Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01520

 

Н.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00577 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1290 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Н.О

         Хариуцагч: “З” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-д холбогдох      

     Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ч хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016-04-11-ний өдөр З сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2016-08-02-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл СӨХ –ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга 2017-10- 29-ний өдрийн 01 дугаар тушаал гаргаж ажлаас халсан. Тушаалд хөдөлмөрийн гэрээг  тодорхой бус дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-р халах тохиолдолд тухайн ажилтантай  тохиролцоо байх ёстой. Ямар зөрчил гарсан тохиолдолд ажлаас халах тухай тохиролцоогүй. “..Аудитын дүгнэлтээр..” гэх боловч хэн, ямар зорилгоор хэний гомдлоор хэнийг шалгах гэж хийгдсэн гэдэг нь тодорхойгүй. Өмнөх захиралтай холбоотой асуудлаар шалгалт хийсэн ба аль нь Н.Отэй холбоотой зөрчил вэ гэдгийг зааглаагүй. Ажлаас халсан үндэслэлээ тушаалд албан ёсоор дэлгэрэнгүйгээр тодорхой заах ёстой ч заагаагүй. СӨХ-н дотоод журамд хариуцлага хүлээлгэх тухай заасан байдаг. Гэтэл ажлаас халахаас 7 хоногийн өмнө дотоод журмыг баталсан. Эд хөрөнгө хариуцсан ажилтантай  гэрээ байгуулаагүй, юу хариуцаж байгаа нь тодорхойгүй. Иймд  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч  хариу тайлбартаа: 2017-10-29-ний өдөр хамтарсан хуралдаанаар аудитын шалгалтын дүгнэлтийг үнэлэх, тайлагнах, түүнээс илэрсэн зөрчлийг үнэлээд холбогдох хүнд хариуцлага тооцох хуралдаан болсон. ТУЗ-н дарга, хяналтын зөвлөлийн дарга нар санхүүгийн зөрчил байна гэж үзээд тухайн үед үүрэг хүлээж байсан захирал Н.Оийг ажлаас халах хурал болсон. Хурал хуулийн дагуу явагдсан. Санал хураалт хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангасан. Н.Оийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-р тушаал гаргасан. Тушаал хууль зүйн үндэслэлтэй. Талууд 2017-08-14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 2.18, 2.19, 4.8, 1.8-д  тодорхой байгаа. Дотоод журамд хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр болохоор дотоод журам давхар хэрэгжиж эхэлнэ. 2016-01-01-с 2016-06- 30-ны өдөр хүртэл санхүүгийн баримтад аудит хийсэн. Эндээс Н.О нь мөнгө үрэгдүүлж завшсан нь гарч ирдэг. Эрх бүхий байгууллагаас гаргасан аудитын дүгнэлтийг баримталсан. Н.О гүйцэтгэх захирал байх хугацаандаа нягтлангаа мөнгө захиран зарцуулах ажилд оролцуулдаггүй, өөрөө мөнгө хүсэж өөртөө олгосон  байдаг. Төлбөрийг төлсөн гэхдээ бараа материал болон үйлчилгээг аваагүй. Худалдах-худалдан авах гэрээгээр лифтний эд ангийг авах  бол заавал тэр компаниар засвар үйлчилгээ хийлгэх ёстой байдаг. Хэрвээ энэ үүргийг зөрчиж өөр хувь хүнээр хийлгэх юм бол тухайн компани манайхтай байгуулсан гэрээг цуцлах эрхтэй. Сольсон, угсарсан, бас гэрээнд заасан бараа материалыг нийлүүлээгүй гэсэн албан бичгийг гэрээ байгуулсан компаниас ирүүлсэн. Цалин хөлс бодох журам байхгүй байж цалин илүү бодож олгосон, аудитын дүгнэлт гарсны дараа ийм журам байна гэж гаргаж ирсэн. Иймд  нэхэмжлэл үндэслэлтэй  гэжээ.

       Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00577 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Н.Оийг З СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан З СӨХ-с ажилгүй байсан хугацааны олговорт 3,195,268 төгрөгийг гаргуулан Н.От олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Н.Оийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг З СӨХ-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан З СӨХ-с улсын тэмдэгтийн хураамжид 206 474 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1290 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00577 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Н.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Чинбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  ИХШХШТХ-ийн  162.4-р “З”СӨХ нь Улсын тэмдэгтийн хураамжид 132,000 төгрөг  төлсөнийг , давж заалдах шатны шүүх  алдааг хянаагүй байгаа нь хууль зөрчсөн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10.8.2-т зааснаар холбооны гүйцэтгэх захирлыг сонгох эрхийг СӨХ-ны Удирдах зөвлөл эдлэхээр заасны дагуу “З”СӨХ -ны Удирдах зөвлөлийн даргын 2016-04-11-ний өдрийн 05 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр /хх-ийн 2/, мөн Удирдах зөвлөлийн даргын 2016-08-02-ны өдрийн 06 дугаартай тушаалаар Н.Оийг гүйцэтгэх захирлаар /хх-ийн 3/ томилсон. “З” СӨХ -ны ТУЗ даргын 2017-10-29-ний 01 дугаартай өөр тамга бүхий тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд тусгайлан заагаагүй “Төлөөлөн удирдах зөвлөл” гэх холбооны удирдах байгууллагаас шийдвэр гаргаж, тухай ажлаас халах асуудлыг дангаараа шийдвэрлэсэн нь хуулийн этгээдийн эрхгүй этгээд буюу СӨХ хувьд энэ нэр томъёог хэрэглэсэн нь хууль зөрчжээ гэж шийдвэрлэсэн, ажилд томилох, халах тушаалд өөр өөр тамга дарагдсан зэрэг үйл баримтанд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй  хэргийг шийдвэрлэсэн байна. Магадлалд “Их монгол хөлөг аудит” ХХК-иас 2017 оны 10 дугаар сард “З” СӨХ санхүүгийн баримтанд хийсэн шалгалтын тайланд “...Н.О нь 2016, 2017 онуудад өөрийн цалинг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, нийт ажилчдын цалингийн нэмэгдлийн 48.6 хувийг Н.Оийн авсан цалин эзэлсэн, сар бүр үндсэн ажлын хоногоо нэмэгдүүлэн сарын үндсэн цалинг 92,308 төгрөгөөс 430,768 төгрөгөөр нэмэгдүүлж... сард 996,154 төгрөгөөс 1,300,469 төгрөгийн цалин авсан.” гэж, мөн үндэслэх хэсэгт “Энэхүү нэмэгдлүүдийг олгох тухай ... тушаал шийдвэргүйгээр авсан гэж дүгнэсэн байх бөгөөд уг аудитын дүгнэлт хүчин төгөлдөр байна” гэж, мөн үндэслэх хэсэгт “Уг аудитын дүгнэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан нөхцөл байдал тогтоогдсон, ажилтан Н.О нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх тул ажил олгогчийн 2017-10- 29-ний 01 тоот тушаал хуулийн үндэслэлтэй.” гэж үзэхдээ нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь цалин хөлсний нягтлангийн ажлын үүргийг гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн ямар буруутай үйлдэл эс үйлдэхүй цалин хөлс нэмэгдүүлэхэд нөлөөлсөн нь тодорхойгүй байна. Эдгээр үйл баримтын талаар  зааглан мэтгэлцээгүй, ямар нэгэн үйл баримтыг огт дурдаагүй бөгөөд харин нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг тогтоох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуульд заасны дагуу хүлээн аваагүй юм. Магадлалын хянах хэсэгт “Хэдийгээр ажил олгогчоос... ажлаас халах болсон үндэслэлийг тодорхой заагаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан зохицуулалтыг баримталсан. Энэ тохиолдолд тухайлан зөрчлийг дүрслэн заагаагүй гэдгээр тушаалыг хууль бус гэж үзэх боломжгүй.” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж улмаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 133.3, 135.1, 135.3, 135.4-т тус тус заасныг зөрчиж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасныг нотолсон байхыг шаарддаг бөгөөд тухайн үйлдэл нь тогтоогдсон байхыг хуулиар зохицуулсан ба ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт, ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл, хугацаа тохирч байх ёстой боловч ажлаас халсан тушаалд гарсан зөрчлийг дурдаагүй нь хариуцагч шүүхийн шатанд нотлох баримт бүрдүүлэн тайлбар татгалзал гаргах нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс зөрчлийг тушаалд дүрслэн заагаагүй нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3-т заасан ажлаас халах хэмжээний сахилгын зөрчил гаргаж, түүнд тохирсон шийтгэл хүлээлгэсэн эсэх нь тогтоогдоогүй ба одоог хүртэл хариуцагчийн тайлбар, нотлох баримт зэрэг нь тодорхой бус нөхцөл байдалтай байна. Иймд магадлалын хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

        Н.О 2017-11-24-ний өдөр “З” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгахыг /хх 1/ шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй /хх 16/ маргажээ. 

        Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хүчингүй болгоно. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийг тушаалд тодорхой заасан байхыг шаардана. Хариуцагч гэрээг цуцалсан үндэслэлээ тодорхой заагаагүйгээс гадна ажилтныг халсан шалтгаанаа өөр өөр байдлаар тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь  буруу болжээ.

        “З” Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 01 дугаартай тушаал гаргаж, Н.Оийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2017-10-29-ний өдрөөс түдгэлзүүлсэн байна.

        Зохигч нарыг хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзсэн үндэслэлээ анхан шатны шүүх шийдвэрт заагаагүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан эсэх талаар талууд мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

        Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00577 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1290 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ