| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0170/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 177
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э д холбогдох эрүүгийн 2015000000145 дугаартай, 163/2020/0170/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Өөлдин Б овогт Ж.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э ын өгсөн: Эхнэр бид хоёр тусдаа амьдраад хоёр жил болж байна. Намайг хоёр хүүхэдтэйгээ уулзъя гэхээр уулзуулдаггүй, утсаар ч яриулдаггүй. Гэрлэлтээ цуцлуулаагүй байхад өөр хүнтэй хамтын амьдралтай болчихсон байсан. Би хөдөө, орон нутгаар байшин барих ажлаар явдаг учир эхэнхдээ эзгүй байдаг. Хүүтэйгээ уулзах гэж очоод ийм асуудалд орсон гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000000145 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э, хохирогч Д.Э нар нь гэр бүлийн тааламжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдарч байх бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ... ийн нутагт эхнэр Д.Э гийн гэрт очиж “хүү Э.Т г гэртээ ирсэнгүй” гэх шалтгаанаар эхнэр Д.Э , хүү Э.Т нарын бие эрх чөлөөнд халдаж, Д.Э гийн биед тархи доргилт, цээж, зүүн шуу, бугалганд цус хуралт, зүүн хацар, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, зүүн хацар, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Д.Э гийн өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд ... байрлах гэртээ байж байтал нөхөр Ж.Э нь дүү Ж.Э ы хамт согтуу орж ирсэн. Дүү Ж.Э нь гадаа хашаан дотор байхад нь очиход намайг “муу хар янхан минь, хаагуур биеэ үнэлээд яваад байгаа юм” гээд хэл амаар доромжлоод байсан, ...нөхөр Ж.Э намайг “янхан, танайхан удмаараа ийм биздээ, пизда минь чамайг алсан ч багадана” гэж хэл амаар доромжлоод ... хүү Т г дуудахад гарч ирсэнгүй гээд ...баруун гараа атгаж байгаад Т гийн цээж хэсэгт нь нэг удаа цохьсон, би чи яагаад хүүхэд цохиж байгаа юм гэтэл намайг шууд барьж аваад хоолойг маань боогоод, арагш дарахад би унасан. Ж.Э хоёр хөлөөрөө цээжин джжр өвдөглөж дараад нүүр аман дээр маань хөлөөрөө 3, 4 удаа гишгэж дэвсээд амьсгалж чадахгүй байхад маань “ингээд үх чи, ер нь үхсэн байсан нь дээр” гэж байсан ... манай хүү Э.Т гарч ирээд хажууд “ээжийг аллаа” гээд хашгираад уйлаад байсан. Дүү Ж.Э ыг салгах болов уу гэтэл хашааны гадаа машин дотроо сууж байсан. Би арай гэж ноцолдож байгаад салаад гэрлүүгээ ороод цагдаа дуудсан чинь хүүг маань аваад явах гэтэл хүү маань явахгүй гэхээр нь би хүүгээ явж бай, ээж нь очиж авна гээд явуулсан. 2017 оны намар гэрт орж ирээд агсам согтуу тавьж алгадаж цохиж байсан. Намайг олон удаа доромжилж, цохиж байсан. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.Т гийн өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын
21-ний өдөр ээж Э гийн хамт гэртээ байж байхад ээж утсаар ярьж байгаад “аав чинь яръя гэнэ” гээд гар утсаа надад өгсөн. Би аавтай утсаар ярихад аав “гэртээ ирдэггүй юм уу, хаашаа юм” гээд утасны цаанаас намайг загнахаар нь “би очихгүй” гэж хэлэхэд аав “би өөрөө очиж авъя” гээд утсаа салгасан. Ойролцоогоор 5-10 минутын дараа миний аав Ж.Э , өөрийн төрсөн дүү Э ы хамт хүрч ирээд ээжийг хэл амаар доромжлоод “нөгөө балай юм чинь хаана байна” гэж асуугаад байсан. Тэгэхэд ээж Э “манайд балай гэдэг хүн байхгүй” гэж хэлсэн. Миний аав Э гэрийн хаалгаар шагайгаад намайг дуудахаар нь би гэрийн үүдний хэсэгт очиход аав гэрийн гадна зогсож байснаа миний цээж хэсэгт баруун гараа атгаж байгаад 1 удаа хүчтэй цохиход миний цээж хэсэг их өвдөөд би уйлахад ээж Э намайг өмөөрч аавтай хэрүүл хийсэн. Би хаалганы завсараар харахад аав Э, ээж Э гийн хоолойг зүүн гараараа боогоод ээжийг газар унагаагаад цээжин дээр нь баруун талын өвдөгөөрөө өвдөглөөд цохиод байх шиг байсан. Яг цохиж байхыг нь хараагүй, “чамайг дуусгаад өгье” гээд аав хэлээд байсан. Би гэрээс гараад “болиоч” гэж хэлсэн чинь аав Э ээжээс салаад над дээр хүрч ирээд “ээжтэй чинь хамт чамайг ална шүү” гэж хэлээд намайг цохих гээд баруун гараа далайж байснаа гэрлүү ороод гал дээр хоол хийж байсан тогоог зуухтай нь хамт хөмрөөд унагаасан. Хашааны гадна машин дотроос Э ах “хоёр хүүхдээ аваач” гээд хашгираад байсан. Аав над дээр хүрч ирээд “цуг явах уу” гэж асуухад нь би “явахгүй” гэж хэлсэн чинь “хувцасаа өмс явъя” гэж хэлсэн. Ээж намайг “чи аавтайгаа хамт явчих, ээж нь араас нь цагдаатай хамт очоод авъя” гэж хэлэхээр нь би аавтай хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,
Гэрч Б.Б гийн өгсөн: “Би 2017 онд Д.Э тэй анх танилцахдаа
Д.Э гээс чамд нөхөр байдаг уу, ерөөсөө харагдахгүй юм гэж асуухад Д.Э “нөхөр байгаа, бид хоёр хоорондоо таарч тохирохгүй байгаа болохоор тусдаа амьдарч байгаа. Бараг салж байгаа. Манай нөхөр их хэцүү, архи их уудаг хааяа хүүхэдтэйгээ уулзъя гэж гэрт нь очдог” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-31 тал/,
Гэрч Д.Э ын өгсөн: “Д.Э нь Э тай 2010 оноос хамт амьдарч эхэлсэн. Д.Э нь Э тай байхаас илүү өөрийн төрсөн гэртээ байдаг. Ж.Э нь архи ууж ирэх юмуу гэртээ байхгүй үед нь Д.Э нь гэрлүүгээ хүрээд ирдэг байсан. 2017 онд болсон санагдаж байна, өвөл байсан болохоор сар өдрийг нь мэдэхгүй байна. Д.Э бид 2 гэртээ унтаж амарч байхад Ж.Э нь согтуу хүрч ирээд манайд агсам согтуу тавьж манай гэрийн хаалгыг эвдэж ирээд Д.Э г хэл амаар доромжилж дайрсан” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 184 дугаартай: “хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “Д.Э гийн биед тархи доргилт, цээж, зүүн шуу, бугалганд цус хуралт, зүүн хацар, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, зүүн хацар, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-25-26 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаартай: “Э.Т гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-43-44 тал/,
Шүүгдэгч Ж.Э ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед ... т байрлах Э гийн гэрт дүү Э ы хамт машинаар очсон. Э жолоо барьж явсан ба хашааны гадаа машин дотроо үлдээд би хүү Т г авахаар гэр рүү нь орсон. Намайг ороход хүү Т , эхнэр Э хоёр байсан. Би Т г “явья” гэж хэлсэн чинь Т “явахгүй” гэж хэлэхээр нь би “чи яагаад хүүхдийн сэтгэл санааг хувиргаад байгаа юм, нөгөө нөхрийнхөө утасны дугаарыг өгчих” гэсэн чинь Э утасны дугаарыг нь өгөхгүй гар утсаа орон дээрээ хаячихаад босоод ирэхээр нь би ор руу 2 удаа хүзүү рүү нь түлхсэн. Э ор руу суучихаад боссон. Тэгэхэд Т уйлаад “болиоч ааваа” гэсэн. Тэгээд хүү Т г аваад машинд суулгаад гэр лүүгээ авч явсан. Би гэрээс гарахдаа зуухыг нь өшиглөчихөөд гараад явсан. Замд явж байхад цагдаагийн машин хойноос ирээд зогсоогоод намайг цагдаа дээр авчирсан. Д.Э д учруулсан гэмтлийг би учруулсан. Надтай зууралдаж байхад Э миний хүзүүг хумсаараа маажсан” гэх мэдүүлэг /хх-5152 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Э гийн бие махбодид хөнгөн зэргийн, Э.Т гийн биед гэмтэл учраагүй болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд Д.Э гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ж.Э ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ж.Э ын идэвхтэй, бусдын эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдэл нь хохирогч Д.Э , насанд хүрээгүй гэрч Э.Т нарын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хүрээнд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Ж.Э нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Э , шүүгдэгч Ж.Э нар нь тус тусдаа амьдарч байгаа хэдий ч гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох нь тогтоогдсон, шүүгдэгч Ж.Э ын эхнэр Д.Э , хүү Э.Т нарын бие эрх чөлөөнд халдсан, тэднийг “ална” гэж заналхийлэн илтэд хүндэтгэлгүй хандаж гэрийн зуух, тогоог өшиглөн хөмөрч байгаа зэрэг үйлдэл нь бие махбодийн болон сэтгэл санааны хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэлийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Э нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Хэрэгт хохирогч Д.Э гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирлоо нэхэмжилнэ гэсэн байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Э ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ж.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Э ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 55-63, 67-68 дугаар талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийтгэвэр зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.Э нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ... т эхнэр, хүүхдийн хамт хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 5 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э д оногдуулсан торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 5 сараар тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Өөлдин Б овогт Ж.Э ыг Эрүүгийнхуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Ж.Э ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч Ж.Э д оногдуулсан 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 110000 /нэг зуун арван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сараар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Э д сануулсугай.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч Д.Э гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД