| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0019/Э |
| Дугаар | 099 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 099
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Ө ,
шүүгдэгчийн өмгөөлөгч З ,
шүүгдэгч Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж ад холбогдох эрүүгийн 2013001340114 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Б сумын 3 дугаар багь оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй. Ж , РД:БВ*******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Т , Б нарыг тус тус зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Ж мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013001340114 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 27 дугаар хуудас/,
2. Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30, 31-32 дугаар хуудас/,
3. Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
4. Гэрч С ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
5. Хохирогч Т ы эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Х ын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
6. Хохирогч Б ы эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Х ын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №150 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62, 63 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Т , Б нарыг тус тус зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Т ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний ээжийн төрсөн дүү болох Б Ө сумын 4 дүгээр багт ирээд 1 жил орчим болж байна. 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б бид хоёр зах дээр ирээд 0.5 литрийн архийг аваад 17 цагийн орчимд захын хажуу талд уусан. Тэгээд 19 цаг 30 минут хүртэл билльярд тоглож байгаад 20 цагаас хаана гэхээр нь бид хоёр 4 дүгээр багт байдаг гэр лүүгээ явган явсан. Тэгээд Б замд өөрийнхөө ахын гэр болох М ын гэрт үлдсэн. Би өөрийн гэрт очиж цай уугаад сууж байхад ойролцоогоор 20 цагийн үед гадаа нэг хүний орилсон дуу гарсан ба миний А гэх 6 настай охин минь гүйж орж ирээд гадаа Б ыг зодож байна гэхээр нь би гүйгээд гарсан чинь миний төрсөн дүү С хашаанд зогсож байсан бөгөөд С надад Б ыг зодож байх шиг байна очоод салгаад ирэх үү гэхээр нь бид хоёр зодоон болж байгаа газар буюу манай байшингийн ар тал руу гүйгээд очсон чинь Б ыг газар унагаасан Ж гэх залуу өшиглөж байсан.
Тэрээр би Ж ыг салгах гэж барьж авах гэж байхад гартаа чулуу барьсан юм шиг байсан миний дух руу нэг удаа цохиж авсан. Тэр үед би толгойгоо бариад газарт суугаад чи аллаа шүүдээ гэсэн чинь цаанаас нь Ж ын хадам ээж нь гарч ирж чи хүн аллаа яах гэд байгаа юм бэ? гэж загнасан. Мөн тэр хүнтэй хамт Ж ын эгч М гарч ирсэн. Миний толгойноос маш их цус гарч байсан бөгөөд миний ээж С , эхнэр Т нар харсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд Е зугтаад явсан. Ж надаас удаа дараа ирж уучлалт гуйсан бөгөөд надад ямар нэгэн санал гомдол байхгүй учраас би түүнийг уучилсан. Би Ж аас эмнэлэгт үзүүлсэн боолт, хийлгэсэн гээд 100.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тухайн мөнгийг надад өгсөн. Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Миний гомдлыг түргэн хугацаанд шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 27 дугаар хуудас/,
- Хохирогч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ө сумын 4 дүгээр багт байрлах миний ээжийн төрсөн эгч С ы хүүхэд болох Т ы хамт Тирлик зах руу яваад нэг шил 05 литрийн хэмжээтэй архийг худалдаж аваад 17 цагийн орчимд захын ойролцоо гудамжинд ууж дуусгаад Тирлик зах дотор байрлах биллиард тоглоомын газарт очиж тоглож байгаад орой 20 цагийн үед Ө сумын 4 дүгээр багт байрлах гэр лүүгээ алхаж явсан юм. Тэгээд миний бие Ө сумын 4 дүгээр багт байрлах төрсөн ах М ын гэр лүү орсон ба Т бас гэр лүүгээ орсон. Т ы гэр миний төрсөн ах М ын гэрийн ойролцоо байдаг юм. Миний бие төрсөн ах М ын гэрт байж байгаад 21 цагийн үед түүний гэрээс гарсан юм. Тэрээр төрсөн ах М ын гэрийн хашаатай залгаа байрлах О гэх хүний гэр байдаг бөгөөд О гийн гэрийн хашаанаас М , Ж , Е , А нар гарч ирсэн. Ж гэх залуу намайг хараад нааш ир гэж дуудсан үед би тэд нар дээр очиход Ж надад ямар нэг зүйл хэлэхгүйгээр миний толгой руу гараараа шууд цохиж миний хувцасны захнаас барьж аваад хувцасны захаар хоолойг минь боох үед болиоч би чамайг яасан юм гэж асуухад чиний цусыг ууна гэх мэтийн зүйл яриад миний хөл рүү өшиглөж газарт унагаж миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөд миний бие туслаарай энэ хүн зодоод байна гэж орилсон юм. Удалгүй Т ирээд Ж ыг боль гэж хэлэхэд гартаа чулуу барьж аваад Т ы толгой руу цохиход Т толгойгоо барьж аваад газарт суучихсан. Энэ үед Т ы толгойноос цус гарч байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30, 31-32 дугаар хуудас/,
- Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний бие Ө сумын 4 дүгээр багт байрлах гэртээ байж байсан юм. Тэгээд орой 21 цагийн үед байсан гаднаас миний нэг дүү болох А манай гэрт орж ирээд Б ахыг хүмүүс зодож байна гэж хэлсэн энэ үед би гэрээсээ гарахад миний дүү Т гүйгээд явчихсан ба би араас нь очиход Ж гэх залуу Б ыг зодож байсан юм. Тэрээр Т очиж Ж ыг боль гэж хэлээд салгах гэж байх үед Ж нь Т ы толгой хэсэгт ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон ба энэ үед Т толгойгоо дараад газарт суусан юм. Тэрээр Ж ын хадам ээж болох нэг эмэгтэй гарч ирээд Ж ыг чи хүн аллаа гэж хэлж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн юм. Тухайн үед Т ы эхнэр нь цагдаа дуудсан байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
- Гэрч С ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Манай гэр Ө сумын 4 дүгээр багт байдаг бөгөөд манай гэрийн хажуу талд О гэх хүний байшин байдаг. Тухайн айлын эхнэр нь эмнэлэгт, нөхөр нь Увс аймаг руу явсан бөгөөд тухайн айлд О гэх хүний зээ нь М өдөржингөө Е , Ж , А гэх 4 хүний хамт өдрийн 14 цагаас хойш 2.5 литрийн том савтай шар айргийг зөөж авч ирж уусан. Эд нарыг өдөржингөө архи уусныг ажиглаж байсан. Учир нь хүү болох Т , дүү болох Б нар өдөр гараад явсан бөгөөд тэд ирж тэд нартай архидчих юм болов уу гэж бодож ажиглаж байсан. Тэгээд орой 19 цаг 30 минутын орчимд би гэртээ байж байхад хүү болох Т гэртээ ганцаараа хүрээд ирсэн бөгөөд чи хаашаа яваад ирэв, архи уучихсан юм уу? гэсэн чинь Б бид хоёр сая нэг шил архи уусан. Бид хоёр хамт ирээд Б М ын гэрт үлдчихлээ гэж хэлсэн. Тэгээд би өөрийн охин болох А ийг дэлгүүр руу төмс аваад ирээч гэж явуулсан чинь буцаж орж ирээд ээжээ Б ыг нэг залуу зодож байна гэж хэлэхээр нь гэрээс гарсан чинь Т , С нар өөр өөрсдийн гэрээсээ гарч ирсэн бөгөөд Б аллаа гэж орилж байсан. Тэгээд Т , С нар бид очоод ирье гэхээр нь та нар очиж зодож болохгүй шүү гэж хэлсэн чинь юу гэж гар хүрэх юм, салгаад аваад ирье гэж явсан. Араас нь би ч гэсэн гүйж очсон чинь Б ыг газар унагааж Ж өшиглөж байсан. Тэгээд Т очих үед Т ы дух хэсэг рүү гараараа цохих шиг болсон бөгөөд Т газарт суучихсан. Тэгээд би очиж Т ыг харсан чинь дух хэсгээр нь цус гарчихсан бөгөөд би яах гэж ирж байгаа юм бэ гэж загнасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №149 дугаартай: “1. Иргэн Т ы биед тархины доргилттой, духны дунд хэсэгт хөндлөн байрлалтай 4 см няцарч урагдсан шархтай, битүү хавдартай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүсэн шинэ гэмтэл болно.
3. Ерөнхий хөдөлмөрлөх чадварт алдалтад нөлөөлөхгүй болно
4. Иргэн Т ы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр алдагдуулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №150 дугаартай: “1. Иргэн Б ы биед тархины доргилттой, дээд эрүүний 1 үүдэн шүд 4 зэргийн суларсан, уруулд ташуу байрлалтай няцарсан шархтай, битүү хавдартай, цээжний баруун талд цус хуралттай, хавдартай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүсэн шинэ гэмтэл болно.
3. Ерөнхий хөдөлмөрлөх чадварт алдалтад нөлөөлөхгүй болно
4. Иргэн Б ы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр алдагдуулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
- Яллагдагч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед Ө сумын 4 дүгээр багт байрлах миний хамаатны ах болох О гэх хүний гэрт Е , М нарын хамт “Брат” нэртэй шар айрганаас 2-ыг уугаад сууж байгаад О гэх хүний гэрээс гараад ойролцоох хашаанд байрлах хүргэн ах Базарын гэрийн хажууд очиж байхад Б тай тааралдаж энэ үед Б миний хувцаснаас бариад авсанд миний бие яасан, юу болсон бэ гэж асуух үед намайг гараараа цохих гэхэд нь гарыг нь барьж аваад түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиход Б орилоод газарт суучихсан ба энэ үед би түүний хэвлий хэсэг рүү хөлөөрөө нэг, хоёр удаа өшиглөсөн юм. Тэрээр би Б ыг өшиглөж байх үед Т хүрч ирээд намайг цохих гэхэд нь би газраас чулуу аваад Т ы толгой хэсэгт нэг удаа цохисон бөгөөд ямар хэмжээтэй чулуу байсныг сайн санахгүй байна. Тэр үед Т толгойгоо дараа газарт суучихсан бөгөөд түүний толгойноос цус гарч байсан юм.
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Миний хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Би Б , Т нартай урд өмнө нь ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй. Би Б , Т нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Б , Т нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Уучлалт гуйж Б , Т нар намайг уучилсан ба надаас 100.000 төгрөг нэхэмжилсэн тухайн нэхэмжилсэн мөнгийг нь өгчихсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62, 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж нь маргааны улмаас Б , Т нарыг зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ж нь 1. Хохирогч Т ы эрүүл мэндэд “тархины доргилттой, духны дунд хэсэгт хөндлөн байрлалтай 4 см няцарч урагдсан шархтай, битүү хавдартай гэмтэл”; 2. Хохирогч Б ы эрүүл мэндэд “тархины доргилттой, дээд эрүүний 1 үүдэн шүд 4 зэргийн суларсан, уруулд ташуу байрлалтай няцарсан шархтай, битүү хавдартай, цээжний баруун талд цус хуралттай, хавдартай гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ж ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтуурсан байдал, хэрүүл маргаан нөлөөлсөн гэж үзлээ.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б , Т нарын эрүүл мэндэд тус тус учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн бөгөөд шүүгдэгчээс хохирогч нарт эмчилгээний зардлыг төлж өгсөн тул хохирогч нараас нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч Ж ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Ж ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Ж нь хохирогч Б , Т нартай сайн дураараа эвлэрч, эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаартай саналд яллагдагч Ж ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 84 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Ж ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч Ж ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шилжүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ