Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 231

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.А

Хариуцагч: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, хариуцагч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.А миний бие 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр ажиллаж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/113 дугаартай тушаалаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.8, 14.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэн 3 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалд дурдсан Шүүхийн Захиргааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь заалтуудыг буюу ёс зүйн зөрчлийг би огт гаргаагүй тул зөвшөөрөхгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.8, 14.9 дэх хэсэгт заасныг зөрчин мэдээ тайлан гаргахад хариуцлагагүй хандсан, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагаас хойш ажил тасалсан гэх үндэслэлийн тухайд тайлан мэдээг хугацаанд нь нэг үсэг тоо зөрүүлээгүй явуулсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нөхцөл тохиолдсоны улмаас 15:00 цагт ажлаас гараад эргэж ажил дээр очих гэхэд машины түгжрэл гарч 15:30 цагт очиж амжаагүй тул 02:30 минутад ажлаа хийгээгүй болно. Гэтэл манай Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 3 цагаас дээш /тухайн өдөрт/ хугацаагаар ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтныг ажил тасалсанд тооцох” байсан атал намайг 14:00 цагаас хойш ажил тасалсан мэтээр үндэслэлгүйгээр арга хэмжээ авсан болно. 

Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 25, 26 дугаар зүйлүүдийг зөриж ажлаас гарч явах болсон нөхцөл байдлыг тодруулан тогтоох болон сонсох ажиллагааг огт хийгээгүй арга хэмжээ авсан. 

Надад үндэслэлгүйгээр арга хэмжээ авсан талаарх гомдлыг харьяалах дээд байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.С*******т 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарган 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04/67 тоотоор хариу авсан бөгөөд хариуг зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Ч нь хүний нөөцийн мэргэжилтэн О.С*******той хамт өрөөндөө дуудаад Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хийхэд хөгшин байна. Удаан хөдөлж байна гэсэн. Дараа нь архивч хийх санал тавьж байсан. Төрийн захиргааны зэрэглэл маань төрийн үйлчилгээ болж цалин буурах учраас зөвшөөрөөгүй юм. 2017 оны үр дүнгийн гэрээ дүгнэх ажиллагаан дээр он гараад эхний улиралд ажлаас чинь хална, н.О*******ийн араас явуулна гэж дарамталж байсан. Шүүхийн Ерөнхий зөвлөлд А.А миний ажилд ирсэн, явсан цагийг худал гаргаж явуулсан. Ажил тасалдаг хүн болгож харагдуулах гэсэн. Тайлбар өгсөн хүмүүсээс миний эсрэг утгатай мэдүүлгийг бичүүлж авсан зэрэг хууль бус үйлдлүүдийг удаа дараа хийж байна. Эхний удаа сахилгын арга хэмжээ аваад 2 удаад ажлаас халдаг болсон. 

А.А миний бие 2004 онд хуульчийн эрхээ авсан бөгөөд нийт 10-аад удаа шүүгчийн сонгон шалгаруулалтад шалгалт өгч, шалгалтандаа тэнцэж байсан. Үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авагдсанаар Шүүгчийн сонгон шалгаруулалтад орох эрх 1 жилийн хугацаагаар хойшлогдохоор болоод байна. 

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын Б/113 дугаар тушаалыг  хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Шүүхийн Тамгын газар нь шүүн таслах ажиллагааны “2017 оны бүтэн жилийн статистикийн мэдээ, тайлан”-г Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх ажлын хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үндсэн болон туслах мэдээ, тайланг ахлахаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.А, хяналт тавин ажиллахаар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн С.Г нарыг тус тус томилсон. 

Тамгын газрын шуурхай хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16:00 цагт товлож, хуралд мэдээ, тайлан хэрхэн гаргах талаар санал солилцож чиглэл өгсөн. 

А.А нь тус шуурхай хуралд оролцоогүй төдийгүй удирдлагаас чөлөө аваагүй явсан. Түүнд шуурхай хуралтай талаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Ц 9900******* дугаарын утсаар мэдэгдсэн болно. 

Түүнчлэн мэдээ тайлан гаргах ажлын хэсэг болон туслан оролцох ажилтныг амралтын 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдэд 08:30- 17:30 цагийн хооронд ажиллах үүрэг өгсөн. 

А.А нь 10:00 цагт ирээгүй, миний бие өөрийн утсаар холбогдоход хуушуур хайрч байна, одоо очлоо гэсэн болно. Тэрээр цагийн бүртгэлд хэдэн цагт ирсэн нь тодорхойгүй атлаа 16:01 минутанд явсан  хурууны хээ дарагдсан боловч хяналт тавин ажиллаж буй мэргэжилтэн С.Г болон Тамгын газрын дарга надад ирсэн, явсан талаараа огт мэдэгдээгүй. Хамт олны зүгээс А.А хуушуур өгчхөөд 1 цаг ч болоогүй явсан гэдэг. 

2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А.А нь хэдэн цагт ирсэн нь тодорхойгүй , 22:05 цагт явсан бүртгэлд бүртгэгдсэн боловч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шинэ жилийн арга хэмжээний мэндчилгээ бэлдсэн гэх боловч мэдээ тайланд оролцоогүй, мөн хяналт тавин ажиллаж буй С.Гтой уулзаагүй, ирсэн явсан болон юу хийсэн талаараа мэдэгдээгүй болно. 

Дээрх байдлаас Тамгын газар мэдээ тайлан ахлах ажилтнаар Ц.Аг томилж, гаргуулан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өгсөн. А.А нь туслах мэдээг үндсэн мэдээнээс хуулан тавьж мөн өдөр хүлээлгэн өгсөн байдаг. 

Хариуцуулсан ажилд хайнга хандаж, идэвх санаачлагагүй ажилласан талаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр албан өрөөндөө дуудан уулзаж нөхцөл байдлыг лавлахад уучлалт гуйх нь битгий хэл, би хугацаанд нь мэдээ тайлан гаргаж өгсөн хэмээн худал тайлбар удаа дараа өгсөн. 

Тамгын газраас арга хэмжээ авах талаар мэдэгдэж сонсох ажиллагаа явуулсан, тэрээр шүүгчийн шалгалтад оролцдог учир арга хэмжээ авахгүй байхыг хүссэн. 

Шүүхийн 2017 оны мэдээ тайланг нэгтгэн гаргаж ахлан оролцохоор Тамгын газраас итгэл хүлээлгэн томилсон байтал баг хамт олноо удирдан манлайлах үүргээ хэрэгжүүлээгүй, сэтгэл гаргалгүй ажилласан түүнд арга хэмжээ авсан болно. 

Ажлын хэсэг 2 өдөр хоёргүй сэтгэлээр хонож ажилласан байтал мэдээ тайланг нэг ч алдаа зөрчилгүй үнэн зөв гаргасан талаар дурджээ. 

Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээ тайлан  хариуцан ажилласан ажилтнаас тайлбар авсан болно. Түүнчлэн А.А нь аливаа ажилд идэвх санаачлагагүй оролцдог, ажлын цагаар хоол цай иддэг, нүүр царайгаа будаж зохисгүй байдал гаргаж байсныг даргын зүгээс сануулж байсан, архивын эрхлэгчийн албан тушаал эрхлэх саналыг авч байсан. 

Харин н.О*******ийн араас явуулна гэж дарамталж байгаагүй. А.А нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлж, мэдээ тайлан гаргахад оролцох ахлах, манлайлах чиг үүргээ хэрэгжүүлээгүй тул түүнд сахилгын шийтгэл ногдуулсан болно. 

Иймд А.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гэрч Т.Ц 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн туслах мэдээг гаргасан. А.А мөн адил туслах мэдээнүүдийг гаргасан. Гэхдээ Тамгын газрын даргын тушаалаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэн мэдээний багийг ахлах ёстой байсан. А.А нь ажил тасалсан, цалгардуулсан зүйл байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш цайны цаг өнгөрөөд надад “Би ажилтай болчихлоо.” гэж хэлээд гараад явж байсан.” гэжээ. 

Гэрч Ц.А 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн бүтэн жилийн мэдээг гаргахаас өмнө Тамгын газрын даргын тушаалаар комисс томилсон. Тус тушаалд 3 дүүргийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдийг тухайн бүтэн жилийн мэдээг ахлуулахаар заасан. Бусад шүүн таслах ажиллагааны мэдээ болон туслах мэдээнүүдийг шүүгчийн туслахуудад хуваарилсан байсан. Зарим туслах мэдээнүүдийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн гаргахаар болсон. Түүний дагуу би шүүн таслах ажиллагааны мэдээг гаргасан. Би туслах мэдээг  гаргаагүй. Үндсэн мэдээг л гаргасан. Би шүүн таслах ажиллагааны мэдээг л гаргасан болохоос биш тус мэдээг ахлаагүй. Шүүн таслах ажиллагааны мэдээ нь өөрөө тусдаа мэдээ байгаа. Мэдээ ахлах хүн нь бүх мэдээ гаргаж байгаа туслахууд дээр хяналт тавих үүрэгтэй ажиллаж байсан.” гэжээ. 

Гэрч Б.Б******* 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Хурууны хээний бүртгэл дээр А.А эгчийн явсан бүртгэл байгаа. Өглөө 08 цаг 54 минутад ирсэн гэсэн бүртгэл нь байсан. Тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлөөс камерын шалгаад, тайлбар гарга гэсэн. Камерыг шалгахад А.А эгч цайны цагаар гарч яваад, буцаж орж ирсэн.Орж ирээд өөрийн сандал дээрээ суулгүй, цүнхээ аваад буцаад гарсан. Үүнээс хойш суудал дээрээ суугаагүй харагдсан. Хяналтын камерын бичлэг 7-8 хоногийн доторх бичлэг хадгалагдаж, багтаамжийн хэмжээгээр автоматаар устгагддаг. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 01 минутад 1 удаа, 24-ний өдөр 22 цаг 05 минутад 1 удаа хурууны хээгээ дарсан байсан.” гэжээ. 

Гэрч С.Г 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “ Би тус шүүхэд 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажилласан. 

Тамгын даргын тушаалд 3 дүүргийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн дүүрэг, дүүргийнхээ мэдээг ахалж гаргахаар заасан байсан. Тус 3 дүүргийн мэдээнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн С.Год даалгасан. Тус тушаалын дагуу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагт нийт шүүхийн захиргааны ажилтнууд мэдээ тайлан гаргах талаар хурал хийсэн. Учир нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эрүүгийн шинэ хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан мэдээ тайлан гаргахад төвөгтэй болж эхэлсэн. Тамгын газраас мэдээ тайланг  хэрхэн гаргах талаар чиглэл өгсөн.  Хан-Уул дүүргийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.А тус хуралд оролцоогүй. Тус өдөр шүүхийн захиргааны ажилтнууд 11, 12 цаг хүртэл, зарим нь 2, 3 цаг хүртэл суусан. Би тухайн өдөр 4 цаг хүртэл сууж мэдээ тайлан гаргасан. Энэ хугацаанд А.А ажиллаагүй. Уг хуралд амралтын өдрүүдэд 08 цаг 30 минутад цуглаж ажиллаарай гэж нийт захиргааны ажилтнуудад чиглэл өгсөн байдаг. Амралтын өдрүүдэд тамгын дарга өөрөө ирж хяналт тавьж ажиллаж байсан. Би хагассайн өдөр А.Атай таараагүй. Өдөр цайндаа гарчхаад ирэхэд А.Аг ирээд явсан гэж байсан. Албан ёсоор надтай уулзсан зүйл байхгүй. Бүтэнсайн өдөр шүүхийн шинэ жилийн арга хэмжээнд зориулж 3 дүүргийн шүүхүүд мэндчилгээ бэлдэж байгаа гэж байсан. Тэгэхэд орой нь А.А ирсэн, мэдээ тайлангаа гаргачихлаа гэж хэлээд явсан гэж байсан. Мөн мэдээ ахалж байсан ажилтнууд мэдээгээ гаргаж амжихгүй, хяналт тавихгүй байсан учраас шүүгчийн туслахуудад мэдээгээ ахал, мэдээгээ гарга гэж үүрэг өгсөн. Ингээд Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн туслах Ц.А үндсэн мэдээг ахалж гаргасан. Би шүүгчийн ачааллын мэдээг гаргасан. Үүнийг шүүгч нар мэдэж байгаа. Учир нь 1 дэх өдрийн өглөө мэдээ зөрүүтэй байна гэсэн учир би шүүгч тус бүрээр гаргаж, хүснэгтэд нэгтгээд, 3 дүүргээр гаргаж өгч байсан.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Агаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар  Шүүхийн Захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.8, 14.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Аг “2017 оны бүтэн жилийн статистикийн мэдээ гаргах ажлын хэсэг томилох тухай Тамгын газрын даргын А/136 дугаар тушаалд зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үндсэн болон туслах мэдээг ахлан ажиллах чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлын гүйцэтгэлийг хяналт тавьж буй ажилтанд тайлагнаагүй хариуцлагагүй хандсан, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагаас хойш удирдлагад мэдэгдэлгүй ажил тасалсан, удирдлагаас мөн өдөр утсаар холбогдоход аваагүй, 16.00 цагийн хамт олны хуралд оролцоогүй” зөрчил тус тус гаргасан гэсэн үндэслэлээр 3 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

Нэхэмжлэгч нь “... тус өдөр 15.00 цагт ажлаас гараад ... 17.30-д очиж амжаагүй тул 2 цаг 30 минут ажлаа хийгээгүй болно. Гэтэл “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14.4-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 3 цагаас дээш /тухайн өдөрт/ хугацаагаар ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтныг ажил тасалсанд тооцох” гэж байсан атал намайг 14.00 цагаас хойш ажил тасалсан мэтээр үндэслэлгүйгээр арга хэмжээ авсан...”, хариуцагч “...Үдийн цайны цагаар гараад 16.00 цагт хурал болоход ирээгүй байсан. ...” гэсэн үндэслэлээр мэтгэлцэж байна. 

Нэхэмжлэгч А.А 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16.00 цагт болсон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захиргааны ажилтны хуралд суугаагүй болохоо хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. 

Гэрч Т.Цийн “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш цайны цаг өнгөрөөд надад “Би ажилтай болчихлоо.” гэж хэлээд гараад явж байсан. ...” гэх мэдүүлэг ,  гэрч Б.Б*******ын “...Тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлөөс камерыг шалгаад тайлбар гарга гэсэн. Камерыг шалгахад А.А эгч цайны цагаар гарч яваад, буцаж орж ирсэн. Орж ирээд өөрийн сандал дээр суулгүй цүнхээ аваад буцаад гарсан. Үүнээс хойш суудал дээрээ суусан харагдаагүй. ... 14 цагт орж ирсэн харагдсан болохоос биш ажлын байрандаа байгаа нь харагдаагүй. ... Хяналтын камерын  бичлэг 7-8 хоногийн доторх бичлэг хадгалагдаж, багтаамжийн хэмжээгээр автоматаар устгагддаг. ... Тухайн үед удирдлагаас цагийг хар гэсэн болохоос камерын  бичлэгийг татаж хадгал гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. ...” гэх мэдүүлэг ,  хэрэгт авагдсан цагийн бүртгэл , Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захиргааны ажилтны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл , нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан камерын  бичлэгийн фото зураг зэрэг баримтуудаас үзвэл камерын бичлэг устсан бөгөөд нэхэмжлэгч А.А 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш Хөдөлмөрийн дотоод журмын 14.4 дэх хэсэгт заасан 3 цагаас дээш хугацаагаар ажил тасалсан гэдэг нь тогтоогдохгүй байна. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны А/136 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны үндсэн мэдээг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.А ахлахаар, Авлига, хээл хахуулийн гэмт хэргийн мэдээг шийдвэрлэсэн мэдээ, Зохион байгуулалттай гэмт хэргийг шийдвэрлэсэн мэдээ, Төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэсэн мэдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнуулсан хүмүүсээс үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэсэн мэдээг хариуцан гаргахаар ажлын хэсгийг байгуулжээ.

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны үндсэн мэдээг гаргаагүй болохоо мэдүүлсэн бөгөөд харин шүүн таслах ажиллагааны 5 мэдээг гаргасан болох нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04/334 дүгээр албан бичгээр нотлогдож байна. 

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны А/136 дугаар тушаалаар байгуулагдсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны үндсэн мэдээг ахлах Т.Ц, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны үндсэн мэдээг ахлах Ц.С нар нь тус тусын шүүхийн үндсэн мэдээг гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар  тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” гэж зааснаар албан үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгч маргаан бүхий тушаалд дурдснаар үндсэн мэдээг ахалж гаргах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч А.Агийн “...Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 25, 26 дугаар зүйлүүдийг зөрчиж ажлаас гарч явах болсон нөхцөл байдлыг тодруулан тогтоох болон сонсох ажиллагааг огт хийгээгүй арга хэмжээ авсан...” гэх үндэслэлийг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилсан мэдэгдэх, оролцоог нь хангах:”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж тус тус заажээ. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4 дүгээр зүйлд “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан байна. 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа  “...Би А.Аг албан өрөөндөө дуудан уулзаж, ... арга хэмжээ авах талаар мэдэгдэж сонсох ажиллагаа явуулсан” гэх боловч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.” гэж зааснаар сонсох ажиллагаа явуулсан гэдгээ нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлээгүй тул сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй байна.   

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 15 зүйлийн 15.1.4-т “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх;” гэж заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг тус тус зөрчиж шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тодорхойлж, оролцогчийг сонсож, тайлбар санал гаргах боломжоор хангаагүй, сонсох ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэлээ.  

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд /А.А/-д урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хийгээгүй, оролцоог нь хангаагүй, тайлбар санал гаргах боломж олгоогүй нь тогтоогдож байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээ. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 27.6 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Агаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.Д