| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0169/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 176
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Хохирогч Ц.О ,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б т холбогдох эрүүгийн 2015001940153 дугаартай, 163/2020/0169/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 40 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Х.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.О ын өгсөн: Манай нөхөр Б намайг цохиж зодсон. Бид нар найзындаа очоод архи уусан, би халамцуу байсан ба тэгээд Б ыг “гэртээ харъя” гэхэд би “харихгүй” гэснээс шалтгаалж зодсон. Хохиролд 800000 төгрөгийг авч эмчилгээндээ зарцуулсан. Миний бие одоо зүгээр, гомдол саналгүй. Бид хоёр эвлэрээд хамт амьдарч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015001940153 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутагт эхнэр Ц.О тай хувийн тааламжгүй харилцаа үүсгэн маргах явцдаа түүний толгой, цээж хэсэг рүү цохих, алгадах, хоолойг нь боох зэргээр зодож биед нь баруун зовхи, хамрын нуруу, баруун сарвуунд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ц.О ын өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед манайд Б , О хоёр манай хонинд вакцин тарих гэж ирсэн. Хонинд вакцин тарьж дуусчихаад юм яриад сууж байснаа Б “хэдүүлээ ойрхон айл руу явъя” гэж хэлэхээр нь манай нөхөр Б бид хоёр “тэгье, тэгье” гэж хэлээд О , Б , Б бид дөрөв Булган аймгийн ... сумаас зүүн зүг рүү Б гийн найзынх руу 15 цагийн үед явсан. Очих айлдаа 30 минутын дараа очоод цай, хоол идэж уучихаад “Хараа” нэртэй 0.5 литрийн 3 шил архийг Б , О , Б , би, тэр айлын эхнэр, нөхөр гээд бид зургаа хувааж уунгаа юм ярьж суусан. 2020 оны 05 дугаар сарын 17-нд шилжих шөнийн 05 цагийн үед Б бид хоёр гэрлүүгээ өөрсдийн эзэмшлийн цэнхэр өнгийн портер загварын тээврийн хэрэгслээр явсан. Гэрлүүгээ харих замд Б машин дотор миний цээж, толгой хоёр руу баруун гараараа алгадаж, тохойлдож, алгадсан. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тухайн үед миний толгой их өвдсөн, мөн “чамайг боогоод алчихвал ар гэрийнхэнд чинь харамсах хүн байхгүй” гэж хэлээд намайг зодоод байсан. Замдаа нэг зогсоод манай нөхөр Б миний хоёр хөлийг барьж байгаад машинаас буулгаад газар нуруугаар минь 2 метр газар чирээд, юу ч хэлэлгүй миний хоёр талын суганаас өргөж байгаад машинд суулгасан. Машин дотор над руу дайраад миний хоолойг зүүн талын гараараа боогоод “чи яах гэж айлаас явахгүй гээд байгаа юм бэ?, би чамайг явъя гэж хэлээд байхад” гэж хэлчихээд машинаа асаагаад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд манай дөрвөн хүүхэд унтаж байсан. Б надтай юм ярилгүй шууд унтаад өгсөн. Маргааш өдөр малдаа явахад би Б т хандаж “миний бие өвдөөд байна” гэж хэлсэн чинь Б “чи яах гээд байгаа юм бэ, үхэр босгочихоод ирье” гээд том хүүхэд болох Х ыг сундлаад мотоцикльтой явахаар нь Баттулга, Санчирмаа гээд хоёр бага хүүхдээ аваад би Булган аймгийн Бугат сум руу өөрийн төрсөн ээж дээрээ очсон. Би дунд зэргийн согтолттой байсан. Өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-26-28 тал/,
Гэрч Т.Х.өгсөн: “...Миний хүү Б нь их ажилсаг, хүнтэй зөв харьцдаг, хүнтэй муудалцлаа, зодоон хийлээ гэж сонсож байгаагүй. ...О , Б хоёр 2004 онд гэр бүл болсон, хоорондоо хэрүүл маргаан, зодоон хийж байгааг нь би хараагүй, сонсоо ч үгүй. О ыг зодож байсан эсэхийг мэдэхгүй” гэх /хх-31 тал/ мэдүүлэг,
Гэрч Ж.М ын өгсөн: “...Би 2018 оноос хойш Б ах, О эгч хоёртой хамт байж байгаа, би Б ахын малыг нь малладаг. Намайг хамт байж эхэлсэнээс хойш Б ах, О эгч хоёр хоорондоо хэрүүл маргаан, зодоон хийж байгаагүй ...” гэх /хх-32 тал/ мэдүүлэг,
Гэрч Ц.Б ын өгсөн: “...Б , О нар нь хоорондоо гайгүй харилцаатай байдаг. Хааяа Б , О хоёр хоорондоо гэр бүлийн маргаан хийдэг, энэ нь гэр бүлд байх л асуудал байх. Миний мэдэж байгаагаар 2020 оны 5 сард Б нь миний дүү О ын биед халдаж зодсон, тэрнээс өмнө зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, тийм яриа сонсогдож байгаагүй” гэх /хх-34 тал/ мэдүүлэг,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “Магадлуулагч Ц.О ын биед баруун зовхи, хамрын нуруу, баруун сарвуунд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна” гэх 133 дугаартай дүгнэлт /хх-36-38 тал/,
Шүүгдэгч Х.Б ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эхнэр О , ... сумын малын эмч А , түүний нөхөр О нарын хамт А ынд очсон. А ынд А , О , А ын эхнэр тэр гурав 1 шил архи хувааж уусан. Орой болсон болохоор О ыг “гэртээ харья, хүүхдүүд хэцүүдлээ” гэж хэлээд О гоор айлын гадаа үлдээсэн өөрийн машин дээрээ О бид хоёр хүргүүлсэн. Гэрлүү явах замд О “би харихгүй” гээд миний жолоог булаахаар нь би зогсоод “буу” гэж хэлсэн чинь О “буухгүй” гээд надтай хэрэлдээд байсан. Би хөдлөөд явсан чинь О надтай жолоо булаацалдаад байхаар нь би “жолоо барьж байна” гээд баруун тохойгоороо О ыг цааш нь түлхсэн. О “би харихгүй гээд байгаа юм биш үү” гээд надтай жолоо булаацалдахаар нь би “хүүхдүүддээ санаа зовдоггүй юм уу” гэж хэлээд зүүн талын гараараа баруун хацар хэсэгт нь 1 удаа алгадсан. Би баруун хацар хэсэгт нь зүүн гараараа 1 удаа алгадсан, машинаас татаж буулгахад нуруу хэсэг нь юманд үрэгдсэн байх. Бас надтай жолоо булаацалдаад байхаар нь би “жолоо барьж байна” гээд баруун тохойгоороо О ыг цааш нь түлхсэн. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй. Ц.О ын биед учирсан гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-56-57 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.О ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Х.Б ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Х.Б ын идэвхтэй, хохирогч Ц.О ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдэл нь хохирогч Ц.О , гэрч Ц.Б нарын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хүрээнд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шууд болон шууд бус нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Х.Б нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.О , шүүгдэгч Х.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байгаа хэдий ч ахуйн шинжтэй маргаанаас үүдэлтэй Ц.О ыг зодсон үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга үйлдсэн” шинж тогтоогдоогүй байх бөгөөд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй тохиолдолд тухайн хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэдэг агуулгаар хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж/ зааснаар хүндрүүлэн зүйлчлэхгүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Ц.О ын гэм хорын хохиролд гаргасан эмчилгээ оношлогоотой холбоотой /үзлэг оношлогоо, эмчилгээний 170000, 20000, 5500, 75200, 20000, 20000, замын зардлын 30000, 20000/ нийт 360700 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг /хх-20-23 тал/ хүлээн зөвшөөрч хохиролд 800000 төгрөгийг төлсөнөөр хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд ирлэрхийлсэн байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Б ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Б нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 41-50 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Х.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй, Булган аймгийн ... сумын Арбулаг багт эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Ш овогт Х.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Х.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД