Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 119

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Б ,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Т , А ,

шүүгдэгч Е , С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Е , С  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

 Е т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20---001270109 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Е , Регистрийн дугаар: Б380******.

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын --- дугаар багт, оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял, БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар таван сар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан С , Регистрийн дугаар: Б392******.

Шүүгдэгч Е , С  нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Е , С  нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр БӨ аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Салхитын даваа” гэх газарт байсан иргэн У гийн адуун сүрэг дотроос 2 адуу хулгайлсан,

Шүүгдэгч Е  нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө БӨ аймгийн Бугат сумын 2 дугаар баг “Улаантолгой” гэх газарт байсан иргэн М ын улаан хээр зүсмийн 5-6 насны гүүг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Е  мэдүүлэхдээ: Ажилгүй байсан учраас мөнгө шаардлагатай болж гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж өгсөн, хуулийн хөнгөлөлтийг хүсэж байна гэв.

Шүүгдэгч С  мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 20---001270109 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч У гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-76 хуудас/,

2. Хохирогч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 78-82 дугаар хуудас/,

3. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/,

4. Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/,

5. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/,

6. Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,

7. Яллагдагч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудас/,

8. Яллагдагч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн ---6-142 дугаар хуудас/,

9.Шүүгдэгч С , Е  нарын амбаар болон гэрч Б ээс мах болон арьс хурааж авсан, үзлэг хийсэн болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 17-48, 59-64 дүгээр хуудас/,

10. Шинжээч БӨ аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн Б ийн малын үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 107, 116 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е , С  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Е , С  нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр БӨ аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Салхитын даваа” гэх газарт байсан иргэн У гийн адуун сүрэг дотроос 2 адуу хулгайлсан,

Мөн шүүгдэгч Е  нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө БӨ аймгийн Бугат сумын 2 дугаар баг “Улаантолгой” гэх газарт байсан иргэн М ын улаан хээр зүсмийн гүү хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: - Хохирогч У гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Салхитын даваа” гэх газарт бэлчээрт байсан миний 12 тооны адуун сүрэг дотроос 2 тооны адуу хулгайд алдсан. Тэгээд тухайн үед уг хоёр адуугаа эрж хайж олоогүй болохоор сумын хэсгийн даргад очиж тэмдэглүүлсэн. Тэгээд уг адууг хулгайлсан гэх хоёр залууг надтай уулзуулсан үед анх удаа харсан. Бид нарын хооронд төрөл садангийн болон ямар нэгэн таарамжгүй асуудал байхгүй. Гэтэл уг хоёр хүн миний адууг хулгайлан авч яваад махыг нь худалдан борлуулсан талаар хэлж надаас сайн дураараа уучлалт гуйсан. Би нэг адуугийн оронд нэг адуу авсан. Харин нэг адуугийн үнэ болох 1 сая төгрөг, адуугаа хайсан үеийн зардал гээд 200.000 төгрөг, нийт нэг адуу, 1.200.000 төгрөгийг бэлэн авсан. Одоо надад учирсан хохирол байхгүй ба миний зүгээс хэн нэгэн хүнд холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-76 хуудас/,

- Хохирогч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний өөрийн гэсэн 30 гаруй адуу байдаг ба 2 азарга сүрэг бод мал аймгаас гараад Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Улаантолгой гэх газарт бэлчээрт байдаг. Тухайн хоёр азарга сүрэг адууг байнга өөрөө очиж харж үздэг байсан ба 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр бага хүү болох А ын бие өвдөж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Тэгээд эмнэлгээс гарах хүртэл тухайн адуун сүргийг очиж харах хүн байхгүй байсан ба дараа нь пост нээгдэх үед очиж харах болно гэж сууж байхад нэг өдөр 9-ийн мэдээгээр нэг тооны улаан хээр зүсмийн 5-6 насны гүүг олж авсан гэж цагдаагийн газраас зарласныг сонсоод цагдаагийн газарт ирж тухайн адууны арьс, толгойг үзэхэд миний адуу болж гарсан.

...Уг хэргийг цагдаагийн газраас шалгаж байх хугацаанд үнэлгээг гаргуулсан байсан. Тухайн үед уг адууг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Е  гэгч миний адуун сүргээс нэг гүүг хулгайлсан хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, надаас уучлалт гуйсан. Харин дараа нь Е ийг цагдан хорьсон үед түүний эхнэр нь болох Б  манайд ирж, нөхрийнхөө үйлдсэн гэмт хэргийн талаар уучлалт гуйж ирсэн. Анх миний гүүний үнэлгээг гаргахад 1 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Миний гүүг хулгайлсан гэх Е ийн эхнэр нь болох Б  манайд ирж тухайн гүүний үнэ болох 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тийм болохоор би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-82 дугаар хуудас/,

- Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр болох Е  2020 оны 1 дүгээр сарын сүүлээр байх нэг өдрийн шөнө 03 цагийн үед миний нөхрийн хамаатан дүү нь С тай хамт манай гэрт нэг нь хээр халзан, нэг нь бор хээр зүсмийн 2 тооны адуу авч ирсэн. тэгээд манай нөхөр тухайн хоёр адууг манай хашаанд нэг хонуулж, маргааш нь дүү болох Ж ийг нядалсан адууны махыг цуулаад өгөөч гэж дуудахад Жанарбек эхнэр нь болох Ж ийн хамт ирсэн. Тэгээд С  ч эхнэр нь болох К ийг дагуулж ирсэн. Тэгээд орой харанхуй болохоор Е , Ж , С  нар нь тухайн 2 адууг нядалсан ба Ж , К  бид гурав гэдэс цэвэрлэж арчсан. Тэгээд нэг тооны адууны махыг С  бид нартай хувааж авсан ба нэг тооны адууны махыг манай нөхөр авч явж, зарж борлуулаад ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/,

- Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, Е  ахын гэрт эхнэр болох Ж ийн хамт оройхон 21 цагийн үед очиход С , Е , Т.К , Б  нар эхнэр бид хоёр очиход нэг адуу нядалж байсан. Эхнэрийн хамт Е  ахын 2 тооны адууг нядалж өгөөд С ы адууны тал махыг ачаад гэрт нь хүргэж өгөөд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/,

- Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ний өдөр миний бие зах дээр мах худалдаж зогсож байхад Е  гэдэг хүн ирж надтай уулзаж, банкинд зээл төлөх хугацаа нь болж зээл төлөх мөнгөгүй болчхоо. Өөрийн эзэмшлийн адуу байгаа түүнийг нядлаад махыг нь авч ирвэл та 700.000 төгрөгөөр авах уу гэхээр нь одоо надад бэлэн мөнгө байхгүй байгаа, бэлэн 350.000 төгрөг байна гэхэд Е  тэгвэл та байгаа 350.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг махыг зарсны дараа өгөөрэй гэж хэлэхээр нь би тохиролцоод Е  адууны мах авч ирэхээр болсон. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутын үед би гэртээ байхад Е  миний гар утас руу залгаж адуугаа нядлаад махыг бэлэн болгосон байгаа танд яаж хүргэж өгөх үү, танд таксины жолооч байгаа юу гэж асуухаар нь би таксинд явдаг хүргэн хүү болох Х  /9941****/-тай холбож өгсөн. Тэгээд удалгүй Е  манай гэрт Х ын машинаар адууны махыг авч ирж надаас 350.000 төгрөгийг бэлнээр авч, үлдсэн мөнгийг дараа нь авахаар болоод явсан. Би Е ээс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэг л удаа нэг адууны мах худалдаж авсан. Тухайн үед тал мөнгийг нь авсан ба дараа нь үлдсэн мөнгөө гарал үүслийн гэрчилгээг нь авч ирж байгаад үлдсэн мөнгөө авна гэж явсан. Түүнээс өмнө ямар нэгэн адууны мах худалдаж аваагүй.

Би уг адууны махыг 700.000 төгрөгөөр тооцож авсан. Тэгээд тэр өдөр 350.000 төгрөг авсан. Одоо үлдсэн 350.000 төгрөгийг авах ёстой байсан. Гэтэл уг махыг цагдаа нар хурааж авч явсны дараа Е ийн эхнэр нь надад 350.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо надад тэд нараас авах ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/,

- Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх уг мотоциклийг 2011 онд БНХАУ-аас орж ирсэн үед 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд албан ёсоор бүртгэлд оруулж өөрийн нэр дээр улсын дугаар авсан. Тэгээд олон жил унасан болохоор элэгдэж хуучирсан. Тэгээд 2019 оны хавар хүргэн хүү болох С  худалдаж авна гэхээр нь 150.000 төгрөгт худалдсан. Одоо уг мотоциклийг би мэдэхгүй. Миний хүргэн хүү болох С ы эзэмшлийн мотоцикл байгаа юм. Би түүнд өөрийн нэр дээр буулгаж аваарай гэж хэлсэн. Түүний нэр дээр шилжсэн байх. Би энэ тухай сайн мэдэхгүй байна.

Уг мотоциклийн гэрчилгээ нь устгаж алга болсон байгаа. Хоёр гурван жилийн өмнө манай гэрийн хүн миний хувцас хунарыг угаах үед халаасанд байсан ба дараа нь бүх бичиг нь арилж урагдсан болохоор хайсан. Одоо уг мотоциклийн гэрчилгээ олдохгүй байх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Е  миний нагац ах. Өөрөөр хэлбэл миний ээж Б  нь Е ийн төрсөн эгч нь байгаа юм. Би тухайн өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Е  миний гар утас руу өөрийн гар утсаар залгаж “чи манайд нэг ирээд яваач” гэхээр нь өөрийн 0740БӨЗ улсын дугаартай мотоциклоор өдрийн 14-15 цагийн үед Е ийн гэрт очсон. Тэгээд нэг цай ууж дууссаны дараа Е  намайг дагаад гадаа гарч ирсэн ба тэр үед “би зээлээ хийх гэсэн чинь мөнгөний хэрэгцээ гараад байна, хоёулаа чиний мотоциклоор хөдөө явж, адуу мал байгаа эсэхийг хараад ирэх үү, боломжтой бол хоёулаа адуу хулгайлж авч ирэх үү” гэхээр нь би тэр хүний саналыг дэмжсэн.

Тэгээд Е  бид хоёр миний мотоциклд суугаад Улаанхус сум чиглэн явахад Улаанхус сумын наад талын уулын бэлд бэлчээрт нэг сүрэг бүхий 20-иод адуу мал бэлчиж байсан. Тэгээд бид хоёр уг адуу малын ойролцоо хэвтэж байсан байгаад орой гэгээ тасарч харанхуй болсон үед уг адуу малын тууж уул руу хашиж байгаад дундаас нь хоёр адууг барьж авсан. Бид хоёр Е ийн гэрээс гарахдаа Е  өөрийн гэрээс аргамж авч гарсан байсан ба тухайн аргамжаар барьж авсан. Тухайн газраас Е  нэг адууг нь унаж, нэг адууг нь хөтөлсөн. Харин би мотоциклээ унаад бид хоёр аймаг руу хөтөлсөн. Замдаа би уг адууг унаж, нэг адууг хөтөлсөн ба Е  мотоцикл унасан. Тэгээд бид хоёр ээлжилж байгаад шөнийн 1, 2 цагийн үед аймгийн төв Е ийн гэрт ирж, нөгөө хоёр адууг Е ийн хашаанд уяж тавиад амарсан. Маргааш орой нь Ж ийг эхнэрийн хамт дуудсан ба Е , Ж  бид гурав нөгөө хоёр адууг нядалсан ба бид гурвын гурван эхнэр гэдэс дотрыг цэвэрлэсэн. Тэгээд Е  нэг адууны махыг зарсан ба нэг адууны махыг Е  бид хоёр хувааж авсан. Би нагац ах болох Е тэй бүлэглэн бусдын адууг хулгайлж гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.

2020 оны 3 дугаар сарын 09-нээс 10-нд шилжих шөнө 23 цагийн үед гэрт байж байх үед манай нагац ах болох Е  өөрийн гар утсаар миний гар утас руу залгаж “би хөдөө яваад нэг хүнээс нэг адуу мал худалдаж аваад ирж байна. Чи манай гэрт ирээд энэ адууг нядлахад туслаач, би одоо аймаг руу дөхөж ирж байна, цагийн дараа хүрээд ир” гэхээр нь би шөнийн 02 цаг өнгөрч байх үед Е ийн гэрт очсон. Тэгээд Е  бид хоёр уг адууг амбаарт оруулж байгаад нядалсан ба Е ийн эхнэр нь гэдэс дотрыг цэвэрлэсэн болно. Би тэр хүнд уг адууг өглөө нядлах талаар санал болгоход Е  надад “би маргааш хөдөө явна, энэ адууны махыг худалдаж авахаар болсон хүн өглөө эрт авчир гэсэн, өглөө нядлахад амжихгүй” гэхээр нь тэр хүний үгэнд итгэсэн. Тухайн үед уг адуу хулгайн мал гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр надад мөнгөний хэрэгцээ гарсан болохоор би дүү болох С ыг гэрт дуудсан. Тэгээд цай ууж дууссаны дараа гадаа гарах үед С д адуу хулгайлахыг санал болгосон. С  ч миний саналыг дэмжиж зөвшөөрсөн байсан. Тэгээд бид хоёр С ы мотоциклоор Улаанхус сум руу чиглэн явахад замдаа нэг сүрэг бүхий 20-ид адуу малыг харсан ба бид хоёр уг адуун сүрэг малаас хоёр адууг барьж авч ирж манай гэрт нядалсан байсан.

Миний бие 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр адуу хулгайлах санаа төрж өдрийн 14 цагийн үед Бугат сумын нутаг дэвсгэр болох Цагааннуур тосгоны чиглэл рүү явах засмал замаар чиглэн явахад бэлчээрт олон тооны адуу байсныг хараад явсан. Дараа нь гадаа харанхуй болсон үед орой 22 цагийн үед нөгөө газарт яваад очиход нөгөө адуун сүрэг өдөр нь бэлчээрт байсан газарт байсан. Тэгээд уг адуун сүрэг дотор байсан улаан хээр зүсмийн 5-6 орчим насны гүүг барьж аваад аймгийн төв рүү орж ирж, шөнийн 00 цагийн үед өөрийн хашаанд авч ирсэн. Тэгээд хамаатан дүү болох С  руу утасдаж адуу нядлахад туслаач гэж дуудсан ба С  ирсний дараа бид хоёр шөнийн цагаар уг адууг нядалсан. Харин манай эхнэр болох Б  гэдэс дотрыг цэвэрлэсэн. Маргааш өглөө нь Тирлик зах дотор мах зардаг Б  гэх ченжид уг адууны махыг 700.000 төгрөгөөр тохирч өгсөн ба тэр өдөр бэлнээр 350.000 төгрөгийг аваад дараа нь үлдсэн 350.000 төгрөгийг авахаар болж тохиролцсон. Би тухайн үед амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын бэлчээрт байсан адуун сүрэг дотроос нэг тооны адууг хулгайлж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн ---6-142 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С , Е  нарын амбаар болон гэрч Б ээс мах болон арьс хурааж авсан, үзлэг хийсэн болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17- 48, 59-64 дүгээр хуудас/,

- Шинжээч БӨ аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн Б ийн малын үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 107, 116 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е , С  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Е т Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болж, 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Е , С , тэдний өмгөөлөгч Т , А  нараас гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн тайлбар гаргаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Е  нь 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр шүүгдэгч С тай бүлэглэн иргэн У гийн адуун сүрэг дотроос 2 адуу хулгайлсан, мөн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө иргэн М ын улаан хээр зүсмийн гүү хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан тул шүүгдэгч Е ийн гэм буруутай дээрх хоёр үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч С  нь 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр шүүгдэгч Е тэй бүлэглэн иргэн У гийн адуун сүрэг дотроос 2 адуу хулгайлсан үйлдэл нь

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1  дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлж, мөн хэсгийн тайлбарт “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохоор тайлбарласан байна. Мөн мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд “машин механизм ашигласан” гэх гэмт хэргийн шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хуульчилсан байна.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1  дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх ба шүүгдэгч С ы шүүгдэгч Е тэй бүлэглэн иргэн У гийн адуун сүрэг дотроос 2 адуу хулгайлсан үйлдэл гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх...” хууль зүйн үндэслэлд хамаарч байна.    

Иймд шүүгдэгч Е , С  нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Т.Еркинбекийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Е , С  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Улжанд 2.000.000 төгрөг, М ад 1.000.000 төгрөгийн бодит хохирол тус тус учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулж өгснөөр хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Е , С  нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч Е , С  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг .... цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус хуульчилсан байна. 

Шүүгдэгч Е , С  нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар баривчлах, нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн бүлэглэн гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо тус бүрт дүгнэлт хийж ялыг ялгамжтай оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч Е , С  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалтай зэрэг нөхцөл байдал тус бүрт дүгнэлт хийж, шүүгдэгч Е т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч С д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Е ийн цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх хорих ялаас, шүүгдэгч С ы баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 цагаар тус тус хасаж тооцох нь зүйтэй. Шүүгдэгч С  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэхийг дурдаж байна.

4. Бусад асуудлаар.

Энэ хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Е , С  нар нь бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С ы эзэмшлийн 0740 БӨЗ улсын дугаартай Мустанг загварын мотоциклийг, шүүгдэгч Е ийн эзэмшлийн хээр зүсмийн 4 насны дөнөн адууг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч С ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан (Хыран ХХК-ны гэрээт харуул хамгаалалтын албанд хариуцуулсан) 0740 БӨЗ улсын дугаартай Мустанг загварын улаан өнгийн мотоциклийг, шүүгдэгч Е ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан (Ө сумын 9 дүгээр баг, Төлек овогт Шайтханы Бейбитгүлд хариуцуулсан) хээр зүсмийн 4 насны дөнөн адууг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.--- дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е , С  нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

Шүүгдэгч Е ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С д 720 (долоон зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е т оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Ө сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Ө сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е ийн цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх хорих ялаас, шүүгдэгч С ы баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 цагаар тус тус хасаж тооцсугай. 

8. Энэ хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Е , С  нар нь бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С ы эзэмшлийн 0740 БӨЗ улсын дугаартай Мустанг загварын мотоциклийг, шүүгдэгч Е ийн эзэмшлийн хээр зүсмийн 4 насны дөнөн адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 0740 БӨЗ улсын дугаартай Мустанг загварын улаан өнгийн мотоцикл, шүүгдэгч Е ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хээр зүсмийн 4 насны дөнөн адууг тус тус улсын орлого болгосугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Е т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

---. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Е т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ