” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы даруулгыг төмрөөр гөнжиж хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн хяналтын камерын цахилгаан утсыг тасалж лангуун доор цагаан өнгийн харцаганд хийсэн 80.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Хулгайлсан 80.000 төгрөгийн бүгдийг нь зарцуулсан. Нэгж гэх мэт зүйл авсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хохирогч А мэдүүлэхдээ: 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Давст нуур гэдэг газарт хамаатны хүнээ эргэхээр явж шөнө 23 цагт гэртээ ирсэн. Гэрт ирж дэлгүүрээ шалгахад дэлгүүрийн хаалгыг нээж, камерын утсыг тасалсан байхаар хүү бид хоёр сумын цагдааг дуудсан. Б миний бүх хохирлыг төлж өгсөн. Гэм буруугаа ойлгосон. Б д ямар нэгэн гомдол саналгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000790071 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/,
2. Сэжигтэн Б ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/,
3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
4. Хохирогч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,
5. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
6. БӨ аймгийнЦ сумын үнэлгээ тогтоох комиссын дарга, шинжээч Н ын 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/
7. Шүүгдэгч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б нь 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед БӨ аймгийнЦ сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, иргэн А гийн “Б ” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы даруулгыг төмрөөр гөнжиж хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн хяналтын камерын цахилгаан утсыг тасалж лангуун доор цагаан өнгийн харцаганд хийсэн 80.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/
- Сэжигтэн Б ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/
- Хохирогч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 09 цаг 30 минутын үед Хөдөө “Загаст нуур” гэх газар луу хүү Б ийн хамт цайлаганд явсан. Тэгээд орой гэртээ ирэх үед манай хүү Б камер тасарсан байна, хүн орсон юм биш үү гэсэн. Бид ирэх үед байшин талын хаалга цоожтой байсан бөгөөд дэлгүүр лүү ороход дэлгүүр дотор байсан камерын утас тасарсан байсан. Тэгээд дэлгүүр талын хаалгыг үзэхэд гаднаас орох хаалганы цоожны даруулгыг эвдсэн байсан. Тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед дэлгүүр дотор лангууны доор цагаан өнгийн харцаганд хийсэн орлогын мөнгө байсан. Ямар ч байсан 100.000 төгрөгөөс доош байсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,
- Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 09 цаг 30 минутын үед Хөдөө “Загаст нуур” гэх газар луу ээжийн хамт цайлаганд явсан. Тэгээд орой гэртээ ирэх үед манай дэлгүүрийн камер тасарсан байна, хүн орсон юм биш үү гэж ээждээ хэлээд дэлгүүр лүү ороход дэлгүүр дотор байсан камерын утас тасарсан байсан. Тэгээд дэлгүүр талын хаалгыг үзэхэд гаднаас орох хаалганы цоожны даруулгыг эвдсэн байсан. Тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
- БӨ аймгийнЦ сумын үнэлгээ тогтоох комиссын дарга, шинжээч Н ын 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн “0.6 х 1.2 метрийн харьцаатай модон хаалга 2020 оны 2 дугаар сарын байдлаар 65.000 төгрөгийн үнэ ханштай байна.
Хяналтын камерын цахилгааны утас 2020 оны 2 дугаар сарын байдлаар 70.000 төгрөгийн ханштай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/
- Яллагдагч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Шарипын “Б ” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдний амбаарын хаалга нь онгорхой байхаар нь цааш нь дотогшоо орох гээд дэлгүүрийн хаалгыг татаж үзэхэд хаалгыг төмрөөр хадчихсан байхаар нь уг төмрийг карманд байсан төмрөөр хөшиж хаалгыг нээж дэлгүүр рүү орох гэхэд дахиад нэг модон хаалга байсан ба тэр хаалга нь цоожгүй байсан. Тэгээд хаалгыг онгойлгож дотрыг харахад хяналтын камер байхаар нь үүдэнд байсан төмстэй уутыг суллаж байгаад толгойндоо өмсөж аваад дэлгүүр рүү орж хяналтын камерын утсыг салгасан. Тэгээд лангууны ар талыг очиж үзэхэд нэг цагаан өнгийн хуванцар харцаганд мөнгө байсныг аваад гарсан. Би дэлгүүрээс авсан мөнгөө гэртээ очоод тоолж үзэхэд 80.000 төгрөг байсан. Хохирлыг бүрэн барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч А гийн БӨ аймгийнЦ сумын 8 дугаар багт байрлах хүнсний дэлгүүрийн хаалганы даруулгыг төмрөөр гөнжиж эвдэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба хохирогч болон түүний өмгөөлөгчөөс гомдол саналгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь нууцаар, далд аргаар үйлдэгдэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хангалттай тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нь нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна гэж үзэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Б нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, иргэн А д бэлэн 80.000 төгрөг, хаалганы үнэ 65.000 төгрөг, хяналтын камерын утасны үнэ 70.000 төгрөгийн хохирол учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх эд зүйлсийн үнийг хохирогч А д бүрэн төлж хохирол, хор уршгийг арилгасан, мөн хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б нь хохирогч А тай сайн дураараа эвлэрч, хохирлыг барагдуулж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай саналд яллагдагч Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзав.
Иймд шүүгдэгч Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 15 см урт, 0.7 см өргөн хар өнгийн хуучин, нэг талын үзүүр нь разве боолттой төмрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолон нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 15 см урт, 0.7 см өргөн хар өнгийн хуучин, нэг талын үзүүр нь разве боолттой төмрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг БӨ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т