Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 095

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Т ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр,

шүүгдэгч В  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В д холбогдох эрүүгийн 2013000580049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие амьдардаг, БӨ аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. В , регистрийн дугаар БЛ85******.

Шүүгдэгч В гийн холбогдсон хэргийн талаар:

В  нь 2020 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багийн иргэн Х ы амбаарт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хэц модонд өлгөж хатаасан адуу, хонь, ямааны мах хулгайлж, нийт 105.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч В  мэдүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Архи ууж энэ гэмт хэргийг үйлдсэн. Хуулийн хөнгөлөлтийг үзүүлж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013000580049 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-11 дүгээр хуудас/,

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

3. Хохирогч Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

4. Шүүгдэгч В гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч В гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч В  нь 2020 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багийн иргэн Х ы амбаарын хаалганы цоожийг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хэц модонд өлгөж хатаасан адуу, хонь, ямааны мах хулгайлж, нийт 111.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Үүнд: - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-11 дүгээр хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

- Хохирогч Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 онд Ногооннуур сумаас нүүж ирээд Ө сумын 6 дугаар багт оршин сууж байгаа. Өчигдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр манайх 23 цагийн үед амарсан, өглөө эхнэр 10 цагийн үед сэрээд гадаа гартал манай амбаарын цоожийг гаднаас хэн нэгэн хүн эвдэж дотор нь байсан адуу, ямаа, хонины мах болон шар тос зэрэг эд зүйлийг хулгайлаад аваад явсан байв.

Манай амбаараас адуун каз мах 6 ширхэг, шар тос 2 кг, адууны нурууны мах 2 ширхэг, хонины гуяны мах 4 ширхэг, ямааны гуяны мах 4 ширхэг тус тус хулгайд алдагдсан байна.

...Манай амбаараас 2 ширхэг бүтэн каз мах /6 хувааж тавьсан байсан/, ямааны хавиргатай мах 4 кг гаруй, адууны умс 1 ширхэг зэргийг алдсан бөгөөд уг махнуудыг бүрэн бүтэн хүлээж авсан. Урьд мэдүүлэг өгөхдөө 2 кг шар тос, адууны нурууны мах 2 ширхэг, хонины гуяны мах 4 ширхэг, ямааны гуяны мах 4 ширхэг манай амбаарт байсан байна. тухайн үед би сайн анзаарч хараагүй, андуураад хэлсэн байна. Би хулгайд алдсан эд зүйлүүдийг бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

- Шүүгдэгч В гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Ө сумын 6 дугаар багт байрлах танил болох Ө ийн гэрт хонож, маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өглөө 09:00 цагийн үед Ө ийн гэрээс гараад, ”Тирлик” захад очиж биллярьдын тэрүүгээр явж байгаад хэсэг таньдаг залуучуудтай хамт архи ууж, орой 18 цагийн үед Ө сумын 6 дугаар багт байрлах Ө ийн гэрт очиж байж байхад гаднаас А  гэх залуу ирсэн. Тэгсэн А  архи авчирна гэхээр нь би түүнийг дагаж, Ө сумын 6 дугаар багт байрлах “Аймика” дэлгүүрийн хажууд очиход Ж  гэх залуу тааралдсан. Тэгээд тэндээс 1 шил 0.75 архи авч, Ж , А , Ө  бид дөрөв, Ө ийн гэрт нь очиж уусан.

Уг архи дуусаад Ж , А  нар архи олж ирнэ гэж яваад, 22 цаг 00 минут болсон байх тул архи олдоогүй гээд буцаад ирсэн ба А  ганцаараа яваад өгсөн. Тухайн үед Ө  унтсан байсан бөгөөд би тэднийд гал түлж, гадагшаа гарч Я  гэх хүнээс тамхи авах зорилгоор гараад, тэдний гэрийг олоогүй. Ингээд явж байхад үл таних айлын амбаарын хаалга нь онгорхой байсан. Тэгээд би дотогшоо нэвтэрч ороод, хэц модонд байсан махнаас авч, тэндээс 1 шуудай олж авч хийгээд, өөрийн хонож байсан Ө ийн амбаарт аваачиж тавьсан. Намайг Я  гэх хүнээс тамхи асуухаар гарах үед Ө , Ж  нар нэлээн согтсон болохоор унтсан байсан. Тэгээд би 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хулгайлсан махыг гаргаж өгсөн. Уг махнаас зарж, борлуулсан зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Би дахиж хулгай хийхгүй. Надад ойрын хамаатан садан байхгүй, тодорхой оршин суух хаяггүй болохоор гадуур хонож явж байгаа” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч В  нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Х ы БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах амбаарт хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч В гаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгоно.

Харин Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд үүнд хохирлын хэмжээ шаардахгүй болно.  

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч В  нь хохирогчийн амбаарын цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлж өөрийн эзэмшилдээ авсан, хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна. Шүүгдэгч В  нь хулгайлсан эд хөрөнгийг нууж, хадгалж байсан байдлаас үзвэл тус гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар эд зүйл олох зорилготой үйлдсэн байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч В г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч В  нь хохирогч Х ы амбаараас мах хулгайлж, нийт 111.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх эд зүйлсийг шүүгдэгч В гаас хураан авч хохирогч Х д бүрэн бүтэн хүлээлгэж өгснөөр хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч В  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас В д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч К нь өмгөөллийн дүгнэлтдээ В  учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү хэмээн мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч В  нь БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан байна.

Шүүгдэгч В д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ... хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” хэмээн заасан бөгөөд шүүгдэгч В гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрт дүгнэлт хийсний үндсэн дээр шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёрын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч В д оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч В д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч В  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй байна.

Шүүгдэгч В д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч В гийн  цагдан хоригдсон 13 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч В г 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В д оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В гийн цагдан хоригдсон 13 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч В  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч В д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т