Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 239

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, 

Нэхэмжлэгч: Иргэн Э.Ц. 

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар. 

Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Э.Цт дутуу олгосон 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн тэтгэмж олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5В/5697 дугаар албан тоотоор цэргийн алба хаасны тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасныг өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн болохоор шүүхээр даалгуулахыг тус тус хүсч байна. 

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар 36 сарын тэтгэмж 1 удаа олгогдохоор заасан учир Э.Цт дутуу олгосон 18.000.000 төгрөгийг гаргуулахыг

Захиргааны акт эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгохыг Цагдаагийн ерөнхий газарт тус тус даалгах захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 4-д заасан 

Цагдаагийн  байгууллагад 16 жил, 11 сар ажилласан боловч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаар тушаалаар батлагдсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврын 5.5.1 дэх заалтыг үндэслэн Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгал төлсөн 1 жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласан хугацаанд шилжүүлэн тооцуулж, цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгосон юм. 

Иймд цагдаагийн албанд 20 жилээс дээш хугацаагаар ажилласнаар  тооцогдож бүрэн тэтгэвэр тогтоогдсон тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдох байтал 18 сарын тэтгэмж олгосон, дутуу олгогдсон 18 сарын тэтгэмжийг нөхөн гаргуулахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгахыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваагаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Б/381 дүгээр тушаалаарЭ.Цыг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор ажлаач чөлөөлж, цагдаагийн хошууч цолыг хадгалуулж, мөн газрын даргын 2016 оны Б/510 дугаар тушаалаар түүнд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. 

Ажлаас чөлөөлөгдөх үед Э.Ц 53 нас хүрсэн байсан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан цэргийн алба хаах нас хэтэрсэн байсан. 

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд..., цагдаа..., байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно.” 4-т “Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно.” гэж тус тус заажээ. 

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг цэргийн байгууллагад ажилласан хугацаанд нэмэгдүүлэн тооцож тэтгэвэр тогтоолгосон нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан тэтгэмж олгох үндэслэл болохгүй байна. 

 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаарЭ.Цын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Э.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Иргэн Э.Цт дутуу олгосон 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн тэтгэмж олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Э.Ц цагдаагийн байгууллагад 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 16 жил 11 сарын хугацаанд ажилласан бөгөөд ажилласан хугацааны талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Б/381 дүгээр тушаалаар  Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2015 оны А/64 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ын нэгдүгээр бүлгийн 1.4-д заасныг тус тус үндэслэн Архангай аймаг дахь Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошуучЭ.Цыг цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор ажлаас 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ. 

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албан тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Засгийн газрын 2014 оны 86 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2, 3-д заасныг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/510 дугаар тушаалын 17 дахь заалтаар Э.Цт 18 /арван найм/ сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байна. 

Нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдөх үед 53 нас хүрсэн байсан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Эмэгтэйчүүд ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 45 нас хүртэл хааж болно.” гэж зааснаас үзвэл цэргийн алба хаах нас хэтэрсэн байжээ.

Нэхэмжлэгч Э.Ц Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-д зааснаар цэргийн алба хаах нас хэтэрч чөлөөлөгдсөн учир Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т “Цэргийн алба хаагч ... цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.” гэж зааснаар нэхэмжлэгчид 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгосон нь үндэслэлтэй байна.

Үүний дараа нэхэмжлэгч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  4-д “Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно.” гэж заасны дагуу энгийн байгууллагад ажилласан 16 жилээ цэргийн байгууллагад ажилласан зургаан сараар бодуулан нийт 24 жил 11 сар ажилласнаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн тэтгэвэр тогтоолгон авчээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгал төлсөн 1 жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласан хугацаанд шилжүүлэн тооцуулж, цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгосон. Иймд цагдаагийн байгууллагад 20 жилээс дээш хугацаагаар ажилласнаар тооцогдож бүрэн тэтгэвэр тогтоогдсон тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдох байтал надад 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж дутуу олгосон...,”  гэсэн үндэслэлээр хариуцагчийн үйлдлийг хууль бусад тооцуулж, тэтгэмжийн зөрүү олгуулахыг даалгах шаардлага гаргаж байна. 

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.” гэж заажээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл эмэгтэй цэргийн алба хаагчийн хувьд 20-оос доошгүй жил цэргийн албыг хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах тохиолдолд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй болно. 

Гэтэл нэхэмжлэгчЭ.Ц нь 16 жил 11 сар цэргийн алба хаасан бөгөөд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллагад 20-оос доошгүй жил алба хаасан гэж үзэхгүй. 

Учир нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  4 дэх хэсэг нь цэргийн албан хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгосон алба хаагчийг цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авах эрхийг баталгаажуулсан агуулгатай байна.  

Өөрөөр хэлбэл цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцохоор зохицуулсан нь биеэр хаасан хугацааг нэмэгдүүлэхгүй бөгөөд зөвхөн цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авах эрхийг хангасан зохицуулалт юм.

Иймд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрхгүй гэж шүүх үзлээ.  

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчид 18 сарын тэтгэмж буюу 18.000.000 төгрөгийг олгосон нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болох нь тогтоогдож байх тул Э.Цоос гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4, 19 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Цоос Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Иргэн Э.Цт дутуу олгосон 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн тэтгэмж олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Цоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.Д