Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 115

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

нарийн бичгийн дарга Е,

улсын яллагч Ө ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б ,

шүүгдэгч А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох эрүүгийн 1913002760020 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр БӨ аймгийн Н суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Ө сумын * дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 21/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

 БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

 БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял,

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

 БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, А , регистрийн дугаар: БЭ88******.

Шүүгдэгч А ын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А  нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БӨ аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн иргэн А гийн үхэр дотроос тус аймгийн Ө сумын иргэн Ж ын шар алаг зүсмийн бухыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч А  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд сүүлд үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Өөрийн гэм бурууг ойлгож байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913002760020 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэрэг газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 87-90 дүгээр хуудас/,

2. Хохирогч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-110 дугаар хуудас/,

3. Гэрч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/,

4. Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114, 115 дугаар хуудас/,

5. Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117, 118 дугаар хуудас/,

6. Гэрч Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120, 121 дүгээр хуудас/,

7. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 123-125 дугаар/,

8. Шүүгдэгч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 155-156, 158-159 дугаар хуудас/

9. БӨ аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн Б ийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А  нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БӨ аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн иргэн А гийн үхэр дотроос тус аймгийн Ө сумын иргэн Ж ын шар алаг зүсмийн бухыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хавтаст хэргийн 87-90 дүгээр хуудас/

- Хохирогч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2010 онд Засгийн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих сүүний чиглэлээр төсөл авч 5 үнээ, нэг бухыг Хятад улсаас оруулж ирсэн. Уг үхрийг миний албан ёсны малчин болох Бугат сумын Буга багийн иргэн А д маллуулсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний үхэр дотроос 9 настай сүүний чиглэлийн бие цогцос томтой, үүлдрийн онцлогоос хамаарч амьд жин нь 700-750 кг татдаг Швейцар улсаас гаралтай зохиомол хээлтүүлгээр гаргасан төл болох шар алаг зүсмийн бух хулгайд алдсан.

...А  өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч надад үнэнээ хэлж, надаас сайн дураараа уучлалт гуйсан. Харин А ын аав нь миний хохирлыг барагдуулж өгсөн. Би өөрт учирсан хохирлоо төлүүлж авсан болохоор миний зүгээс А аас нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-110 дугаар хуудас/

- Гэрч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бид нар зуслангаас нүүж ирэх үед нийт 11 үхэр байсан ба түүнээс 3 үхрийг Ж  өөрөө авч явсан ба 8 үхэр манай хотонд үлдсэн байсан. Тэгээд 2 эр, 6 эм үхэр байснаас том 9 настай нэг бух нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би өөрөө ажлаар аймаг руу явж ирээд орой үхэр сүргийг тоолоход дотор нь хамгийн том бух нь алга байсан. Тэгээд бухын эзэн нь болох Ж д утсаар залгаж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/

- Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ах дам захын хойд талын портерын зогсоолд байхад өдрийн 14 цагийн үед гаднаас нь таньдаг Б  гэх хүн ирж надад таксинд явах уу гэхээр нь би явна гэж хаашаа явах талаар асуухад Бугын голоос идэшний үхэр ачиж ирэх гэсэн юмаа гэхээр нь үнэ хөлсөнд тохирч 35000 төгрөгөөр явахаар болсон. Тэгээд Б тэй хамт бид хоёр машинтай Хотгорын уурхай явах замын даваагаар давж Бугын голд очиход үл таних өндөр бор залуу шар алаг зүсмийн эвэртэй цагаан хөлтэй, им тамгыг анзаараагүй нэг бух монгол үхрийг аргамжтай хамт барьж байсан. Тэгээд үл таних нөгөө бор залуу өөрөө ганцаараа машины кузов /тээшинд/ гаргаж ирээд хөлийг нь боож байгаад унгааж, босгохгүйгээр дээрээс нь аргамжаар уясан. Тэгээд бид гурав аймгийн төвд орж ирэхээр нь айлуудын хамгийн захаас нөгөө үл таних бор залуу машинаас бууж та нар явж байгаарай, би араас очих болно гэхээр нь буулгаж Б ийн заасан газар авч ирж буулгасан. Тухайн бухыг буулгаж байхад нь Б д энэ үхэр нэг л сэжигтэй байна, хулгайн үхэр биш үү, чи энэ үхрийн зураг болон нөгөө бор залуугийн яриаг утсанд бичлэг хийж аваарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114, 115 дугаар хуудас/

- Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16-17 цагийн хооронд байх миний гар утас руу Б  залгаж би идшинд нэг тооны үхэр авсан чинь уг үхэр нь бух болоод байна түүний махыг идэх боломжгүй тул махыг нь борлуулж өгнө үү. Мах авах хүн байгаа юу гэхээр нь би ганцаараа Т  хашаанд очиход хашаан дотор Б  тэгээд танихгүй хоёр залуу байсан ба хажууд нь хөлийг нь уясан шар алаг зүсмийн том биетэй монгол үхэр бух байсан. Тэгээд бид нар хоорондоо тохирч уг бухыг Б ээс 600,000 төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117, 118 дугаар хуудас/

- Гэрч Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрт байхад манай ах болох Б  ирж хүнээс идэшний мал авахаар болсон чиний машинаар яваад ирэх үү гэхээр нь би өөрийн фургон маркийн 7410 БӨА улсын дугаартай машинаар ах бид хоёр гэрээс гарч Хотгорын уурхай явах зам дагуу айлуудын хамгийн захын нэг айлаас үл таних өндөр залууг авч машинд суулгаж аваад Бугын гол руу 15-20 км явж очиход нэг эзэнгүй хашаанд очсон. Тэгээд уг хашаанд шар алаг зүсмийн бух монгол үхрийг гаргаж ирсэн. Би уг үхрийг харж энэ бол идшинд болохгүй, та энэ бухыг аваад хэрэггүй гэхээр нь манай ах энэ бухыг чиний машинд ачаад явъя гэхээр нь би энэ бух миний машинд багтахгүй би ачихгүй гэж хэлээд ахтай хамт аймаг руу буцсан. Нөгөө залуу манай ах Б д аймгаас портер авч ирээд энэ бухыг аймаг руу хүргээд өгчих гэж гуйсан. Тэгээд бид нар аймагт орж ирээд ахыг Ах дам захын хажууд буулгаад гэр лүүгээ буцсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120, 121 дүгээр хуудас/

- Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэх юм бол миний бие 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед аймгийн Театрын өмнө А тай тааралдсан. Уг нь би тэр үед малын зах орж нэг үхэр авах санаатай таксинд суух гэж явж байгаад А тай тааралдсан. Тэр үед би А д яриан дунд малын захаас очиж үхэр худалдаж авах гэж байгаа талаар хэлэхэд А  надад “надад нэг үхэр байна, би уг үхрийг 600.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би түүний үхрийг худалдаж авахаар болж тохиролцсон. Тэгээд эхлээд миний дүү Т  фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй замдаа А ыг аваад Бугат сумын нутаг дэвсгэрт очсон. Гэтэл тэр газарт эзэнгүй чулуун хашаа байсан ба тухайн хашаанд байсан шар алаг зүсмийн монгол үхэр гаргаж ирсэн. Гэтэл уг үхэр том биетэй байсан ба миний дүүгийн машинд багтахгүй гэхээр нь буцаж явахаар болсон. Тэр үед А  надаас “та аймгийн төвөөс портер машин авч ирж миний энэ үхрийг аймгийн төвд хүргээд өгөөч” гээд гуйгаад байхаар нь би түүнд туслах зорилгоор дүүгийн машинаар аймгийн төвд ирээд Ах дам захын хойд талд зогсож байсан портер машинуудад очиж нэг портерыг хөлсөлж аваад А ын байгаа газарт нь очсон. Тэгээд А  уг үхрийг ганцаараа портерт гаргаж ачсан. Дараа нь аймгийн төвд орж ирсний дараа уг үхрийг гэр бүлийн хүмүүст үзүүлэх гээд дүүгийн хашаанд аваачсан. Тэр үед эхнэр хүүхдүүд ирээд “бухын мах идэхгүй” гэхээр нь би А д уг үхрийг авахгүй, өөрөө аваад яваарай гэж хэлэхэд А  өөрөө хэд хэдэн хүн руу утасдаж, үхэр худалдаж авах хүн хайж эхэлсэн. Надад ч “та өөр үхэр авдаг хүн олоод өгөөч” гэхээр нь би малын ченж Б  руу утасдахад тэр ирээд үхрийг үзсэн. Тэгээд Б  бид нарт “би амьд мал авахгүй, нядалж өгөх юм бол авна” гэж хэлсэн. Тэр үед А  надад “одоо би энэ үхрийг гүүрийн цаана яаж авч явах юм вэ, энэ хашаандаа нядалж болох уу” гэж гуйхаар нь би дүү болох Т д энэ тухай хэлсэн. Тэгээд хогийг нь ачиж өгөх юм бол нядалж болно гэхээр нь тухайн хашаанд нөгөө үхрийг нядалж махыг нь Б д худалдсан. Б  100.000 төгрөгийг бэлэн өгөөд үлдсэн 500.000 төгрөгийг дансанд шилжүүлэхээр болсон. Гэтэл А  данс байхгүй гэхээр нь би өөрийнхөө данс руу 500.000 төгрөгөө шилжүүлж аваад өөртөө байсан бэлэн 500.000 төгрөгийг А д өгсөн. А  бэлнээр авсан 100.000 төгрөгийн 35.000 төгрөгийг өгсөн. Харин миний дүү Т д хог ачуулах мөнгө гэж 65.000 төгрөгийг өгсөн. Надаас авсан бэлэн 500,000 төгрөгийг өөрөө аваад яваад өгсөн. Би түүнд тусалсан болохоос ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Би тэр үхрийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-125 дугаар/

- БӨ аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн Б ийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “БӨ аймагт 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар /сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй, бие цогцос томтой үүлдрийн онцлогоос хамаарч амьдын жин нь 700-750 кг-тай Швейцар улсаас гаралтай зохиомол хээлтүүлгээр гарсан төл /1 тооны бух бод мал нь 3.000.000 төгрөгийн үнэ ханштай байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А , түүний өмгөөлөгч Б ээс гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн тус тус тайлбар гаргаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь 17.12 дугаар зүйл болгож хуульчилсан байна.   

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1  дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлж, мөн хэсгийн тайлбарт “олон тооны мал” гэж найман бог, түүнээс дээш малыг ойлгохоор тайлбарласан байна. Мөн мал хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашигласан” гэх гэмт хэргийн шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хуульчилсан байна.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1  дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх ба шүүгдэгч А ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх...” хууль зүйн үндэслэлд хамаарч байна.    

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч А ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж д 3.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж өгснөөр хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч А ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх,  шүүгдэгч А ын өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 сар, 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жил, 9 сар, 28 хоногоор тогтоохоор,

Шүүгдэгч А аас 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж өгөх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, урьд ял шийтгүүлсэн байдал эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Холбогдсон хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг. Иймд шүүгдэгч А д 6 сарын хорих ял оногдуулж өгөхөөр дүгнэлтээ гаргаж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг .... цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус хуульчилсан байна. 

Шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч А ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдалд тус бүрт дүгнэлт хийж, шүүгдэгч А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.   

Шүүгдэгч А  БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлсэн байх ба өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоосон боловч БӨ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ДШМ02 дугаартай магадлалаар шүүгдэгч А ын нийт эдлэх хорих ялыг 8 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож, өөрчлөлт оруулсан байна.

Шүүгдэгч А  нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сар, 28 хоногоос нийт 109 хоног буюу 3 сар, 19 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригджээ. Үүнээс үзэхэд шүүгдэгч А ын өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялын хугацаа нь 5 сар, 9 хоног байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А д БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сар, 28 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 (тав) сар, 9 (ес) хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 1 (нэг) жил, 7 (долоо) сар, 9 (ес) хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.   

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч А  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А ын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх хорих ялаас хасах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А ыг 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А д БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сар, 28 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 (тав) сар, 9 (ес) хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 1 (нэг) жил, 7 (долоо) сар, 9 (ес) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А д оногдуулсан 1 (нэг) жил, 7 (долоо) сар, 9 (ес) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А ын цагдан хоригдсон нийт 46 хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.  

6. Энэ хэргийн хамт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч А  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ