Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01519

 

Ж.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 354 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ж.Э

         Хариуцагч: А.Хд холбогдох       

         20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Анх би Дархан сумын 16 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсэг, 3-237 тоот хашаа байшинг 30 сая төгрөгөөр Эрдэнэбаяртай амаар тохирч худалдаж авахаар тохирсон. 2015-09-04-ний өдөр байшингийн урьдчилгаа 20 сая төгрөгийг А.Хд дансаар шилжүүлж өгсөн. Манайх 2015-09-01-ний өдөр нүүж очсон. 2015-11-20-ны өдөр байшиндаа байж чадахгүй байшин хөлдөөд түрээсийн байранд орсон. Эрдэнэбаяртай 2016 оны 01 сард утсаар ярьж “...байранд амьдрах боломжгүй юм байна, би түрээсийн байранд орлоо...” гэж хэлсэн. 2016 оны 04  дүгээр сард байшиндаа буцаад ирсэн, гэтэл Хас банкнаас хүмүүс ирж “...энэ байр банкны барьцаанд байгаа, суллаж өгөөрэй, та ямар учиртай хүн бэ...” гэж асуусан. Тэгэхээр нь би “...энэ байрыг авах гээд урьдчилгаа 20сая төгрөг өсгөн байгаа...” гэж хэлсэн. Эрдэнэбаяр хөдөө гадаа яваад олдохгүй байсан. 2017 оны 07 сард Шийдвэр гүйцэтгэгч н.Бадамханд  ирээд Эрдэнэбаярын шийдвэрийг гүйцэтгэх гэж байна. Байрыг хурааж авах шийдвэр гарсан гэхээр нь  2017-11-02-ны өдөр байшинг суллаж өгсөн. Иймд 20 сая төгрөгийг А.Хгээс гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Энэ байрыг  зарж байгааг би мэдээгүй.  2015-09-04-ны өдөр дансанд 20 сая төгрөг орсныг утсанд мессеж ирснээр мэдсэн.  Тэр өдөр нөхөр  Эрдэнэбаяртай ярилцаад “...байрыг зарна..” гэхээр нь зөвшөөрөөгүй. Тэгээд тэр өдрөө мөнгөө өгөхгүй байж байгаад 2015-09- 08-ны өдөр Эрдэнэбаярт “... байр зараад өр төлбөрөө  дарах гэж байгаа бол надад баталгаа хийж өг, тэгж байж энэ мөнгийг чамд өгнө...” гэж хэлсэн. Тэгээд өөрийнх нь гарын үсгийг зуруулж байж 20сая төгрөгийг өгсөн. Тэр мөнгөнөөс нэг ч төгрөг би аваагүй. Байр  Эрдэнэбаяр, охин Уянга бид 3  өмчлөлд  байдаг. Одоо Хас банкнаас хүсэлт гаргаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад тус хашаа байшинг хурааж авсан. 20сая  төгрөгийг Эрдэнэбаяр төлөх ёстой. Тэр мөнгө миний дансанд орсон нь үнэн Эрдэнэбаярт тэр мөнгийг өгсөн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 354 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан А.Хгээс 20 сая төгрөг гаргуулж Ж.Эрдэнэтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Хгээс 257 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 354 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. 

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Ж.Э нь А.Х, Б.Эрдэнэбаяр, Э.Уянга нарын өмчлөлийн хашаа байшинг  худалдан авч урьдчилгаа 20 сая төгрөгийг А.Хгийн  данд  шилжүүлж өгсөн бөгөөд  тухайн үед хашаа байшин нь Хас банкинд барьцаад байсан. А.Х, Б.Эрдэнэбаяр нар Хас банкны зээлийн төлбөрөө төлөөгүйгээс уг хашаа байшинг 2017-11-02-ны өдөр Ж.Эгаас хурааж авсан. А.Хгээс 20 сая төгрөгөө буцааж өгөхийг шаардсан боловч одоо болтол мөнгийг буцааж өгөхгүй байна. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө  шилжүүлэх үүргийг хүлээнэ. А.Х хуулийг илт зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогддог. Иймд талуудын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн  56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл тул 56.5-р шилжүүлсэн зүйлээ буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй юм. А.Хгээс 20 сая төгрөг гаргуулах хууль ёсны эрхтэй нь тогтоогдож байна. Гэтэл  давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой үүссэн маргаан байх тул гэрээний оролцогч талууд хэн болохыг тогтоох шаардлагатай, дан ганц хариуцагч А.Хгийн данс руу мөнгө шилжсэнээр зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэх нь учир дутагдалтай...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ж.Э 2018-02-07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцааж гаргуулахыг хүссэн /хх 1/ байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй “...дансанд орж ирсэн мөнгийг гэрээ хийсэн   нөхөр Б.Эрдэнэбаярт өгсөн...” гэж /хх 14/ маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг “...худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийг  шилжүүлсэн байна...гэрээ хүчин төгөлдөр бус тул өгсөн авсан зүйлийг буцаана...” гэсэн үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн байна. 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, “... гэрээний оролцогч нь хэн болохыг тогтоох шаардлагатай...” гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Ж.Э нь эд хөрөнгө худалдан авах тохиролцоог Б.Эрдэнэбаяртай амаар хийсэн талаараа шүүх хуралдаан дээр тайлбарласан /хх 66/ байхад шүүх А.Хг худалдагч тал гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.            

       Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. 

        Шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий  байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.      

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ