Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 172

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С ,

иргэний нэхэмжлэгч Д.С ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э,

шүүгдэгч Э.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000000140 дугаартай, 163/2020/0164/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй,  “О ” ХХК-д хэвчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Э.Ч.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ч ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч ын өгсөн: Гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг шууд болон шууд бусаар төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.С ийн өгсөн: Б гийн биеийн байдал дунд зэрэг, цаашид удаан хугацааны эмчилгээ шаардлагатай байгаа. Эмчийн зөвлөснөөр Хужирт рашаан сувилалд явахад өдрийн 50000 төгрөгийн зардалтай, 14 хоногийн зардал, мөн ирж очих унааны зардал дээр Б  нь ганцаар явах боломжгүй учир миний хамт явах, мөн Монос эмийн сангаас186000 төгрөгийн үнэтэй эмчилгээний зориулалттай нурууны бүс авах зардлыг гаргуулах шаардлагатай байгаа.  И ийн хувьд бие нь гайгүй, нүд нь татаад байсан витамин уугаад гайгүй болсон. Харин оёдлын сорви тогтсон, тэр сорвиндоо лазер эмчилгээ хийлгэж арилгуулах шаардлагатай байгаа учир зардлыг гаргуулна. Уг нь эд нар ангийн найзууд боловч биеийг нь яаж байна гэж асуудаггүй, эмнэлэг дээр 2 удаа л ирсэн. Эхний үед “тал, талаас нь тусалж дэмжээд хөл дээр нь босгоод өгнө” гэж байсан учир зардлын баримт дутуу бүрдсэн. Хохирол баримтын хувьд төлөгдсөн ч гомдолтой байна. Миний хувьд 50 гаран насны хүн өвчтэй хүнтэй зууралдахад хэцүү л байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.С ийн өгсөн: Энэ хэрэгтээ холбогдуулан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өдөр Б  утсаар яриад “би подвалаас хувцсаа авч танайд тавьчихаад гэр лүүгээ явчихаад ирье, яваад өгөөч” гэж гуйсан. Би нөхөр Ч доо хэлээд бид хоёр туслахаар болж явах бинзенээ хувааж хийсэн. Тэгээд хамтдаа яваад Хялганат орчихоод буцах замдаа осолд орсон. Бидний зүгээс эмнэлэгт эргэж тойрч байсан гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000000140 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ч  нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн орчим Булган аймгийн Хангал сумаас Орхон аймгийн Баян-Өндөр сум чиглэлд **-** ОРБ улсын дугаартай “Sonata 5” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Булган аймгийн Хангал сумын 2 багийн нутагт байрлах сайжруулсан шороон зам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Б гийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.И , Д.С  нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт Хангал сумаас Орхон аймаг чиглэлийн сайжруулсан шороон зам дээр **-** ОРБ гэсэн улсын дугаартай “Sonata 5” загварын тээврийн хэрэгсэл онхолдсон байв. ...Тус замын нийт өргөн 8.50 метр байв. Зорчих хэсгийн гадаргуу хуурай, тэгш, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөний чиглэлтэй сайжруулсан шороон зам бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн тоормозны мөр үүсээгүй байв...” гэх тэмдэглэл /хх-3-6 тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7 тал/,

Хохирогч Г.Б гийн өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад ...оос Эрдэнэт хот орох гээд гарсан. Тэгээд Хангал тосгон өнгөрч явтал машин 2-3 удаа эргэлдэх шиг болсон. Тэгээд л нэг мэдэхэд би машины доор орчихсон, охин И ийгээ тэвэрчихсэн байсан. Ч  гарч ирээд манай охиныг татаж гаргасан, удалгүй хүмүүс ирээд машин өргөж намайг татаж гаргасан. Ослын улмаас миний аарцагны яс үүрч хугарсан, нурууны 2 яс бүрэн салсан, 4 хавирга хугарсан, уушиг няцарсан байна гэж хэлсэн. Тухайн үед би охины хамт арын суудалд сууж явсан. Бид нар хоорондоо юм яриагүй, С  хүүхдээ тэврээд унтсан байсан. Би гомдолтой байна. Миний 10 жилийн нэг ангийн найзууд байгаа юм. С  надтай утсаар ч ярихгүй байгаа. Миний бие өвдөлт ихтэй учраас эм тариа их хэрэг болж байна. Дээр нь би хоёр хүүхэдтэй, нөхөргүй учир хүүхдүүдээ тэжээх мөнгөний хэрэг их байна. Эмчилгээнд 1.500.000 төгрөгний зардал гарсан, одоо шавар эмчилгээнд явах шаардлагатай байгаа учир 4 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-12-15 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.С ийн өгсөн: “Б.И ийн биед гэмтэл учирсан, манай охины хүзүү хэсэгт нэг оёо тавьсан. Тэр ослоос болоод шөнө айж цочдог болсон. Дээр нь баруун талын нүд нь анивчаад байдаг болсон. Надад гомдол гэхээр зүйл байхгүй байна. Хүзүүнд нь тавьсан оёоны сорвийг арилгуулах хэрэгтэй байна. Мөн манай охины нүд нь анивчаад байгаа учир сайн үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 600.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.С ийн гэрчээр өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн ...оос Эрдэнэт хот орох гээд нөхөр Ч , охин М , найз Б , түүний охин И  нарын хамт манай нөхрийн **-** ОРБ улсын дугаартай авто машинтай явж байгаад осолд орсон. ...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-20-22 тал/,

Гэрч Б.Н гийн өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчим Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Зөөхий” гэх газар машин онхолдсон байхаар нь “юу болсон юм бол” гэж бодоод очиход 3 том хүн, 2 жоохон хүүхэд байсан. Нэг хүний бие нь нилээд хүнд байх шиг байсан. Тэгээд шууд Эрдэнэт хотын эмнэлэг оруулж, эмнэлэг явах замдаа цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Гэрч С.Болдбаярын өгсөн: “Би **-** ОРБ улсын дугаартай “Sonata 5” загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр Өрнөх гэж хүнээс худалдаж авсан юм. Тэгээд удалгүй Ч д худалдсан. Би 1500000 төгрөгөөр худалдсан. Одоо мөнгөний үлдэгдэл байхгүй, Ч  мөнгөө бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-33 тал/,

Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “Жолооч Э.Ч  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарчээ. Осол гарахад байгалийн нөхцөл, газрын гадарга, бусад зүйл нөлөөлөөгүй байна. Зам тээврийн осол болох үеийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй” гэх Булган аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт /хх-85 тал/,

Хохирогч Г.Б гийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “Г.Б гийн биед олон тооны хавсарсан гэмтэл: цээжний зүүн талын уушигны дээд дэлбэнгийн арын сегментүүд, доод дэлбэнгийн ихэнх талбайг хамарсан уушигны эдийн няцрал, зүүн талын цээжний хөндий дэх шингэн хуралдалт, зүүн талын 4, 5, 6-р хавиргануудын далд хугарал, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмуудын зүүн хажуугийн сэртэн, бүсэлхийн 4, 5-р нугалмуудын баруун ба зүүн хажуугийн сэртэнгүүдийн бүрэн салсан хугарал, ууцны ясны олон сэлтэрсэн дагуу ба хөндлөн хугарал, хэвлийн баруун хэсэгт цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Цээжний зүүн талын уушигны дээд дэлбэнгийн арын сегментүүд, доод дэлбэнгийн ихэнх талбайг хамарсан уушигны эдийн няцрал, зүүн талын цээжний хөндий дэх шингэн хуралдалт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Зүүн талын 4, 5, 6-р хавиргануудын далд хугарал, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмуудын зүүн хажуугийн сэртэн, бүсэлхийн 4, 5-р нугалмуудын баруун ба зүүн хажуугийн сэртэнгүүдийн бүрэн салсан хугарал, ууцны ясны олон сэлтэрсэн дагуу ба хөндлөн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хэвлийн баруун хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 446 дугаартай дүгнэлт /хх-55-56 тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Б.И ийн биед эрүүний зүүн доод хэсэгт сорви гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна. Уг гэмтэл нь 14 хоногоос өмнө үүссэн байхаар байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүний зүүн доод хэсэгт сорви нь хэрэг болсон тухайн үедээ шарх байсан байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 479 дугаартай дүгнэлт /хх-73-74 тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн иргэний нэхэмжлэгч Д.С ийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “Д.С ийн биед зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 10-14 хоногийн өмнө үүсгэгдсэн байхаар байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 444 дугаартай дүгнэлт /хх-73-74 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн Э.Ч  гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй” гэх дүгнэлт /хх-38-39 тал/,

Шүүгдэгч Э.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Яллагдагчаар татах тогтоолтой санал нийлж байна. 2020 оны 05 сарын 20-ны өглөө ажлаасаа буугаад амарч байтал манай эхнэрийн найз Б , манай эхнэр С  лүү чатаар “та хоёр манай гэрт хүрээд ирээч, би хөдөө охиноо авч явах гээд байна гэрт байгаа хувцас, гал тогооны хэрэгсэл гэрт байна, Эрдэнэтэд эд зүйлээ орхичих айл байхгүй байна танайд үлдээчье” гэж хэлсэн байсан. Тэгээд 14 цагийн үед Б гийн байранд эхнэр С ийн хамт очсон. Манай эхнэр Б  хоёр хоорондоо ярьж байгаад Булган аймгийн ...д амьдардаг 10 жилийн нэг ангийн найз болох Э  гэх найзынд очоод ирье уулзалгүй нилээд удсан байна гэж хэлэхээр нь “за тэгье” гээд гэртээ буцаж очоод Б гийн эд зүйлийг гэртээ үлдээчихээд Булган аймгийн ... руу эхнэр С , охин М , Б , Б гийн охины хамт явсан. Оройн 19 цаг өнгөрч байхад ...д байх найз Э гийн гэрт очсон. Тэр оройдоо 2.5 литрийн пиво хоёрыг эхнэрийн найз Э , Э гийн нөхөр А , Б , манай эхнэр С  нар хувааж уусан. Би нэгээс нь хоёр хундага пиво уучихаад унтаад өгсөн. Маргааш нь буюу 05 сарын 21-ний өдрийн 10 цагийн үед ...оос Эрдэнэт хотруу эхнэр С , охин М , Б , Б гийн охины хамт гарсан. Хангал сум өнгөрөөд явж байтал гэнэт машин жолоодлогогүй болсон. Жолооны хүрд булаагаад байхаар нь замруу хартал жалга руу орох гэж байсан. Тэгээд би тоормоз гишгэтэл машин хөрвөөчих шиг болсон. Машинаас буух гэтэл машины хаалга онгойхгүй байсан. Цонх онгорхой байхаар нь цонхоор гараад эхнэр, хүүхдээ машинаас буулгасан. Харин Б  газарт охиноо тэврээд хэвтсэн байдалтай машины доод хэсэгт орчихсон байсан. Тэгэхээр нь би охиныг нь өргөж аваад “чи яаж байна” гэж асуухад “миний нуруу өвдөөд байна, бөгсөн хэсэг хөдлөхгүй байна, намайг эндээс гаргаад өг” гэж хэлэхээр нь би татаад машины доод талаас гаргасан. Удалгүй байж байтал Хангал сумын түргэн тусламжийн машин ирсэн, түргэний эмч Б гийн биеийг үзээд хурдан Эрдэнэтийн эмнэлэг орох шаардлагатай байна гэж хэлэхээр нь бид нар бүгд түргэний машинд суугаад Эрдэнэт хотын эмнэлэг орсон” гэх мэдүүлэг /хх-37-39 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “жолооч Э.Ч  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн  гэх Булган аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтээс үзэхэд зам тээврийн осол гарахад шүүгдэгч Э.Ч  суурин газрын гаднах замд тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүй, хөдөлгөөний явцад аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Б гийн бие махбодид хүнд зэргийн,  Б.И ,  Д.С  нарын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Ч ын дээрх үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Э.Ч ын хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Ч  нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруутай үйлдлийн улмаас Г.Б гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.И , Д.С  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С  нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирлын 683600 төгрөгийн баримт ирүүлсэн нь /хонь 180000₮, 200000₮, эм тариа 3950₮, 4200₮, 8050₮, 20000₮, 21000₮, 52000₮, 17600₮; бинзен 25000₮, 30000₮, 28200₮, 25000₮, 50000₮; хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар 6200₮, 6200₮, 6200₮/ энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчээс энэ зардлыг гаргуулах нь зүйтэй байна. Харин 420000 төгрөгийн /үзлэгийн хуудас 150000₮, 270000₮/ нэхэмжлэлийн баримт нь мөнгө төлсөн эх баримтаараа шүүгдэгчийн шууд төлсөн зардалд тооцогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Ч  нь хохирогчийн эмчилгээний зардалд 634924 шууд төлсөн, мөн Г.Б гийн эмчилгээний зардалд 1500000 төгрөгийг бэлнээр хохирогчоор тогтоогдсон Б.С т хүлээлгэн өгсөн гэж баримтаа тус тус шүүхэд ирүүлсэн байх ба шүүх нотлох баримтыг үнэлэхэд 571200 /50000₮, 75400₮, 15300₮, 10500₮, 420000₮/ төгрөгийн хохирлыг шууд төлж, 1500000 төгрөгийг бэлнээр төлсөн нь нотлогдож байх тул хохирогчийн нэмжилсэн  683600 төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгч Э.Ч  нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн, төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь Хужирт рашаан сувилалд явах, эмчилгээний зориулалттай нурууны бүс авах, Б.И ийн лазер эмчилгээний зардал зэрэг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Ч ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Ч ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Ч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ч  нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт Орхон аймгийн ...од амьдардаг, “О ” ХХК-нд хэвчин ажил эрхэлдэг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 121-126 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, жолоодох эрхийн үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Ч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Ч  нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Ч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Э.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Ч ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Ч д энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ч д сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ч  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С  нь Хужирт рашаан сувилалд явах, эмчилгээний зориулалттай нурууны бүс авах, Б.И ийн лазер эмчилгээний зардал зэрэг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Ч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД