Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 148

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Х,

Орчуулагч, хэлмэрч К.Е,

Улсын яллагч: БӨ аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Т,

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч  Т.К,

Шүүгдэгч У.Б, Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, У.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б, Ж.А нарт холбогдох 2013000450050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Б овогт Ж А, 1984 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БӨ аймгийн Өлгий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, Б*******

Монгол Улсын харьяат, Ш овогт У Б, 1975 оны 02 дугаар сарын 22-ны өдөр БӨ аймгийн Өлгий суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ганц бие амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, *************

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А, У.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус аймгийн Ө сумын 3 дугаар багт байрлах иргэн М.Хгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 кг ууттай гоймон, 1 уут давс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Б овогт Ж ы А, Ш дүзик овогт Уны Б бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус аймгийн Ө сумын 3 дугаар багт байрлах, шүүгдэгч Ж.Аын ээж болох М.Хгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 3 кг ууттай гоймон, 1 уут давсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдов. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13-р хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, уг эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19-22-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23- 25-р хуудас/

Хохирогч М.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн үед машинтай гэрийн хашаандаа ороход манай гэр гэрэлтэй байсан юм. Машинаас буугаад гэр лүү орох үед манай гэрийн гэрэл унтарсан ба гэрийн хаалганы цоож нь эвдэрсэн байсан. Тэгээд гэртээ ороод гэрлээ асаахад гэрийн шүүгээний дотор байсан эд зүйлсийг гаргаж тавьсан байдалтай байсанд хулгай орсон байна гэж бодоод гэрээс гарахад машины цаад талаар үл таних хүн гүйх шиг болсон, тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж тухайн үл таних хүний хойноос нь машинаар хуучин улсын бүртгэл хүртэл дагаж явж байгаад цагдаа нар урдаас нь ирж барьж авсан, тухайн үл таних хүн Ж А гэх миний тусдаа гарсан хүү байсан. Тухайн алга болсон эд зүйлсийг Нийгмийн халамжийн тусламжийн шугамаар өгсөн хүнсний эд зүйл байсан. Манайхаас 3 кг  ууттай задлагдаагүй шинэ 1 уут гоймон болон, 1 кг хэмжээтэй, 1 уут давс алдагдсан. Өөр ямар нэгэн зүйл алга болоогүй. Гэрийн хаалганы цоожийг аваад удаж байгаа учраас цоожны мөнгийг нэхэмжлэхгүй, тус хоёр цоож нь чангаар татахаар онгойчихдог бөгөөд одоогоор цоожлоод болж байгаа. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 28-32-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ейн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ээж Х 2020 оны 03 сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан тул энэ хэрэгт намайг хохирогчоор оролцуулж, хэргийг хурдан хугацаанд шийдэж өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл алга, санал гомдол байхгүй болно. ” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/

                 Гэрч Ж.Ейн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Машинаас буугаад гэрлүү орох гэхэд манай гэрийн гэрэл унтарсан юм. Тэгээд гэрлүү орох гэхэд манай гэрийн хаалганы цоож нь эвдэрсэн байсан тэгээд гэртээ ороод гэрлээ асаахад гэрийн шүүгээний дотор байсан эд зүйлсийг гаргаж тавьсан байдалтай байсанд хулгай орсон байна гэж бодоод гэрээс гарахад машины цаад талаар үл таних хүн гүйх шиг болсон, тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн үл таних хүний араас ээжийн хамт хуучнаар улсын бүртгэлийн 3 зам хүртэл дагаж явж байгаад цагдаа нар тухайн хүнийг барьж авсан. Ж.А нь миний төрсөн ах бөгөөд тухайн хулгайд алдагдсан хүнсний зүйлийг нийгмийн халамжийн тусламжийн шугамаар өгсөн эд зүйл юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас /,

                 Гэрч С.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн орой цагийг нь сайн санахгүй байна.Үл таних 2 эрэгтэй бараан хувцастай 2 хүн орж ирээд гоймон, давс хоёрыг үзүүлээд үнийг архиар сольж авах гэсэн юм, эдгээр зүйлсийг талоноор авсан юм тухайн газар архи өгдөггүй болохоор архиар сольж авах гэсэн юм гэж хэлэхэд нь би архиар сольж өгөхгүй гэж хэлэхэд настай эрэгтэй хүн гуйгаад байхаар нь ямар архиар сольж авах вэ гэж асуухад “Нутаг” нэртэй архиар солъё гэсэн. Гэтэл тухайн гоймон, давс нь “Нутаг” нэртэй архины үнэд хүрэхгүй байсан тул 0.5 литрийн “Амуу буудай” нэртэй архиар сольсон. “Амуу буудай” нэртэй архи 4800 төгрөгөөр зарагддаг. Тэдгээр хүмүүс манай дэлгүүрт гоймон давснаас өөр зүйл авч ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/

                 “Мөнх эстимэйт”  ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 20/0016 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан /шинжээчийн дүгнэлт/-д “2020 оны 2 дугаар сарын байдлаар 5 кг гоймон 6500 төгрөг, 1 кг савлагаатай 1 кг давс 800 төгрөгийн үнэтэй байсан” гэж тэмдэглэсэн /хх-ийн 42-43-р хуудас/,

                 Шүүдэгч Ж.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн:”2020 оны 1 сарын 15-ны өдөр 15 цагийн үед У.Бтэй хамт архи уугаад согтуу явж байгаад орой 18 цагийн үед дүү Ж.Ейн гэрт очиход тэднийх цоожтой байсан, тэгээд байшингийн хаалгын цоожийг эвдээд цааш гэрт ороход дотор талын хаалга бас цоожтой байхаар нь хүчтэй татахад онгойсон, гэрээс 3 кг ууттай гоймон, 1 кг ууттай давс аваад Б хамт “Алтын” гэх хүнсний дэлгүүрт орж уг гоймон, давсаа “Амуу буудай” 0.5 литрийн архиар сольж аваад дэлгүүрийн ойролцоох далангийн хажууд ууж дуусгаад У.Б өөр тийшээ явчихсан, харин би буцаад дүү Ж.Ейн гэр лүү очсон. Дүүгийн гэрт оролгүй буцаад явж байхад Улсын бүртгэлийн замын хажууд цагдаа нар, дүүгийн хамт ирж барьж авсан. Дэлгүүрийн эзэн С.Б д би архины 4800 төгрөгийг төлж хохиролгүй болгосон. Анх У.Б надтай зах дээр тааралдаад “архи уумаар байна, ганц юм байна уу” гэхээр нь би түүнд “хоёулаа цуг манай гэрт очъё, тэндээс нэг юм олдох байх” гээд түүнийг дагуулаад явсан.Тэгээд манай ээжийн гэр цоожтой байхаар цоожийг нь эвдээд орчихсон” гэх мэдүүлэг,

                 Шүүгдэгч У.Бий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :”2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Ж.Атой тааралдаж мэнд ус болсон. Тэгээд орой 18 цагийн үед зах тараад явж байтал дахиад Ж.Атой тааралдаад бид хоёр хамт яваад Өлгий сумын 3 дугаар багт Ж.Аын гэр нь гэх нэг айлд очсон. Тэнд очсоны дараа Ж.А би гэрлүү ороод гараад ирье гээд удаад байхаар нь би байшин руу ороход гадна болон дотор талын хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан ба доторх хаалгыг нь татаад орох үед Ж.А лапша нэртэй гоймон болон 1 уут давс бариад гараад ирсэн. Наадахаараа яах гэж байгаа юм бэ гэхэд толанаар авсан юм, дэлгүүрт очиж архиар солино гэхээр  нь бид хоёр хамт явж зам дагуух нэг дэлгүүрт орж Ж.Ад байсан гоймон, давсыг өгөөд 0.5 литрийн “Амуу буудай” нэртэй архиар сольж, уг архийг бид хоёр хувааж уугаад би гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Мөрдөгч нь дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Ж.А, У.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах, шүүгдэгч Ж.Аын ээж болох М.Хгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 3 кг ууттай гоймон, 1 уут давсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогдон БӨ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, У.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгө ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд энэ хэргийн хохирол нь 3 кг-аар  савласан 1 уут лапша гоймон, 1 кг-аар  савласан 1 уут давс болно.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хулгайлагдсан гэх 3 кг гоймон, 1 кг давсыг үнэлж, нийт 4700 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл уг шинжээчийн дүгнэлтэд лапша нэртэй 5 кг гоймон 6500 төгрөгийн үнэтэй байсан гэж тогтоосон байх ба хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нар нь Лапша нэртэй 3 кг ууттай гоймон хулгайлсан болох нь нотлогдож байна. Түүнчлэн улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч нарыг 3 кг гоймон, 1 кг давс хулгайлсан гэж яллаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 4700 төгрөг (6500:5=1300, 1300х3+800=4700) гэж тайлбарласан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт  “энэ зүйлийн 1 дэх хэсэгт  заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус хуульчилсан байна. Ж.А, У.Б нарын үйлдсэн   гэмт хэргийн хохирол болох 3 кг гоймон, 1 кг давс нь 300 нэгж буюу 300.000 төгрөгөөс бага үнэлгээтэй байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “...энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг  учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байх ба  шүүгдэгч нарын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах, шүүгдэгч Ж.Аын ээж болох М.Хгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 3 кг ууттай гоймон, 1 уут давсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхээр  байна.

Учир нь гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд Ж.А, У.Б нарын хувийн байдал, үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт 4700 төгрөгийн хохирол буюу ялимгүй хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогчийн эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт ялимгүй хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.А, У.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.А, У.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн тул тэдэнд өмнө авсан хувийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүхээс Ж.А, У.Б нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул иргэний нэхэмжлэгчээр С.Б ийг тогтоох, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг бэхжүүлсэн 2 ширхэг фото зургийг хэрэгт хавсаргуулах, хүнсний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч У.Бд танилцуулах, хохирогч М.Хгийн нас барсны гэрчилгээг хэрэгт хавсаргуулах зэрэг ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дах хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан БӨ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, У.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2013000450050 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Б овогт Ж ы А , Ш дүзик овогт У ы Б нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ж.А, У.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус  дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.А, У.Б нар нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор БӨ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б