| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2019/0168/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 144
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е
улсын яллагч Х.Ө
шүүгдэгч Ш.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ш.Е-д холбогдох эрүүгийн 2013001780150 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Ш.Е, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр БӨ аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казак, ам бүл 6, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар **********
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ш овогтой Е нь 2020 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болох Х.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Ш.Е мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013001780150 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Түүнийг буцаад орж ирэхэд би унтаагүй хүлээж байсан ба хөргөгчний хажууд газар сууж байхад Е миний нүүрний хэсэг рүү баруун талын хөлөөрөө өшиглөсөн юм. Миний хамарнаас нь цус гарч гэр дотор нэлэнхүйдээ цус болсон бөгөөд би өвдөлтөө тэсэлгүй уйлаад доошоо тонгойход миний үснээс минь зулгааж бариад намайг толгой руу цохиход миний хамарнаас цус ихээр гарсан. Миний үснээс зулгаасан чигээрээ намайг чирээд цонхны хажуугийн паранд толгойны зүүн хэсгээр минь хоёр удаа мөргүүлэхэд миний ухаан балартаж би босох тэнхээгүй болсон юм. Тухайн үед миний өмсөж явсан хувцас тэр чигээрээ цус болсон ба намайг дахин гэрээс чирээд гэрийн үүдний амбаарт гаргасан, үүдний амбаар хүртэл чирээд хивсэн дээр дараад намайг боомилсон. Би тэр үед толгойгоо доошоо харуулаад хэвтчихсэн байсан ба толгойн дээр минь гутлаа тавьж намайг дарж байсан, тэр үеэр хивсэн дээр цус болсон ба миний амьсгаа боогдож хөл маань хөдөлж байгаад ухаан алдсан юм. Намайг ухаан алдангуут Е би энэ хүнийг алчихлаа ш дээ, одоо яанаа гэж өөрөө орилсон гэж ээж нь хэлсэн юм” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас/,
Гэрч Е.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай охин Е.Б ыг түүний нөхөр болох Е зодсон гэж сонсоод 2020 оны 05 дугаар сарын 08-ны 18 цагийн үед Өлгийд ирсэн юм. Намайг ирэхэд Б төрсөн дүү К гэрт байсан юм. Би Б аас юу болсон талаар асуухад нөхөртөө 2020 оны 05 дугаар сарын 08-ны шөнө зодуулсан гэж хэлсэн, Б ы биед зүүн талын нүүрний хэсэг нь хөхөрсөн байсан, толгой болон хүзүү чилж өвдөж байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/,
2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...чернелин ягаан өнгийн футболка байх ба уг футболкны урд талын энгэр хэсэг болон ханцуйны хэсэг газар нь цус мэт хурэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Мөн ноосон улаан өнгийн урт цамц байх ба уг урт цамцны энгэр ханцуйны хэсэг газрууд нь цус мэт хурэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Мөн “Zаrа” гэх бичигтэй ягаан өнгийн өмд байх ба уг өмдний урд болон ар талын шуумаг болон гуяны хэсэг, бөгсөн хэсэг н ь нэлэнхуйдээ цус мэт хурэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Мөн уг өмдний зүүн талын шуумагны урд талын өвдөгний хэсэгт хоёр газарт 2 см, 2см-ийн хэмжээтэй тус тус урагдалт үүссэн байв” гэжээ. /хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас/,
2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл”-ээр /хх-ийн 12-17 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 201 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Иргэн Х.Бы биед тархины доргилттой, баруун ба зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, баруун хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хөндийд цустай, зулайны баруун хэсэгт хавдартай, хүзүүний ар талд хавдартай, хоёр далны дунд хавантай, баруун бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шуунд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гарын сарвуунд олон тооны тархмал зулгаралттай, хэвлийд баруун ба зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх /хх-ийн 83-84 дүгээр хуудас/ бичгийн нотлох баримтуудаар Ш.Е нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны шөнө эхнэр Х.Быг архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ш.Еын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Еын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Е нь 2020 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнийн цагийн үед БӨ аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Быг зодож, түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас/, гэрч Е.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас/ 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 201 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/ болон шүүгдэгч Ш.Еын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Еын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өөрөөр хэлбэл Ш.Е нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Ш.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ш.Еыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш.Е нь хохирогч Х.Быг .Х.БаХ.архидан согтуурсан үедээ зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ш.Еаас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Ш.Еыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хоорондоо маргасан нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ш.Еын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Бы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ш.Е нь хохирогч Х.Бтай сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан тул хохирогч нь Ш.Еаас нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Ш.Еад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа талууд сайн дураараа эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай саналд яллагдагч Ш.Еад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ш.Е хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Ш.Еад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч Ш.Е урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ш ы Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Еыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Е нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Еад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б