| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0215/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 211
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Төрболд
Хохирогч М
Иргэний нэхэмжлэгч З
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.......холбогдох 2021002040215 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ганцаараа Дорнод аймгийн ” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А /РД: ЖМ
Шүүгдэгч А нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн орчим Дорнод аймгийн................... сумын ......дүгээр багийн нутаг “..............” гэх газарт бэлчээрт байсан иргэн М..............н өмчлөлийн үхрээс сээр цагаан улаан хүрэн зүсмийн охин бяруу буюу 1 тооны үхэр хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “М ахын үхрээс нэг бяруу авсан нь үнэн. Хэлээгүй авсан нь миний буруу. Уг нь надад нэг бяруу өгнө гэж байсан юм” гэв.
Хохирогч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд А малаа харуулаад 1 даага, 1 бяруу өгөх талаар ярьсан. Гэхдээ А надаас нэг бяруу авахдаа хэлээгүй. А авсан сээр цагаан улаан хүрэн бяруугаа эргүүлж өгсөн. Би буцааж авсан. Бяруу авснаасаа хойш би таны бярууг авсан шүү гэж хэлж байсан. Одоо уг бяруу манай малд байгаа. Надад гомдол санал байхгүй. ...Би энэ бярууны талаар гомдол гаргаагүй. Алдсанаа ч мэдээгүй байсан. Миний үхрээс өөр бяруу бас алдагдсан байгаа. Тэр бярууны талаар би цагдаад гомдол гаргасан байхад ******* би энэ бярууг авсан гээд авчирч өгсөн...” гэв.
Иргэний нэхэмжлэгч З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би энэ залуутай наймаа хийгээгүй. Би О-той наймаа хийсэн бөгөөд надад бяруу өгөхгүй бол 300.000 төгрөгөө буцааж авъя гэж хэлж байсан. Түүнээс 300.000 төгрөгөө авсан зүйл байхгүй. 6 сард шиг санаж байна. Мөнгөнийхөө оронд хар халзан бяруу авсан. Надад А нэхэмжлэх зүйл байхгүй. Би энэ хүүхэдтэй ч наймаа хийгээгүй” гэв.
Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын сүүлээр хорьд гаргаад сээр цагаан /нуруун дээрээ цагаан зураастай/ охин бяруу алдсан. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны орчим цагдаагийн байгууллагаас залгаад миний үхэр олдсон талаар хэлсэн. Харин авсан хүн нь А байсан. А 2019 оны 12 дугаар сараас эхлээд 2020 оны 02 дугаар сарын эх хүртэл манай малчнаар ажилласан. Цалингийн оронд 1 тооны бяруу өгнө гэж ярьж байсан. Гэхдээ надаас хулгай хийж авсан байна” гэжээ. /хх-ийн 5, 12-13/
Иргэний нэхэмжлэгч З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сард Шүр зах дээр О- дүүтэй таарсан. Тухайн үед би идшинд хэрэглэх бяруу мэдэж байгаарай, мөнгөөр нь худалдаж авна шүү гэсэн. Түүнээс хойш 2020 оны 02 дугаар сарын 26-ны өглөө Э над руу яриад та бяруу авах хэвээрээ юу гэж асуусан. Тэгэхээр нь хэвээрээ гэтэл би тан руу дансны дугаар явуулъя, та бярууны мөнгө болох 300.000 төгрөгийг хийчихээрэй гэж хэлсэн. Би тухайн данс руу 300.000 төгрөгийг хийсэн...” гэжээ. /хх-ийн 25-26/
Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр урьд нь А мөнгө гуйгаад байхаар нь хүнээс мөнгө аваад өгчихсөн гэж ярьж байсан. 2020 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна. Манай үхэрт сээр цагаан улаан зүсмийн охин бяруу байсан. тухайн бярууг хэний бяруу болох талаар малчин С, А нараас асуухад хүнээс авлагандаа авсан бяруу юм гэж байсан. Яг хэнээс хэн авсан болох талаар асуугаагүй...” гэжээ. /хх-ийн 20-21/
Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А надаас бяруу авах хүн олдохгүй юу гэхээр нь Загдаа эгч бяруу мэдэж байгаарай гэх үг санаанд ороод дугаарыг нь өгсөн. Тэгтэл намайг яриад өг гэхээр нь яриад асуухад 1 бяруу авна гэхээр нь А надад нэг хүний дансны дугаар өгөхөөр нь би тэр дугаарыг нь
З эгч рүү явуулсан. Тэгээд утсаар Загдаа эгчтэй яриад энэ дансны дугаар луу бярууны үнэ 300.000 төгрөгийг явуулчихаарай гэж хэлсэн. Төд удалгүй З эгч залгаад мөнгө явуулчихлаа гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 22-23/
А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. 16 цагийн орчимд өөрийнхөө үхрийг хураахаар явж байсан бөгөөд сумын .....дугаар багийн нутаг “.......” гэх газарт М-н үхэр сүрэг бэлчиж байхад 1 тооны улаан халзан зүсмийн бярууг сүргээс нь таслаад унаж байсан хонгор зүсмийн мориор туугаад өөрийнхөө үхэртэй нийлүүлж гэрийнхээ гадаа авчирсан. Тухайн үед хэлэлгүй бяруу авсан нь миний буруу. Уг бярууг буцаагаад өгсөн. Харин миний нэг сарын цалин болох 300.000 төгрөгийг өгөхгүй болохоор нь цалин өгөх хүртэл өөрийнхөө үхэрт байлгах бодолтой байсан...” гэжээ. /хх-ийн 37/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8, 40/
М мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 10-11
Гэрч Б-н мэдүүлэг /хх-ийн 19/
Гэрч М-н мэдүүлэг /хх-ийн 27/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... тоот дүгнэлт /хх-ийн 30/
З-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39/
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 44/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч А-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч А нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн орчимд Дорнод аймгийн ...................сумын ....... дүгээр багийн нутаг “.................” гэх газарт бэлчээрт байсан хохирогч М-н өмчлөлийн үхрээс сээр цагаан улаан хүрэн зүсмийн охин бяруу буюу 1 тооны үхэр хулгайлж, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн ........................ гэх газарт ******* үхэр сүрэг бэлчиж байхад 1 тооны улаан халзан зүсмийн бярууг сүргээс нь таслаад унаж байсан хонгор зүсмийн мориор туугаад өөрийнхөө үхэртэй нийлүүлж гэрийнхээ гадаа авчирсан. Тухайн үед хэлэлгүй бяруу авсан нь миний буруу...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч М-н “...Миний хувьд А-гаар малаа харуулаад 1 даага, 1 бяруу өгөх талаар ярьсан. Гэхдээ ******* надаас нэг бяруу авахдаа хэлээгүй. А авсан сээр цагаан бяруугаа эргүүлж өгсөн. Би буцааж авсан. Бяруу авснаасаа хойш би таны бярууг авсан шүү гэж хэлж байсан. Одоо уг бяруу манай малд байгаа. Надад гомдол санал байхгүй. Би энэ бярууны талаар гомдол гаргаагүй. Алдсанаа ч мэдээгүй байсан. Миний үхрээс өөр бяруу бас алдагдсан байгаа...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч З, гэрч М, О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...шүүгдэгчийн хувьд хохирогчийн бярууг хэлэхгүй авснаа хүлээн хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ шүүгдэгчийн авсан бярууны зүс зөрөөд байна. Хохирогч сээр цагаан улаан хүрэн зүсмийн бяруу гэдэг. Шүүгдэгч улаан халзан бяруу авснаа буцааж өгсөн гэдэг. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд гол гэрч болох С гэдэг хүнийг асуугаагүй. Гэтэл энэ хүн бол гол гэрч. Энэ хэрэгт эргэлзээтэй зөрүүтэй зүйл олон байна. Хэргийг буцаах хүсэлт гаргаагүй учраас шүүх хэргийг шийдвэрлэнэ. Иймд энэ бүх байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд хохирогч М нь бярууны зүсний тухайд шүүх хуралдаанд “Манайх хэд хэдэн бяруу алдсан. А авчирч өгсөн бяруу нь сээр цагаан улаан хүрэн зүсмийн бяруу бөгөөд уг бяруу нь нуруун дээгүүрээ цагаантай учраас улаан халзан ч гэж хэлж болно. Энэ бярууг алдсан талаараа би цагдаад мэдэгдээгүй. Өөр бяруу алдсан талаар хэлсэн байсан. А-г авчирч өгөхөд уг бярууг байхгүйг мэдсэн. Гэхдээ миний бярууг А надад хэлээгүй авсан байсан ” гэж тайлбарласан.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалж үзвэл шүүгдэгч А нь хохирогч М сээр цагаан улаан хүрэн зүсмийн охин бярууг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн орчимд Дорнод аймгийн............... сумын 04 дүгээр багийн нутаг “.......................” гэх газарт бэлчээрт байхад нь нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна. Түүнчлэн хэргийн оролцогч нар нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцаалгах тухай хүсэлтээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шийдвэрлүүлэхээр хуульчлагдсан ба энэ талаар хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаагүй тул шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийгээгүй болно.
Шүүгдэгч А холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А нь танин мэдэхүйн хөнгөн эмгэгтэй боловч өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож, үнэн зөвөөр тайбарлаж мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 34 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Иймд шүүгдэгч А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 700.000 төгрөгийн хохирол буюу 1 тооны үхрийг буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгч А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд тэрээр 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ганцаараа Дорнод аймгийн .........сумын 3 дугаар баг “.....................” гэх газар оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй бөгөөд 2016 онд гавал тархины гэмтлийн улмаас “Гэмтлийн дараах тархины няцрал, нүд хөдөлгөгч мэдрэлийн эмгэг, Зүүн саагийн эмгэг”-ээр мэдрэлийн эмчийн хяналтанд хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоолгосон болохыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А нь гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан 1000.000 төгрөгөөр үнэлэгдсэн хул хонгор зүсмийн азарга нь М-н өмчлөлийн адуу болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А адууны үнэ болох 1000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М-с хууль бусаар авсан сээр цагаан улаан хүрэн зүсмийн охин бярууг буцаан өгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн арилгасан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан адууны үнэ болох 1000.000 /нэг сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А –с гаргуулж, улсын орлого болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖМ…............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А-н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА