| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0092/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2020-08-25 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Л.С
Орчуулагч Б.Ш
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б
Шүүгдэгч В нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Хэбэй мужийн Сан Хө хотод ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, Хан үндэстэн, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдрах, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэбэй муж, Сан Хө хотод тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, В иргэний үнэмлэхний дугаар ...-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч В нь 2020 оны 07 сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь Хилийн ... дүгээр ангийн хариуцсан хэсэг болох хилийн ... дүгээр тэмдэгт боомт бус газраар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч В-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Хэбэй мужийн Сан Хө хотоос Эрээн рүү ирсэн. Хятад улс дотор корона вирус өвчин гарсан ч чөлөөтэй аялахыг зөвшөөрч байгаа. Монгол Улсын хилээр нэвтрэх санаа зорилго байгаагүй. Би зугаалж яваад төөрсөн, хийсэн хэргээ ойлгосон, ямар хариуцлагатай болохыг ойлгож мэдсэн.” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч В-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “ Би зугаалж яваад төөрөөд Монгол Улсын хилийг давсан. Би гар утсаа харж явж байгаад төөрсөн. Би БНХАУ-ын Шилийн хотод ажиллаж байгаад мөнгөө авч чадаагүй юм. Тэгээд ажлаасаа гараад харсан зүгтээ явмаар санагдаад ийм зүйл боллоо “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/
Хууль бусаар хил нэвтэрсэн үйлдлийг шалгасан тухай акт, хэрэг гарсан газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /хх-ийн 5-8/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16-18/
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21/
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2020 оны 07 дугаар 24-ний өдөр ... дүгээр ангийн ... дугаар салбарын Төмөрт байнгын харуул дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 10 цагийн үед шиг санаж байна хилийн ... дугаар тэмдгийн чиглэлд шалгалт хийж байсан хилийн манаа ахлах байлдагч Э.Т, байлдагч Б нар хилийн ... дүгээр тэмдгийн чиглэлд нэг явган хүн гадаадаас дотоод руу чиглэлтэй явж байна гэж мэдэгдсэний дагуу би тухайн явж байсан хүний өөдөөс тосч очин саатуулахад хэл нэвтрэлцэхгүй, хэлсэн зүйл ойлгохгүй, шууд чигээрээ яваад байсан тэгэхлээр нь бууныхаа замгийг татсан чинь хэвтчихсэн, тэгээд тэр хүнтэй хамт Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хамтдаа тусгаарлагдсан юм. Гадаадаас дотоодруу чиглэлтэй буюу хятадаас Монгол Улс руу чиглэлтэй явж байсан. Тухайн иргэнийг саатуулахад өөдөөс хариулт өгөхгүй чигээрээ яваад байсан. 2020 оны 07 дугаар сарын 24-ны 10 цагийн орчимд саатуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/
Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2020 оны 07 сарын 24-ний өдөр Хилийн ... дүгээр анги хариуцсан хэсэг хилийн ...-р тэмдгийн чиглэлд тухайн өдрийн 04 цагаас 12 цаг хүртэл сэргийлэх манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Сэргийлэх манаанд үүрэг гүйцэтгэхэд хилийн торон саад болон мөр хянах зурваст үзлэг хийдэг юм. Тухайн өдрийн 10 цагийн үед ...-р тэмдгийн торыг нэг хүн гадаадаас дотоодруу чиглэлтэй давж харагдсан. Тэгээд харуулын дарга ахлагч Г.Г-т илтгэж харуулын дарга тухайн иргэнийг саатуулсан. Тэгээд застав руу мэдэгдэж заставаас бүлэг ирж тухайн иргэний авч явсан. Тэр хүн нь хятад хүн байсан. Гадаадаас дотоод руу буюу БНХАУ-аас Монгол Улс руу явж байсан. Тэр хүн хилийн ...-р тэмдгийн хаалган дээр саатуулагдсан. Тэр хүн торны голоор орсон байсан. Хилийн тор гэмтсэн зүйл байгаагүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/
Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагаанл өгсөн “Би 2020 оны 07 сарын 24-ний өдөр 04 цагаас 12 цаг хүртэл төмөрт хилийн харуулд ахлах байлдагч Э.Т-н хамт ...-р тэмдгийн чиглэлд сэргийлэх манаанд үүрэг гүйцэтгэж байсан. 10 цагийн үед хилийн ...-р тэмдэг ...-р тэмдэг рүү явж байхад ...-р тэмдгийн хил хамгаалалтын үндсэн торыг нэг хүн давж байсныг бид хоёр хараад шууд харуулын даргад мэдэгдсэн. Харуулын дарга буутай тухайн хил зорчигчийн зүг очиход нөгөө хүн тоохгүй яваад байсан. Харуулын дарга анхааруулга өгөхөөр бууныхаа замгыг таттал нөгөө хүн газар хэвтсэн. Ингэж түүнийг саатуулаад заставт мэдэгдсэн. Шуурхай бүлэг ирээд тухайн иргэнийг авч явсан. Тэр хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан. БНХАУ-аас Монгол Улс руу чиглэлтэй явж байсан. Тэр хүнийг хятадын талаас ирсэн эзгүй хээр газар байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/
Шүүгдэгч В нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн ял шалгах хуудас /хх-ийн 49/
Шүүгдэгч В-аас хураан авсан эд зүйлийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч В нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь Хилийн ... дүгээр ангийн хариуцсан хэсэг болох хилийн ... дүгээр тэмдэгт боомт бус газраар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт болсон байна.
Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хилээр орох, гарах, нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй бөгөөд шүүгдэгч В-ийн хувьд 2020 оны 07 сарын 24-ний өдөр хилээр нэвтрэх эрхийн баримт, бичиггүйгээр БНХАУлсаас Монгол Улс руу нэвтэрсэн идэвхитэй үйлдэл хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В-ийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Г.Г, Э.Т, З.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хууль бусаар хил нэвтэрсэн үйлдлийг шалгасан тухай акт, хэрэг гарсан газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй болно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч В-д хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь 11 хоног цагдан хоригдсон байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч В Ж Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В Ж Л-г 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч В Ж Л-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В Ж Л-ний цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч В Ж Л нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирэээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В Ж Л-д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц