Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 724

 

    Ө.Ундрахцэцэгийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/00311 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Амартүвшин, “ИЗМНЭГ” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагч “ИЗМНЭГ” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

 Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, М.Энхжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зайсанд байрлах Голден Билл хотхоны 101 байрны 1 дүгээр орцны заслын ажлыг гүйцэтгэхээр “ИЗМНЭГ” ХХК /IZМопе/-ийн гэрээт гүйцэтгэгч Ж.Ганцэцэгтэй тохиролцсоны дагуу засварын ажлыг 2014 оны 01 дүгээр сарын эхнээс 2014 оны 02 дугаар сарын 18-ыг хүртэл хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд уг компаний төлөөлөл болох О.Түвшинтөгс бидэнтэй уулзаж, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дэвтрийн цаасан дээр шаврын ажлын үнэлгээг 6500 гэж тохиролцон гарын үсэг зурсан. Ингээд ажлын хөлсөө давхар давхараар нь өгнө гэсэн, тохиролцоо биелүүлэхгүй болохоор ерөнхий захирал О.Амартүвшинтэй уулзахад 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр баталгаа болгон албан тоот өгсөн боловч одоог хүртэл ажлын хөлсөө олгохгүй байна. Иймд 7 дугаар давхарт 600 м.кв, 8 дугаар давхарт 600 м.кв, 5 дугаар давхарт 300 м.кв бүгд 1 500 м.кв * 6 500 = 9 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Амартүвшин шүүхэд гаргасан тайлбартаа: “IZMONE” ХХК нь Голден Билл хотхоны 101 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 айлын дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр иргэн Ж.Ганцэцэгтэй тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөгийг гүйцэтгэгч Ж.Ганцэцэгт шилжүүлсэн бөгөөд 2 дугаар сард 7 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ажлыг эхлүүлснээс хойш 2014 оны 01 дүгээр сард гүйцэтгэгч Ж.Ганцэцэг нь Ө.Ундрахцэцэгийн бригадын туслан гүйцэтгэгчээр ажилд оруулж байгаа болохыг мэдсэн. Иймд би иргэн Ө.Ундрахцэцэгийн өмнө ажлын хөлс төлөх үүрэг хүлээгээгүй тул ажлын хөлсөө Ж.Ганцэцэгээс нэхэмжлэх нь зүйтэй.  Иргэн Ө.Ундрахцэцэг нь дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр иргэн Ж.Ганцэцэгтэй тохиролцож, 2014 оны 01 дүгээр сараас эхлэн орсон бөгөөд “IZMONE” ХХК-ийн барилгын 1 дүгээр орцны 5 дугаар давхрын “шаврын ажлыг хийж гүйцэтгэлээ ажил хүлээлгэж өгье” гэхэд тус компанийн ажилтан н.Түвшинтөгс шаврын ажлын гүйцэтгэлийг шалгаж, нягталсан. Өөрөөр хэлбэл, компани тус барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгүүлж байгаа захиалагч учраас ажлын гүйцэтгэлийг шалгаж, үр дүнг хүлээж авах бүрэн эрхтэй. Түүнчлэн шаврын ажил гүйцэтгэл хангалтгүй хийгдсэн тул ажил хүлээлцэх акт үйлдэлгүй, дахин засварлах шаардлагатай болохыг Ж.Ганцэцэгт мэдэгдсэн. Түүнчлэн Компаний тухай хуульд зааснаар компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь н.Түвшинтөгс биш бөгөөд ажлын хөлсийг тохиролцсон гэдэг нь ач холбогдолгүй. “IZMONE” ХХК-ийн барилгын дотоод заслын ажил гүйцэтгэгч нь Ж.Ганцэцэг 2014 оны 11 дүгээр сарын 04-нд хүлээлгэж өгөх ёстой байсан бөгөөд энэ хугацааг 4 сар хэтрүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 3 дугаар сарын эхээр цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч "ИЗМНЭГ" ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: "ИЗМНЭГ" ХХК нь Голден Вилл хотхоны 101 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 айлын дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр иргэн Ж.Ганцэцэгтэй тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөгийг гүйцэтгэгч Ж.Ганцэцэгт шилжүүлсэн бөгөөд 2 дугаар сард 7 000 000 төгрөг цувуулан шилжүүлсэн. Ажлыг эхлүүлснээс хойш 2014 оны 01 дүгээр сард гүйцэтгэгч Ж.Ганцэцэг нь Ө.Ундрахцэцэгийн бригад туслан гүйцэтгэгчээр ажилд оруулж байгааг мэдсэн. Иймд иргэн Ө.Ундрахцэцэгийн өмнө ажлын хөлс төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд ажлын хөлсөө иргэн Ж.Ганцэцэгээс нэхэмжлэх нь зүйтэй. Мөн нэхэмжлэлд “гүйцэтгэгч Ж.Ганцэцэгтэй тохиролцсоны дагуу засварын ажлыг 2014 оны 01 дүгээр сарын эхээс 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн” гэж бичсэнээр нотлогдож байна. Ө.Ундрахцэцэг нь дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр иргэн Ж.Ганцэцэгтэй тохиролцож 2014 оны 01 дүгээр сараас эхлэн орсон бөгөөд Голден Вилл хотхоны 101 дүгээр байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхарын "шаврын ажлыг хийж гүйцэтгэлээ ажил хүлээлгэж өгье" гэхэд тус компаний ажилтан н.Түвшинтөгс шаврын ажлын гүйцэтгэлийг шалгаж, нягталсан байдаг. Өөрөөр хэлбэл, компани тус барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгүүлж байгаа захиалагч тиймээс ажлын гүйцэтгэлийн явцад шалгаж, ажлын үр дүнг хүлээж авах бүрэн эрхтэй. Түүнчлэн шаврын ажлын гүйцэтгэл хангалтгүй хийгдсэн тул ажил хүлээлцэх акт үйлдэлгүй, дахин завсар хийх шаардлагатай болохыг иргэн Ж.Ганцэцэгт мэдэгдсэн. Түүнчлэн "ИЗМНЭГ" ХХК-ийн барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч Ж.Ганцэцэг 2014 оны 11 дүгээр сарын 04-нд хүлээлгэж өгөх ёстой байсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 3 дугаар сарын эхээр цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ИЗМНЭГ” ХХК-иас 9 750 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэгт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэгийн хариуцагч О.Амартүвшинд холбогдох шаардлагаасаа татгалзсныг баталж, хариуцагч О.Амартүвшинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170 925 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “ИЗМНЭГ” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс давж заалдах журмаар  гаргасан гомдолдоо:

1. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01308 дугаар захирамжаар хариуцагч О.Амартүвшин, "Izmone" ХХК нарыг хариуцагч О.Амартүвшин, "Измнэг" ХХК-иар сольсон. Ийнхүү хариуцагч О.Амартүвшин 2014 оны 6 дугаар сарын 30, "Izmone" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содбаяр 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардан авч эрх, үүрэгтэй танилцсан байна. Улмаар 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Izmone” ХХК-ийн бланкаар "ИЗМНЭГ" ХХК-ийн тэмдэг дарж хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Иймд хариуцагч О.Амартүвшин, "ИЗМНЭГ" ХХК нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэлийг дахин гардуулах шаардлагагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4  дэх хэсэгт заасныг зөрчсөн. “Izmone” ХХК-ийн бланкаар “Измнэг” ХХК-ийн тамга дарж  тайлбар ирүүлсэн нь чухам аль компаниас тайлбар ирүүлсэн нь эргэлзээтэй байхад үүнийг тодруулаагүй, "Измнэг" ХХК-иас төлөөлөгч томилогдоогүй, нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй. "Измоне" ХХК болон "Измнэг" ХХК нь тус тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй компани атал ийнхүү дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 23870 дугаар шүүгчийн захирамжаар О.Түвшинтөгс, Я.Чинбат нарыг гэрчээр асуулгах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өлзийбаярын хүсэлтийг хангасан. Дээрх хүсэлтээ няцаагаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. Иймд захирамжийн биелэлт хангагдаагүй. Хариуцагч О.Амартүвшингийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулаагүй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

2. 2016 оны 4 дүгэээр сарын 29-ний өдөр Ж.Ганцэцэгийг гэрчээр асуусан тэмдэглэлд "...нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэг анх иргэн Ж.Ганцэцэгтэй ярилцаж барилгын ажил бай байгаа гэдгийг мэдсэн, ямар хөлсөөр, хэдий хугацаанд хийх талаар тохиролцсон байдаг” гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгч Ж.Ганцэцэгийг хамтран хариуцагчаар татаж, эрэн сурвалжлуулах тодорхой ажиллагаа хийгдсний дараа хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтээсээ татгалзаж, Ж.Ганцэцэгийг өөрсдөө авчирч түүнийг гэрчээр оролцуулсан нь ойлгомжгүй байхад гэрчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

  3. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “ИЗМНЭГ” ХХК-ийн ерөнхий захирал О.Амартүвшингийн баталгаа өгөх тухай баримтад Ө.Ундрахцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагад оруулсан 5, 8 дугаар давхарын тухай огт дурдаагүй өгөөд агуулгын хувьд цаашид үргэлжлүүлэн хийх ажлын хөлсийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ж.Ганцэцэгт олгох тухай Ө.Ундрахцэцэгт хийж өгсөн баримт байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь уг баримтын агуулгыг өөрт ашигтайгаар шүүхэд тайлбарлаж, шүүх дүгнэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон дээрх баримтуудад байгаа давхруудын зөрүү, нотлох баримтын эргэлзээтэй байдал, бодит байдалд хэр нийцэж байгаа зэргийг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт Ө.Ундрахцэцэгээс ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай баримт огт авагдаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэг" зөвлөмжийн 2 дугаар зүйлд гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн мэдээлэл байх ёстой.

4. Энэхүү гэрээг "ИЗМНЭГ" ХХК хэнтэй байгуулсан нь тодорхойгүй бөгөөд гэрээнд заасан ажилд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил хамаарч байгаа гэх тайлбараа нотолж чадаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Учир нь: Ж.Ганцэцэг, "ИЗМНЭГ" ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэхэд талууд маргаагүй бөгөөд хэн аль нь хүлээн зөвшөөрдөг энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад шүүх санаачилгаараа дүгнэлт гаргасан. Гол маргаан Ө.Ундрахцэцэг, "ИЗМНЭГ" ХХК нарын хооронд "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдсан эсэх талаар маргаж байгаа. Хариуцагч татгалзлаа хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ", ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т, гэрч Ж.Ганцэцэгийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлэг, Заслын ажил гүйцэтгэх гэгрээний 3.2-т заасан, Ж.Ганцэцэг, "MDD" ХХК-тай ажлыг 70 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэрээ, "MDD" ХХК-д 64 841 200 төгрөг хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний баримт, ажил гүйцэтгэх явцдаа Ж.Ганцэцэг, Ө.Ундрахцэцэг нар харилцан тохиролцож дээрх гэрээний 1.3-т заасан ажлын зөвхөн "Өрлөг-шаварын" ажлыг Ө.Ундрахцэцэгээр хийлгэх тохиролцоо гэх нотлох баримтуудаар хангалттай нотолдог. Ж.Ганцэцэг, Ө.Ундрахцэцэг нарын тохиролцоонд гуравдагч этгээд О.Амартүвшинг оруулж түүний өмнөөс шаврын ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон. Уг гэрээ нь 2 талын хэлцэл атал гуравдагч этгээдийг оролцуулан түүнд үүрэг хүлээлгэсэн нь О.Амартүвшингийн эрхийг зөрчсөн. "Измоне" ХХК нь Ж.Ганцэцэгтэй байгуулсан "Заслын ажлыг гүйцэтгэх гэрээ"-нд туслан гүйцэтгэгч буюу гуравдагч этгээдийн талаарх зохицуулалт, зорилгыг тодорхойлоогүй бөгөөд Ө.Ундрахцэцэг "Измоне" ХХК-иас шаардах эрхгүй. Дээрх нотлох баримтууд "Измнэг" ХХК болон Ө.Ундрахцэцэг нарын хооронд ямар нэг харилцаа үүсээгүй, гэрээ хэлцэл байгуулаагүй гэдгийг нотолдог. Гэтэл шүүх шийдвэртээ ..зохигчид бичгэн хэлбэрээр гэрээ байгуулж ажлын хөлсийг тохиролцоогүй боловч "ИЗМНЭГ" ХХК-ийг төлөөлж О.Түвшинтөгс 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн баримтаар ажлын хөлсийг 1 м.кв тутамд 6500 төгрөг гэж тохиролцсон.. гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь: уг баримтыг хийж өгсөн гэх О.Түвшинтөгс нь компанийг төлөөлөн бусадтай гэрээ, хэлцэл хийх эрх бүхий этгээд биш юм.

5. Ө.Ундрахцэцэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийгөө бригадын ахлагч, Солонгос Улсын ажилчдын хийсэн ажлын хөлсийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч дээрх Солонгос иргэдийг төлөөлөх эрхээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу нотлох баримтыг үнэлэлгүй, хэт нэг талыг барьж, хэргийг үндэслэлгүй, хуулийн хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэг нь хариуцагч “ИЗМНЭГ” ХХК, О.Амартүвшин нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ИЗМНЭГ” ХХК-иас эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэг нь хариуцагч “ИЗМНЭГ” ХХК-ийн захирал О.Амартүвшингийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Зайсан Голден Вилл” хотхоны 101 дүгээр байрны 1 дүгээр орцны 2,4,6,7,9 давхрын шаврын ажлын хөлсийг санхүүжүүлнэ” гэх агуулга бүхий албан бичиг, мөн  “7, 8, 9, 10 давхрын шаврын ажлыг 1 м.кв-ыг 6500 төгрөгөөр хийж гүйцэтгэх тухай тус компанийг төлөөлж, Б.Түвшинтөгсийн гаргасан”  гэх баримтыг  үндэслэн  дээрхи байрны 5, 7, 8 дугаар давхрын шаврын ажлын хөлсөнд  9 750 000 төгрөг нэхэмжилсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх боловч гэрээний нөгөө тал буюу хариуцагч “ИЗМНЭГ” ХХК мөн эсэхэд анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгч чадаагүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэгтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг зөв тодорхойлох нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч хэрхэн мэтгэлцсэн нь тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн талуудын хоорондын маргааны зүйл буюу гүйцэтгэх ажлын талаар талууд зөрүүтэй тайлбар гаргасан байхад шүүх энэ байдлыг тодруулаагүй байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянасан Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/хт2016/01252 дугаар тогтоолд дурдсан алдаа зөрчил арилаагүй, хариуцагч этгээд ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүргийг хариуцах эсэх нь тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримт бодит байдлаар тогтоогдоогүй, хэргийн оролцогч тодорхой биш нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, хариуцагч мөн эсэхэд шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/00311 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг зааснаар хариуцагч “ИЗМНЭГ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хурааамжид төлсөн 170 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                                                  ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

                                                                                                                         Д.БАЙГАЛМАА