| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0108/Э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 117
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
улсын яллагч Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч А ,
шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т д холбогдох эрүүгийн 2013000920106 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн тохируулагч мэргэжилтэй, цэргийн өндөр насны тэтгэвэрт байдаг, БӨ аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т , регистрийн дугаар БК66******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т нь 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэр Тирлик захын хажууд байршилтай “Хос терек” худалдааны төвийн дэргэд иргэн У ын гадуур хувцасны халааснаас унаж гээгдсэн түрийвчийг олж аваад түрийвчийн дотор байсан тухайн өдрийн ханшаар 3.817.616 төгрөгийн ханштай Оросын холбооны улсын мөнгөн тэмдэгт 87.200 рублийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Т аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000920106 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
2. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-11, 17 дугаар хуудас/,
3. Хяналтын камерын бичлэгээс хэрэгт ач холбогдол бүхий хэсгийг хуулбарлан хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл, тогтоолууд /хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас/,
4. Хохирогч У ын гээгдүүлсэн түрийвчийг хашаанд нь хаяж явсан байдалд болон түрийвчинд үзлэг хийсэн, түрийвчийг болон дотор нь байсан мөнгө, эд зүйлсийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-25 дугаар хуудас/,
5. Хохирогч У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-38 дугаар хуудас/,
6. Гэрч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
7. Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
8. Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,
9. Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
10. Гэрч Ф гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
11. Гэрч З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
12. Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
13. Шүүгдэгч Т ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,
14. Монгол банкны БӨ аймаг дахь салбарын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/28 дугаар албан бичиг /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/,
15. Шүүгдэгч Т ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т нь 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Тирлик захын хажууд байршилтай “Хос терек” худалдааны төвийн дэргэд иргэн У ын гадуур хувцасны халааснаас унаж гээгдсэн түрийвчийг олж аваад түрийвчийн дотор байсан тухайн өдрийн ханшаар 3.817.616 төгрөгийн ханштай Оросын холбооны улсын мөнгөн тэмдэгт 87.200 рублийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-11, 17 дугаар хуудас/,
- Хяналтын камерын бичлэгээс хэрэгт ач холбогдол бүхий хэсгийг хуулбарлан хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл, тогтоолууд /хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас/,
- Хохирогч У ын гээгдүүлсэн түрийвчийг хашаанд нь хаяж явсан байдалд болон түрийвчинд үзлэг хийсэн, түрийвчийг болон дотор нь байсан мөнгө, эд зүйлсийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-25 дугаар хуудас/,
- Хохирогч У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр 14 цаг 20 минутын орчимд гэрээс гараад Тирлик захын урдаас такси аваад эмэгтэй дүүдээ хувцас авч өгөх гэж гарсан. Гэрээсээ гарахдаа өөрийн ягаан өнгийн голоороо нэг нугалан хаадаг түрийвчтэй мөнгө, бичиг баримтаа аваад гарсан юм. Би дүүгийн хамт Тирлик захын урд талаас таксинд суух гэж байгаад түрийвчээ хийсэн гадуур хүрмийнхээ халаасыг дартал түрийвч байхгүй болчихсон байсан. Улмаар би түрийвчийг маань хэн нэгэн халааснаас авчихсан юм болов уу, аль эсвэл халааснаас уначихсан юм болов уу гэж бодоод дүүгийн хамт буцаад ирсэн замаараа түрийвчээ хайж явсан боловч түрийвч маань олдоогүй. Харин миний түрийвчинд 92800 рубль байх тооцоо гарсан. Би мөнгөний ихэнх нь олдсон тул түүнд өөр ямар нэгэн зүйл яриагүй, үлдэгдэл рублийг нэхэмжлээгүй юм. Миний утасны дугаар, бичиг баримт бүгд түрийвчинд байсан, харин яагаад надтай холбогдож түрийвчийг минь өгөөгүй, түрийвчинд байсан бусад рублийг авч үлдсэнд гайхаж байна.
...Миний бие түрийвчээ олж авах үед түрийвч дотор 400 рубль байсан ба Т аас түүний олж авсан гэх 87.200 рублийг буцааж авсан. Нийт 87.600 рубль байна. Би зөрүү болох 5.200 рублийг Т аас нэхэмжлэхгүй. Учир нь миний бие түрийвчээ гээгдүүлэх үед түрийвчиндээ хэдэн рубль байсныг өөрөө ч мэдэхгүй, тооцоог нь гаргаж чадахгүй байгаа тул уг 5.200 рублийг нэхэмжлэхгүй гэж байна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-38 дугаар хуудас/,
- Гэрч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэдний гэр Тирлик захын доод талд байдаг бөгөөд гараад 200 метр орчим яваад Тирлик захын таксины зогсоол дээр ирээд У эгч гэнэтхэн миний халаасанд байсан түрийвч алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрээс ирсэн замаараа хоёр гурван удаа хайж явсан боловч олдоогүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
- Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт нь очиход Т гэх хүн гэртээ ганцаараа байх шиг байсан ба У бид хоёр гээгдүүлсэн гэх мөнгөө авахаар ирлээ гэсэн. Т нь У аас чи хичнээн рубль гээгдүүлсэн юм гэж асуухад нь 120.000 орчим рубль гээгдүүлсэн гэж хэлсэн ба би түрийвчийг олж аваад дотор нь байсан мөнгийг тоолоход 17 ширхэг 5000-т, 1 ширхэг 100-т, 1 ширхэг 100-т, 2 ширхэг 50-тын рубль тус тус түрийвчинд чинь байсан гэж хэлсэн. Тэгээд мөнгийг манай эгчид өгч, эгч түүнд шагнал гэж 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би түрийвчийг олж аваад айгаад та бүхэнд хэлж чадаагүй, олж авсныг маань олон хүн харсан байх гэж бодоод түрийвчийг хашаанд нь аваачиж арчиж арчиж байгаад шидсэн юм гэж хариулсан. ...баригдвал мөнгийг нь өгнө гэж бодож байсан юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
- Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие У ыг Оросын холбооны улсын Коч-Агач руу бараанд явах гэж байна гэхээр нь би түүнд 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр бараа авч ирж өг гэж захиж 15.800 рубль өгсөн юм. У ын явах гэж байсан такси нь ажил явдал гарч тэр өдөр тийшээ явж чадаагүй юм байна лээ. У надад 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гадуур явж байгаад рубль хийсэн түрийвчээ гээгдүүллээ чиний мөнгийг уг түрийвчинд хийсэн байсан юм гэж хэлсэн“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,
- Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна, У нь орой намайг унтаж амрах гэж байх үед манай гэрт ирж надаас рубль авсан. Тэрээр тухайн үед яг хэдэн төгрөгөөр хэдэн рубль авсныг нь санахгүй байна. Тэрээр надаас рубль авсны маргааш нь би валютын ченж нарын ажилладаг газар буюу өрөөндөө сууж байх үед үдээс хойш байх надад ирээд би өчигдөр орой чамаас солиулж авсан рублээ түрийвчиндээ хийж яваад Тирлик захын хавиар явж байгаад гээгдүүллээ, хэрэв танайд их хэмжээгээр рубль солиулахаар хүн ирвэл надад хэлээч гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/
- Гэрч Ф гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байн У нь оройн цагаар би айлд сууж байх үед миний утас руу холбогдож чамаас рубль худалдаж авахаар ирсэн юм, чи хаана байна гэж асуусан. Би тэр үед айлд сууж байсан ба түүнд энэ талаар хэлэхэд тэрээр тэгвэл чи манай гэрт рубль хүргэж өгөөч гэж хэлэн гэрийнхээ хаягийг хэлсэн. Би түүний хэлсэн хаягаар буюу Тирлик захын зүүн талд Хос терек худалдааны төвийн урд байрлах гэрт нь очсон. Би түүний гэрт очиход тэрээр надаас 5 сая төгрөгөөр 111.957 рубль авсан. Тэр үед рублийн ханш 44.66 төгрөг байсан. Маргааш нь У би ажил дээрээ сууж бай үед мөнгөний хэрэг гарлаа гэж хэлэн 20.000 рублийг төгрөгөөр солиулж авч явсан. Дараа нь буюу хэд хоногийн дараа тэрээр надад ирж би их хэмжээний рубль хийсэн түрийвчээ хаяж гээгдүүлээ, хэрэв танайд их хэмжээний рубль солиулахаар хүн ирвэл надад хэлээч гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
- Гэрч З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү У нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байх мөнгөө гээсэн гэх өдрийн маргааш нь миний утас руу холбогдож би гадуур явж байгаад рубль хийсэн түрийвчээ гээгдүүллээ гэж хэлсэн. Дараа нь би дүүтэйгээ болон цагдаагийн газарт уг асуудлыг шалгаж байсан Ган-Уялтай уулзаж магадгүй түрийвчийг олж авсан хүн ирж уулзах байх гэж бодоод хэд хоног хүлээсэн. Гэвч хэн ч мөнгө олж авлаа гэж ирээгүй болохоор нь би У ын түрийвчээ гээгдүүлсэн үед явсан газар болон түрийвчийг олж авсан гэх танихгүй эрэгтэй хүний явсан газруудын камеруудыг шалгаж яваад “Од” ломбардны хяналтын камерын бичлэгээс нөгөө У ын түрийвчийг олж авсан гэх эрэгтэй хүний зургийг гар утсаараа татаж авч дараа нь өөрийн “Zangar Yesentai” нэртэй фейсбүүк хаяг дээрээ энэ хүнийг таних уу гэж тавьсан. Уг мэдээллийг тавиад нэг их удалгүй нэг хаягаар энэ хүнийг А гэдэг хүн таних байх гэж хэлсэн. А ы утасны дугаарыг бичиж мессеж явуулсан байсан. Тэгээд А гэх хүний утас руу залгаж Т гэх хүнийг тандаг эсэх талаар, бусдын гээгдүүлсэн түрийвчтэй мөнгийг олж авсан эсэх талаар асуухад тэрээр би энэ талаар мэдэхгүй байна би өөрт нь залгаж асуугаад хариу өгье гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахин над руу холбогдож манай бааз Т түрийвчтэй мөнгө олж авсан, мөнгө нь одоо байгаа ирээд ав гэж хэллээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
- Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр танихгүй дугаараас залгаж таны базыг Т гэдэг үү гэж асуусан. Би тиймээ гэхэд тэр хүн түрийвчтэй мөнгө олж авсан байна, фейсбүүкээр тэр хүний камерын зургийг тавьсан байна, танай баз мөнгө олж авсан талаар та мэдсэн үү гэж асуусан. Би тэр талаар сайн мэдэхүй байна, би өөрөөс нь асуугаад хариу хэлье гэсэн юм. Улмаар би баз руугаа залгаж чи түрийвчтэй мөнгө олж авсан юм уу, фейсбүүкт чиний зураг явж байна гэнэ гэхэд тиймээ өчигдөр орой түрийвчтэй мөнгө олж авсан, намайг хүн хайж ирээгүй, мөнгө нь байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний утасны дугаарыг мөнгөө алдсан гэх хүнд өгье, чи мөнгийг нь буцааж өгөөрэй гээд утсаа тасалж өмнөх залгасан дугаар руу залган манай баз мөнгийг чинь олж авсан байна, ирээд ав гэж байна гэж хэлсэн. Тэгээд 1 цаг орчмын дараа манай баз над руу залгаж нөгөө мөнгөө гээсэн гэх хүмүүс мөнгийг ирээд аваад явлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Т ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би мөнгөтэй нь цуг аваачиж хаячихдаг юм уу гэж бодсоноо дараа нь намайг олоод ирвэл мөнгийг нь өгчихнө гэж бодсон. Мөн надаас их мөнгө нэхэх болов уу гэж бодсон. Би Цагдаагийн байгууллагад мэдэгдэх талаар огт санаанд ороогүй. Би иргэн У ын түрийвчийг нь мөнгөтэй нь аваачиж өгвөл надаас илүү их мөнгө нэхэх байх гэж бодсон. Цагдаагийн байгууллага болон иргэн У т мэдэгдээгүй миний буруу гэж үзэж байна. Өнөөдөр өдөр 11 цагийн орчимд над руу залгаж чи 5 сая орчим төгрөг олж авсан юм уу гэж асуусан. Би түүнд тиймээ, би хэд хоногийн өмнө мөнгө олж авсан, олсон мөнгө бүгдээрээ байна гэж хэлсэн. Бидэнд хамааралгүй л дээ, чиний дугаарыг өгөх үү гэсэн. Би миний дугаарыг өгчих гэж хэлсэн. Харин над руу мөнгө олсон талаар минь асууж хэн ч залгаагүй. 14 цагийн орчимд манайд У эгчийн хамт ирээд та Т гэдэг хүн мөн үү гэсэн, тиймээ би мөн байна гэж хэлсэн. Та миний гээгдүүлсэн мөнгийг олж авсан уу гэж надаас асуухад би чиний гээгдүүлсэн хичнээн мөнгө байгаа юм гэхэд 130000 орчим рубль, 5 сая төгрөгөөр авсан рубль байгаа гэсэн. Тэгээд би надад чиний гээгдүүлсэн мөнгө байгаа гээд шургуулгадаа хийсэн байсан 87.200 рублийг авч ирээд У т өгөхөд тоолж үзээд 130000 орчим рубль байх ёстой доо гээд, за баярлалаа гээд надад 100000 төгрөг өгсөн. Би У ын түрийвчнээс авсан бүх мөнгөө хүлээлгэн өгсөн. ..Надтай зөрсөн болон урд явсан хүмүүсийн аль нэгнээс нь л тухайн түрийвч унасан гэж бодсон. ...Би мөнгө нь их хэмжээний мөнгө байсан тул өөрийн шунахай сэдэл төрсөн учир мөнгийг авч үлдсэн. Би улсад 27 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ нэг ч удаа сахилгын шийтгэл авч, цалин мөнгөө хасуулж байсан удаа байхгүй, одоо болтол дээрх гаргасан шийдвэртээ харамсаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/
- Монгол банкны БӨ аймаг дахь салбарын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/28 дугаар албан бичиг Гэмт хэрэг гарсан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар ОХУ-ын мөнгөн тэмдэгт болох рублийн монгол төгрөгтэй харьцах албан ёсны ханшны талаарх Монгол банкнаас авсан мэдээ “рублийн төгрөгтэй харьцах ханш 43.78 болохыг тодорхойлов” /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг гэдэгт гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж шамшигдуулсан, захиран зарцуулсныг ойлгоно. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Т нь хохирогчийн гээгдэл эд хөрөнгийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж аваад олж авсан хөрөнгийн талаар өмчлөгч этгээд, эсхүл зохих байгууллагад мэдэгдээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан хөрөнгийг хохирогчид буцаан өгсөн болох нь тогтоогджээ. Шүүгдэгч Т ы хялбар аргаар мөнгөтэй болох шунахай сэдэлт, зорилго энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т ы энэхүү гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн улмаас хохирогч У т 3.817.616 /87.200 рубль х 43.78 төгрөг/ төгрөгийн ханштай Оросын холбооны улсын 87.200 рублийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У аас хохирлыг шүүгдэгч Т аас төлүүлж авсан, одоо өөр нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Т энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Т ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөх тухай дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор зохицуулсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3, 5.4 дүгээр зүйлд зааснаас үзэхэд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тусгайлан зохицуулаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу урьд ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4. Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Т ы Төрийн банкин дахь 291400549038 дугаартай дансанд байгаа 10.590.000 төгрөгийг битүүмжлэх тухай БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5/31 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий хуурцаг 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т ы Төрийн банкин дахь 291400549038 дугаартай дансанд байгаа 10.590.000 төгрөгийг битүүмжлэх тухай БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5/31 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий хуурцаг 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ