Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 333

 

Ю.Ганбаатар, Б.Баасанбат нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч Ю.Ганбаатарын өмгөөлөгч Р.Уранцэцэг,

шүүгдэгч Б.Баасанбатын өмгөөлөгч П.Өлзийбаяр,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоол,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 25 дугаар магадлалтай, Ю.Ганбаатар, Б.Баасанбат нарт холбогдох эрүүгийн 201505000321 дугаартай хэргийг шүүгдэгч Ю.Ганбаатарын өмгөөлөгч Р.Уранцэцэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

1. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Юндэнбалын Ганбаатар нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Арслан овогт Батмөнхийн Баасанбат нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ю.Ганбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Баасанбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Баасанбатад холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ю.Ганбаатарт 5 жил 10 хоног хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ю.Ганбаатараас 5.808.514 төгрөг гаргуулж Б.Баасанбатад олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар Ю.Ганбаатарын 20 тооны ямаа битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баасанбатын 20 тооны ямаа битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Баасанбат нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар Ю.Ганбаатараас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Ганбаатар, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгч Ю.Ганбаатарын өмгөөлөгч Р.Уранцэцэг, шүүгдэгч Б.Баасанбатын өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ю.Ганбаатарын өмгөөлөгч Р.Уранцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч нарын хэнийх нь өгсөн мэдүүлэг үнэн, зөв гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Тухайн үед Ю.Ганбаатар нь Б.Баасанбатыг согтуу байсан гэж хэлдэг бөгөөд шүүгдэгч Б.Баасанбатыг согтуу байсан гэдгийг эмч Отгонжаргал нотолдог. Гэтэл согтуу байсан хүний мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Шүүх хохирогчийн мэдүүлгийг үндэслэлээ болгож, ач холбогдолтой талаас нь үнэлж шийдвэрээ гаргасан. Мөн шинжээчийн дүгнэлтийг гол үндэслэлээ болгосон гэдэг бөгөөд удаа дараа гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь анх гарсан шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн байдаг. Гэтэл дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх үнэлэх болсон учир шалтгаанаа хангалттай тайлбарлаагүй, шүүгдэгч Ю.Ганбаатарыг гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны үед буюу 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Баасанбатын талаас 5.800.000 гаруй төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Шүүгдэгч Ю.Ганбаатар ямар учраас, эмчилгээ хийлгэсэн гэж надаас энэ их хэмжээний мөнгийг нэхэмжилж байгаа, хохирогчийн гаргаж өгсөн баримтуудтай огт танилцуулаагүй гэдэг асуудлыг тавьж байсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд дээрх асуудлын талаар тайлбарлаж байсан. Өмгөөлөгч мөн адил гомдолдоо удаа дараа дурдсан. Дээрх үйлдэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.8, 42 дугаар зүйлийн 42.3.8, 36 дугаар зүйлийн 36.3.8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Б.Баасанбатын өмгөөлөгч П.Өлзийбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... гэрч нарын мэдүүлгээр Б.Баасанбат, Ю.Ганбаатар нар нь харилцан зодолдож Б.Баасанбатын биед хүнд гэмтэл, Ю.Ганбаатарын биед хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор М.Буяннэмэх “... хохирлын баримт нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ю.Ганбаатар, Б.Баасанбат нар нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг, “Усан хөтөл” гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдохдоо Ю.Ганбаатар нь Б.Баасанбатын толгой руу чулуугаар цохиж “дух, зулай, баруун чамархай ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа” бүхий хүнд гэмтэл, шүүгдэгч Б.Баасанбат нь Ю.Ганбаатарын биед “тархи доргилт, зүүн хацрын зулгарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл тус тус харилцан учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ю.Ганбаатарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Баасанбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй нөхцөл байдал үүссэн тул хэргийг хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Баасанбатын биед учирсан гэмтлийн шинж чанар, хэр хэмжээг тогтоолгох зорилгоор нийт 3 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулахад тусгай мэдлэг бүхий эмч нар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болохыг санал нэгтэйгээр, эргэлзээгүй байдлаар тогтоосон байх тул шүүгдэгч Ю.Ганбаатарын өмгөөлөгч Р.Уранцэцэгийн гомдлын дагуу дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзнэ.

Компьютер томографийн шинжилгээгээр илэрсэн хохирогч Б.Баасанбатын дух, зулай, баруун чамархай ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл нь мэс засал хийлгэсний улмаас бий болоогүй, мэс заслын дараах үлдэц, уршиг биш харин гадны нөлөөнөөс буюу хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн нь тогтоогдсон учир “... шинжээч нар хөнгөн гэмтлийг баталсан мөртлөө хагалгаанд орж гэмтлийн хүнд зэрэг болсон зөрүүтэй байдалд дүгнэлт хийж чадаагүй” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

Санаатай үйлдлээр бусдын бие махбодид гэмтэл учруулсан этгээд гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хохирлын хэр хэмжээг нотолсон баримтыг шинжлэн судалж эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн байх тул "... Ганбаатар шууд болон шууд бус санаатайгаар Баасанбатын биед хүнд гэмтэл учруулсан нь хангалттай тогтоогдоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, танилцуулаагүй баримтыг үндэслэн хохирол гаргуулсан учир хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү" гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Ганбаатарын өмгөөлөгч Р.Уранцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                    ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

                    ШҮҮГЧ                                               Б.ЦОГТ