| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0019/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 105
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
улсын яллагч Т,
хохирогч Ч,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Е ,
шүүгдэгч Э , Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т , Э нарт холбогдох 2013000700074 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Т, регистрийн дугаар БА90******.
2. Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Э, регистрийн дугаар БА*******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Т , Э нар нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай иргэн Б , Т нарын гэрийнхэн хашаанд иргэн Ч ыг тус тус бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Н с гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Т мэдүүлэхдээ: Ч ыг цохиж зодсон асуудал болоогүй гэв.
2. Шүүгдэгч Э мэдүүлэхдээ: Ч , Т хоёр зодолдох гэж байхад нь би салгаад авсан гэв.
3. Хохирогч Ч мэдүүлэхдээ: Би болсон асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.
... Тэр өдөр Алтай сумаас манай нэг ах ирээд хоёулаа нэг шил архи уусан. Тэгээд манай нэг эмэгтэй найз гурвуулаа явж байхад хажуунаас Т ирж зогсоод нөгөө эмэгтэйг дуудаад суулгаад аваад явсан байхгүй юу. Тэгээд би юм хум бодоо ч үгүй, шууд гэртээ очсон. Тэр Б гэдэг залуу бас манай хүргэн байдаг ба, тэднийд ороход эд нар байсан байна. Тэгээд би Т д тоглоод ингэсэн байгаа юм: “Замд явж байсан ахыгаа аваад явчихгүй, хаяад явчих юм” гэхэд Т “Би хэнийг суулгахаа өөрөө мэднэ” гэснээр маргаан гарсан. Тэгээд хоорондоо зодолдсон. Тэр Б ийн гэрээс гарсны дараа нэлээд зодолдсон. Би газарт унаад харсан чинь эд нар алга байна. Тэгээд би яасан бол хэмээн Т ын гэрт очоод маргасан чинь Т ын эхнэр надад “Та гараад явчих” гээд гэрээс хөөгөөд гаргасан байхгүй юу. Гараад явахад энэ хоёр хойноос ирээд барьж авсан. Тэр үед чинь харанхуй болчихсон байсан. Тэгээд хойноос Т цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан байсан. Нэлээд удаан байж байгаад харсан чинь утас байхгүй. Утсаа олж аваад цагдаад дуудсан байсан.
...Эхлээд Б ийн гэрийн гадна Т бид хоёр зодолдсон. Тэгээд сүүлд нь Т агийн гэрээс гараад зодолдоход би ухаан алдсан байсан. Миний гарыг хойноос Э мушгиж доошоо харуулж аваад өвдөглөж, шилбэ рүү цохиж, нурууны дунд хэсэгт өвдөглөж байсан. Одоо ч гэсэн миний гар сайн болохгүй байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000700074 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 18-20 дугаар хуудас/,
2. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
3. Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
4. Гэрч Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
5. Гэрч Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
6. Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
7. Хохирогч Ч ын 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр бичсэн баримт /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,
8. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т , Э нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т , Э нар нь иргэн Ч ыг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Хохирогч Ч аас “Т , Э нарт зодуулсан маань үнэн, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн,
Шүүгдэгч Т , Э Н с “Ч ыг цохиж зодсон асуудал болоогүй, бидэнтэй уулзахад зүгээр байсан”, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “хохирогч Ч ын эрүүл мэндэд хэзээ, хаана гэмтэл учирсан нь тодорхой бус”, “Хохирогч нь шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар нүдэнд харагдахуйц гэмтэл шарх авсан байхад гэрч Н , Б нарын мэдүүлгээр хохирогчид гэмтэл учраагүй болохыг давхар нотолж байгаа”, “гэрч Ш ын мэдүүлэг нь зөрүүтэй, өөрийн өгсөн мэдүүлгээ өөрөө үгүйсгэсэн”, “Т , Э нар нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтвортой мэдүүлэг өгсөн” учраас шүүгдэгч Т , Э нарыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн гэм буруугийн талаар маргаж тус тус мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Т , Э нар нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр иргэн Б , Т нарын гэрийнхэн хашаанд иргэн Ч ыг тус тус бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед С /Д / гэх хүнтэй хамт Өлгий сумын 3 дугаар багт байрлах гэр лүүгээ алхаад явж байх үед манай гэрийн хажуу талын хөрш айл болох Т гэх залуу машинтай явж байгаад зам дагуу бид нарын урд алхаж явсан үл таних хүнийг машиндаа суулгаж аваад яваад өгсөн юм. Тэгээд замдаа дэлгүүрээс нэг шил архи аваад гэртээ очиж С гийн хамт уг архийг уусан.
Тухайн өдөр гэртээ байж байгаад орой 22 цагийн үед манай гэрийн ойролцоо байрлах Б гэх айлд очиж гэр лүү ороход Б ийн гэрт миний хүргэн болох Э /Э / гэх залуу, миний танил болох Т , Б , Б ийн хүүхдүүд байсан ба намайг дээш нь суу гээ би ширээний дээд талд гарч суусан юм, тэгээд хоорондоо юм ярьж байгаад миний бие Т д хандаж ”чи өдөр машинтай явж байхдаа С ах бид хоёрыг яагаад авч явсангүй” гэж асуухад Т нь “би хүний машинтай явж байсан, тэгээд ч та нарыг авч явах албатай юу” гэж хэлэхэд нь машинтай явж байж аваад явчихгүй яасан юм бэ гээд маргалдаж эхэлсэн, энэ үед би айлд маргалдаж, хэрэлдэж байхаар гадна гарч ярилцъя гэж хэлээд гараад хоорондоо маргалдаж байх үед миний нүд рүү цохих шиг болсон. Харанхуй байсан болохоор хэн цохисныг хараагүй тэгээд Т тай барьцалдаж аваад хоорондоо нэлээн зодолдсон, энэ үед миний нүүр лүү гараараа цохиж, мөн өшиглөж газарт унагааж хэд хэдэн удаа өшиглөж зодож байгаад Э , Т хоёр яваад өгсөн, би газарт хэвтэж байгаад босож Т агийн гэрт очиж гэр лүү нь ороход Т , Э болон Т агийн эхнэр болох Н гэх эмэгтэй энэ гурав сууж байсан ба Т , Э нарт хандаж “та хоёр намайг яах гэж зодож байгаа юм” гэж хэлэхэд Т агийн эхнэр Н гэх эмэгтэй надад “та одоо орой болчихсон байхад согтуу орж ирээд эрүүл хийгээд байх юм” гэж хэлээд намайг гэрээсээ хөөж гаргасан. Энэ үед Т гийн гэрээс гараад явж байхад Т , Э нар миний араас гарч ирээд “та одоо яах гэж хэрүүл хийгээд байгаа юм” гэж хэлээд миний нуруу хэсэг рүү цохиж газарт унагааж хөлөөрөө өшиглөж, миний гарыг мушгиж, нуруун дээр өвдөглөж цохиж байгаад гэрлүү орчихсон.
Энэ үед би хэсэг хугацаанд газарт хэвтэж байгаад босох үед миний хамарнаас болон нүүрний зарим хэсгээс цус гарсан байсан, тэгээд цагдаа дуудах гээд гар утсаа халааснаас харсан боловч байхгүй байсан, тэгээд гар утсаа олж цагдаа дуудах гээд манай гэрийн ойролцоо байх Г ахын гэрт очиход гар утсаа цэнэглэж үлдээсэн байсан, тэгээд цагдаагийн газрын 102 дугаарт залгаж зодуулсан талаар хэлсэн. /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
- Хохирогч Ч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тэр өдөр Алтай сумаас манай нэг ах ирээд хоёулаа нэг шил архи уусан. Тэгээд манай нэг эмэгтэй найз гурвуулаа явж байхад хажуунаас Т ирж зогсоод нөгөө эмэгтэйг дуудаад суулгаад аваад явсан байхгүй юу. Тэгээд би юм хум бодоо ч үгүй, шууд гэртээ очсон. Тэр Б гэдэг залуу бас манай хүргэн байдаг ба, тэднийд ороход эд нар байсан байна. Тэгээд би Т д тоглоод ингэсэн байгаа юм: “Замд явж байсан ахыгаа аваад явчихгүй, хаяаад явчих юм” гэхэд Т “Би хэнийг суулгахаа өөрөө мэднэ” гэснээр маргаан гарсан. Тэгээд хоорондоо зодолдсон. Тэр Б ийн гэрээс гарсны дараа нэлээд зодолдсон. Би газарт унаад харсан чинь эд нар алга байна. Тэгээд би яасан бол хэмээн Т ын гэрт очоод маргасан чинь Т ын эхнэр надад “Та гараад явчих” гээд гэрээс хөөгөөд гаргасан байхгүй юу. Гараад явахад энэ хоёр хойноос ирээд барьж авсан. Тэр үед чинь харанхуй болчихсон байсан. Тэгээд хойноос Т цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан байсан. Нэлээд удаан байж байгаад харсан чинь утас байхгүй. Утсаа олж аваад цагдаад дуудсан байсан.
...Эхлээд Б ийн гэрийн гадна Т бид хоёр зодолдсон. Тэгээд сүүлд нь Т агийн гэрээс гараад зодолдоход би ухаан алдсан байсан. Миний гарыг хойноос Э мушгиж доошоо харуулж аваад өвдөглөж, шилбэ рүү цохиж, нурууны дунд хэсэгт өвдөглөж байсан. Одоо ч гэсэн миний гар сайн болохгүй байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэв.
- Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн орой 21 цагийн үед манай гэрт бага зэрэг архи уусан бололтой согтуу ирээд юм ярьж сууж байгаад гараад явсан ба гарахдаа манай гэрт гар утсаа үлдээгээд явсан байсан. Тэгээд 2020 оны 1 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийг 02 цагийн үед манайд орж ирээд “намайг Э , Т а хоёр зодчихлоо, цагдаа дуудаад өг” гэж хэлсэн. Тэгэхэд нь манай гэрт байсан өөрийнхөн гар утсыг өгөөд өөрөө цагдаа дуудсан.
Тухайн үед Ч ын хувцаснууд шороо болсон нүүр, ам, хамар хэсэг нь цус болсон, нүүрний зарим хэсгүүдээрээ зулгарсан байдалтай байсан. Би Ч аас хэнд зодуулсан талаар асуухад Э , Т нарт зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
- Гэрч Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнд зодуулсан талаар асуухад Т , Э нарт зодуулсан гэж хэлсэн. Тухайн үед Ч ын нүүр нь авах юмгүй цус болсон мөн хувцаснууд нь цус болсон байдалтай орж ирэхэд манай нөхөр Г нүүрийг нь угаалгаж дуусаад нүүрний зарим хэсгүүдээрээ зулгарсан байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
- Гэрч Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 00-оос гараад төмөр хашааны дээгүүр шагайж харсан чинь хадам аавын дүү болох Ч бор өнгийн дээл өмссөн газар хэвтэж байсан ба хөрш айлын залуу болох Т нь Ч ын дээр нь мордож суугаад нүүр, толгой хэсэг руу нь гараараа цохиж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 88 дугаартай “1. Иргэн Ч ын биед тархины доргилт, зулайны орой хэсэгт хавдартай, няцарсан шархтай, духны дунд хэсэгт конус хэлбэрийн шархтай, хамрын нуруунд бүхэлдээ няцарсан шархтай, хамрын үзүүрт шархтай, баруун талд мурийлттай, хавантай, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, дээд уруулд няцарсан шархтай, баруун нүдний хөмсгөнд цус хуралттай, баруун талын мөрний үед битүү хавантай, мөрний хөдөлгөөн дунд зэрэг хязгаарлагдсан, элэгний харалдаа цус хуралттай, хавдартай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн Ч ын дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн, гэмтэл нь цөм нэг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно.
3. Иргэн Ч ын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
4. Ерөнхий хөдөлмөрлөхөд түр нөлөөлөх болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд тухайн үед иргэн Б ийн гэрийн гадна хашаан дотор хохирогч Ч ыг шүүгдэгч Т зодсон, мөн шүүгдэгч Б.Т ын гэрийн гадна хашаан дотор хохирогч Ч ыг шүүгдэгч Т , Э нар нь бүлэглэж зодсон үйл баримт тус тус хангалттай нотлогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч Т , Э нарын хохирогч Ч ын эрүүл мэндэд “тархины доргилт, зулайны орой хэсэгт хавдартай, няцарсан шархтай, духны дунд хэсэгт конус хэлбэрийн шархтай, хамрын нуруунд бүхэлдээ няцарсан шархтай, хамрын үзүүрт шархтай, баруун талд мурийлттай, хавантай, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, дээд уруулд няцарсан шархтай, баруун нүдний хөмсгөнд цус хуралттай, баруун талын мөрний үед битүү хавантай, мөрний хөдөлгөөн дунд зэрэг хязгаарлагдсан, элэгний харалдаа цус хуралттай, хавдартай гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Т , Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, мөн хооронд гарсан үл ялих зүйлээр маргалдсан нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Ч ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо шүүгдэгч Н р төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй хэмээн тодорхой мэдүүлсэн тул шүүгдэгч Т , Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч тус бүрт 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгөхөөр тус тус дүгнэлтээ гаргасан болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т , Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Т , Э нарт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т , Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т , Э нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т , Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд Н с гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Т , Э нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т , Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Э ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т , Э нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т , Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Т , Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т , Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т , Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ