| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0081/Э |
| Дугаар | 091 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 091
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Т ,
шүүгдэгчийн өмгөөлөгч З ,
шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б т холбогдох эрүүгийн 2013000740069 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав ээж, эгч дүү нарын хамт амьдардаг, БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б , регистрийн дугаар БВ96******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр БӨ аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Хуст гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 2.79 мЗ мод бэлтгэж байгаль орчинд 167.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Б ээс мэдүүлэхдээ: 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр би нагац ахынхаа хүүхэд буюу найзтайгаа хамт очиж гараараа жаахан мод түүж бэлтгэсэн. Гэхдээ мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй байсан. Тээврийн хэрэгсэл Ж ы эзэмшлийн Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Би ойн санд учруулсан гэх 502.200 төгрөгийн хохирлыг барагдуулж өгсөн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000740069 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
З. Эд мөрийн баримтаар сүх хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,
5. Гэрч С.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
6. Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
7. Гэрч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
8. БӨ аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
9. Шүүгдэгч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан байх ба шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч З аас гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр БӨ аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хуст” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 2,79 мЗ мод бэлтгэж байгаль орчинд 167.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар сүх хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтээр гарсан 167.400 төгрөгийн хохирол учруулсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.1 дэх хэсэгт учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх ёстой. Ингэхлээр 502.200 төгрөг болж байгаа юм. Уг мөнгийг яллагдагч бүрэн төлж барагдуулсан байгаа, одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,
- Гэрч С.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө А ын хүүхэд Б хажуудаа хоёр залуу дагуулж нэг сүх барьж ирсэн. Тэгээд А гэгчээс өнгөрсөн зун 6.500.000 төгрөгөөр худалдаж өөрийн ******* улсын дугаартай, УАЗ-469 маркийн машинаар 10 цагийн үед Хуст гэх газрын ойд очиж тэндээс мод бэлтгэж ачиж ирж байгаад цагдаад баригдсан. Надад А тусгай зөвшөөрөл байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
- Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өглөө 39 цаг өнгөрөөд А ын гэрт очсон. Тэгээд Б , Е бид гурав С.Ж ы УАЗ-469 маркийн саарал өнгийн чиргүүлтэй машинаар Хуст гэх газар очиж мод бэлтгэж ачиж ирж байгаад цагдаад шалгуулсан. Би мод бэлтгэх тусгай зөвшөөрөл байна уу гэж асуухад надад Е гэгч хүнээс мод бэлтгэх тусгай зөвшөөрөл авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
- Гэрч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А , Б нар нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байж 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ойгоос бургас мод бэлтгэсэн үйлдсэн нь хууль бус үйлдэл болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
- БӨ аймаг дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 11 дугаартай: “...тухайн бэлтгэсэн моднууд бургас буюу навчит моднууд байна, экологи эдийн засгийн үнэлгээ нь 167.400 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анхны мэдүүлэгтээ бүгдийг үнэнээр нь хэлсэн байгаа. 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр аав намайг У аймгийн Ө сумын У багийн ЗХ гэх газрын ойгоос 3 м3 мод бэлтгээд ир хөрш С.Ж ы машинтай яваад ир гэж хэлэхээр нь би найз нарыг дагуулаад гэрээсээ модон иштэй сүхийг аваад “ЗХ” гэх газрын ойгоос 3 м3 мод бэлтгэж ачиж ирэхээр яваад тэндээ ганцаараа 2.79 м3 бургас модыг түүхийн түүж, цавчиж бэлтгэхийг бэлтгээд хөрш С.Ж ы Уаз-469 маркийн машины чиргүүлээр ачиж ирсэн бид нар хамт сумын төв рүү орж ирж байгаад цагдаад баригдсан юм. Тэгээд цагдаа мод бэлтгэх тусгай зөвшөөрөл байгаа юу гэхэд үнэнээ хэлж тусгай зөвшөөрөл аваагүйгээ хэлж цагдаагийн кобанд ирсэн юм. Би тусгай зөвшөөрөлгүй “ЗХ” гэх газрын ойгоос 2.79 м3 бургас модыг бэлдэж ирсэн маань үнэн. Тусгай зөвшөөрөл авахгүй мод бэлдсэн маань буруу боллоо, хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ямар нэгэн маргаангүй учир хэргийг маань хурдан шийдэж өгнө үү. Би шинжээчийн үнэлгээгээр гарсан мөнгийг нь зохих журмын дагуу төлж өгч барагдуулах болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б ийн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэх гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд БӨ аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б ийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Шүүгдэгч Б ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 167.400 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч М гийн мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг 167.400 төгрөгийн хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 167.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 502.200 төгрөг болж байгаа ба шүүгдэгч Б ээс уг 502.200 төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаартай дансанд 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр тушаасан байжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн зааснаар байгаль орчинд учруулсан хохирлын мөнгө болох 502.200 төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаартай дансанд тушаасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй хэмээн үзэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б ээс хохиролд төлсөн 502.200 төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг, мөн зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй сүх 1 ширхгийг, БӨ аймгийн Б сумын цагдаагийн төлөөлөгчийн хэсэгт байгаа мөн шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 2.79 м3 хатаж хуурайшсан бургас модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн чиргүүлийн хамт үнийг гаргуулж улсын орлого болгохоор, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл өөр хүний нэр дээр байсан, хохирлыг төлчихсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс үнийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэх боломжгүй гэж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл иргэн А ын нэр дээр бүртгэлтэй байгаа тул шүүгдэгч Б ээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүгдэгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б ийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт шүүгдэгчийн бичиг баримтыг ирүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх эхсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б ээс хохиролд төлсөн 502.200 төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй сүх 1 ширхгийг, БӨ аймгийн Б сумын цагдаагийн төлөөлөгчийн хэсэгт байгаа мөн шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 2.79 м3 хатаж хуурайшсан бургас модыг тус тус улсын орлого болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т