| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2021/0284/З |
| Дугаар | 221/МА2022/0214 |
| Огноо | 2022-03-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2022/0214
Д.А-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Д.З
Нэхэмжлэгч Д.А
Хариуцагч нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар
Гуравдагч этгээд Д.З
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 60 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Э, гуравдагч этгээд Д.З, түүний өмгөөлөгч П.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2021/0284/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.А нь нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан “... Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Д.З-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 214, нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 430 дугаар захирамжийн Д.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 60 дугаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.5.1, 20 дугаар зүйлийн 20.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7, 9.1.9-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Д.З-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 430 дугаар захирамжийн Д.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Д.З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаартай “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамж”-аар зөвхөн нэг айлын эзэмшлийн тухайлбал, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 8 дугаар гудамж, 113 тоот хаягт байх газрыг гуравдагч этгээдэд өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн, ингэхдээ уг газрын “хууль бусаар эзэмшиж байгаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа.
3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй бахйад газрын албаны гүйцэтгэвэл зохих үүргийг хэрэгжүүлж гэрчилгээ олгосон нь илт хууль бус бөгөөд иргэн өөрөө хүсэлтээ гаргаагүй, газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй байхад газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн нь хууль бус” гэх агуулгаар, нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 430 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 8 дугаар гудамж, 113 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг Д.З-д өмчлүүлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч “маргаан бүхий 430 дугаар захирамж нь илт хууль бус актад үндэслэсний зэрэгцээ Д.З-гээс гаргасан хүсэлт цаг хугацааны хувьд тохирохгүй байх тул материалыг нөхөж бүрдүүлсэн тул хууль бус” гэх агуулгаар тус тус маргасан гэж нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй зүйлийг дурьдаж бичсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүчингүй болгох үндэслэлтэйг илтгэж байна.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт мөн “...газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо маргаан бүхий газарт бодитоор суурьшил үүссэн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна ..” гэснийг хүлээн авах үндэслэлгүй.
4.1. Учир нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “нийслэлийн удирдлага нь зохон байгуулалт, үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндсэн зарчмыг баримтална” гэж хуульчилсан ба нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаа хууль, тогтоомжид гарсан байна.
4.2. Тодруулбал, Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд “Монгол улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ..., хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө, гэж тунхаглагдсан эрхээ эдэлж 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан ба иргэнд гэр бүлийн хэрэгцээний газар өмлүүлэх тухай энэ шийдвэр холбогдох хууль, тогтоомжид бүрэн нийцсэн. Газрын тухай хуульд бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болох тул гуравдагч этгээд газар эзэмших хүсэлт, материалаа нийслэлийн Газрын албанд 2005 онд буюу одоогоос 17 жилийн өмнө бүрдүүлж өгсөнөөр 2006 онд буюу одоогоос 16 жилийн өмнө газар эзэмших эрхтэй болж, энэ тухай гэрчилгээг Засаг дарга өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу олгосон.
4.3. Монгол улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, годмлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй байна. Иймд гуравдагч этгээдийн бүрдүүлэн өгсөн материалыг нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан хянан нягталж нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан газрыг эзэмшүүлэх, улмаар өмчлүүлэх эрх олгосон шийдвэр гаргасан нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй.
4.4. Ийнхүү хариуцагчаас хуульд заасан зарчмыг баримталсан байхад шүүх нийслэл, дүүргийн Засаг дарга үйл ажиллагаандаа баримтлах хууль, тогтоомжийг үгүйсгэж, нэхэмжлэгч бусдын өмчийг хууль бусаар булааж авах оролдлогыг нь зөвтгөсөн нь буруу.
5. Шүүх “...гуравдагч этгээд Д.З-гээс ... газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байсан талаарх үйл баримт тогтоогдсонгүй” гэсэн нь үндэслэл дүгнэлт болсон. Учир нь шүүхий шийдвэрийн 5-д “...Д.З-гээс гаргасан “гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авах тухай хүсэлт нь 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .... иргэний үнэмлэхтэй болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт нь 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн огноотой байгаа гэснээр үгүйсгэгдэж байна.
5.1. Дээрх иргэний үнэмлэхтэй болохыг тодорхойлов гэсэн нь 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн огноотой байгаа нь Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8027/05393 тоот “иргэний газар эзэмших гэрчилгээ” болон маргаан бүхий 430 дугаар захирамжаар Д.З-д өмчлүүлж шийдвэрлэснээс цаг хугацааны хувьд хойно” гэсэн нь Д.З-д газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй.
6. Гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх үед уг газрын талаар маргаан үүсээгүй байсан. Гуравдагч этгээд шударгаар хөрөнгө олж авахдаа өөр хэн нэгний эрхийг зөрчөөгүй. Тухайбал, нэхэмжлэлд дурьдсан “...113” тоот хаягт байгаа хашааг 1999 онд иргэн Д.Т гэдэг эмэгтэйгээс худалдан авсан ба байшин барихаар 8х8 хэмжээтэй суурь цутгасан нь одоо хүртэл нэхэмжлэгч хууль бусаар эзэмшиж байгаа газар дээр байсаар байгаа.
6.1. Гуравдагч этгээд өмчлөлийн газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардах эрхээ хэрэгжүүлж ирсэн нь нотлогддог. 2002 оноос н.С гэдэг надтай хамт ажилладаг залуу амьдрах газаргүй гэж гуйсаар байгаад манай хашаанд гэр барин буусан. 2004 онд нэг удаа 100,000 төгрөг, 2005 онд 20,000 төгрөгийн түрээс өгсөн бөгөөд 2006 оноос надтай цуг ажиллахаа больсон. Хашаанд амьдарч байх хугацаандаа хашааны модыг юу ч үгүй болгосон тул түүнийг хашаанаас нүү гэж удаа дараа шаардсан. Гэтэл 2007 онд хашаанаас нүүхдээ хашааг маань А гэж одоо энэ захиргааны хэргийн нэхэмжлэгч хүнд зарчихсан байсан. Нэхэмжлэгчийг нүүж ирсэн даруй нь очиж уулзан, газар чөлөөлөхийг шаардаж, 2006 онд гарсан уг газрыг эзэмших гэрчилгээ бусад баримтуудыг үзүүлэхэд хаанаас ийм хуурамч юм авч ирсэн юм, бид худалдан авсан, цахилгаанаа залгуулах гэсэн чинь өчнөөн өртэй байсан байна гээд бухимдалтай сууж байсан. Үүнээс хойш удаа дараа уулзаж нүүхийг шаардсан боловч миний үгийг үл ойшоож, бүр сүүлдээ хашаан олон нохой уяж хашаа руу маань оруулахаа больсон. Өнгөрсөн хугацаанд 10-р хорооны Засаг даргаар ажиллаж байсан хүмүүстэй уулзаж маргаантай асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэлт гарган удаа дараа уулзаж байсан ч тусыг эс олсон учир шүүхэд хандсан.
6.2. Гуравдагч этгээд иргэнийхээ хувьд аль 23 жилийн тэртээ бусдаас худалдаж авсан эзэмшиж, улмаар өмчилж ирсэн хувийн өмчийн газрыг хууль бусаар эзэмшигч этгээдэд олгуулах үндэслэл болох анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтад тулгуурлаагүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгч Д.А дээрх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг хамгаалж тайлбарыг өгсөн байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д.А-наас Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Д.З-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 214 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 430 дугаар захирамжийн Д.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
3. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 214 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.З-д газар эзэмшүүлсэн болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Д.З олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний талаар:
3.1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах ерөнхий шаардлагуудыг хуульчлан тогтоосон бөгөөд 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.
3.2. Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тухайн үед хорооны нийгмийн ажилтан, газрын албаныхан цэвэр усны шугам дайрсан, бас өндөр хүчдэлийн шугам газар доогуур явж худагтай холбогддог учир одоохондоо зөвшөөрөл өгөхгүй гэж байсан учраас би эзэмших, цаашлаад өмчлөх гэрчилгээ авч чадаагүй өдий хүрсэн. Д.С нь Д.З-гээс авч уг газар дээрээ гэр барин 5 жил амьдарсан. Би уг газрыг Д.С-гээс авч 2007 оноос хойш одоо хүртэл амьдарч байна. Д.З нь Д.С-үүд газраа өгчихөөд маргаагүй байж, бараг 19 жилийн дараа өөрийн хөрөнгө мэт аашилж байгааг зөвшөөрөхгүй гэж тодорхойлжээ.
3.3. Нэхэмжлэгч Д.А нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 8 дугаар гудамжны 113 тоот хаягт 2007 оноос хойш оршин сууж байгаа хэдий ч тус газраа эзэмших, өмчлөх талаар хүсэлтээ тухайн шатны Засаг дарга болон Нийслэл, дүүргийн газар, зохион байгуулалтын албанд гаргаж байгаагүй гэдгээ нэхэмжлэл болон тайлбартаа дурьдсан, нийслэлийн Хан-Уул дүүргийн газар, зохион байгуулалтын албаны 2021 оны 07 дугаар сарын 16/1241 дүгээр албан бичгээр тус албаны өргөдөл, гомдлын бүртгэлийн архиваас шалгаж үзэхэд иргэн Д.А 2007 оноос хойш газар эзэмших талаар хүсэлт, бүртгэл байхгүй гэсэн байна.
3.4. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2/1344 албан бичгээс үзэхэд 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд маргаан бүхий газар 1863304584246 дугаартай 807 м.кв талбайтай газар ШЖ80111518 дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн /гэрч Д.С/ боловч 2006 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын талбайн хэмжээнд өөрчлөлт орж, 700 м.кв талбайтай болж, 2009 оны 07 дугаар сараас эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орж, ШГ63113014 дугаартай иргэний нэр дээр /Д.З/ бүртгэгдсэн бүртгэлд өөрчлөлт ороогүй байна.
3.5. Түүнчлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон, шүүхээс хийсэн үзлэг, талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.А 2007 оноос хойш Нисэхийн 8-р гудамжны 113 тоот хаягт амьдарч байгаа хэдий ч газар эзэмшүүлэх, ашиглуулах хуульд заасан үндэслэл журмын дагуу уг газрын эзэмшил үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул “...Д.С хүнээс өрөндөө авсан газрыг би авсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдлыг үндэслэн Д.З-д олгогдсон 8027/05393 дугаар “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г илт хууль бус гэж үзэхгүй.
3.6. Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх” учиртай. Гуравдагч этгээд Д.З-д нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 8 дугаар гудамжны 113 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг эзэмших эрх нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 214 дүгээр захирамжийг үндэслэн олгогдсон байна. Д.З-д олгогдсон 8027/05393 дугаар “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр захирамжийг үндэслэн олгосон байх боловч хариуцагчаас ирүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 214 дүгээр захирамж нь иргэнд газар олгох үндэслэлээр гарсан биш, харин Г.Г-ыг ажлаас чөлөөлж, Б.Б-ныг албан тушаалд томилж шийдвэрлэсэн захирамж байгаа нь уг гэрчилгээг илт хууль бус акт гэж үзэх үндэслэл болохгүй.
3.7. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж, мөн Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлнэ” гэж зааснаар маргаан бүхий 700 м.кв газар эзэмшүүлэх хугацааг 1 жилийн хугацаатай олгохоор гэрчилгээнд тусгаснаас гадна Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэснийг зөрчөөгүй байна.
3.8. Түүнчлэн хэрэгт Хан-Уул дүүргийн Газрын албаны “10-р хорооны газрын гэрчилгээ сольсон материал”-аас үзэхэд иргэд гэр бүлийн хэрэгцээнд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай ” 214 дүгээр захирамж байсан байх бөгөөд уг материалд гуравдагч этгээд Д.З-гийн гэрчилгээ олгож өгөхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, газрын гэрчилгээний үнэ төлсөн баримт тус тус хавсаргагдсан байхад анхан шатны шүүх гуравдагч этгээд Д.З-гээс мөн газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байсан талаарх үйл баримт тогтоогдсонгүй гэж буруу дүгнэжээ.
3.9. Иймд нэгэнт эрх бүхий байгууллагаас гуравдагч этгээд Д.З-д “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г хууль бусаар олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 214 дүгээр захирамжаар “Г.Г-ыг ажлаас чөлөөлж, Б.Б-ыг албан тушаалд томилж” шийдвэрлэсэн байгаа нь тус дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 8027/05393 тоот “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-нд бичигдсэнээс зөрүүтэй байгаа учир ийнхүү гэрчилгээ олгосон нь илт хууль бус акт гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсэн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Д.З-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл захирамж нь өөр утга агуулгатай гэсэн үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгохгүй.
4. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 214 дүгээр захирамж нь маргаан бүхий газарт хамааралгүй, өөр агуулгатай тул уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
5. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 430 дугаар захирамжийн Д.З-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 3/41 дүгээр тогтоолоор 2003 онд нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг тогтоохдоо Хан-Уул дүүргийн Нисэхэд 2005 иргэнд 151,30 га газар өмчлүүлэхээр болжээ.
5.2. Нийслэлийн өмчийн харилцааны газрын архивын материалаас үзэхэд гуравдагч этгээд Д.З-гийн өргөдөл, газар эзэмших гэрчилгээ, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газрын кадастрын зургийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар түүнд газар өмчлүүлсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д заасныг зөрчөөгүй байхад гэр бүлийн хэрэгцээнд газар өмчилж авахыг хүсч гаргасан Д.З-гээс гаргасан “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авах тухай” хүсэлт нь 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгаа нь захирамж гарсан өдрөөс цаг хугацааны хувьд хойно байна гэсэн үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй, хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагааны явцад техникийн алдаа гаргаснаа үгүйсгээгүй болно.
5.3. Ийнхүү анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул нэхэмжлэгч Д.А-гаас гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Д.З-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 214 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 430 дугаар захирамжийн Д.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д,З-гийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 60 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг, “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.А-наас нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Д.З-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 214 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 430 дугаар захирамжийн Д.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН