| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0243/Э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.3.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 243
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох 2021001990206 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ….... дугаар баг...................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Сум дундын 10 дугаар шүүхийн 20.... оны ..... дугаар сарын .....-ний өдрийн ...... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Б. /РД: ЖЮ....................../
Шүүгдэгч Б нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн …............... сумын 10 дугаар багт байрлах “..........” ХХК-ний үйлдвэрийн ажлын байрны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хохирогч ….................. эзэмшлийн “малчны шар” гэх хөлдөөгч, “Х” загварын цагаан өнгийн хөлдөөгч мөн 15 кг жинтэй 25 уут замаск, “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн руллийн аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн ….............. сумын 2 дугаар баг….................... тоотод оршин суух Х-н эзэмшлийн …............... УНС улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг Х-н нөхөр Н-н такси үйлчилгээнд явж байхад нь сууж үйлчлүүлэх явцдаа уг тээврийг хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
мөн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг .................... тоотод оршин суух …............ гэрээс 250.000 төгрөг, “Самсунг Эс-5” загварын болон “…............” загварын гар утаснууд мөн ахуйн хэрэглээний хутга зэрэг эд зүйл хулгайлж бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын .............дугаар баг ..................тоотод оршин суух М хашаанаас хохирогч Б эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Д” маркийн ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 04 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Б” зочид буудлын …. тоот өрөөнд орж үйлчлүүлэх явцдаа уг буудлын жижүүр ажилтай Э—н эзэмшлийн “Самсунг Эс-7” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч залилан авсан,
мөн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ….................. тоотоос хохирогч Э өмчлөлийн “….......” маркийн 32 инчийн зурагтыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг …............сургуулийн баруун талд иргэн Г “…...............” маркийн гар утсыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогчид 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний хувьд энэ хийсэн хэргүүд бүгд үнэн. Санаатай хийсэн гэхэд хаашаа юм, болгоомжгүй гэхэд хаашаа юм. Архи ууснаас бүх юм болсон. Гэхдээ надад хүчээр архи уулгасан зүйл байхгүй. Би өөрөө л уусан. Энэ бол миний буруу. Гэмшиж байна” гэв.
Хохирогч Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр дээрх эд зүйлс байсан. Тэгээд 4-ний өдөр надад эд зүйлс алдагдсан талаар хэлсэн. Тийм учраас 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө хэрэг учрал болсон гэж бодож байна. “...........” ХХК-ийн хашаанд байрлах ногоон өнгийн пин дотор Приус маркийн тээврийн хэрэгслийн рулийн аппарат байсан. Үйлдвэрийн ажлын байранд “Малчны шар” хөлдөөгч, “Haier” загварын хөлдөөгч, алаг өнгийн пин дотор “Канал” гэх бичигтэй 25 шуудай барилгын замаск тус тус байсан. ...Б нь миний санаж байгаагаар 2019 оны 10 дугаар сард ажилд ороод 20 гаруй хоног ажилласан. Миний хувьд хоёр хөлдөөгчний мөнгийг авна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хавтасны 17-18/
Хохирогч Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 04-ний орой 23 цаг өнгөрч байхад манай нөхөр залгаад “Таксинд явж байхад Бумбат хорооллын тэндээс нэг залуу суугаад 60,000 төгрөг өгөөд өглөө болтол машин дотор чинь сууж байгаад бууя гэж байна. Буудалд орох гэсэн чинь ганцаараа болохоор юм ярьж суух хүнгүй эвгүй байна гэнэ” гэж хэлсэн. Тэгээд би 10 орчим минутын дараа хүүгээ дагуулаад гэрээс гарахад манай нөхөр байрны гадаах зогсоол дээр машиндаа үстэй дээл өмссөн халзан толгойтой үл таних эрэгтэй хүн суулгачихсан зогсож байсан. ...хүү бид хоёрыг гэртээ орж ирснээс хойш 20-30 орчим минутын дараа манай нөхөр гаднаас орж ирээд “би бие засах гээд машинаас буух хооронд нөгөө залуу машин унаад зугтаачихлаа” гэж хэлсэн. Би өөрийн ******* улсын дугаартай цагаан өнгийн Приус машинаа Чойбалсан сумын зүүн талаас дугуй нь хагарсан байдалтай байхад нь олж авсан. ...Миний машинаас МР 5 тоглуулагч, машины bluethoot холбогч, 2 ширхэг улаан өнгийн плаш диск зэрэг эд зүйл алдагдсан байсан. Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй...” гэжээ. /1-р хавтасны 94-96/
Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн орчим байх эхнэр Ж хамт гэртээ байж байхад ногоон өнгийн үстэй дээлтэй, халзан толгойтой, түрийтэй хүрэн өнгийн гуталтай 180 см орчим өндөртэй эрэгтэй хүн орж ирсэн. Ингээд уг хүн надад “Би Б байна, та намайг таньж байна уу” гэхэд нь би танихгүй байна гэсэн. Тэгэхэд би Ц хүү байна гэж хэлэхэд нь би түүнийг таньсан. Ц нь манай хүргэн ахын дүү байгаа юм. Ингээд ойр зуурын юм ярилцсан. Тухайн өдөр миний цалин буусан тул 250,000 төгрөг бэлнээр нь эхнэр Ж-д өгсөн. Эхнэр уг мөнгийг аваад модон иштэй хутганы хамт орны араар хийсэн. Ингээд би хэсэг хугацааны дараа бие засах гээд гарсан. Тэгтэл манай эхнэр Ж миний араас гараад ирэхэд нь яагаад гараад ирж байгаа юм бэ гэхэд танихгүй хүнтэй байхаас айгаад гэж хэлсэн. Бид хоёр гэртээ ороход Б зөрөөд гараад явсан. ...эхнэр хоолоо хийх гээд орныхоо ард хийсэн хутгаа авах гэтэл модон иштэй хутга маань мөн миний цалин болох 250,000 төгрөг байхгүй байсан. Ингээд гэр доторх эд зүйлээ бүртгэхэд миний Самсунг эс-5, эхнэрийн Скай загварын гар утаснууд алга болсон байсан. ...миний зүгээс гаргах гомдол санал байхгүй...” гэжээ. /1-р хавтасны 131-133/
Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг гэр рүү ороход Г, Д, түүний ах, Б гэх хүмүүс архи уугаад сууж байсан. Би орохдоо архи пиво аваад орсон. Г намайг найзуудтайгаа танилц гэж тэр гэрт байсан хүмүүстэй танилцуулсан. Миний авч орсон архийг уугаад бараг дуусч байхад Б гэх тэр залуу орой 00 цаг өнгөрч байхад хаанаас авсныг мэдэхгүй 1 шил архи, 1 том пиво гаргасан. Ингээд тэр архи пиво ууж байхад захаасаа унтаж эхэлсэн. Б гэх залуу хажуу талын байшингаас тамхи аваад ирье гэж хэлэн гарч яваад нэг хэсэг орж ирэхгүй болохоор нь араас нь гарсан чинь миний мотоцикл байхгүй байсан. Би Б гэх хүнийг сэжиглэж байна. Тэр залуу тамхи аваад ирье гэж гараад буцаад орж ирэхгүй болохоор нь би араас нь гарахад миний мотоцикл байхгүй байсан. Мөр харахад жижиг ногоон хаалгаар гарсан юм шиг байсан. Надад ердөө чимээ сонсогдоогүйг бодоход түрээд гарсан байж магадгүй...” гэжээ. /1-р хавтасны 164-168/
Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө үүрээр 04 цаг өнгөрч байхад бараан өнгийн дээлтэй халзан толгойтой туранхай өндөр залуу надаас эгчээ утсаараа яриулаач гэж гуйсан. Тэгэхэд нь би яах гэж байгаа юм гээд хэсэг өгөхгүй байсан. Гэтэл яриулаач гээд гуйгаад байхад нь би итгээд гар утсаа өгсөн. Тэр залуу утсаар хэсэг ярьж байгаад “Эгчээ танд банкны данс байгаа юу, дүү нь хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм. Та надад дансаа хэлээч” гэхэд нь надад данс байхгүй гэж би хэлсэн. Би текнийхээ ар талд сууж байхад тэр залуу утсаар ярьж байгаа юм шиг гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарахад байхгүй байсан...” гэжээ. /1-р хавтасны 201-204/
Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б манайд машинтай ирээд Т ахаа нэг юм уух уу гэхээр нь бид хоёр хамт яваад Хэрлэн сумын ... дугаар багт байрлах хуучин .... дүгээр дэлгүүрийн зүүн талаас нэг шил 0.75 литрийн архи аваад 032 дугаар ангийн хойд талд авсан архиа хувааж уугаад би гэр лүүгээ явсан. Би гэртээ ирээд унтаж байтал орой 21 цагийн үед Б мөн манай гэрт ирсэн. Ирээд надад хандаж ******* ах та дэлгүүр яваад нэг шил архи аваад ирээч, би ээжийг чинь хараад байж байя гэж надад хэлсэн. Ингээд намайг дэлгүүр яваад 30 орчим минут болоод гэртээ иртэл манай ээж “Чи яах гэж намайг танихгүй хүнтэй үлдээгээд хаагуур яваад ирж байгаа юм бэ? тэр залуу чинь чамайг гарангуут гэрэл унтрааж байгаад зурагт аваад явчихлаа” гэж надад хэлсэн. Гэрт тавиур дээр байсан Элко маркийн 32 инчийн зурагт алдагдсан байсан тул би цагдаад хандсан...” гэжээ. /1-р хавтасны 225-227/
Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд ....................дугаар эгнээнд байрлах автобусны зогсоол дээр такси үйлчилгээнд явах гээд зогсож байхад үл таних, 22-27 орчим насны, өндөр нуруутай, хар ногоон өнгийн үстэй дээлтэй, бараан царайтай, туранхай өндөр залуу миний машинд сууж бага Хан-Уул сургуулийн баруун талд байрлах хашааны гадна ирж зогсон “Ахаа утсаараа яриулаач, эхнэр хүүхдээ эндээс авчихъя” гэж хэлэн миний утсаар ярьж байсан. Би итгээд утсаа өгөхөд машинаас бууж хашаа руу орсон. Ороод 10 орчим минут болоод гарч ирэхгүй болохоор нь араас нь хашаа руу ороход хажуу талын хашааны урд талын хаалгаар гараад зугтаагаад алга болсон байсан...” гэжээ. /1-р хавтасны 248-249/
Иргэний нэхэмжлэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагийн үед ногоон өнгийн Даюун маркийн мотоцикл унасан ногоон өнгийн үстэй дээлтэй хүрэн өнгийн түрийтэй гуталтай залуу манай гэрт орж ирсэн. Хаанаас ирснийг асуухад би ................... суманд айлд туслах малчин хийж байгаад ирлээ гэж хэлэн өврөөсөө тал архи гаргаж ирэн надад нэг аягалж өгсөн. Намайг уухгүй болохоор буцааж өвөртөө хийсэн. Та утсаа өгч байгаач, ээжтэйгээ яриад өгье гэж хэлэхээр нь утсаа өгсөн. Утсаар ярьж байхдаа ээж би мотоциклоо хүнд мөнгөний барьцаанд тавьлаа гэж хэлэн миний утсыг өгсөн. Тэгээд ахаа дүү нь мотоциклоо зармаар байна, та хямдхан худалдаж авах уу гэж надаас асуухад нь ах нь худалдаж авахгүй гэсэн. Тэгтэл би мотоциклоо энд орхиод явъя, та надад 300,000 төгрөг өгчих, дүү нь хэд хоногоос мөнгөө авчирч өгөөд мотоциклоо авъя гэж надад хэлсэн. Тэгээд би нутгийн А гэх ноолуурын ченж залуугаас хүүтэй 300,000 төгрөг зээлж Батбишид өгч сумын төв хүргэж өгсөн...” гэжээ. /1-р хавтасны 162-163/
Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай захирал 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөө явсан юм. Ингээд би “............” ХХК-ийг хариуцан үлдсэн. 12 сарын 03-ны орой 20 цагийн орчим ажлаасаа гарахад дээрх эд зүйл бүрэн байсан. Харин 2019 оны 12 сарын 04-ний өглөө 08 цаг 30 минутын орчимд ирэхэд дээрх зүйлүүд алга болсон байсан ба ажлын өрөөний БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цоож эвдэрсэн, алаг пингийн цоож мөн эвдэрсэн, ногоон пингийн хаалга нээлттэй байсан...” гэжээ. /1-р хавтасны 20-23/
Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би эхнэрийн эзэмшлийн ******* дугаартай тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явах гээд зогсож байхад халзан толгойтой, ногоон өнгийн үстэй дээлтэй 30 орчим насны 180 орчим өндөр залуу машинд суусан. Тэгээд тэр “ахаа танд 60,000 төгрөг өгье, өглөө 07 цаг хүртэл таны машинд сууя, буудалд ороод унтахаар эвгүй байна” гэж хэлсэн. ...ингээд би байрны арын хэсэгт бие засчихаад эргээд машин руугаа очиж байтал миний машиныг дээлтэй залуу бариад ертөнцийн зүгээр баруун зүгт явж байгаа харагдсан...” гэжээ. /1-р хавтасны 102-103/
Гэрч Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 04-ний орой нөхөр М хамт гэртээ байж байхад 18 цагийн орчим байх ногоон үстэй дээлтэй халзан толгойтой, хүрэн гуталтай, 180 см орчим өндөр хүн манайд ирсэн. ...би нөхрийн цалин болох 250,000 төгрөгийг гэрт байсан модон иштэй хутганы хамт орны араар хийсэн. Яагаад хутгаа цааш хийсэн учир нь тэр эрэгтэй хүн нүдэнд хүйтэн харагдаад байсан юм. ...бид хоёр гэртээ ортол Б зөрөөд гараад явсан. Бид ч юм бодоогүй. Тэгээд би хоолоо хийх гээд орны араар хийсэн хутгаа авах гэхэд хутга болон нөхрийн цалин болох 250,000 төгрөг байхгүй байсан. Тэгэхээр нь гэрийн эд зүйлээ бүртгэхэд нөхрийн Самсунг Эс 5, миний Скай вега маркийн утас алга болсон байсан...” гэжээ. /1-р хавтасны 140-141/
Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...архи дуусах үед Б нэг шил архи аваад ирье мотоциклийнхоо түлхүүрийг өгчих гэхэд Б түлхүүрээ өгөөд яваад ир хөгшөөн гэхэд Б түлхүүрийг нь аваад гарсан. Гарсных нь дараа М, Д нар түлхүүрээ хамаагүй хүнд өгч болж байгаа юмуу гээд М ах гараад Б түлхүүрийг нь аваад ирсэн. Харин Б хэсэг хугацааны дараа архи пиво аваад хүрээд ирсэн. Б архи ууж байхдаа хүмүүсийн дэргэд надад мотоциклийнхоо түлхүүрийг өгөхөөр нь би куртикний халаасанд хийсэн. Тэгээд шөнө 01 цагийн орчим би Д нөхөртэй маргалдсан. Тэгээд миний уур хүрээд түлхүүрийг нь шидчихээд гарсан...” гэжээ. /1-р хавтасны 189-190/
Гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед гэртээ хүүгийн хамт байж байхад манайд нэг өндөр залуу ирсэн. Тэгээд төд удалгүй манай хүү гараад явсан. Гэтэл тэр залуу манай гэрийн гэрлийг унтраахад гэр харанхуй болсон. Тэгэхэд нь би “чи яаж байна” гээд орон дээрээс шүдэнз зураад лаа асаагаад хартал асаасан лааг минь унтраагаад гэрт тавиур дээр байсан зурагтыг аваад явсан байсан. Би хүн байна уу гээд хашгиртал Энхтөрийн ах нь орж ирээд гэрэл асаахад зурагт байхгүй байсан...” гэжээ. /1-р хавтасны 237-238/
Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 сарын 07-ны орой 19 цагийн орчим гэгээ тасарч байх үед Г ирээд “...таксинд суусан залуу утсаа өгч байгаач яриад өгье гэж гуйж аваад эхнэр хүүхдээ гаргаад ирье гэж хэлээд айлын хашаа руу орчихоод хажуу айлынх нь хашааны хаалгаар гараад зугтаачихлаа...” гэж хэлсэн. Тэгээд тэр намайг машиндаа суулгаад бид хоёр гадуур явж уг залууг хайж явсан боловч олдоогүй...” гэжээ. /2-р хавтасны 8-9/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтасны 9-11, 87-88, 154-156, 220-222/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтасны 12-14/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хавтасны 125-126, 196-197, 223-224, 244-245/
Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 199-200/
Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтасны 19, 92, 134-135, 169, 198, 228, 250/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хавтасны 89-90, 127-128, 157-159/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтасны 91, 129, 160/
“Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /1-р хавтасны 102-103/
Б-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 26-30,
Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 49-50, 108-109, 145-146, 186-187, 211-212, 234-235, 2-р хавтасны 5-6, 25/
Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтасны 51/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтасны 58, 60-70/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /2-р хавтасны 8-15/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б нь 2019 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ….. дугаар багт байрлах “…............” ХХК-ийн үйлдвэрийн ажлын байрны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хохирогч Ч эзэмшлийн “Малчны шар” гэх хөлдөөгч, “Haier” загварын цагаан өнгийн хөлдөөгч мөн 15 кг жинтэй 25 уут замаск, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн руллийн аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын …............ тоотод байрлах хашаанаас хохирогч Б-н эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Б” зочид буудлын ….. тоот өрөөнд орж үйлчлүүлэх явцдаа уг буудлын жижүүр ажилтай Э-н эзэмшлийн Samsung S-7 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч залилан авсан,
2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг …............тоотод оршин суух хохирогч М гэрээс 250.000 төгрөг, Samsung S-5 болон Sky загварын гар утас, ахуйн хэрэглээний хутга зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 435.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг …............... тоотод оршин суух …............ эзэмшлийн …..............улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслээр түүний нөхөр Н такси үйлчилгээнд явж байхад нь сууж үйлчлүүлэх явцдаа уг тээврийг хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хан-Уул сургуулийн баруун талд хохирогч Г Samsung note-4 маркийн гар утсыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан хохирогчид 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг …................ тоотоос хохирогч Э-н өмчлөлийн “Элко” маркийн 32 инчийн зурагтыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ч, Х, М, Б, Э, Э, Г, иргэний нэхэмжлэгч Б, гэрч Э, Н, Ж, Г, С, О нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, ажил эрхэлдэггүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Б нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлүүдийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б 2019 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө “...............” ХХК-ийн үйлдвэрийн ажлын байрны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хохирогч Ч эд зүйлсийг хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан мөн 2020 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч Б эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болон 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч М гэрээс нийт 435.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн түүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Э Samsung S-7 загварын гар утсыг, мөн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Г Samsung note-4 маркийн гар утсыг тус тус хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан үйлдлүүдийг мөн үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Б 2020 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын …. дугаар баг Бумбатын …........... тоотод оршин суух Х эзэмшлийн …............ УНС улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслээр түүний нөхөр Н такси үйлчилгээнд явж байхад нь сууж үйлчлүүлэх явцдаа уг тээврийг хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ..................тоотоос хохирогч Э өмчлөлийн “Элко” маркийн 32 инчийн зурагтыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул түүнийг дээр үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж зааснаар шүүгдэгч Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр 1 жилийн хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 75 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ч-д 1,100,000 төгрөгийн, хохирогч Х-д 225,400 төгрөгийн, хохирогч М-т 435,000 төгрөгийн, хохирогч Б-д 2,000,000 төгрөгийн, хохирогч Э-д 150,000 төгрөгийн, хохирогч Э-д 320,000 төгрөгийн, хохирогч Г-т 200,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б-т 300,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч Б-н зүгээс төлж барагдуулсан зүйлгүй, харин мөрдөн шалгах ажиллагаанд явцад хохирогч Х-н ............... УНС улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслээ, хохирогч Б нь Даюун маркийн мотоциклоо, хохирогч М нь Sky загварын гар утас, ахуйн хэрэглээний хутгаа тус тус буцаан авсан байна. Иймд хохирогч Ч нь “Малчны шар” болон “Haier” брэндийн хөргөгчний үнийг авна, бусад эд зүйлийг нэхэмжлэхгүй, хохирогч Х, М, Б нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх санал хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Б гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 1,820,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч 850,000 төгрөгийг, хохирогч Э-д 150,000 төгрөгийг, хохирогч Э-д 320,000 төгрөгийг, хохирогч Г-т 200,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б-т 300,000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, хохирогч Х, М, Б нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 75 /далан тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 75 /далан тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 1,820,000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч-д 850,000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Э-д 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Э-д 320,000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг, хохирогч Г-д 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б-д 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х, М, Б нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЮ ...................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА