Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 39

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч Н.Амаржаргал

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булган

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Э холбогдох эрүүгийн 2040000000055 дугаартай хэргийг 2020 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2 дугаар баг “Нүдэн хонгор” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О.Э Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Э нь согтуурсан үедээ 2020 оны 05 сарын 18-ны шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Нарийн” гэх газарт ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/”...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Л.С жолоодож явсан мотоциклийн араас мөргөж, улмаар мотоциклийн ард сундалж явсан зорчигч Л.Ү эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

                        1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Э нь согтуурсан үедээ 2020 оны 05 сарын 18-ны шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Нарийн” гэх газарт ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/”...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Л.С жолоодож явсан мотоциклийн араас мөргөж, улмаар мотоциклийн ард сундалж явсан зорчигч Л.Ү эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

- Гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгах явцад цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-10-р ху/

-Гэрч Л.С “...2020 оны 05 дугаар сарын 18-ны шөнө Э манай төрсөн ах Л гийн хамт манай гэрт ирэхдээ нилээн согтуу ирсэн. ...Тэгээд машиндаа сууцгаагаад явахаар болсон. Э нь замаа олохгүй юм шиг байна, намайг замд оруулаад өг гэж надад хэлсэн. ...Тэгээд хөдлөх гэтэл манай эхнэр Л.Ү  би цуг явъя гээд миний мотоциклийн ард суусан. Гэрийн гаднаас хөдлөөд замд нь оруулж өгөх гээд араасаа дагуулаад явсан. Хөдлөөд 3 км газар явж байтал гэнэт араас орж  ирээд мөргөсөн. Манай эхнэр бид 2 мотоцикльтойгоо оочтол бид хоёроос өнгөрч зогсоод Э буугаад ирсэн. Тэгээд бууц ирээд эмнэлэг явъя гэсэн. Тэгсэн манай эхнэр хөдөлж болохгүй байна гээд хашгираад байсан. Би Э  чи бид хоёрыг алах нь байна гээд хэлтэл машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд би хүүгээ сумын төвөөс дуудаж эмнэлэгт ирсэн.  ...Зам тээврийн осол болсны дараа Э надтай ирж уулзаад ёстой муухай юм боллоо, эхнэрийг чинь аваад Дархан сумын эмнэлэг явъя  гэж хэлэхээр нь би эхнэрээ босгох гэтэл босохгүй байсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд Э руу ганц хоёр удаа өшиглөсөн. Тэгэхэд Э муудаад яах вэ? Гэж хэлээд хөдлөөд явсан. Тэрнээс биш ослын газрыг орхиж явсан зүйл байхгүй...” /хх-ийн 18, 106-107/

-Хохирогч Л.Ү “...2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хэрэг болох үед манайх зусландаа буучихсан байсан. Би хөдөө гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. Манай гэрийн ойролцоо Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат Э гэх залуу адуутайгаа отроор хэд хонож байсан. Э адуугаа аваад отроор хааяа манай нутаг руу ирдэг юм. Нөхөр бид хоёр Э ай хамгийн анх 2000 онд танилцаж байсан. Тухайн үед их зуд болоод Э адуугаа аваад отроор манай нутагт ирж байхад нь танилцаж байсан. 2020 оны 05 дугаар сарын 17-ны орой хөдөө гэртээ нөхрийн хамт 22 цагийн үед унтаж амарсан. Манай хүүхдүүд байхгүй, эзгүй байсан. Тэгтэл 2020 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрт Э манай нөхрийн ах Л  хоёр орж ирсэн. Л  ах, Э хоёр манай гэрт орж ирэхдээ нэг шил 0.5 литрийн Ерөөл гэх архи, 1 ширхэг 2.5 литрийн том савалгаатай пиво аваад орж ирсэн. Э манайд орж ирээд архи, пиво уугаад сууж байхдаа манай нөхрөөс “Танай худагт адуугаа услая, болох уу” гэж асууж байсан. Э манай гэрээр ирсэн зорилго нь адуугаа худагт услах талаар гуйх гэж ирсэн байсан. Л  ах, Э 2 манай гэрт ирэхээсээ өмнө архи уучихсан байсан, манайд архи уусан халамцуу орж ирсэн. Э  авчирсан архийг хувааж аягалаад Э Л  ах 2 уусан. Манай нөхөр архинаас уугаагүй, харин пивонаас нь манай нөхөр, Л  ах, Э бид 4 хувааж уусан. Би архинаас уугаагүй. Тэгээд архи, пивоо ууж дуусаад манай гэрээс 2020 оны 05 дугаар сарын 18-ны 02 цаг өнгөрч байхад Л  ахын гэр лүү явахаар гарцгаасан. Л  ах нилээн согтчихсон, манай нохрөөр дамжлуулж байгаад Э  машинд суусан. Эч гэсэн нилээн согтсон байсан. Тэр 2 манай гэрийн гаднаас хөдлөхдөө замаа олохгүй байх гээд манай нөхрийг зам заагаад өгчих гэж хэлсэн. Тэгээд С  мотоциклио асаагаад хөдлөх гэхээр нь хамт явья гэж бодоод мотоциклийнх нь ард суугаад явсан. Манай гэрийн гаднаас хөдлөөд Л  ахын гэр рүү чиглээд явж байсан, Э араас мөргөсөн. Э  машинд мөргүүлээд С  бид 2-той мотоцикльтойгоо ойчсон. Газар ойчоод босох гэсэн чинь би цээж зовиурлаад, баруун гар тал эвгүй болчихоод босож чадахгүй байсан. Энхбаярыг машинаараа мөргөлөө гэж манай нөхөр уурлаад Э ай муудсан байсан, би тэрийг нь хараагүй. Энхбаярыг манай нөхөр 1, 2 удаа цохисон гэж байсан. Тэгэхэд Э муудалцаад яахад гззд хөдлөөд явсан байсан. Би тухайн үед гар зовиурлаад сайн мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105-р ху/

            -Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №55 тоот шинжээчийн дүгнэлт: 

1.Л.Ү биед баруун эгэмний ясны далд хугарал, духны баруун хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх баруун эгэсний ясны далд хугарал бүхий эмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

            5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх /хх-ийн 37-38-р ху/

            -Хэнтий аймгийн Замын цагдаагийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “MUSSO” маркийн ...... улсын дугаартай автомашин жолоодож явсан Очирхуяг овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2 Нүүдэлчин маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг жолоодож явсан  Л.С  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ. б/ мотоцикль, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх. 3.7 а/ жолоочид дараах мзүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолородор эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Уг зам тээврийн осол нь “MUSSO” маркийн ...... улсын дугаартай автомашин жолоодож явсан Очирхуяг овогт Э нь Монгол Улсын Замын хөдлөгөөний дүрмийн 3.7 а/ 12.3-д заасан заалт мөн, Нүүдэлчин маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг жолоодож явсан Л.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 б/, 3.7а/ 3.1 а/ б/ заасан заалтуудыг хоёр жолооч тус тус зөрчсөнөөсзам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэх /хх-ийн 44-45-р ху/

                        -Яллагдагч О.Э  “Манайх Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2 дугаар багийн нутаг Нүдэн хонгор гэх газар мал маллаж амьдарч байгаад 2020 оны 05 дугаар сарын 06-ны Хэнтий аймгийн Дархан сумын нутагт хүүхэдтэйгээ адуугаа туугаад отроор гарч ирсэн. Би Хэнтий аймгийн Дархан суманд дан өөрийнхөө адуутай ирсэн. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ирснээс хойш Дархан сумын төвөөс хойш машиндаа хоноглоод адуугаа харж байсан. 2020 оны 05 дугаар сарын 16-ны орой Дархан уулын хойд талд нэг хоносон. Маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 17-ны орой Дархан сумын 1 дүгээр багийн малчин Л  гэх айлд очсон. Өөрийнхөө адууг бөөгнүүлчихээд, маргааш адуугаа услах талаар ярилцах гээд Л  гэдэг айлд очсон. Л гийн гэрт очихдоо 1 шил 0.75 литрийн Ерөөл архи гаргаж өгсөн. Би Дундговь аймгаас анх адуугаа туугаад гарахдаа 2 шил архи, 1 том пиво аваад гарсан юм. Л гийн гэрт миний гаргаж өгсөн архийг хувааж ууж байгаад С ын гэр рүү явахаар болсон. С ын худгийг ярьж өгье гээд гарсан. Л гийн гэрийн гаднаас би өөрөө машинаа бариад Л  миний машинд суугаад явсан. С ын гэрт орохдоо нэг шил 0.5 литрийн Ерөөл гэх архиа аваад орсон. С ын гэрт ороод юм ярьж байгаад маргааш өдөр адуугаа услахаар болсон. Тэгээд юм ярьж байхдаа миний авчирсан архийг хувааж уусан. Мөн машинд байсан том савлагаатай пивийг оруулж ирээд уусан. Тэгээд архи, пивоо ууж дуусаад Л гийн гэр лүү очиж амрахаар болсон. С ын гэрийн гаднаас 2020 оны 05 дугаар сарын 18-ны 02 цаг өнгөрч байхад гараад явсан. С ын гэрийн гаднаас хөдлөөд явж байхад Л  хажууд унтаад өгсөн. Тэгээд замаа олохгүй эргэлдэж байхад С  эхнэртэйгээ хамт хүрч дээр ирээд “За дагаад яв, зам заагаад өгье” гэж хэлээд урд гараад явахаар нь би араас нь дагаад явсан. Намайг С ын араас дагаад явж байтал С  гэнэт мотоциклийнхоо хурдаа хассан, Тэгэхэд нь би араас нь явж байгаад тормозоо гишгээд зогсож чадалгүй С ын мотоциклийн араас нь мөргөсөн. Намайг мөргөхөд С  мотоцикльтой оочоод өгөхөөр нь би хажуугаар нь өнгөрөөд машинаа зогсоосон. Тэгээд машинаасаа буугаад очтол С ын эхнэр Л.Ү  газар мотоциклийнхоо хажууд сууж байгаад “Чи бид 2-ыг мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгэхэд С  над руу уурлаад миний цээж рүү өшиглөсөн, мөн гараараа цохьсон. Тэгж байхад Л  машинаас бууж ирээд юу болов гэж байгаад газар хэвтээд унтаад өгсөн. Тэгээд С  уурлаад байхаар нь би өөрөө цагдаа дээр очлоо гээд машинаа бариад хөдлөөд явсан. С , Л.Ү , Л  3 тэндээ үлдсэн. Би цагдаа руу очно гэж яваад Дархан сумын төвийн хойно байдаг, суварганы хажууд унтсан. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн үед сэрээд Дархан сумын эмнэлэг дээр очиход Л.Ү  эмнэлэг дээр ирчихсэн эмчид үзүүлсэн байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, О.Э  холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт  хэргийн улмаас хохирогч Л.Ү биед хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №55 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь “...Бид эмчилгээний зардал болон дугуйны хохирол, ажилгүй байх үеийн нөхөн төлбөрт нийт 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг хүлээж авсан” гэх Эмчилгээнй зардал, хохирол барагдуулсан тухай нотариатаар гэрчлүүлсэн баримт /хх-ийн 152-р ху/,

“Би О.Э ай эвлэрсэн. Надад учирсан хохирол буюу эмчилгээний зардлыг барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 154-р ху/-ийг прокурорт гаргасан байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...Хохирогч Л.Ү өд хохиролд 200.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх хүсэлт /хх-ийн 155-р ху/-ийг гаргажээ.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Ү нь шүүгдэгчийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасныг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчид учруулсан хохиролд нийт 3.000.000 /гурван сая/ төгрөг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Э  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ялаас чөлөөлж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 6 сарын хугацаагаар хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жолоочийн үнэмлэхийг хурааж, ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02596439 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Э  буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан О.Э-ыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 06 /зургаан/ сарын хорих ялаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Э  “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалт”-д 06 /зургаа/ сар хамрагдах үүргийг хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар уг албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч дээрх арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 213430 дугаартай жолоочийн үнэмлэхийг хурааж, ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч О.Э  буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ