| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0171/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2020-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 179
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга М.С -Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч Х.М ,
Шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ч д холбогдох эрүүгийн 2015000000162 дугаартай, 163/2020/0171/Э индекстэй хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт М.Ч.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч гийн өгсөн: Гэм буруу дээр маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Оногдуулах ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.М ийн өгсөн: 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн үед Ч миний утас руу залгаад намайг хардсан үг хэлж бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёр уулзалдаад намайг машиндаа суулгаад Булган аймгийн Орхон сумын “Их залуу” уулын харалдаа хээр очиж зогссон. Тэгээд намайг хардаад хэл амаар доромжилж миний толгой дух, хацар, уруул хэсэг рүү цохисон. Хардалтын хэрүүл бол шөнөжингөө үргэлжилсэн. Тухайн үед томографийн зураг авахуулж, шинжилгээ хийлгэсэн зардлын 330000 төгрөг төлөгдсөн. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000000162 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ч нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Морь бариа”-ны газарт эхнэр Х.М ийг бусадтай хардаж толгой, дух, хацар, уруул, хэсэг рүү гараараа удаа дараа цохиж, цээж болон хөл рүү өшиглөх зэргээр бие эрх чөлөөнд нь халдан зодож, түүний биед нүүр, цээж, хүзүү, нурууны зөөлөн эдэд олон тооны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Х.М ийн өгсөн: “....2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн үед Ч миний утас руу залгаад “би Улаанбаатар хотод ажил дээрээ машинаа засуулаад байж байна” гэж хэлсэн ба намайг хардсан үг хэлж бид хоёр маргалдсан. Ч надад хэлэхдээ “манай найз Д чамайг гадуур өөр хүнтэй уулзаад буудалд орж байхыг харсан, чи Д тэй очоод уулзахгүй юу” гэж хэлсэн. Би Д гийн ажил болох Өргөө кино театрт очиход Д байхгүй байсан. Тэгээд Ч руу утсаар залгаад “Д байхгүй байна, яагаад худлаа яриад байгаа юм” гэж хэлээд таксины зогсоол дээр очиход миний араас нэг эрэгтэй хүн дуудсан. Эргээд харахад Ч машинтайгаа ганцаараа явж байсан. Ч дээр очоод “яагаад худлаа яриад намайг явуулаад байгаа юм бэ” гээд гар руу нь 3-4 удаа цохьчихоод таксинд суух гэтэл Ч “миний машины ард суу” гэж хэлсэн Тэгээд би Ч гийн машины ард суухад машинаа асааж, шууд Булган аймгийн Орхон сумын “Их залуу” уулын харалдаа хээр очиж зогсоод намайг ажлын газрын Б даргатай хардаад хэл амаар доромжилсон. Ч миний мессенжер хаягийг өөрийнхөө утастай холбоод миний бичиж байсан мессежийг харж байсан гээд надад үзүүлж “энийгээ тайлбарла” гэхээр нь “би мэдэхгүй, яаж мэддэг юм бэ” гэж хэлээд маргалдсан чинь намайг “худлаа ярилаа” гэж хэлээд зодож эхэлсэн. Ч миний толгой дух, хацар, уруул хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Мөн газар унагааж байгаад цээж болон хоёр хөл рүү өшиглөсөн. Шөнөжингөө хээр байлган зодож, хэл амаар доромжилж хэрэлдсэн. Надад “наад мессенжерээ тайлбарла” гээд байсан. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өглөө гэгээ орохоос өмнө бага багаар завсартайгаар цохиж зодсон. Нэг цохичихоод байж байгаад дахиад цохисон. ...Өмнө нь 2019 оны 04 дүгээр сард Ч намайг хардаж миний зүүн талын хацар руу нэг удаа цохисон. Тухайн үед миний баруун талын хацар хөхөрчихсөн байсан. 2019 оны 11 дүгээр сард Ч миний утсыг үзэж байгаад “энэ найз нартайгаа нийлж нөхөрлөж дуусаагүй юм уу” гэж хэлээд бид хоёр маргалдаад Ч уурлаад миний утсыг надруу шидээд духыг маань оносон. Энэ үеүдэд эмнэлэг болон цагдаад мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,
Гэрч Х.С ын өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн үед дүү М утсаараа нэг хүнтэй яриад маргалдаад байсан. Би М ээс “хэнтэй яриад байгаа юм бэ” гэж асуухад “Ч тэй ярьсан, намайг хардаад байх шиг байна” гэж хэлсэн. М ойролцоогоор 1 цаг гаруй хугацаанд утсаар Ч той ярьсан. Нэг яриад болиод дахиж яриад байсан. Би нойл орчихоод эргээд гарч ирэхэд М хувцасаа өмсөөд гарах гэж байхаар нь хаашаа явах гэж байгаа талаар асуухад “би удахгүй ирнэ, ээжид намайг гарах гэж байгаа талаар битгий хэлээрэй, чимээгүй байгаарай” гэж хэлээд гараад явсан. Тэр орой М гэртээ ирээгүй, би М ийн утас руу нь залгаагүй. Тухайн үед М ийн төрсөн өдөр болж байсан. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед миний утас руу танихгүй дугаараас залгахаар нь би утсаа авч ярихад “эмнэлэгээс ярьж байна, таны дүү хүнд зодуулчихсан ухаангүй байна” гэж хэлсэн. Би ганцаараа эмнэлэг дээр очиход М ухаангүй, хамаг бие нь хөхөрчихсөн хүн харахад хэцүү байсан ба ухаан нь орж гараад юу яриад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Уг өдөр 14-15 цагийн хооронд Ч эмнэлэг дээр ирээд томографийн зураг авахуулахад мөнгө өгсөн. Би Ч гоос “чи миний дүүг яаж байгаа юм бэ, толгой руу нь юугаар цохисон юм бэ” гэж асуухад “би гараараа зодсон, та нар дүүгээ хүнтэй явалдаад байгааг мэддэггүй юм уу” гэж хэлээд явчихсан. ...Миний мэдэхээр 2017 оны 6, 7 дугаар сарын үед байрны гадна Ч миний хажууд М ийг цохиж, сандалнаас чирж унагаагаад хөлөөрөө нүүрэн тус газарт дэвссэн. Би очоод салгахад Ч зугтаачихсан. Тухайн үед цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандаагүй, М ийн нүд хөхөрчихсөн байсан. 2018 оны 6 дугаар сард Ч М ийг хардаад нүд рүү нь цохисон байсан. Тухайн үед би М ийн нүдний хөхөрсөн зургийг авч байсан. 2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод Ч М ийг хардаад гар утас шидэж дух хэсгийг онож байсан. Энэ мэтчилэн цохиж зодож, өөрийнхөө эрхшээлд байлгадаг байсан. Ч , М хоёр дундаасаа хүүхэд байхгүй. Тусдаа гараагүй, өөр өөрсдийнхөө гэрт амьдардаг. Гэхдээ гэр бүлээ батлуулчихсан. ...Ч , М ийг байнга хардаж биед нь халдаж зоддог байсан. Ч зан байдлын хувьд ширүүн, догшин зантай, юмыг дандаа хүчээр шийдэх гээд байдаг, хартай, огцом ууртай залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 492 дугаартай хохирогч Х.М ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “магадлуулагч Х.М ийн биед нүүр, цээж, хүзүү, нурууны зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Нүүрний зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-23-24 тал/,
Шүүгдэгч М.Ч гийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 30ны өдөр манай эхнэр М ийн төрсөн өдөр болсон юм. Би эхнэртэй сюрприз барих гээд өөрт нь хэлэлгүйгээр Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явсан. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би эхнэр М ийн фэйсбүүк, мессенжер чатыг өөрийн гар утсандаа оруулаад хэсэг фэйсбүүк үзэж байгаад унтаад өгсөн. Өглөө нь буюу 2020 оны 06 дугаар сарын 30-ны өглөө М “Baagii Tsend” гэсэн чат хаягтай хүнтэй чат бичилцсэн. Тэгэхдээ өмнөх орой болон урд нь унтаж хэвтэж байсан талаараа бичилцсэн байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймагт 15 цаг 30 минут болж байхад ирээд хувийн ажлаа амжуулаад орой 21 цагийн үед эхнэр М рүү залгаж “уулзъя” гэж хэлсэн. Намайг “Өргөө” кино театрын урд зогсож байхад М такси бариад ирсэн. Би М ийг дуудсан чинь М над дээр хүрч ирээд машины цонх онгойлттой байхад миний баруун мөр хэсэг рүү цохисон. Яг аль гараар, юугаар намайг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. М намайг цохичихоод миний урд зогсож байсан таксинд суух гээд явахаар нь би М ийн баруун гарнаас нь бариад “зүгээр ийшээ суу. маяглаад бай” гэж хэлэхэд М “гар тавь өөрөө очоод сууя” гэж хэлээд миний унаж яваа машины ард талын суудалд суусан. М бид хоёр Булган аймгийн Бугат сумын “Морь бариа” гэх газар очиж зогсоод хоорондоо юм ярьсан. Би М ийг “гар утсыг өгч бай” гэж хэлээд гар утсыг нь аваад фэйсбүүк ороод “Baagii Tsend” гэсэн хаягийг хайж олоод “video call” хийх гэхэд М “болиочээ наадах чинь манай цехийн дарга” гэж хэлсэн. Тэгэхээр нь би М ийг “чи намайг хуураад байгаа юм уу?” гэж хэлсэн чинь М “үгүй” гэж хэлэхээр нь “Baagii Tsend” гэсэн хаягтай чат руу бичсэн чатыг нь харуулахад М “би мэдэхгүй, чи юу үзүүлээд байгаа юм” гэж хэлээд машинаас буусан. Би машинаас буугаад М ийг “чи даргатайгаа явалддаг юм уу, чи яагаад энэ хүнтэй банзалдаад явалдаад байгаа юм, чи юугаар дутсан гэж явалдаж байгаа юм” гэж хэлээд зүүн гарынхаа ар хэсгээр М ийн баруун хацар болон дух хэсэгт нь шавхуурдаж цохисон, баруун гараараа баруун хацар хэсэгт нь алгадсан. Нийтдээ 5-6 удаа алгадахад М нүүрээ бариад доошоо явган суугаад “чи намайг ингэж байхаар алчихаач” гэж хэлэхээр нь “би чам шиг юмаар гараа бузарлаж яадаг юм” гэж хэлээд машин руугаа ороод тамхи татаад суухад М хүрч ирээд “надаа нэг тамхи өгчих” гэж хэлэхээр нь би тамхи өгсөн. Бид хоёр Орхон аймгийн төв рүү ороод Тэнгис зочид буудлын гадна очиж зогссон. Би дотогшоо орж ундаа тамхи аваад гарч ирээд М бид хоёр машин дотор ундаа уугаад, тамхи татангаа хоорондоо юм яриад суусан. Өглөө 7 цагийн үед дэлгүүр онгойхоор нь хүнсний дэлгүүр орж шөнөжингөө нойргүй юм яриад суусан болохоор энержи дринк ууя гээд хоёр энержи дринк авсан. М энержи дринк уугаад эхэлсэн чинь М цээж рүүгээ цохиод “би амьсгалж чадахгүй” байна гээд уйлахаар нь эмнэлэг рүү хүргэж өгсөн. ...М бид хоёр урьд өмнө хоорондоо хэрүүл маргаан хийж байсан. Зодоон хийж байгаагүй. М бид хоёрын дунд маргалдах үе байдаг. ...Х.М ийн нүүр хэсэгт учирсан гэмтлийг би учруулсан. Хөл болон бусад газар учирсан гэмтлийг би учруулаагүй. Эхнэртээ гомдсон сэтгэлээ барьж дийлсэнгүй ийм хэрэг боллоо. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-42-43 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.М ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Ч гийн дээрх үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Ч гийн бусдын эрх чөлөөнд халдаж буй үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай болох нь хохирогч Х.М , гэрч Х.С нарын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хүрээнд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч М.Ч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.М , шүүгдэгч М.Ч нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох нь тогтоогдсон, хохирогч Х.М ийн өгсөн “...шөнөжингөө хээр байлган зодож, хэл амаар доромжилж хэрэлдсэн. ...Өмнө нь 2019 оны 04 дүгээр сард Ч намайг хардаж миний зүүн талын хацар руу нэг удаа цохисон. Тухайн үед миний баруун талын хацар хөхөрчихсөн байсан. 2019 оны 11 дүгээр сард Ч миний утсыг үзэж байгаад “энэ найз нартайгаа нийлж нөхөрлөж дуусаагүй юм уу” гэж хэлээд бид хоёр маргалдаад Ч уурлаад миний утсыг надруу шидээд духыг маань оносон... эмнэлэг болон цагдаад мэдэгдээгүй” гэх мэдүүлэг, гэрч Х.С ын өгсөн “...2017 оны 6, 7 дугаар сарын үед байрны гадна Ч миний хажууд М ийг цохиж, сандалнаас чирж унагаагаад хөлөөрөө нүүрэн тус газарт дэвссэн. Би очоод салгахад Ч зугтаачихсан. Тухайн үед цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандаагүй, М ийн нүд хөхөрчихсөн байсан. 2018 оны 6 дугаар сард Ч М ийг хардаад нүд рүү нь цохисон байсан. Тухайн үед би М ийн нүдний хөхөрсөн зургийг авч байсан. 2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод Ч М ийг хардаад гар утас шидэж дух хэсгийг онож байсан. Энэ мэтчилэн цохиж зодож өөрийнхөө эрхшээлд байлгадаг байсан...” гэх мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж болох хэргийн 12-13 дугаар талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэг, үйл баримт болсон шалтгаан нөхцлөөс дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Ч гийн гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн бие махбодийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл нь “байнга”-ын шинжтэй, эхнэр Х.М ийг удаа дараа цохиж зодож байсан нь хангалттай нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч М.Ч гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Х.М иргэний нэхэмжлэл гаргаагүй, томографийн зураг авахуулж шинжилгээ хийлгэсэн зардлын 330000 төгрөг төлөгдсөн, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлжээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Ч гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Ч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ч гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Ч гийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 28-37 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, “О” ХХК-ийн захирлын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ч нь урьд ял шийтгүүлж байгаагүй, “О” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, сарын 1200000 төгрөгийн цалин орлоготой, ... оршин сууж байгаа түүний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч С овогт М.Ч г Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч М.Ч г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД